Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 538

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00549/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сум, 4 дүгээр баг, А-28 дугаар байрны 15 тоотод оршин суух, “Төгс дүүрэн” ХХК-ийн захирал Намжилсүрэнгийн Батхүү /РД: СЭ70061630/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, 8 айлын орон сууц, 2 давхар 01 тоотод оршин суух, Гэрэлтуяагийн Сэргэлэн /РД: СЭ85011501/-д холбогдох
"орон сууцны төлбөр 3 520 000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Төгс дүүрэн” ХХК-ийн захирал Н.Батхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Төгс дүүрэн” ХХК нь Жаргалтхаан суманд 2014-2015 онд 8 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан. Г.Сэргэлэн нь 2014 оны 6 дугаар сарын 24-нд 2 өрөө байр 26 350 000 төгрөгөөр авахаар  захиалж манай компанитай гэрээ хийж урьдчилгаа 30 хувь болох 7 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2014  оны 12 дугаар сарын 05-нд 9 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-нд 5 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Үлдэгдэл болох 4 250 000 төгрөгийн 250 000 төгрөгт мөл өгч үлдсэн 4 000 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сард ноолуурын мөнгө ирэхээр өгье гэж хүссэн. Бид зөвшөөрсөн. Гэвч өгөлгүй байсаар 2016 оны 05 дугаар сар гарсан тул шаардаж эхэлсэн. 2016 оны 05 дугаар сарын 08-нд 1 000 000 төгрөг өгөөд “Та байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөч, ажлаасаа зээл авахаар боллоо” гэхээр нь гэрчилгээг гаргуулж өгсөн боловч элдэв шалтаг тоочиж өгөлгүйгээр өнөөдрийг хүрлээ. Манай компани тус барилгыг барихдаа банкны зээл авсан тул хүү, алданги төлж байдаг. Иймд Г.Сэргэлэнгээс байрны төлбөрийн үлдэгдэл болох 3 000 000 төгрөг алданги 520 000 төгрөг буюу нийт 3 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч “Төгс дүүрэн” ХХК-ийн захирал Н.Батхүү нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.Сэргэлэнтэй эвлэрэн хэлэлцэж нэхэмжилсэн байрны үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг,  алданги 520 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Уг 3 520 000 төгрөгийг алданги болох     520 000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-нд 1 000 000 төгрөгийг авч дээврийн дулаалгыг нэмж, халаалтыг хэвийн болгож өгнө. Үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ /хх-ийн 20 тал/
Хариуцагч Г.Сэргэлэн нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Төгс дүүрэн” ХХК-ийн нэхэмжлэлийн  шаардлагаас 3 000 000 төгрөгийг  төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэн орон сууцны үлдэгдэл төлбөрийн 1 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр урьдчилан өгч 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор дээврийн дулаалга болон паарны халаалтыг бүрэн сайжруулж өгсний дараа, үлдэгдэл төлбөр болох 2 000 000  төгрөгийг  2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн барагдуулахаар харилцан тохиролцов. /хх-ийн 19 тал/ гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Төгс дүүрэн” ХХК-ийн захирал Н.Батхүү нь хариуцагч Г.Сэргэлэнгээс “орон сууцны үлдэгдэл төлбөр 3 520 000 төгрөг гаргуулах” тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч “Төгс дүүрэн” ХХК-ийн захирал Н. Батхүү нь хариуцагч Г.Сэргэлэнтэй эвлэрэн хэлэлцэж алданги болох 520 000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг хариуцагч Г.Сэргэлэн нь 2016 оны 10 дугаар сарын 10-нд 1 000 000 төгрөгийг өгч дээврийн дулаалгыг нэмж, халаалтыг хэвийн болгуулах, ингэсэн нөхцөлд үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өгч авахаар харилцан тохиролцож, зохигчид нь Эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.  “Төгс дүүрэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г. Сэргэлэнд холбогдох  “орон сууцны төлбөр 3 520 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай  иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н. Батхүүгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35 475 төгрөгийг улсын орлогод үлдээж, 35 475 төгрөгийг улсын орлогоос /Төрийн сангийн 180000941 тоот данснаас/ буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Г.Сэргэлэнгээс 35 475 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР