Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/00852

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01290 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******-д холбогдох,

*******тай байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2017/к дугаартай контракт, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай контрактын нэмэлт, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/17/к дугаартай “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-ний дагуу 4 өрөө орон сууцны үнэ 639,684,500 төгрөг, 3 жилийн дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1,735,204,595 төгрөг нийт 2,374,889,095 төгрөг гаргуулах,

*******-тай байгуулсан 2023 оны 5 угаар сарын 18-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20230518 дугаартай “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 дугаартай “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”-г тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  90 дүгээр тогтоолоор *******-ын захирлаар томилогдож, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр контрактын гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээнд 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 01 тоот нэмэлт гэрээг байгуулж, 3 нөхцөл хангамжийг тохиролцсон. Уг нэмэлт гэрээний 2 дахь заалтад захирлын ажил, үүргээ үр дүнтэй гүйцэтгэх нөхцөл боломжийг хангах үүднээс Улаанбаатар хотод 4 өрөө орон сууц олгож хүсэлтээр нь өмчлөлд шилжүүлэх, контрактыг хугацаанаас нь өмнө ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон тохиолдолд 3 жилийн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор заасан. 01 тоот нэмэлт гэрээг 2019/17/к тоот контракт гэрээний салшгүй нэг хэсэг гэж тусгасан.

1.2. Дээрх контрактын гэрээний хугацаа дуусах үед 2022 оны 5 дугаар сарын 18-ны 2020/17/к тоот “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулж, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/17/к гэрээг онцгой нөхцөл бүхий гэрээний салшгүй хэсэг гэж тохиролцсон.   

1.3. 2023 онд гэрээгээ шинэчлэх ёстой байсан боловч бичгээр гэрээг шинэчлээгүй цаашид үргэлжлүүлэн ажиллуулж цалин хөлсийг дээрх онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу олгож байсан. 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр *******аас *******-т 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасны дагуу сунгагдаж, хугацаагүй гэрээнд шилжсэн бөгөөд гэрээний бусад нөхцөл хүчин төгөлдөр гэх агуулга бүхий албан бичгийг өгсөн.

Ажил үүргээ гүйцэтгэж байх үед *******аас 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 399 тоот тогтоол гаргаж, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн.

1.4. Ингээд контрактын гэрээгээр тохирсон 4 өрөө орон сууц, 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах шаардлагыг *******т хүргүүлснээр 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 401 тоот тогтоол гаргаж, 2022 оны онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор уг гэрээний салшгүй нэг хэсэг болох 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлтийн 2, 3 дугаар зүйлд заасны дагуу хангаж, тэтгэмжийг олгох талаар шийдвэр гаргаж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг *******-ын захиралд даалгасан. Энэ тогтоолын дагуу тооцоолол тодорхойгүй байна гэсэн тул өөрөө тооцооллыг гаргаж өгсөн боловч энэ нь *******-т хамааралгүй, *******-тай гэрээ байгуулсан тул тус компаниас авах шаардлагатай гэж татгалзсан. Гэтэл *******-аас байгуулсан гэрээнд хангамж, тэтгэмжтэй холбоотой заалт байхгүй тул олгох боломжгүй гэх байдлаар миний эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

1.5. Гэтэл бодит байдалд *******-тай 2023 оны 5 дугаар сарын 18, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрүүдийн “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-нүүд тухайн үед байгуулагдаагүй, ******* газраас 2024 оны 3 дугаар сард хийсэн шалгалтаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан үндэслэлээр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох нөхцөл үүссэн учир 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нөхөж байгуулсан. Эдгээр гэрээгээр ажиллаж цалин хөлс авч байгаагүй, талууд ямар нэгэн байдлаар эрх зүйн үр дагавар үүсгээгүй. Иймд дээрх гэрээнүүдийг 2024 оны 3 дугаар сард дүр үзүүлсэн байдлаар хийж, талууд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. 

1.6. Иймд 2022 оны 5 дугаар сарын 18-ны 2020/17/к, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/17/к гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байна. 4 өрөө орон сууцны зах зээлийн үнийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд харьцуулан тооцож 639,684,500 төгрөг болсон бөгөөд 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаанд үндэслэн 1,735,204,595 төгрөг гэж тооцоолж гаргасан. 

 Иймд нийт 2,374,889,095 төгрөг гаргуулж, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20230518 тоот “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 тоот “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

2. Хариуцагч ******* ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Засгийн газрын 2019 оны 103 дугаар тогтоолоор *******-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг баталсан бөгөөд тус дүрмийн дагуу *******-ын захирал нь *******тай контракт болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

2.2. Мөн Засгийн газрын 2022 оны 428 дугаар тогтоолоор *******-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, уг дүрмийн 6.6-д ******* нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилсон захиралтай Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах бөгөөд гэрээ дүгнэх, урамшуулал олгох асуудлыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журмаар зохицуулна гэж заасан.

2.3. ******* 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399 дугаар тогтоолоор *******-ын захирал *******ыг үүрэгт ажлаас нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд тэтгэмж олгох асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг *******-ийн гүйцэтгэх захиралд даалгасан.

2.4. *******тай байгуулсан 2020/17/к дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай 2019/17/к контрактын нэмэлтийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд *******ыг *******-ын захирлаас чөлөөлөөгүй. ******* нь ажлаас чөлөөлөгдөх үедээ *******-тай байгуулсан 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 дугаартай “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”-гээр ажиллаж байсан.

*******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2020 оны 2020/17/к дугаар бүхий онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай 2019/17/к контрактын нэмэлтийн үйлчлэл нь *******-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт орж *******-тай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс буюу 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс зогсож хүчин төгөлдөр биш болсон.

2.5. ******* 2024 оны 401 дүгээр тогтоолд *******тай байгуулсан 2020/17/к дугаар бүхий “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-ний салшгүй хэсэг болох 2019/17/к контрактын нэмэлтийн 2, 3-т заасны дагуу холбогдох тооцоог хийж, гэрээний хэрэгжилтийг хангахыг үйлдвэрийн газрын захиралд зөвшөөрсөн боловч гэрээнүүдийн үйлчлэл зогссон, түүнчлэн тодорхой үнийн дүн заагаагүй тул биелүүлэх боломжгүй.

2.6. ******* 2024 оны 399 дүгээр тогтоолын дагуу *******ын ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийн асуудлыг ЭМГЛ/ГЗ-01/20240102 дугаартай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ болон *******-ийн ТУЗ-ийн 2023 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”-д заасны дагуу *******-ийн гүйцэтгэх захирлаас дүгнэж шийдвэрлэнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч ******* тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасны дагуу ******* нь *******ыг тус үйлдвэрийн газрын захирлаар 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор томилж, түүнтэй 2019/17/к тоот контракт гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээнд 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, Улаанбаатар хотод 4 өрөө орон сууцаар хангаж, хүсэлтийг нь үндэслэн өмчлөлд нь шилжүүлэх, ажил олгогчийн санаачилгаар контрактыг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон тохиолдолд 3 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох гэж заасан.

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 онд батлагдаж *******тай байгуулсан гэрээг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаагаар шинэчлэн байгуулж, захирлын албан тушаалын сарын үндсэн цалинг 12,096,000 төгрөг байх, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/17/к гэрээний нэмэлт нь энэ гэрээний салшгүй хэсэг гэж тохиролцсон.

3.3. Гэтэл Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 225 дугаар тогтоолоор *******-ыг ******* нэгдлийн харьяанд ажиллуулахаар шийдвэрлэж, 2022 оны 428 дугаар тогтоолоор *******-ын дүрэмд үйлдвэрийн газар нь *******-ийн нэгдлийн харьяанд байна гэсэн 4.3 дахь заалтыг нэмж, 6.2-т зааснаар ******* нь үйлдвэрийн газрын захирлыг *******-ийн саналыг авч Засгийн газрын хуралдаанд танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр томилж, чөлөөлөх, 6.3-т зааснаар ******* нь *******аас томилсон захиралтай гэрээ байгуулан ажиллах чиг үүрэгтэй байхаар өөрчлөлт оруулсан.

3.4. *******-ийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 01/836 тоот албан бичгээр ******* нь *******-ын захирал *******тай 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ЭМГЛ-01/20240102 тоот “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-г 1 жилийн хугацаагаар байгуулан ажиллаж байгаа, *******-ийн хувьцаа эзэмшигчээс захирал *******тай байгуулсан гэрээг дуусгавар болгох чиглэл өгсөн. Үүний дагуу 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор *******ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсан байдаг.

3.5. *******аас 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 401 дүгээр тогтоолыг гаргаж *******ад 2019/17/к контрактын нэмэлтийн 2, 3 дугаар зүйлд заасан орон сууц болон мөнгөн тэтгэмжийн холбогдох тооцоог хийж олгохыг шинээр томилогдсон үйлдвэрийн газрын захиралд зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. ******* 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А-1/2102 тоот албан бичгээр тэтгэмжийн асуудлын талаар *******-т мэдэгдэж байсан.

3.6. Контракт буюу онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд заасан түүнд олгох цалин, хөлс, тэтгэмжийн асуудлыг тухайн аж ахуйн нэгжээс нь гарган олгодог. ******* ******* ажилтан биш, манай байгууллагаас цалин хөлс олгож байгаагүй.

Иймд Засгийн газрын 2022 оны 225, 428 дугаар тогтоолуудаар ******* хөдөлмөрийн гэрээ байгуулах чиг үүрэг дуусгавар болсон учраас 2019 оны гэрээ болон түүний нэмэлттэй холбоотой асуудалд манайх хариуцагч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоолоор *******-ийн охин, хараат компани болон харьяа бусад хуулийн этгээдийг нэгдлийн хэмжээнд нүүрс, эрчим хүчний болон зэс, металлын гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэж, группийн зарчмаар ажиллуулахаар тогтож, ******* үйлдвэр, ******* зэргийг ******* нэгдлийн харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд Засгийн газрын 2022 оны 428 дугаар тогтоолоор *******-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг дүрмийн 6.6-д заасан өөрчлөлтийн дагуу ******* нь нэхэмжлэгч *******тай Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар, мөн 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар тус тус байгуулсан гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэлд хамааруулах үндэслэлгүй. 

Учир нь дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх эрмэлзэлгүй байдаг ба хууль зүйн ямар нэг үр дагаварт хүрэхийг эрмэлздэггүй. Гэтэл нэхэмжлэгч ******* “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-нд заасан нөхцөл журмын дагуу *******-ын захирлын албан тушаалд ажиллаж байсан.

4.2. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаатай байна гэх агуулгын хүрээнд ******* гэрээ 2022 онд 1 жилийн хугацаатай байгуулагдсан. 2020/17/к дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 2019.07.17-ны өдрийн 01 дугаартай 2019/17/к контрактын нэмэлтийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд *******ыг *******-ын захирлаас чөлөөлөөгүй.

******* нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”-г *******-тай байгуулж ажиллаж байсан. Засгийн газрын тогтоолоор *******-ийн харьяанд шилжсэнээс хойш нэхэмжлэгчийн *******тай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон.

Түүнчлэн ******* газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зөрчил арилгах тухай албан шаардлагаар 2022 оны гэрээг дүгнээгүй, урамшуулал олгох талаар шийдвэр гараагүй байхад хугацаа дууссан гэрээг үндэслэж *******-ын захиралд 141,998,739 төгрөг олгосон гэж дүгнэн зөрчлийг арилгахыг даалгасан. Энэхүү дүгнэлтэд ******* болон нэхэмжлэгч ******* нарын хооронд байгуулсан гэрээний харилцаа дууссан гэж дүгнэсэн.

Гэрээг нөхөж байгуулах асуудлын хувьд тухайн этгээд гэрээг нөхөж байгуулахыг зөвшөөрч гарын үсэг зурсан бол хүчин төгөлдөр байдлаа алдахгүй.

4.3. ******* 399 тоот тогтоолд *******-тай байгуулсан гэрээг цаашид цуцлах асуудлыг тодорхой дурдсан. Аудитын дүгнэлтүүд, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, ******* тогтоол, Засгийн газрын тогтоол зэргээс харвал нэхэмжлэгчийн *******-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үндэслэл болсон нэмэлт гэрээний хугацаа дууссан, сунгагдаагүй бөгөөд гэрээнд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй, тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 158 дугаар зүйлийн 158.2-д заасныг баримтлан хариуцагч ******* ААТҮГ, *******, ******* нарт холбогдох, ******* болон ******* хооронд байгуулагдсан 2019.06.07-ны өдрийн 2019/17/к тоот *******-ын захиралтай байгуулах контракт, 2019.07.17-ны өдрийн 01 тоот *******-ын захиралтай байгуулсан 2019/17/к тоот контрактын нэмэлт, 2022.05.18-ны өдрийн 2020/17/к тоот “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-нд заасан 4 өрөө орон сууцны үнэ 639,684,500 төгрөг, 3 жилийн дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1,735,204,595 төгрөг, нийт 2,374,889,095 төгрөгийг гаргуулах, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023.05.18-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20230518 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ, 2024.01.02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,533,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. ******* нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр *******-ын захирлаар томилогдсон цагаас эхлэн ажлаас чөлөөлөгдөх хүртэл Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд заасан гол үүрэг болох үйлдвэрийн газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үүргийг амжилттай сайн биелүүлсэн. Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гол үндэслэлээ 2022, 2023, 2024 онуудад гэрээгээ дүгнүүлээгүй, эрх бүхий байгууллагаас урамшуулал олгох шийдвэр гаргаагүй байна гэж тайлбарласан. Миний хувьд 2019, 2020, 2021 онуудад гэрээгээ дүгнүүлж биелэлт сайн гэж үнэлэгдсэн. Харин 2022, 2023 онуудад гэрээгээ дүгнүүлэхээр холбогдох материалыг *******т хүргүүлсэн боловч тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *******т ХЭГ/2721 тоот албан бичиг хүргүүлж үйлдвэрийн газартай холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх чиглэл хүргүүлсэн байсан учир миний гэрээтэй холбоотой аливаа шийдвэр гараагүй. 2024 оны хувьд 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тул 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрээг дүгнэж 401 тоот тогтоол гаргасан.

Иймд ажил олгогч нь тодорхой цаг хугацаанд өөрөө гэрээг дүгнэхгүй байгаа тохиолдолд ажилтныг гэрээгээ дүгнүүлээгүй гэж буруутгах нь хууль тогтоомжид нийцэхгүй. Шүүх 2022, 2023 онуудад гэрээг дүгнүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн.

6.2. Дээр дурдсаны дагуу анхан шатны шүүх ******* болон бидний хооронд байгуулагдсан 4 өрөө орон сууц олгох болон 3 жилийн хугацааны тэтгэмж өгөх тохиролцоог Хөдөлмөрийн тухай хуульд заасан урамшуулалд хамаарна гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хууль /2021.07.02/-ийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно”, 65.2-т “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн 49.1-д заасан нөхцөлөөс гадна дараах нөхцөлийг тусгаж болно”, 65.2.2-т “ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон ашгаас олгох хувь хэмжээ”, 49.2-т “Талууд хөдөлмөрийн гэрээнд дараах нөхцөлийг нэмж тусгаж болно”, 49.2.6-д “талууд харилцан тохиролцсон бусад” гэж тус тус зохицуулсан. ******* болон бидний хооронд тохирсон 4 өрөө орон сууц олгох тохиролцоо нь ямар нэг үр дүнгээс үл хамааран биелэх нөхцөлтэй тул энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан урамшуулал гэх ойлголтод хамаарахгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 65.2.2 дахь хэсэгт заасны дагуу тохиролцсон хангамжийн тухай тохиролцоо юм. Гэтэл анхан шатны шүүх уг тохиролцоог агуулгын хувьд буруу тайлбарлаж урамшуулал гэж дүгнэж, цаашлаад уг урамшууллыг заавал гэрээг дүгнэсний үр дүнд биелэх ёстой мэт тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн.

Хөдөлмөрийн тухай хууль /2021.07.02/-ийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ” 2.3.1.энэ хууль; 2.3.6.хөдөлмөрийн гэрээ; 2.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ” гэж заасан. *******тай байгуулсан 2019.07.17-ны өдрийн 01 дугаар нэмэлт гэрээний 3 дахь хэсэгт “Ажил олгогчийн санаачилгаар контрактыг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон тохиолдолд 3 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж тохиролцсон. Энэхүү тохиролцоо нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд тус хуулийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд илүү таатай нөхцөл тусгасан гэрээ юм. Ажил олгогч ******* 2024.08.23-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тогтоол гаргахдаа ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээг хууль бусаар, хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

6.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тохиролцоо хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр бол тухайн гэрээний хугацаа дууссаны дараа ч уг гэрээгээр хүлээсэн зарим үүргийг шаардах эрх хэвээр хадгалагддаг. Манай тохиолдолд ******* надтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ******* уг гэрээний үүрэг болох Улаанбаатар хотод 4 өрөө орон сууц өгөх, 3 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

6.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзал, түүний үндэслэлээ тус тус нотлох үүрэгтэй. Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчимд үндэслэдэг. Ажил олгогч ******* нь надтай байгуулсан 2019.07.17-ны өдрийн нэмэлт гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрч биелүүлэх талаар 2 хоёр удаа шийдвэр гаргасан байгаа атал уг баримтыг төлбөр төлөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэхгүй юм.

6.5. *******-тай байгуулсан гэх 2023.05.18-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20230518 тоот, 2024.01.02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 тоот “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ” нь тухайн цаг хугацаанд байгуулагдаагүй буюу 2024.03.19-нд нөхөн байгуулагдсан гэдэг нь нотлогдсоноор уг хугацаанд ******* болон ******* миний хооронд ямар ч хөдөлмөрийн гэрээний харилцаа байгаагүй болох нь тогтоогдсон. Энэ хугацаанд ******* 2022.05.18-ны өдрийн 2020/17/к тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд уг гэрээгээр ажлаас чөлөөлөгдөх хүртлээ ажиллаж цалин хөлсөө авч байсан. Гэтэл анхан шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцааны ямар ч үр дагавар үүсгээгүй *******-ийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ын гаргасан тайлбарын агуулга:

7.1. *******аас гаргасан 401 дүгээр тогтоолоор өмнө нь тус газартай байгуулсан гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар заасан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч ******* хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг судалж үзэхэд *******тай байгуулсан өмнөх гэрээ дуусгавар болсон, улмаар *******-тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тогтоогдсон. Мөн тухайн үед *******-ын дүрэмд Засгийн газрын тогтоолоор өөрчлөлт орж, гүйцэтгэх захирал нь *******-тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах зохицуулалт тусгагдсан. Иймээс дээрх нөхцөл байдлын хүрээнд хоёр гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан тул 401 дүгээр тогтоолд үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 18, 19, 20-д дээрх нөхцөл байдлыг зөв дүгнэж, хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн.

8. Давж заалдах гомдолд хариуцагч ******* гаргасан тайлбарын агуулга:

8.1. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан тайлбар, нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

9. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. ******* 2019 оны 260 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журмын 5.1-д зааснаар захиралд орон сууцны дэмжлэг олгох нөхцөл нь тодорхой шалгууртай байна. Энэхүү зохицуулалтын дагуу *******тай байгуулсан гэрээнд орон сууц олгох тухай заалт тусгагдсан боловч уг заалтын урьдчилсан нөхцөл нь дээр дурдсан шалгуурыг хангах явдал юм. Мөн гэрээний дагуу орон сууцыг захирлын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах зорилгоор олгож, улмаар хүсэлт гаргасан тохиолдолд өмчлөлд шилжүүлэх зохицуулалттай. Иймээс гэрээний хугацаа дуусгавар болсон, мөн хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч өөрчлөгдөж, өөр этгээдтэй хөдөлмөрийн харилцаанд орсон нөхцөлд уг орон сууцыг шаардах эрх дуусгавар болсон гэж үзэж байна.

9.2. Түүнчлэн, ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор 3 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж шаардах тухайд уг нөхцөл нь гэрээг хугацаанаас өмнө ******* цуцалсан тохиолдолд хэрэгжих зохицуулалт юм. Гэтэл тухайн гэрээ нь 2019 онд 3 жилийн хугацаатай байгуулагдаж, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн шинэ зохицуулалттай холбоотой. Улмаар уг гэрээ 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон. Уг асуудлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

9.3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах агуулгаар гаргасан. Харин хариуцагч тал ийм хэлцэл огт байгуулагдаагүй, харин нөхөж байгуулсан гэрээний талаар талууд маргаагүй, энэ нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. ******* нь *******-ийн харьяа үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар тодорхой хугацаанд ажилласан болох нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн нөхцөлд хамаарахгүй гэж дүгнэх үндэслэлтэй. Иймээс *******-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжтой. Мөн *******тай байгуулсан 2021, 2022 оны гэрээнүүд нь ямар нэгэн байдлаар сунгагдаагүй, улмаар тэдгээрийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2017/к тоот Контракт, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот Контрактын нэмэлт, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/17/к тоот “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-нд заасан 4 өрөө орон сууцны үнэ 639,684,500 төгрөг, 3 жилийн дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1,735,204,595 төгрөг нийт 2,374,889,095 төгрөг, гаргуулах, *******-тай байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20230518 тоот “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 тоот “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”-г тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ******* 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 90 дугаар тогтоолоор *******ыг ******* төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд томилсон. /1хх-ийн 106/

3.2. Улмаар, талууд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2019/17/к дугаартай “******* төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контракт” гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээнд нэмэлт заалт оруулж 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “2019/17/к дугаартай контрактын нэмэлт” нэртэй 01 дугаартай гэрээ байгуулсан байх ба тус гэрээгээр дараах нэмэгдэл хөлс, хангамж, тэтгэмжийг олгохоор харилцан тохирчээ. /1хх-ийн 9-17/

Үүнд: 1. Борлуулалтын орлогын өсөлт, давсан ашгийн хэмжээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ахисан үр дүнг харгалзан сар бүр 6,000 ам долларын нэмэлт цалин олгоно. 2. Захирлыг албан үүргээ гүйцэтгэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотод 4 өрөө орон сууцаар хангаж, хүсэлтийг нь үндэслэн өмчлөлд нь шилжүүлнэ. 3. Ажил олгогчийн санаачилгаар контрактыг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон тохиолдолд 3 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

3.3. Мөн талууд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2020/17/к дугаартай “******* төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-г 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаагаар байгуулж, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2019/17/к дугаартай гэрээг дээрх гэрээний салшгүй хэсэг гэж тодорхойлсон. /1хх-ийн 18-25/  

3.4. ******* нь *******-тай 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ЭМГЛ/ГЗ-01/20230518 дугаартай “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”-г байгуулж, *******-ын ерөнхий захирлаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллах үүрэг хүлээж, уг гэрээгээр цалин хөлсийг 12,096,000 төгрөгөөр тогтоож, үүнээс гадна үйлдвэрийн газрын үйл ажиллагааны орлого, ажлын үр дүнгээс хамаарч нэмэгдэл цалин хөлс, урамшууллыг *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан гүйцэтгэлийн үнэлгээний журмаар зохицуулах, хөдөлмөрийн чадвараа 6 сараас дээш хугацаагаар алдвал 6 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор заажээ. /1хх-ийн 57-60/

3.5. Мөн талууд 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ЭМГЛ/ГЗ-01/20240102 дугаартай ЭМГЛ/ГЗ-01/20230518 дугаартай “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж, үндсэн цалинг 15,900,000 төгрөгөөр тохирч, нэмэгдэл цалин хөлс, урамшуулал, ажлын нөхцөлийн талаарх тохиролцоо нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ЭМГЛ/ГЗ-01/20230518 дугаартай “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”-нд заасантай адил нөхцөлийг тусгасан. /1хх-ийн 61-69/

3.6. Улмаар, ******* 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399 дугаар тогтоолоор *******-ийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 01/836 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу *******-ын захирал *******ыг үүрэгт ажлаас нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, түүнтэй байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /1хх-ийн 26/

3.7. Дээрх гэрээнүүдийг байгуулсан асуудлаар талууд маргаагүй, харин хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох хүртэл 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/17/к дугаартай гэрээ хүчинтэй байсан эсэх, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20230518, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 дугаартай гэрээнүүд дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл эсэх асуудлаар маргасан.    

4. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаартай тогтоолоор *******-ын оноосон нэрийг ******* гэж өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлснээр тус үйлдвэрийн газрын эрх, үүрэг нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.9 дэх хэсэгт заасны дагуу *******-т шилжсэн талаар шүүх зөв дүгнэсэн. /2хх-ийн 42-47/

5. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсонтой холбогдуулан нэхэмжлэлд дурдсан хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд тусгайлан заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт нийцжээ.

6. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч зарим нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас маргааны зарим үйл баримтыг буруу тогтоож, шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хуулийн зохицуулалт баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.

6.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 428 дугаар тогтоолоор *******-ын дүрмийг шинэчлэн баталж, тус дүрмээр үйлдвэрийн газрыг *******-ийн нэгдлийн харьяанд ажиллуулах, захирлыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилох, ийнхүү томилогдсон захиралтай ******* нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заажээ.

Өөрөөр хэлбэл, *******-ын захирал нь ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, эрх, үүрэг, хариуцлага, урамшуулал, хангамж, тэтгэмж, гэрээний хугацаа, гэрээг цуцлах, дуусгавар болгох зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлөөр хэрхэн хангагдах асуудлаар *******-тай харилцан тохиролцож, гэрээ байгуулахаар байна.    

6.2. Дээрх дүрмийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2020/17/к дугаартай гэрээг шинэчилж, гэрээ байгуулаагүй болох нь талуудын тайлбар, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл, ******* газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 798/А0150092 дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлага зэргээр тогтоогдсон байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.  

Иймд талууд 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20230518, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 дугаартай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнүүдийг хожим нөхөж байгуулсан нь тогтоогдсон, энэ үйл баримтад маргаагүй байна.  

7. Ийнхүү гэрээнүүдийг ******* газраас 2024 оны 3 дугаар сард хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор нөхөж хийсэн, гэрээнүүдэд заасан цалин хөлсийг авч байгаагүй нь дүр үзүүлсэн илэрхийлэл гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч уг гэрээнд өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гарын үсэг зурсан үйл баримтад маргаагүй.

7.1. Хэдийгээр хариуцагч ******* нь тухайн цаг хугацаанд гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй боловч энэхүү үүргийнхээ хүрээнд хожим онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлсэн, уг хүсэл зоригийг нэхэмжлэгч хүлээн авч, бичгээр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 195 дугаар зүйлийн 195.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт тус тус нийцжээ. Өөрөөр хэлбэл, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцож, хүсэл зориг нэгдсэн гэж үзнэ.

Энэ тохиолдолд дээрх гэрээнүүдийг талуудын хэн аль нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгогүй, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд дүр үзүүлэн хийсэн гэж дүгнэхгүй. Иймд 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20230518, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 дугаартай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнүүд хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан гомдол хангагдахгүй.

8. Дээрх онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнүүд хүчин төгөлдөр боловч тухайн гэрээнүүдээр тохирсон хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаарх тохиролцоо буцаж үйлчлэхгүй тул уг гэрээнүүд байгуулагдсан үеэсээ хүчинтэй гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт нийцнэ.

9. Иймд *******аас нэхэмжлэгчтэй байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/17/к дугаартай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дуусахад ажил олгогчийн зүгээс гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй, нэхэмжлэгч ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар мөн гэрээний нөхцөлөөр нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ.

10. Харин *******-аас 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчтэй онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулснаар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/17/к дугаартай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний үйлчлэл дуусгавар болж, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 дугаартай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр талуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа зохицуулагдана. 

Өөрөөр хэлбэл, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/17/к дугаартай гэрээ нь хугацаатай эсэх, уг гэрээ сунгагдсан эсэхээс үл хамааран ажил олгогчоос эрх олгосон этгээд болох *******-тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, шинэ гэрээ байгуулснаар өмнөх гэрээний эрх, үүрэг дуусгавар болжээ. Иймд өмнөх гэрээний харилцаа үргэлжилж байгаа гэх агуулга бүхий нэхэмжлэгч талын тайлбар, энэ талаарх гомдлыг хангахгүй орхино.  

11. Энэ тохиолдолд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/17/к дугаартай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ болон уг гэрээний салшгүй хэсэг болох 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2019/17/к, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 2019/17/к дугаартай гэрээний дагуу ажил олгогчийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон тохиолдолд олгохоор заасан 3 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.     

Тодруулбал, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/17/к дугаартай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний үйлчлэл дуусгавар болсны дараа 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тул дээрх гэрээний үүрэг хэрэгжих боломжгүй.

12. Түүнчлэн, ******* 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 401 дугаартай Гэрээний хэрэгжилт хангах тухай тогтоол /1хх-27/, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А-1/2102 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр /1хх-229/ *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж буйтай холбогдуулан түүнтэй байгуулсан 2020/17/к дугаартай гэрээний салшгүй хэсэг болох 2019/17/к дугаартай гэрээний 2, 3-т заасан тооцоог хийж, гэрээний хэрэгжилтийг хангахыг зөвшөөрсөн нь шинэ гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон гэрээний үүргийг биелүүлэх үндэслэл болохгүй байх ба энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй.

13. Мөн талуудын байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2019/17/к контрактын нэмэлт 01 дугаартай гэрээнд /1хх-17/ ажлын үр дүнг харгалзан албан үүргээ үр дүнтэй гүйцэтгэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотод 4 өрөө орон сууцаар хангаж, хүсэлтийг нь үндэслэн өмчлөлд нь шилжүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийг ажиллах хугацаанд орон сууцаар хангаагүй байна. Иймд албан үүргээ гүйцэтгэхэд нь зориулж олгох агуулгаар тусгагдсан орон сууцыг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа мөнгөн дүнгээр илэрхийлж шаардсан нь дээрх гэрээний агуулга, зорилгод нийцэхгүй.

Иймд гэрээний хэрэгжилт, үр дүнг дүгнэсэн эсэх талаар шүүх дүгнэх шаардлагагүй байжээ.

Түүнчлэн, талуудын гэрээний тохиролцоо нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглосон зохицуулалтад нийцээгүй байх тул гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхгүй байна.

Эдгээр үндэслэлээр гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

14. *******ын нэхэмжлэл нь хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэл болон давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй.

15. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхэд хамааралгүй хуулийн зохицуулалтууд баримталсан нь оновчтой бус байгааг залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг найруулсан өөрчлөлтийг тус тус оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01290 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******, *******-д холбогдох 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/17/к, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2019/17/к контрактын нэмэлт 01 дугаартай гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/17/к дугаартай гэрээнд заасан 4 өрөө орон сууцны үнэ 639,684,500 төгрөг, 3 жилийн дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1,735,204,595 төгрөг нийт 2,374,889,095 төгрөг гаргуулах, *******-тай байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20230518 дугаартай “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 дугаартай “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ”-г тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,533,980 төгрөгийг буцаан олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,172,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.НЯМБАЗАР

                                             ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА