Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 935

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа,                            

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч Т.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 1906 00819 1030 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т. Б, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой СТЦХГ мэргэжилтэй, Баязүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд-дарь эхийн 25-1542 тоотод оршин суух, урьд нь Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 24-ны өдрийн 958 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хорих ял оногдуулж, 1 жил 6 сараар тэнссэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Шүүгдэгч Т.Б нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 22-ны иргэн Л.Сүхбаттай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Л.Сүхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: " ..2019 оны 01 сарын 22-ны өдөр Сансарын автобусны буудал дээр явж байтал гэнэт миний урд хөдөлгөөнд орж байсан 53-66 УНЭ улсын дугаартай саарал өнгийн микро автобус миний машины урд гарчихаад хэрээд явуулахгүй байсан. Ингээд явсаар байгаад Баянзүрх дүүргийн 5 дyraap хорооны нутаг дэвсгэр гэрлэн дохионы баруун талд миний урд хөдөлгөөнд явж байснаа гэнэт зогссон би тухайн үед тоормос гишгэсэн боловч араас нь очоод мөргөсөн. Тэгээд шууд намайг газар нугаслаад унагаад нүүр рүү гараараа баруун хацар, зуүн дух, баруун тал баруун зоо болон нуруугаар хатгуулж өвдөж байна...." гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

Гэрч У.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..."... Тухайн үед тэр 4644 дугаартай автомашины жолооч залуу машинаасаа бууж ирээд шууд Б ахыг машинаас татаж буулгаад тэр хоёр хоорондоо заамдалцаад зодолдож эхэлсэн...." гэх мэдүүлэг /хх 15-16/,

 Яллагдагч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ... миний хажууд өөр шугаманд явдаг микро автомашины жолооч залуутай оуудлаас хүн авах гэж маргалдаж автомашинаараа шахалцсан ... жолооч залуу машинаасаа бууж ирээд намайг миний машинаас татаж буулгаад цохих гэж оролдсон. Би залуугийн нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөөд түүнийг газар унахаар нь гараараа түүний нүүрэн тус газар 2 удаа цохьсон ..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1630 дугаартай дүгнэлт:

  1. Л.Сүхбатын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, нуруу, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 12/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/, иргэн Л.Сүхбат цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх 8/, оршин муугаа хаягийн тодорхойлолт /хх 21/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Т.Б нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 22-ны иргэн Л.Сүхбаттай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.Сүхбатын: "...2019 оны 01 сарын 22-ны өдөр Сансарын автобусны буудал дээр явж байтал гэнэт миний урд хөдөлгөөнд орж байсан 53-66 УНЭ улсын дугаартай саарал өнгийн микро автобус миний машины урд гарчихаад хэрээд явуулахгүй байсан. Ингээд явсаар байгаад Баянзүрх дүүргийн 5 дyraap хорооны нутаг дэвсгэр гэрлэн дохионы баруун талд миний урд хөдөлгөөнд явж байснаа гэнэт зогссон би тухайн үед тоормос гишгисэн боловч араас нь очоод мөргөсөн. Тэгээд шууд намайг газар нугаслаад унагаад нүүр рүү гараараа баруун хацар, зуүн дух, баруун тал баруун зоо болон нуруугаар хатгуулж өвдөж байна...." гэсэн мэдүүлэг,

Гэрч У.Төгөлдөрийн: "... Тухайн үед тэр 4644 дугаартай автомашины жолооч залуу машинаасаа бууж ирээд шууд Б ахыг машинаас татаж буулгаад тэр хоёр хоорондоо заамдалцаад зодолдож эхэлсэн...." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Л.Сүхбат нь хавтаст хэрэгт хохирлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Т.Б нь урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудасаар гарсан бөгөөд дээрх торгох ялыг биелүүлсэн эсэх талаар эрх бүхий байгууллагаас лавлагааг ирүүлээгүй тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т. Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Б-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б-д Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            6. Хохирогч Л.Сүхбат нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР