| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/08195/И |
| Дугаар | 210/МА2026/00840 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00840
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01310 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* тус тус холбогдох,
Орон сууц захиалгын гэрээний үнэ 113,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч ******* нь Баянгол дүүргийн ******* хороонд баригдах үйлчилгээний 16 давхар барилгын 105 дугаар блокийн, 9 дүгээр давхарт *******, 61.172 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны барилгыг барьж 2023 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч ******* нь орон сууцны үнэ 110,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөх, үлдэгдэл 24,578,400 төгрөгийг ашиглалтад орох үед төлөх үүрэг хүлээсэн. Миний бие 110,000,000 төгрөгийн төлбөрөө төлсөн бөгөөд байраа очиж үзэхэд ашиглалтад ороогүй байсан. Тэгээд байр захиалагчийн групп рүү ороод үзэхэд ******* гэдэг хүнтэй миний захиалсан орон сууцыг давхар гэрээ хийсэн байсныг олж мэдсэн.
Тодруулбал, ******* нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *******тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, 3 сарын дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* надтай орон сууц захиалгын гэрээг давхардуулан байгуулж, миний мөнгийг авсан. Иймээс орон сууц захиалгын гэрээний дагуу бэлнээр өгсөн 110,000,000 төгрөг, орон сууц захиалгын гэрээний 7.3-т заасан алданги болох хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.003 хувь буюу өдөрт 3,300 төгрөг, нийт 900 хоногийн мөнгө болох 3,000,000 төгрөг, нийт 113,000,000 төгрөгийг хариуцагч ******* болон ******* нараас гаргуулан өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:
Тухайн орон сууц захиалгаар барих гэрээг талууд буюу ******* болон ******* нар байгуулсан. Уг гэрээний 3.2-т тухайн гэрээний төлбөрийг хүлээж авах дансыг *******-ийн Голомт банк ХК-ийн данс гэж тусгасан. Үүнээс үзвэл ******* нь иргэн хүний хувьд оролцогч биш, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд тухайн гэрээнд гарын үсэг зурснаараа гэрээтэй холбоотой үүргийг давхар хүлээх үндэслэл болохгүй. Компани дангаараа хуулийн этгээдийн хувьд эрх үүрэг хүлээж оролцох ёстой субъект учраас *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
******* хотхоны 105 дугаар блокийг ******* нь барьж ашиглалтад оруулахаар тохирчихсон байж байгаад, ******* дээр очиж уулзсан. ******* нь тухайн барилгын зөвхөн каркас угсралтын ажлыг нь гүйцэтгээд каркас, угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нь тодорхой байрнуудыг авахаар харилцан тохиролцсон. Үүний дагуу ******* болон ******* нарын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т *******тай байгуулсан гэрээ буюу 102 дугаар блокийн 9 давхарт 61.172 м.кв талбайтай 2 өрөө байрыг ажлын гүйцэтгэлийн төлбөрт авахаар харилцан тохиролцсон. Уг тохиролцооны дагуу ******* нь тухайн ажлыг хийж гүйцэтгээд, тухайн барилга нийтдээ 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. *******-ийн хийж гүйцэтгэсэн ажил тухайн байранд болон дараагийн ажлууд нь хийгдсэн. Үүний дагуу *******-д ******* нь ажлын гүйцэтгэлээр тухайн байрны төлбөрийг нь төлж барагдуулаад, төлж барагдуулсныхаа дагуу *******тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа ******* гэдэг хүнтэй давхар гэрээ байгуулсан гэдэг асуудал байхгүй. Манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар өөр нэгэн этгээдэд давхардуулж худалдан борлуулсан зүйл байхгүй. *******-д ******* нь ажлын гүйцэтгэлээр тухайн байрны төлбөрийг төлчихсөн учраас манайх *******гийн нэхэмжлэлтэй хэрэг дээр төлбөр мөнгийг нь төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Мөн дээрээс нь нэхэмжлэгчийн зүгээс орон сууц захиалгын гэрээний 7.3-т заасныг үндэслээд 3,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн. Алданги шаардахын тулд хуульд зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байх ёстой. Хэрэгжиж байгаа гэрээг үндэслэж талууд алдангийг шаардах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууц захиалгаар барих гэрээг дангаараа цуцлаад, орон сууц захиалгаар барих гэрээний төлбөрт төлсөн төлбөрөө шаардаж байгаа учраас энэ нэхэмжлэлийн алдангийг шаардах боломжгүй. Алдангитай нь холбоотой шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-т заасны дагуу *******-аас 110,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг болон *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 722,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 707,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчид *******-ийн барьж буй барилгад *******-ийн хийж гүйцэтгэсэн ажлын бартерт тооцон ******* нь орон сууц авсан болохыг хүлээн зөвшөөрдөг буюу үүнтэй маргадаггүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.2 дахь хэсэгт ******* нь тухайн орон сууцыг бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй. Талуудын маргахгүй байгаа асуудлыг шүүх тодруулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, шаардлагатай баримтыг тодруулах эрхтэй. Гэвч дээрх агуулгын хүрээнд талууд гэрээний зүйлтэй маргаагүй байхад гэрээний зүйл зөрүүтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
******* нь орон сууц захиалгаар барих гэрээний захиалагчийн эрхээ *******д шилжүүлэхээр ******* руу албан бичиг хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд *******гаас *******-тай байгуулсан гэрээг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Өөрөөр хэлбэл, захиалагчийн эрхээ *******д шилжүүлж, ******* нь *******-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, тус гэрээний төлбөрийг ******* ажлын гүйцэтгэлээр төлж барагдуулсан. Ийнхүү *******-ийн захиалагчийн эрхээ шилжүүлэх үүрэг дуусгавар болсон. Нэгэнт дуусгавар болсон гэрээнээс татгалзах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. ******* нь *******-тай гэрээ байгуулаагүй бөгөөд төлбөр төлөөгүй. Харин *******-тай гэрээ байгуулж холбогдох төлбөрийг төлсөн. ******* нь *******-тай тусдаа гэрээ байгуулсан бөгөөд *******тай байгуулаагүй. Иймд хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэл, шаардлага нь нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч нь нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй гомдол гаргасан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үнэ болох 113,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч нь, хариуцагч *******-тай 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-гээр, Баянгол дүүргийн ******* хороонд баригдах үйлчилгээний 16 давхар барилгын 105 дугаар блокийн 9 давхарт , 61.172 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу ******* нь орон сууцны үнэ 134,578,400 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаанд 110,000,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. /хх4-8/
2.2. Нэхэмжлэгч ******* нь байрны урьдчилгаанд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 66,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 110,000,000 төгрөгийг төлсөн тухай *******-ийн нягтлан бодогчийн баримтыг ирүүлсэн./хх56/
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн байна.
Гэтэл анхан шатны шүүхээс, талуудын хооронд байгуулагдсан тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж хэлцлээр өгсөн авсан зүйлийг харилцан буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлт болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.
3.1. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн 110,000,000 төгрөгийг гаргуулах, мөн алданги шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *******тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, 3 сарын дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* надтай орон сууц захиалгын гэрээг давхардуулан байгуулж, миний мөнгийг авсан тул мөнгөө, алдангийн хамт буцаан гаргуулна гэсэн бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... манай компани гэрээг өөр этгээдтэй давхардуулан байгуулаагүй, ажлын гүйцэтгэлд *******-аас Баянгол дүүргийн ******* хороо, 102 дугаар блок, 9 дүгээр давхар, 61.172 м.кв талбайтай 2 өрөө байрыг бартераар авахаар тохиролцсон, уг байрыг *******д худалдсан гэжээ.
5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл *******, *******-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-гээр ******* нь, Баянгол дүүргийн ******* хороонд байрлах, 2 дугаар блок, 16 давхар, 144 айлын орон сууцны каркас угсралтын ажлыг 1,939,036,500 төгрөгөөр гүйцэтгэх, ******* нь бэлэн болон бэлэн бус бартерын хэлбэрээр төлбөр тооцоог хийхээр тохиролцсоны дотор Баянгол дүүргийн ******* хороо, 102 дугаар блок, 9 дүгээр давхар, 61,172 м.кв талбайтай 2 өрөө байрыг бартерт тооцон шилжүүлэхээр талууд тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй. /хх44-47/
5.1. Харин нэхэмжлэгч нь, хариуцагч *******-тай 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, гэрээний төлбөрийг хариуцагч компанид төлсөн байх боловч хариуцагч ******* нь уг орон сууцыг шаардах эрхийг дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох *******-д шилжүүлэн өгсөн тухай нотлох баримтгүй байна.
5.2. Хариуцагч талаас хэрэгт өгсөн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23/33 дугаартай албан бичгийн дагуу нэхэмжлэгч нь *******-тай гэрээ байгуулаагүй гэж үгүйсгэсэн байна.
5.3. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд *******г байр авна гэх үед *******-ийн захирал Улаанбаатар хотод байгаагүй гэж би ойлгосон. Тиймээс урьдчилаад гэрээ хийгээд, үргэлжлүүлээд *******-тай гэрээ байгуулъя гэж тохироод, тухайн үедээ ******* руу явуулсан гэж ойлгосон гэж хариуцагч талаас тайлбарласан байдаг.
5.4. Түүнчлэн, хариуцагч талаас ******* тухайн байрыг ашиглалтад оруулахгүй удаад байгаа учраас байрыг нь хүлээлгэж өгч чадахгүй байгаа гэж тайлбарлажээ.Талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 2023 оны 3 дугаар улирал гэж тохиролцсон байдаг. Үүнээс үзэхэд орон сууцыг хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн өгөөгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.
6. Хариуцагч талаас, *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авах орон сууцны захиалагчийн эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч нь *******-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаарх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
6.1. Иймд уг орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй байх тул уг гэрээний үр дагаврыг талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээнээс татгалзсанаар нэхэмжлэгчийн орон сууцны үнэд төлсөн 110,000,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцэх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга мөн хэрэгжих боломжгүй тул алдангид 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн анхан шатны шүүхээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй байна.
8. Шүүх хуралдааны шатанд хариуцагч талаас ******* болон ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШЗ2026/06235 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь, нэхэмжлэгч нь *******-тай гэрээ байгуулаагүй тул өөрт байхгүй гэж тайлбарладаг ба уг гэрээ байгаа эсэх талаар эргэлзээ бүхий *******г байр авна гэх үед *******-ийн захирал Улаанбаатар хотод байгаагүй гэж би ойлгосон. Тиймээс урьдчилаад гэрээ хийгээд, үргэлжлүүлээд *******-тай гэрээ байгуулъя гэж тохироод, тухайн үедээ ******* руу явуулсан гэж ойлгосон гэх тайлбарыг хариуцагч талаас шүүх хуралдаан дээр өгсөн байдаг. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01310 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дүгээр зүйлийн 492.1.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ц.АЛТАНЦЭЦЭГ