| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0353/И/ |
| Дугаар | 366 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 366
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг 8-4 тоотод оршин суух Төмөр овгийн Чогсомын Хогнингийн /РД: ДЮ56112078/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Хогнин нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Төмөр овогтой Чогсомын Хогнин нь 1979 оны 07 сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Ги.У.Г-ын үйлчилгээний хэсэгт жолоочоор орж ажилласан ба эхний 2 сард автомашинд засвар үйлчилгээ хийж, Улиастайн пионер зусланг барьж байгуулахад оролцсон. Мөн оны 10 сард ГО 57-02 дугаартай Газ 53 машин авч 1980 оны 08 дугаар сар дуустал цагийн үйлчилгээнд явсан. 1980 оны 09 сарын эхээр Газ 53 машинаа өгч хөдөө ажлын Уаз 469 машинаар /ГО 67-12 дугаартай/ 1982 оны 12 сарыг дуустал аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн дарга н.Даваажаргал, мөн н.Баянжаргал нарын үйлчилгээнд ажиллаж байсан. 1983 оны 01 сарын 07-ноос эхлэн ачаа тээврийн хэсэгт орж ГО 71-48 улсын дугаартай Зил 130 машин авч тээвэрт явсан. 1986 оны 05 дугаар сард автомашины гүйлт норм дуусч Ховд аймгийн автозасварын газар хүргээд 1986 оны 06 сард Улаанбаатар хотын авто сургуульд давтан курст түр суралцаад мянгын засварын заводоос их засварын ГО 75-89 дугаартай Зил 130 машин бааздаа авч өөрөө барьсан. 1987 оны дундуур машинаа н.Бадрах жолоочид шилжүүлээд Завхан аймгийн авто сургуульд мэргэжил дээшлүүлэх зэрэг ахиулах 45 хоногийн курст суралцаж ирээд ГО 77-86 дугаартай шинэ краз 256 маркийн машин авч тээвэрт явсан. 1992 оны үед манай бааз дотроо хувьчлагдаж 2 компани болсон. Миний машин Тээвэрчин 7 ХХКомпаний харьяа болсон. 1994 оны 12 сарын 31-нд Тээвэрчин 7 ХХКомпаниас хувьдаа машинаа авч гарсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гэсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1979 оны 07 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний хооронд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Хогнингийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Хогнин 1979 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор, 1992 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Тээвэрчин 7 хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Ч.Хогнин нь 1979 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор, 1992 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Тээвэрчин 7 хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 09, 12, 15-ны өдрүүдийн 348, 353, 366 дугаартай лавлагаанууд, Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1979 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, мөн газрын даргын 1983 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай “Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал, Говь-Алтай аймгийн “Тээвэрчин” компаний захирлын 1992 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай “Ажилтан ажилчдын ажилд томилох тухай” тушаал, Говь-Алтай аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай “Авто тээврийн байгууллагын хувьчлах төслийг батлах тухай” өмч хувьчлалын комиссын тогтоол, 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тээврийн яамны харьяа Авто сургуулийн үнэмлэх, 1979, 1981, 1983, 1984 оны Талархалууд, 1990 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Баярын бичиг, Б.Осорын Алтайн автотээврийн 7-р бааз номонд хэвлэгдсэн Жолооч Чогсомын Хогнингийн дурсамж, МХЗЭ-ийн гишүүний 040700 дугаартай бат илэрхийлэх,
Гэрч Х.Погнойгийн “...Ч.Хогнин 1979 оноос аймгийн Тээврийг удирдах газрын үйлчилгээний 1 дүгээр хэсэгт хөдөө ажлын жолооч, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн даргын жолоочоор ажиллаж байсан. /Дарга нарын жолооч хийдэг боловч Тээврийг удирдах газарт харьяалагддаг/ Дараа нь ачаа тээврийн жолоочоор ажилласан. 1992 онд Тээвэрчин 7 хувьцаат компани тээврийг удирдах газраас салахад Ч.Хогнин Тээвэрчин 7 компанид жолоочоор орж, краз барьж байсан. 1994 онд хувьдаа машинаа аваад гарсан байх. 1979 оноос хойш тасралтгүй хамт ажилласан. Тээвэрчин 7 компани болох үед би Техникийн хэлтсийн даргаар ажиллаж байсан болохоор сайн мэдэж байгаа юм. Байгууллагадаа сайн ажилласан хүмүүсээ зэрэг ахиулах сургалтанд хамруулдаг байсан. Ингэхдээ жолооч нар өөрсдөө зардлаа дааж сурдаг байсан. Хийснээрээ цалинждаг байсан учраас машин тэрэг солигдох, тээвэрт яваагүй үед цалин бичигдэхгүй байх тохиолдол байдаг...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Энхмаагийн “...Ч.Хогнин намайг 1988 онд ороход кразын жолоочоор ажиллаж байсан. Өмнө нь ажиллаж байсан гэсэн. Миний мэдэхээр ачаа тээврийн хэсэгт тээврийн жолоочоор ажилласан. Өмч хувьчлалын үеэр машинаа хувьдаа аваад гарчихсан байсан. Би тухайн үед хүүхэд төрүүлээд гэртээ байж байсан болохоор яг хэдэн онд гарсныг нь сайн мэдэхгүй байна. Өмч хувьчлал 1992, 1993 оны үед болсон. Тэгээд хүмүүс 1993, 1994 оноос хувьдаа машинаа аваад гарцгаасан. Тэгээд үлдсэн хүмүүс болон Конторын ажилчид Тээвэрчин 7 компанид харьяалагдаж үлдсэн. Баазад үлдсэн бүх хүмүүсийг компани руу шилжүүлж байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд Ч.Хогнинг 1979 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор, 1992 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Тээвэрчин 7 хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Төмөр овгийн Чогсомын Хогнинг 1979 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор, 1992 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Тээвэрчин 7 хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Хогнингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ