| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2025/00134/И |
| Дугаар | 210/МА2026/00772 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2026/00772
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/01852 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Алдангид 197,770,000 төгрөг гаргуулах үндсэн,
Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээний үнэ 580,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******, ******* нартай 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* өмчлөлийн Улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоотод байрлах 48.0 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, ******* өмчлөлийн Улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоотод байрлах 88.0 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга, ******* өмчлөлийн Улсын бүртгэлийн ******* дугаартай ******* тоотод байрлах 123.78 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга, ******* өмчлөлийн Улсын бүртгэлийн *******дугаартай ******* тоотод байрлах 396 м.кв талбайтай, хувийн сууц, ажлын байр зориулалттай барилга, *******гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн *******, *******, ******* дугаартай ******* тоотод байрлах 863 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газрыг худалдах, хариуцагч нар 580,000,000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр 100,000,000 төгрөг, 2023.04.24-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023.05.31-ний өдөр 280,000,000 төгрөг, 2023.07.15-ны өдөр 63,000,000 төгрөг, 2023.08.15-ны өдөр 63,000,000 төгрөг, 2023.09.15-ны өдөр 74,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгавар болохоор тохиролцсон.
1.2. Худалдан авагч тал 2023.04.28-ны өдөр 100,000,000 төгрөг, 2023.05.19-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023.05.30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024.11.20-ны өдөр 280,000,000 төгрөг нийт 580,000,000 төгрөгийг төлсөн. Гэрээ нь 2023.09.15-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд 2024.11.20-ны өдөр дуусгавар болсон тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг зөрчсөн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 зүйл, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар алданги 197,770,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Бид гэрээний дагуу 300 сая төгрөг төлөөд үлдэгдэл 280 сая төгрөг байхад эд хөрөнгүүд эрхийн доголдолтой гэдгийг мэдсэн. Энэ талаар *******ид 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөдөл гаргасан. Өргөдлийн товч утга нь 4 объектын доогуур 10,000 киловатт цахилгаан шугам явж байгаа, иргэн *******, ******* нарын гарц үүдийг хаасан нийтийн эзэмшлийн талбай орсон, газрын кадастрын зураг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ (м.кв), үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний талбайн хэмжээ 123 м.кв талбайгаар зөрүүтэй, зөвшөөрөлгүй 380 киловаттын тог татсан, 396 м.кв үл хөдлөх хөрөнгөөс 123 м.кв салгаж, дахин гэрчилгээ гаргуулсан зэрэг доголдлыг зөвтгүүлэх утга бүхий өргөдөл хүсэлт гаргасан.
2.2. Эдгээр доголдлуудыг засаж өгөөгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн дахин 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өргөдөл гаргаж, худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн эрхийн доголдолтой, албан тушаал, залилангийн гэмт хэргийн шинжтэй талаар цагдаагийн байгууллага шалгаж, шийдвэрлэж хариу өгсний эцэст төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр болсноо мэдэгдсэн. Ингээд 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Цагдаа, прокурор шалгаад 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн хариу мэдэгдэх хуудсанд “Таны гаргасан гомдлын дагуу Цагдаагийн байгууллага шалгаад эрхийн доголдолтой асуудал байгаа нь тогтоогдсон, гэхдээ энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй учир уг эд хөрөнгийн холбоотой асуудлаар иргэний шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн утга бүхий хариуг 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр авсан.
2.3. Дээрх хариуг авахаас өмнө мөнгөний боломж гарсан тул бид үлдэгдэл 280 сая төгрөгөө төлье, эсвэл гэрээгээ цуцалъя, одоо нэг тийш нь эцэслэн шийдвэрлэе гэсэн асуудлаар 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *******ид хандаж, ажилтан *******тай уулзахад 300 сая төгрөгийг буцаах боломжгүй, би ганцаараа энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй зөвлөлөөр оруулаад хариу өгье гэсэн. 11 дүгээр сарын 20-ны өдөр зөвлөлийн шийдвэр гарсан гэж мэдэгдсэн. Ингээд 300 сая төгрөг дээрээ нэмээд 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 280 сая төгрөгөө төлбөл хүү, алданги бодохгүйгээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгье гэх хариу өгсөн. Бид 86,500,000 төгрөгийг хүнээс зээлээд 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагаас өмнө 280 сая төгрөгөө шилжүүлсэн. Ингээд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгөө нэр дээрээ шилжүүлж авсан боловч нэхэмжлэгч байгууллага дахин биднийг хуурч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу төлсөн 580,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
3. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Банкны төлбөр барагдуулах албанаас барьцаа хөрөнгө зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө болон газар банкны эрх хүлээн авагчид шилжиж ирсэн. Дөрвөн барилгын доогуур 10,000 киловатт цахилгаан шугам, 380 киловаттын энэхүү асуудлууд нь үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдсантай холбогдолгүй байна. Иргэн *******, ******* нарын гарц үүдийг хаасан асуудал байхгүй бөгөөд гарцын талаар худалдан авагч талд мэдэгдсэн түүнийг хүлээн зөвшөөрч худалдан авсан. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 5/1355 дугаартай албан бичигт “... *******аас дээрх бодит байдлыг нуух замаар та болон ******* нарыг төөрөгдөлд оруулж, хууль бус бичиг баримт ашиглах, замаар худалдах худалдан авах гэрээ хийж, халхавчлан эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэсэн байгаа. Үл хөдлөх эд хөрөнгө дутуу гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, манайх гэрчилгээтэй хөрөнгийг худалдсан. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 197,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5-д заасныг баримтлан *******, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах БЭХА-48 дугаартай гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч *******аас 580,000,000 /таван зуун наян сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэгч *******, ******* нарт эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* тоотод байрлах 48 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* тоотод байрлах 88 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* тоотод байрлах 123.78 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй *******тоотод байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай барилга, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй нэгж талбарын ******* дугаартай ******* тоотод байрлах 863 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийн өмчлөх эрхийг хариуцагч *******ийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,057,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 3,057,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. *******, *******, ******* нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан БЭХА-48 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь хэргийн үйл явцыг бүхэлд хянан үзээгүй, нотлох баримтуудыг хэт нэг талыг баримтлан дүгнэж, тал бүрээс нь үнэн бодит байдлыг хуулийн хүрээнд дүгнэж шийдвэрлээгүй гэж үзэн гомдол гаргаж байна.
Дээрх гэрээний үл хөдлөх хөрөнгүүд нь 863 м.кв талбайтай газар дээр 5 үл хөдлөх хөрөнгө байсныг шүүхээс үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.12-т худалдсан үл хөдлөх хөрөнгүүдийн нийт хэмжилт нь 387.47 м.кв гэж дүгнэсэн байх бөгөөд хариуцагч тал *******-иар 3 ширхэг хөрөнгийг үнэлсэн хөндлөнгийн үнэлгээчний тайлан нь Улсын бүртгэлийн Ү дугаар байхгүй, тайлан тодорхой бус, өөрөөр хэлбэл *******, *******, *******, *******дугаартай үл хөдлөх хөрөнгийн м.кв нь хэдэн м.кв байхаас хэд болсон, ямар хөрөнгө үнэлсэн нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтаар дүгнэж, нийт 5 хөрөнгө бүгд 387,47 м.кв талбайтай гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч талыг няцаасан нотлох баримтыг хэрэгт өгөөгүй гэж дүгнэсэн.
5.2. Нэхэмжлэгч тал шүүхэд хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтуудыг гаргуулснаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.9, 6.10-т анхан шатны шүүх ******* дугаартай 226.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн м.кв нь 123.78 м.кв болсон, ******* дугаартай өмчлөх эрхтэй газрыг нэгтгэж 863 м.кв болж өөрчлөгдсөн өөрчлөлтүүдийн талаар дүгнэж үл хөдлөх хөрөнгүүд бодитойгоор байгаа талаар Улсын бүртгэлийн *******, *******, ******* гэрчилгээ зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар дүр эсгэж хийсэн хэлцэл, хууль зөрчсөн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүгч өөрийн дүгнэлтийг үгүйсгэж хууль хэрэглээг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.13, 6.14-т дурдсан ******* тоотуудын талаар буруу, зөрүүтэй дүгнэсэн байх бөгөөд худалдсан үл хөдлөх хөрөнгүүд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өр төлбөрт тооцон банкны эрх хүлээн авагч хүлээн авахад ******* дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхтэй газар, ******* дугаартай 226.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 1 ширхэг барилга м.кв маргаантай байсан тул маргааныг шийдвэрлэж дахин м.кв хэмжилтийг *******-иар хийлгэж эрх бүхий байгууллагад бүртгүүлэн маргааныг шийдвэрлэсэн.
Энэхүү нэр бүхий хөрөнгүүд нь 2 өөр газар буюу ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоотод байрлах 274.0 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газар дээр ******* тоотод байрлах 226.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 1 ширхэг барилга, мөн ******* тоотод байрлах 700.0 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар дээр *******, *******, ******* дугаартай 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө байршдаг байсан бөгөөд газрыг нэгтгэх явцад хаягийн өөрчлөлт хийгдэж ******* тоотууд дээр байршилтай газар, үл хөдлөх хоёрын хаягийг ******* болгон өөрчлөлт оруулан ******* тоотод байршилтай 4 ширхэг үл хөдлөх хөрөнгө болон 1 ширхэг өмчлөх эрхтэй газрын хамт нэг хаягтай болгож, гэрчилгээ гарсан талаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтыг анхан шатны шүүх тал бүрээс нь үнэн бодит байдалд шинжлэн судлаагүйгээр дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл зааснаар дүгнэж шийдвэрлээгүй ба 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн БЭХА-48 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Тухайн газрыг авснаас хойш гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлдөг байсан. Тухайн газар бидний нэр дээр байхгүй учраас *******-аас итгэмжлэл аваад хэмжилт хийлгэхэд эрхийн доголтой болохыг мэдсэн. Төлбөрөө төлөх хугацаанд цагдаагийн байгууллагад хандсан боловч “гэмт хэргийн шинжгүй, иргэний хэргийн шүүхэд хандаарай” гэсэн. Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээний төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр алданги 197,770,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээний дагуу төлсөн 580,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
3.1. Хариуцагч *******, ******* нар нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа “...гэрээний дагуу хүлээн авсан 4 объектын доогуур 10,000 киловатт цахилгааны шугам явсан, иргэн *******, ******* нарын гарцыг хаасан нийтийн эзэмшлийн талбай орсон, газрын кадастрын зураг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх талбайн хэмжээнээс 123 м.кв талбайгаар зөрүүтэй, зөвшөөрөлгүй 380 киловаттын тог татсан, 396 м.кв үл хөдлөх хөрөнгөөс 123 м.кв салгаж, дахин гэрчилгээ гаргуулсан зэрэг доголдолтой байсан ба үүнийг хууран мэхлэх замаар хууль бус худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар эрхийн доголдолтой нь тогтоогдсон. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэхэмжлэгчид хандахад үлдэгдэл 280 сая төгрөгийг төлж, алдангийг төлөхгүй үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлж авахаар болсон. Гэвч дахин хуурч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлсөн 580,000,000 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлжээ.
Хэлцэл хүчин төгөлдөр бус байх, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээнээс татгалзах нь эрх зүйн үр дагаврын хувьд аль аль нь гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүргийн харилцаагаар солигдох адил үр дагавартай боловч тухайн үр дагаварт хүрэх эрх зүйн үндэслэлийн хувьд ялгаатай.
Гэтэл хариуцагч нарын гэрээний дагуу төлсөн гэх 580,000,000 төгрөгийг буцаах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн доголдлын улмаас гэрээнээс татгалзаж буй эсэх эсвэл хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн үр дагавар эсэх нь тодорхойгүй, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийн ямар үйлдэл, эс үйлдлийг үүнд хамааруулж байгаа болох нь тодорхойгүй байх тул маргааны үйл баримтыг бүрэн тогтоосон гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байснаар энэ хүрээнд талууд бүрэн мэтгэлцэж, маргааны үйл баримтыг зөв тогтоох, шаардах эрхийн үндэслэл, түүнд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно.
3.2. Түүнчлэн, 3хх-ийн 68 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/1748 дугаартай тушаалаар ******* хаягт байршилтай 164 м.кв талбайтай газрыг, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* хаягт байршилтай 700 м.кв талбайтай газартай нэгтгэх өргөдлийг үндэслэн газрын ******* дугаарын эрхийн улсын бүртгэлийг хаасан гэжээ.
Ингэснээр хариуцагч нарын өмчлөлд шилжүүлсэн 4 үл хөдлөх эд хөрөнгө нь ******* хаягт байршилтай болсон гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүйгээс 123.78 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь бодит байдалд *******/одоо *******/ тоотод байршилтай эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох 123.78 м.кв /анх 226.5 м.кв байсан/ талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг улсын бүртгэлд *******тоотод бүртгэсэн /2хх-92, 3хх-70-71, 101-103/ байх ба хэргийн баримтаар ******* хаягт бүртгэлтэй газар, үл хөдлөх хөрөнгийн хоорондын хамаарал, ******* болон *******ын газруудыг ямар хэмжээгээр, ямар баримтуудыг үндэслэн хэрхэн нэгтгэж өөрчилсөн зэргээр газартай холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн баримтууд авагдаагүйгээс маргааны үйл баримтад эрх зүйн бүрэн дүгнэлт хийх боломжгүй болжээ.
4. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй атлаа 123.78 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг ******* тоот газраас *******од байрлуулах боломжгүй гэж үзэхээр байна, ******* газар дээр байхгүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан болох нь тогтоогдсон гэх агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/01852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Т.ГАНДИЙМАА