| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 192/2025/05800/И |
| Дугаар | 210/МА2026/00850 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00850
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/00308 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
306,012,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******-тай орон сууц захиалан бариулахаар 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан, уг гэрээгээр ******* төсөл нэртэй орон сууцны хотхоноос ******* 111,5 м.кв талбайтай 4 өрөө дүплекс орон сууцыг дулаан зогсоолын хамт 1 м.кв талбайг 2,900,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 353,350,000 төгрөгийг гэрээний 2.4-т заасны дагуу бэлэн болон бэлэн бусаар төлөх үүрэг хүлээж, гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж байсан.
1.2. Дээрх гэрээний төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүүгүйгээр хувааж төлөх, харин хариуцагч нь орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй байна.
Иймд үндсэн төлсөн төлбөр 211,725,000 төгрөг, 1000 хоног буюу бүтэн 3 жилийн алданги 94,287,000 төгрөг нийт 306,012,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Гэрээний дагуу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлбөрөө төлж дуусгавар болгохоор тохиролцсон боловч ******* нь гэрээний 2.4-т заасныг зөрчиж төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхээ больсон тул 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр АТ24/137 тоот гэрээ цуцлах мэдэгдэл албан бичгээр *******т хүргүүлсэн.
2.2. Нэхэмжлэгч нь төлбөр төлөх хуваарийг зөрчсөнөөс гэрээ цуцлах мэдэгдлийн дагуу гэрээ цуцлагдсан учир алданги төлөх үүрэг хүлээхгүй, мөн орон сууц захиалах гэрээний дагуу алданги төлөх үүрэг хүлээгээгүй. Харин 211,725,000 төгрөг төлсөнтэй маргахгүй төлөх болно. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 306,012,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,688,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,688,010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу төлсөн 211,725,000 төгрөг, алданги 94,287,000 төгрөг, нийт 306,012,000 төгрөг гаргуулах тухай” бөгөөд нэхэмжлэлдээ утгыг тодорхой бичиж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон юм.
Гэтэл нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн эргэлзээ бүхий мэдүүлэг, нотлох баримтгүй байхад шийдвэрийн 6 дугаар хуудсанд алданги гэж нэхэмжилж байсан 94,287,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна гэж хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн гэж үзэж байна.
4.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрөө тодорхойлсон байхад мөн банкнаас зээл авсан тухай баримтгүй байхад анхан шатны шүүх өөртөө нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэхгүй эрх олгож ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
4.3. Нэхэмжлэгч орон сууц захиалгын гэрээний 2.4 дэх хэсэгт заасан төлбөрөө төлөхгүй гэрээгээ зөрчсөн буюу төлбөр төлөх хуваарийг удаа дараа гаргасан тул зөрчлийг арилгах хугацаа олгож мэдэгдэл явуулсан бөгөөд нэмэлт хугацаанд төлбөрийг төлөөгүй учраас гэрээ цуцалсан тухай мэдэгдэл явуулж гэрээ цуцлагдсан. Энэ гэрээний 3.14.2-т зааснаар захиалагч *******ын графикийн дагуу төлбөр төлөөгүй бол алданги гүйцэтгэгч тал алданги төлөхгүй байхаар заасан. Тиймээс хариуцагчийн зүгээс алданги төлөх үндэслэлгүй юм.
4.4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн өөрийнх нь тооцоолуур бодит банкны гэрээ, хүүнд нийцэж байгаа эсэхэд шүүх шийдвэртээ тайлбарлаж дүгнэлт өгөөгүй шийдвэрлэж байгаа нь буруу гэж үзэж байна.
Шүүх нь хэрэг маргаан хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүнийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлээс илүү, наана нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг чанд мөрдөж зөрчихгүй байх үүрэгтэй гэж үзэж байна. Энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хувийн байдал, эд хөрөнгийн шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэхэд хамаарал нөлөөлөх эсэхийг тодруулах нь зүйтэй юм.
4.5. Мөн шүүхийн шийдвэрийн 6 хуудас, 11 дүгээр зүйлд 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг буруу тайлбарласан бөгөөд хариуцагчийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээнээс татгалзаагүй нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнд заасны дагуу цуцалсан. Гэрээнээс татгалзаагүй цуцалсан тул хохирол төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна.
Дээр дурдсанаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс гадна хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад шүүх алданги 94,287,000 төгрөг гаргуулахаар буруу шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, алданги 94,287,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч талтай 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 30 хувийг бэлнээр төлсөн. Гэрээнд орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулахаар заасан боловч хариуцагч тал уг үүргээ биелүүлээгүй бөгөөд тухайн хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй.
5.2. Цаашлаад гэрээг цуцлах хүртэл нэмэлт хоёр жилийн хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй. Тухайн хугацаанд нэхэмжлэгч тал гэрээний үүргийн дагуу төлбөрөө үргэлжлүүлэн төлж, 2–3 жилийн хугацаанд хүлээлттэй байж, эдийн засгийн хувьд хохирол амссан тул хариуцагч талд орон сууцыг ашиглалтад оруулах шаардлага тавьж эхэлсэн. Гэвч хариуцагч талаас тухайн орон сууцыг санхүүгийн шаардлагын улмаас өөр этгээдэд давхар худалдсан, улмаар нэхэмжлэгчид шилжүүлэх боломжгүй болсон тухай мэдэгдсэн.
5.3. Хариуцагч талаас банкны хүү тооцох үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч миний бие төлбөрийг санхүүжүүлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан. Уг зээлүүд нь сарын 2.5 хувийн хүүтэй, албан ёсны гэрээний дагуу олгогдсон бөгөөд эргэн төлөлтийн хуваарь, хугацаа нь тодорхой баримтаар нотлогддог. Дээрх зээлийн гэрээнүүд болон холбогдох баримтуудыг мөн анхан шатны шүүхэд бүрэн хэмжээгээр гаргаж өгсөн бөгөөд миний бие төлбөрийг бодитоор бэлэн мөнгөөр, мөн албан ёсны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэн төлсөн.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн 211,725,000 төгрөг, алданги 94,287,000 төгрөг нийт 306,012,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. ******* нь *******-тай 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* давхар нийт 111,5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан гүйцэтгэн, улсын комиссыг барилгад оруулах ба улсын комиссын акт хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний нийт үнэ 353,350,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөг, бартерт 65,000,000 төгрөгт тооцуулж ******* маркийн тээврийн хэрэгсэл шилжүүлэх, үлдэгдэл 273,350,000 төгрөгийг 2021.09.20-ны өдөр 12,500,000 төгрөг, 2021.10.20-ны өдөр 12,500,000 төгрөг, 2022.01.20-ны өдөр 12,362,500 төгрөг, 2022 оны хавар 100,000,000 төгрөгт тооцуулж газар шорооны ажил нийлүүлэх, үлдэгдэл төлбөр 148,350,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд улирал бүр сарын 12,362,500 төгрөгөөр төлөхөөр харилцан тохирчээ. /хх-ийн 6-9/
3.2. Улмаар талууд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-гээр төлбөр төлөх зарим нөхцөлд өөрчлөлт оруулж, ******* нь гэрээний төлбөрт 353,350,000 төгрөг төлөхөөр, урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг бэлнээр, бартерт 35,000,000 төгрөгт тооцуулж ******* улсын дугаартай Toyota Tacoma загварын тээврийн хэрэгсэл шилжүүлэх, үлдэгдэл 288,350,000 төгрөгийг 2021.09.20-ны өдөр 12,500,000 төгрөг, 2021.10.10-ны өдөр 12,500,000 төгрөг, 2022.11.20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022.03.20-ны өдөр 12,362,500 төгрөг, 2022 оны хавар 100,000,000 төгрөгт тооцуулж газар шорооны ажил нийлүүлэх, үлдэгдэл төлбөр 148,350,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд улирал бүр 12,362,500 төгрөгөөр 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл төлөх үүрэг хүлээсэн. /хх-ийн 12-14/
3.3. Дээрх гэрээний дагуу ******* нь 211,725,000 төгрөгийг хүлээн авсан, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн талуудын маргаагүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
4.1. Талуудыг гэрээ байгуулах үед орон сууц бий болоогүй, тодорхой хугацаанд барьж, хүлээлгэн өгөхөөр тохирсон нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байж болох боловч нэхэмжлэгчийн хүсэл зоригийн хувьд нийтийн зориулалттай орон сууцны байшингаас ирээдүйд бий болох орон сууцны өмчлөгч болох зорилготой, мөн талуудын хүлээсэн үүрэг зэргээс үзвэл худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх ба анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай болжээ.
5. Гэрээний нэг тал нь нөгөө талынхаа үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзах тохиолдолд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох, уг хугацаанд ямар нэг үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан.
5.1. Хариуцагч байгууллагын зүгээс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр албан бичгээр нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу хоёроос дээш удаа төлбөр төлөөгүй үндэслэлээр гэрээг цуцалсан /татгалзсан/ талаар мэдэгдсэн гэх боловч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна гэрээг дуусгавар болгох талаарх хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч хүлээн аваагүй байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болоогүй байна. /хх-16 дугаар тал/
5.2. Түүнчлэн, хариуцагч байгууллага нь гэрээний 3.1-д зааснаар орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан гүйцэтгэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ эхлэн гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзсан нь үүргийн зөрчилд хамаарахгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт нийцжээ.
Энэ тохиолдолд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхгүй талаар шүүх зөв дүгнэсэн.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч тал гэрээнээс татгалзаж, худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон гэж дүгнэхгүй.
6. Харин хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд буюу 2022 оны 3 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцнэ.
6.1. Учир нь дээрх хугацаанд хариуцагч орон сууцыг ашиглалтад оруулаагүй боловч нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд төлбөр төлөх үүргээ гүйцэтгэж байсан нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж дүгнэх үндэслэл болно.
7. Ийнхүү гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 211,725,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн. Энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй.
8. Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг буруу тогтоосны улмаас алдангид шаардсан 94,287,000 төгрөгийг хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж дүгнэж, уг мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдана. Учир нь
8.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчлөх эрхтэй, энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага буюу мөнгөн хөрөнгийн шаардлагыг ямар баримт, нотолгоог үндэслэн, ямар арга замаар хэрхэн тооцоолж, тодорхойлсон болохыг тайлбарлаж, бичгээр гаргах ба ингэснээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэх, татгалзах тайлбар гаргах, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх эрхээр хангагдаж, мэтгэлцэх зарчим хэрэгжих учиртай.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 94,287,000 төгрөгийг 3 жилийн алданги гэж тодорхойлж, энэ хүрээнд хариуцагч талаас гэрээгээр алданги тохиролцоогүй, мөн нэхэмжлэгч үүрэг зөрчсөн тул алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ. /хх-55-56 дугаар тал/
Гэтэл 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс 94,287,000 төгрөгийг арилжааны банкны хүүгээр бодож хохирол шаардсан гэх тайлбар гаргасныг үндэслэн шүүх дээрх шаардлагыг хохирол гэж дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг бичгээр гаргаагүй нөхцөлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрчлөгдсөн гэж үзэхгүй тул 94,278,000 төгрөгт холбогдох шаардлагыг хохирол гэх агуулгаар талууд мэтгэлцээгүй гэж үзнэ.
9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд гэрээнээс татгалзсанаар талууд өгсөн, авснаа харилцан буцааж, анхны байдалд оруулах үр дагавар үүсч, гэрээний үүргийн харилцаа дуусгавар болдог тул үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлэх боломжгүй. Энэ үндэслэлээр алдангид холбогдох 94,278,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
10. Харин хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/00308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 211,725,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 94,287,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,688,010 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,216,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629,385 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА