| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2024/04423/И |
| Дугаар | 210/МА2026/00853 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00853
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09254 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
36,480,000 төгрөг гаргуулах үндсэн,
2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******, ******* нар 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 24,000,000 төгрөгийг 1 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээ байгуулахдаа нотариатын дэргэд бэлнээр тоолж өгөөд гэрээ хийсэн. Иймд үндсэн зээл 24,000,000 төгрөг, хүү 480,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг нийт 36,480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь *******ээс 2021 оны 5 дугаар сард 40,000,000 төгрөг зээлж, 20,000,000 төгрөгийг миний дансаар дамжуулан авсан. ******* нь зээлээ төлөөгүйгээс маргаан үүсэж 2022 оны 12 дугаар сард ******* нь биднийг хариуцагчаар татаж 72,578,975 төгрөг нэхэмжилж шүүхээр шийдвэрлэгдсэн.
2.2. Бид 2023 оны 8 дугаар сард дансаа чөлөөлүүлээд, зээл хөөцөлдөж, зээл авч 45,000,000 төгрөгийг төлье, 24,000,000 төгрөгийг сарын 120,000 төгрөгөөр 200 хоногт өгье гэж тохиролцсон. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 24,000,000 төгрөг зээлсэн гэх гэрээнд гарын үсэг зурсан ч мөнгө аваагүй.
2.3. Дээрх тохиролцооны дагуу зээл хөөцөлдөж, амласан ёсоор 45,000,000 төгрөгийг өгсөн. ******* 24,000,000 төгрөгийг төлөх ёстой. Иймд надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
3.1. *******ээс 2021 оны 5 дугаар сард 40,000,000 төгрөг зээлсэн, 46 орчим сая төгрөгийг төлсөн, тодорхой хэмжээний үлдэгдэлтэй байгаа. Энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн. Шүүхээр шийдвэрлүүлсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан байна.
3.2. Харин 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө хүлээн аваагүй, энэ гэрээгээр 24,000,000 төгрөгийн зээл өгсөн, бэлэн мөнгөөр өгсөн мэтээр ярьж, хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
4. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
4.1. ******* нь *******тэй 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Тухайн зээлтэй холбоотой маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5334 дугаартай захирамжаар 72,000,000 төгрөгийг хариуцагч нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн.
4.2. Харин 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 24,000,000 төгрөгийг хариуцагч нарын хэн аль нь хүлээж аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч *******, ******* нараас 36,480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус улсын тэмдэгтийн хураамжид зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 340,350, хариуцагчаас төлсөн 277,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 340,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч *******ын өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болсон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын гаргасан тайлбар болон гэрчийн өгсөн мэдүүлэг доорх байдлаар тусгагдсан:
Нэхэмжлэгч *******: “... Өмнөх 72,000,000 төгрөг тэрийгээ дуусгаагүй 72,000,000 төгрөгийн үлдэгдэлд би дахин нэхэмжлэл гаргана...”
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “...хариуцагч нар өөрсдөө банкаар зээл авах гэхээр данс хаалттай болохгүй байна. Зээл хүсэхээр гарахгүй. Тийм учраас дансыг нээлгээд өгвөл зээл аваад таны мөнгийг өгнө гэсэн хүсэлт гаргаад 8 дугаар сарын 02-ны өдөр *******ээр хүсэлт гаргуулж... шийдвэр гүйцэтгэлд гаргасан ...8 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл 69,000,000 төгрөг байгаа. 100,000,000 төгрөгийн зээл авчихвал 45,000,000 төгрөгийг би танд өгье. Үлдэгдэл 24,000,000 төгрөгийг *******ын хувьд хэсэгчилсэн байдлаар төлөөд явна гэж тохироод шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоод 8 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулагдаж байгаа...”.
Хариуцагч *******: “...2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ ямар ч бэлэн мөнгө хүлээж аваагүй... 2023 оны 8 дугаар сард гэрээ байгуулаад 69,000,000 төгрөгт тохиролцсон 69,000,000 төгрөгийн үлдэгдлийг дансаа чөлөөлүүлээд зээлээ хөөцөлдөөд би зээл аваад 45,000,000 төгрөгийг өгье. 24,000,000 төгрөгийг сарын 120,000 төгрөгөөр 200 хоногт өгье гэж тохирсон... зээлээ хөөцөлдсөөр байгаад амласан ёсоор 45,000,000 төгрөгийг гаргаж өгсөн.... үлдсэн 24,000,000 төгрөгийг тохиролцсоны дагуу ******* төлөх ёстой үлдэгдэл 24,000,000 төгрөгт л гэрээ хийсэн... 2023 онд ямар ч мөнгө аваагүй... гэрээ байгуулаад мөнгө аваагүй....
Хариуцагч *******: “... *******гийн хэлж байгаа бүгд үнэн ...Үлдсэн 24,000,000 төгрөгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зөвлөснөөр бид 3 хамтдаа энэ гэрээг байгуулсан... Би өдөрт 120,000 төгрөгөөр 200 хоног төлөхөөр тохирсон. Тохирсны дагуу би 500,000 төгрөгийг төлсөн түүх байгаа. Хэргийн материалд хавсаргаагүй байгаа. Үлдсэн 45,000,000 төгрөгт тохиролцсон... 24,000,000 төгрөг аваагүй нь үнэн...” гэх
Гэрч ******* (нотариатч): “...аль болох дансаар ав гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл өөрсдөө дансаар авах боломжгүй бэлнээр авч байгаа гэсэн. Би өөрсдөөс нь 24,000,000 төгрөгөө барьж байна уу? гэж асуухад барьж байна гээд....гарын үсэг зурсан... Би... мөнгө тоолох үүрэгтэй биш... Яг үнэн хэрэгтээ ийм овортой мөнгө. Ийм цүнхэнд байсан. Ийм цүнхэнд байгаа гэж хэлж чадахгүй “Үзээгүй”... Мөнгө тоолоогүй...” гэж мэдүүлдэг.
Мөн хэрэгт 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар хоорондоо: Өмгөөлөгч ирсэн байгаа. Дуудаад би оффис явж байна. Эгч нь уг нь хэлсэн. Ярьсандаа шүү....
Өдөр очихдоо бид 2 нөгөө үлдсэн мөнгөн дээрээ гэрээ байгуулъя. Та бэлдчих үү?
Тэгээ хүрээд ирээ. Би ажил дээрээ...” гэх байдлаар харилцсан зурвас бий.
Дээрх дурдаж буй тайлбар, гэрчийн мэдүүлэг, зурвас зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч нарт гэрээгээр тохиролцсон мөнгийг шилжүүлэн өгсөн байдал хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдохгүй байхад уул гэрээг үндэслэн хариуцагч нараас үндсэн зээл, хүү, алдангид 36,480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4. дэх хэсэгт нийцэхгүй байна.
6.2. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр урьд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний тооцоог харилцан нийлж 69,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлж, улмаар холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, дансаа хэвийн ашиглах боломжийг бүрдүүлсний дараа банкнаас зээл авсан даруйд 45,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 24,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тохиролцож 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”-д хамаарч байна.
Шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу гэрээний үүргийг шаардсан нь хуульд нийцэх эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.
7. Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Маргаан бүхий 24,000,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй. Хэрэгт дансны шилжүүлгийн баримт, бэлэн мөнгө хүлээлцсэн акт байхгүй. Мөнгө бодитоор шилжсэн нотлох баримт байхгүй. Мөнгө бодитоор шилжээгүй нөхцөлд зээлийн үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй.
7.2. Анх 40,000,000 төгрөгийн зээлд батлан даагчаар гарын үсэг зурсан. Энэ нь 72 сая төгрөг болж хялбаршуулсан журмаар шийдэгдээд, шүүхийн шийдвэр дээр очоод 3 сая нь төлөгдөөд 69 сая төгрөг байх үед нэхэмжлэгчтэй тохиролцоод зээл аваад 45 сая төгрөг өгнө гэсэн тохиролцооны дүн болох 24 сая үлдэж гэрээ хийсэн ч мөнгө бол аваагүй. 69,000,000 төгрөгийн үлдэгдлээс 45,000,000 төгрөгийг миний зүгээс банкнаас 1.95%-ийн хүүтэй зээл авч бодитоор төлсөн. Уг 24,000,000 төгрөгийн гэрээ нь бодит шинэ зээл бус, өмнөх өрийг хаах, шийдвэр гүйцэтгэлийг зогсоох зорилготой тооцооны шинжтэй хэлцэл байсан.
Миний зүгээс 45,000,000 төгрөгийг бодитоор төлсөн нь батлан даалтын үүргээс давсан гүйцэтгэл юм. Иймд намайг үндсэн өр төлөгчтэй адилтган дахин үүрэг ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.
7.3. Хариуцагч ******* шүүх хуралдаанд зээлийн үндсэн хариуцлагыг өөрөө хүлээнэ, ******* хамааралгүй, анхны зээлийн мөнгийг өөрөө ашигласан гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Миний хувьд мөнгө аваагүй, захиран зарцуулаагүй, үндсэн үүрэг хүлээгээгүй. Иймд намайг хамтран хариуцагч гэж үзэх үндэслэлгүй.
7.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Мөн хуулийн 40.1-д шүүх нотлох баримтыг иж бүрэн, бодитоор үнэлэх үүрэгтэй. 24,000,000 төгрөг бодитоор шилжсэн нотолгоо байхгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн.
7.5. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч 72,000,000 төгрөгийн нийт дүнгээс 24,000,000 төгрөг нь үлдэгдэл болохыг илэрхий хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн тэмдэглэлд тусгагдсан. Энэ нь 24,000,000 төгрөг нь бие даасан шинэ зээл биш, өмнөх үүргийн үлдэгдэл дүн болохыг нотолж байгаа ач холбогдол бүхий мэдэгдэл юм. Гэвч анхан шатны шүүх уг хүлээн зөвшөөрлийг нотлох баримтад тооцоогүй, шийдвэртээ үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хэрхэн дүгнэснээ огт тайлбарлаагүй байна. Өмгөөлөгчийн илэрхий хүлээн зөвшөөрөл нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байхад түүнийг огт үнэлээгүй нь процессын зөрчил гэж үзэж байна.
7.6. Шүүх хуралдааны явцад миний хувийн амьдралтай холбоотой, маргааны агуулгад үл хамаарах мэдэгдлүүд гаргасан. Иргэний хуулийн 21.1-д иргэний нэр төр, алдар хүндийг хамгаална гэж заасан. Шүүх маргааны хүрээнээс давсан ийм мэдэгдлийг зохих ёсоор хязгаарлаагүй.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг 24,000,000 төгрөгтэй холбоотой хэсгээр хүчингүй болгож, 24,000,000 төгрөгийн гэрээг бодит зээлийн гэрээ биш гэж үзэх, төлсөн 45,000,000 төгрөгийг үндсэн үүргээс хасаж тооцох, батлан даагчийн хариуцлагыг дуусгавар болсон гэж үзэж, үндсэн үүргийг *******т хариуцуулж өгнө үү.
8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
8.1. 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ нь өмнөх шүүхийн шийдвэрийн үлдэгдэл төлбөр дээр байгуулсан гэрээ гэж хариуцагч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн маргадаг. Гэвч хариуцагч нараас үүнтэй холбоотойгоор хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэрч ******* нь “тухайн гэрээ ямар байдалтай хийгдсэн, мөнгө төгрөг ямар дэвсгэрттэй байсан гэдгийг гэрээнд бичсэн, тухайн үед би энэ хүмүүст та нар дансаар авсан дээр юм биш үү гэж хэлж байсан, гэтэл энэ хүмүүс данс хаалттай учраас бэлнээр авч байгаа гэсэн хариулт хэлж байсан” гэж хэлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын зүгээс тухайн мөнгийг авсан эсвэл өмнөх зээлийн төлбөр байсан зэрэг ойлгомжгүй тайлбар хэлдэг.
8.2. *******, хариуцагч ******* нарын хоорондоо харилцсан зурвас нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “төлбөр тооцоог төлсөн дансыг нээж өгнө үү” гэх зориулалттайгаар дахиж зээлсэн мөнгөө өгье гэх нөхцөлөөр 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээ. *******ийн хувьд *******, ******* нар “ганц боломж олгооч, хэрвээ та боломж олговол өөр газраас зээл авах боломж бүрдчихээд байгаа юм” гээд гуйгаад байсан учраас “за тэгвэл зээлийн гэрээ байгуулъя, туслаад өгье” гэж шийдсэн биш өгөөгүй мөнгөн төлбөр нэхээд өөртөө ашиг олох гээд байна гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж дүгнэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 24,000,000 төгрөг, хүү 480,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг нийт 36,480,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Талууд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 24,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 хувийн хүүтэй зээлдүүлэх, *******, ******* нар нь тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 3-4 дүгээр тал/
3.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/05334 дугаар захирамжаар хариуцагч *******, ******* нар 72,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******т төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх-ийн 36-37 дугаар тал/
3.3. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг *******ийн гаргасан 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “...төлбөр төлөгч *******, ******* нараас 72,578,975 төгрөг авахаас 3,500,000 төгрөгийг өмнө дансаар төлсөн. Үлдэгдэл 69,078,975 төгрөгийг бэлнээр авч дуусгавар болсон” гэх хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 23/8/839 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ. /2хх-ийн 11-15 дугаар тал/
4. Дээрх гэрээг байгуулсан асуудлаар хариуцагч нар маргаагүй, гэрээг өмнөх өр төлбөртэй холбогдуулан байгуулсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээж аваагүй үндэслэлээр дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан.
5. Анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн боловч нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас маргааны үйл баримт болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
5.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэгт тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцэл хамаарна.
Хариуцагч нар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээж аваагүй нь тэдний хувьд дүр үзүүлсэн илэрхийлэл гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тодорхой мөнгөн хөрөнгө шилжүүлэх, уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нар буцаан төлөх үүрэг хүлээсэн хэлцлийг талууд бичгээр хийж, гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон, энэ тохиолдолд талуудын хүсэл зоригийг дүр үзүүлсэн гэж дүгнэхгүй.
Харин гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй байх нь гэрээ хэрэгжсэн эсэхэд л хамааралтай. Иймд талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр талаар шүүх зөв дүгнэсэн, энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэл хангагдахгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
6. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхэд нэг талын гэрээ байгуулах саналыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрч, талуудын хүсэл зориг харилцан нийцсэн байх учиртай.
Иймд зээлийн гэрээний хувьд нэг тал нь мөнгө зээлэх, зээлдүүлэх гэрээ байгуулах санал гаргаж, үүнийг нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.
6.1. Гэтэл *******, ******* нарын харилцсан вайбер чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан баримтад “2023.08.02-ны өдөр ...өдөр очихдоо бид 2 нөгөө үлдсэн мөнгөн дээрээ гэрээ байгуулъя, та бэлдчих үү, ...2023.08.25-ны өдөр ...таны мөнгийг өгнөө, гэхдээ 45 сая л өгнө, 24 нь гэрээнийхээ дагуу л явна” гэж тусгагдсан байхаас гадна өр төлбөрийг төлөхтэй холбогдох асуудлаар харилцаж байжээ. /1хх-ийн 161, 169 дүгээр тал, 2хх-ийн 1-10 дугаар тал/
Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/05334 дугаар захирамжаар *******, ******* нар нь 72,000,000 төгрөгийг *******т төлөх үүрэг хүлээсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бодит байдалд бүрэн биелэгдээгүй, уг төлбөрийн үлдэгдэл 69,000,000 төгрөгийг хариуцагч нар зээл авч төлөхөөр тохирсны үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт талуудын тайлбараар тогтоогджээ.
Улмаар, хариуцагч ******* нь *******-тай 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-гээр 60,000,000 төгрөг хүлээн авсан байх ба үүнээс 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэж тайлбарласан. /1хх-ийн 55-59 дүгээр тал/
6.2. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 24,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх байдлаа нотлохоор тус гэрээг гэрчилсэн нотариатч *******аас гэрчийн мэдүүлэг авхуулсан, тэрээр “...дансаар ав гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл өөрсдөө дансаар авах боломжгүй бэлнээр авч байгаа гэсэн. Би өөрсдөөс нь 24,000,000 төгрөгөө барьж байна уу гэж асуухад барьж байна, мөнгө хүлээж авсан гэж гарын үсэг зурсан. ...нотариатчийн хувьд мөнгө тоолох үүрэгтэй биш, тэр хэмжээний мөнгө хүлээн авсан уу гэдгийг нотлох үүрэгтэй, ...гэрээ бэлдэж байх үед мөнгөө ямар хэлбэрээр өгөх вэ гэхэд бэлнээр гэсэн, за дэвсгэртүүдээ хэлээрэй гэхэд өөрсдөө хэлсэн” гэж мэдүүлжээ. /2хх-ийн 35-38/
Гэрч нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.6 дахь хэсэгт зааснаар нотариатын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулахтай холбоотой өөрийн мэргэжлийн чиг үүрэгт хамаарах үйлдлийн талаар мэдүүлсэн, талуудын маргаанд хамаарах 24,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг гэрчилсэн мэдүүлэг өгөөгүй байна.
Иймд гэрчийн мэдүүлгээр 24,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотлогдсон гэж үзэхгүй.
7. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл хариуцагч нар нь 24,000,000 төгрөг зээлэх санал гаргаж, уг саналыг нэхэмжлэгч хүлээн авсны үндсэн дээр талууд зээлийн гэрээг байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэнэ.
7.1. Учир нь талуудыг гэрээ байгуулах цаг хугацаанд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс биелэгдээгүй үлдсэн өр төлбөрийн асуудлаар маргаантай байсан болох нь тэдний харилцсан вайбер чатаар харилцсан баримтаар /1хх-142-250, 2хх-1-10/ тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэх бодит боломж үгүйсгэгдэж байхаас гадна нэхэмжлэгч нь 24,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байдлаа баримтаар нотолж чадаагүй.
Иймд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээгээр мөнгөн хөрөнгийг хариуцагч нар хүлээсэн авсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Энэ талаарх хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол хангагдана.
8. Харин талуудын 2023.08.02, 2023.08.25-ны өдрүүдэд харилцсан зурвас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон болон гэрээ байгуулсан үйл баримт нь цаг хугацааны хувьд давхацсан, 24,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдлаа нэхэмжлэгч нотолж чадаагүй зэргээс үзвэл хариуцагч нар нь өмнөх өр төлбөрийн үлдэгдэл 24,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн хэлцэл байгуулсан талаарх тэдний тайлбар үндэслэлтэй гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар 24,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
8.1. Хариуцагч нар нь өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр хэлцэлд гарын үсэг зурснаар хэлцлийн нэг тал болж, хууль зүйн хувьд эрх, үүрэг үүсэх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. Иймд *******, ******* нарын хооронд үүссэн асуудалд хамааралгүй гэх хариуцагч *******гийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, энэ талаар гаргасан гомдол хангагдахгүй.
9. 1хх-ийн 36-37 дугаар талд авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/05334 дугаар захирамжаар *******, ******* нараас гаргуулахаар шийдвэрлэсэн 72,000,000 төгрөгт хүү, алданги тооцогдсон байх тул үүнээс үлдсэн төлбөрт дахин хүү, алданги тооцох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцэхгүй. Иймд нэхэмжлэлээс хүү 480,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг нийт 12,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
10. Шүүх хуралдааны явцад хариуцагч *******гийн хувийн амьдралтай холбоотой маргаанд хамааралгүй зүйл ярьсныг шүүх хязгаарлаагүй нь түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09254 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 24,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,480,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******т холбогдох 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 340,350 төгрөг, хариуцагч нарын төлсөн 277,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 277,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас төлсөн 460,350 төгрөгийг, *******гаас төлсөн 460,350 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА