| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00613/И |
| Дугаар | 540 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 540
2016 оны 10 сарын 10 өдөр Дугаар 156/ШШ2016/00540
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00613/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баян-Овоо сумын 3 дугаар багт оршин суух, иргэн Боржгин овогт Сурмаагийн Пүрэвсүрэн /РД:СД59030407/-гийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн оролцов.
Нэхэмжлэгч С. Пүрэвсүрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ...Гэнэт миний нүдэнд харвалт өгөөд нүд минь хараагүй болж хотод эмчилгээнд яаралтай явах болсон тул тухайн байдлыг минь харгалзан үзэж намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү /хх-ийн 35х/гэжээ.
Иймд ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие 1981 оны 06 дугаар сард Хэнтий аймаг дахь ХАА-н техник мэргэжлийн сургуулийг малын санитарч мэргэжлээр төгсөөд 1981 оны 7 дугаар сарын 20-нд ХАА-н удирдах газрын харъяа Сүмбэр бригадад эмчилгээ тэжээлийн цэгт санитарчнаар ажилд орж 1991 оны 8 дугаар сарын 31-нийг дуустал тасралтгүй ажилласан. Одоо би ажилласан байдлаа тогтоолгох болоход миний 1979 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр Магванаар овоглогдсон зөрчлийн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох боломжгүйд хүрээд байна.
Иймд миний 1981 оны 07 дугаар сараас 01-нээс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь болон 1979 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 30х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржгин овогт Сурмаагийн Пүрэвсүрэн нь 1981 оны 07 дугаар сараас 01-нээс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох, түүнчлэн 1979 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч С.Пүрэвсүрэнгийн ажилласан байдлыг тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржгин овогт Сурмаагийн Пүрэвсүрэн нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтантал нэгдлийн Сүмбэр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 07 дугаар сарын 20-ноос 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд санитарчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл, тайлбар, нэхэмжлэгчийн 2006 оны 01 дүгээр сарын 01-нд нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 5-7х/, 2012 оны 02 дугаар сарын 7-нд нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 7-9х/, 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 9-12х/, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан-Тал” нэгдлийн даргын 1981 оны №61 тоот тушаал, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан-Тал” нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны №45, 1991 оны №92 дугаартай тушаалууд /хх-ийн 11-12х/, /, 354130 дугаартай паспортын хуулбар /хх-ийн 18х/, 43, 10, 06, 2635 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 21-23х/, С. Пүрэвсүрэнгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24х/, гэрч М, Сугар /хх-ийн 33х/-ын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн Магван овогтой Пүрэвсүрэн нэрээр 1979 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Боржгин овогт Сурмаагийн Пүрэвсүрэн мөн болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбар, түүний 1979 оны 09 дүгээр сарын 10-нд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 13-15х/ зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Магван овогтой Пүрэвсүрэн нэрээр 1979 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржгин овогт Сурмаагийн Пүрэвсүрэн /РД:СД59030407/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржгин овогт Сурмаагийн Пүрэвсүрэн /РД:СД59030407/-г Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтантал нэгдлийн Сүмбэр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 07 дугаар сарын 20-ноос 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд санитарчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С. Пүрэвсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР