Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/00839

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00554 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******-д тус тус холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 28,291,979 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Зээлдэгч *******, ******* нар нь *******-тай 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1890083804 дугаартай зээлийн гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай үндсэн хөрөнгийн зориулалтаар олгосон. 1890083804 дугаартай зээлийн барьцаанд GD 2-cup Auto Mechanical type Filling and Sealing Machine, Хөргөх өрөөний тоног төхөөрөмж болон мөсний машин гэх үндсэн хөрөнгийг барьцаалсан.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1890083804 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 22,501,392.87 төгрөг, зээлийн хүүнд 18,243,294.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 120,949.34 төгрөгийг төлсөн. Уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчилтэй байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 09 дүгээр сарын 04-ний байдлаар нийт 28,291,979.28 төгрөг гаргуулж, зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Миний бие өнгөрсөн хугацаанд тус банктай байгуулсан зээлийн гэрээг бүрэн биелүүлж, гэрээний аливаа зөрчил гаргахгүй явсаар ирсэн. Гэтэл тус банкны зүгээс 2025 оны 08 дугаар сард шүүхэд хандсан талаар олж мэдсэн. Өөрөөр хэлбэл, бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ цуцлагдаагүй, гэрээ хэвийн үргэлжилж байгаа боловч шүүхэд уг асуудлыг шилжүүлсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, аливаа зээлийн гэрээг урьдчилан сануулж, мэдэгдэж цуцлах, татгалзах цаашлаад шүүхэд шилжүүлэх арга хэмжээг авдаг. Гэтэл энэ хэрэгт банкны зүгээс тийм байдлаар мэдэгдээгүй. Мөн гэрээнд ялимгүй хугацааны зөрчил гаргасныг шууд шүүхэд шилжүүлсэн байсан тул хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна. Хуваарийн дагуу зээлээ төлөөд явж болох байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч *******гаас 28,291,979.28 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас *******-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар *******-аас хариуцагч ******* болон *******-д холбогдуулан гаргасан 2023 оны 05 сарын 03-ны өдрийн Барьцааны гэрээний дагуу GD 2-cup Auto Mechanical type Filling and Sealing Machine, хөргөх өрөөний тоног төхөөрөмж болон мөсний машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,410 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 229,210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.2. Миний бие, *******-тай 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 20.4%-ийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авахаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа хэвээр үргэлжилж байхад урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд гэрээг цуцалж, шүүхэд шилжүүлсэн байна. Миний хувьд тус банкнаас аливаа мэдэгдэл огт аваагүй бөгөөд зээлээ графикийн дагуу үргэлжлүүлэн төлөх байсан ч шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, зээлийн гэрээний хугацаа 2028 онд дуусах бөгөөд энэ хугацаанд зээлийг төлж барагдуулахад ямар нэгэн байдлаар маргасан зүйл байхгүй ч ялимгүй, хуваарьт үүрэг зөрчсөнийг үндэслэж надад холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Мөн нэхэмжлэгч нь ямар ч шалтгаангүйгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзсан байна. Энэ нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой хохироосон бөгөөд талууд анхнаасаа зээлийг тухайн хөрөнгөөр хангуулахаар тохирч байсныг зөрчсөн.

Энэ асуудалд шүүхээс илт дутуу дүгнэлт хийж, зээлдэгч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн байгааг анхаараагүй юм.

4.3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч тодорхой үр дүн гараагүй гэх байдлаар тайлбарласан байна.

Гэтэл энэ хэрэгт авагдсан баримтаар надад уг зээлийн хугацаа хэтэрснээс үүдэн нэмэлт хугацаа тогтоож үүрэг гүйцэтгэхийг шаардаж байсан удаагүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг зохицуулсан. Харин надад энэ хуулийн дагуу мэдэгдэж, нэмэлтээр хугацаа тогтоосон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, шүүхэд нэгэнт маргаан үүсгэсэн байгааг хуульд заасан нэмэлт хугацаа тогтоосон үндэслэлд хамааруулж болохгүй гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ялихгүй шалтгаанаар гэрээг цуцалж, шүүхэд маргаан үүсгэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэмэлт хугацаа тогтоох шаардлагатай байхад шүүх дүгнэлт буруу хийсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох буюу анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хэрэгт авагдсан дансны хуулгыг харахад хариуцагч нийт 20 гаруй удаа зээлийн гэрээг зөрчсөн ба энэ нь сар бүр нэмэгдүүлсэн хүү төлсөн дансны хуулгаар нотлогддог. Хариуцагч хугацаа өгөөгүй гэж тайлбарладаг нь үндэслэлгүй. Учир нь, одоогийн байдлаар нийт 203 хоног зээл төлөх хугацаа хэтэрсэн ба 8 удаагийн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй зөрчсөн тул нэмэлт хугацаа өгөөгүй гэдэг нь худал юм.

Түүнчлэн, хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа ирээгүй. Хариуцагч 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл банканд зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхтэй холбоотой амаар болон бичгээр санал хүсэлт ирүүлээгүй. Эдгээр нөхцөл байдлууд нь хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэдэг. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,291,979 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

2.1. ******* нь *******тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1890083804 дугаар Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ-гээр 50,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээл, түүний хүүг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. /хх9-12/

 

2.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, *******гийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болох GD 2-cup Auto Mechanical type Filling and Sealing Machine, хөргөх өрөөний тоног төхөөрөмж болон мөсний машиныг барьцаалсан./хх13-15/

 

2.3. Мөн талууд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр батлан даалтын гэрээг байгуулж, зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт болсон тохиолдолд үндсэн гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгчтэй хамтран хариуцахаар *******-тай баталгааны гэрээг байгуулсан./хх16/

 

3. ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардсан байх ба хариуцагч нь гэрээний үүргийн зөрчил гаргасан эсэх, үүргийн зөрчлийн талаар урьдчилан сануулж, гэрээг цуцлах тухай мэдэгдсэн эсэх асуудлаар маргасан байна.

 

3.1. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь 50,000,000 төгрөгийг хариуцагч *******гийн дансанд шилжүүлсэн талаар маргаангүй байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн байна.

 

3.2. Хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 23,333,333 төгрөг төлөхөөс 22,501,392.87 төгрөгийг, зээлийн хүүнд 19,033,529.45 төгрөг төлөхөөс 18,243,294.67 төгрөгийг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогддог./хх4/

 

3.3. Хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлд 833,333.33 төгрөг, зээлийн хүүд 476,465.76 төгрөгийг тус тус төлөх зээлийн хуваарь/хх12/-ийг зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд уг нэхэмжлэлийг гаргажээ.

 

4. Анхан шатны шүүхээс, хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчилд хамаарч байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Тодруулбал, хариуцагчийг 2025 оны 08, 09 сарын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд зээлийг төлөх оролдлого хийгээгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах эрхтэй, хариуцагч үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй байх тул энэ талаарх дүгнэлтийг дараах байдлаар зөвтгөн шийдвэрлэнэ.

 

4.1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.3 дахь хэсэгт гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж тус тус зохицуулсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь урт хугацаатай зээлийн гэрээг цуцлах талаар хариуцагч талд мэдэгдсэн, түүнчлэн гэрээний үүргийн зөрчлийг арилгуулах талаар нэмэлт хугацаа олгосон байдал тогтоогдохгүй байна.

 

4.2. Мөн хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээл төлөх хуваарийг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч нь нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасантай нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа 2028 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусах бөгөөд хариуцагчийн гаргасан зөрчил, үүрэг хэтрүүлсэн хугацаа, зээлийн эргэн төлөлтийн байдал, урт хугацааны гэрээтэй байсан зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах ноцтой зөрчил бий болсон гэж үзэх үндэслэлгүй.

 

4.3. Нөгөөтэйгүүр, зээл төлөх хуваарийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчилд хамаарах тул энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй болно.

 

5. Хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг байнга зөрчиж, хугацаа хэтрүүлэн төлөлт хийж үүргийн зөрчил гаргаж байсан нь түүний нэмэгдүүлсэн хүүг төлж байсан байдлаар тогтоогдоно гэж тайлбарлах боловч тухайн зөрчлийг талуудын гэрээгээр тохиролцсон хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү төлөх байдлаар уг зөрчлийг тухай бүрт арилгаж байсан гэж үзэх тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар няцаагдана.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00554 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******-д тус тус холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 28,291,979 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ