Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00092

 

Д.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаар шийдвэр,

      Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Д.М

           Хариуцагч: Зхолбогдох

     Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга  Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2013-04- 11-ний өдөр Тэлмэн сумын Засаг даргын тамгын газарт нярваар ажилд орсон ба  алдаа зөрчил гаргаагүй. Гэтэл Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын дарга 2017-03-07-ны өдөр Б/07 тоот тушаалаар халсан бөгөөд  дахин 2017-03-20-ны өдөр Б/09 дугаар  тушаал гаргаж ажлаас халсан. Тушаалын агуулга нь орон тоо хасагдсан эсхүл  цөөрүүлсэн эсэх нь  тодорхойгүй.  Нярвын орон тоо хасагдсан гэсэн бичгээ өг гэхээр  “..төрийн сан бичиг хийж өгөхгүй гэсэн...” гэдэг. Иймд намайг Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргын тамгын газрын нярвын ажилд эгүүлэн тогтооож, олговор 1.200.000 төгрөгийг гаргуулж,  эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: 2017 оны жилийн төсөв батлагдсантай холбогдуулаад өмнөх оныхтой харьцуулбал төсвийн зардал хасагдсан байгаа. Нийгмийн даатгалын цалингийн санд 5.000.000 төгрөгийн өртэй байсныг  арай ядан төсвийн өрийг дарсан. Дахин  өртэй гарвал  арга хэмжээ авна гэж дээд байгууллагаас бичиг ирсэн. Орон тоо 24 хүнээр батлагдаж цалингийн сан хасагдсан. Арга буюу  Д.Мд удаа дараа хэлж байгаад 2017-03-20 нө өдөр  ажлаас нь чөлөөлсөн. Д.Мд 3 сарын тэтгэмж өгөх гэтэл санхүү хүрэлцэхгүй байсан учир 1 сарын тэтгэмжийг олгосон. 2 сарын тэтгэмжийг олгуулах хүсэлт өгсөн учир Засгийн газрын 426-р тогтоолыг мөрдөн Д.Мг ажлаас чөлөөлснийг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

       Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  Д.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 26-ны өдрийн 25 дугаар магадлалаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл хяналтын гомдолдоо: “...Шүүх ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй, ...1-т: Хэрэглэх ёстой нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй талаар: Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд Засаг даргын ажлын албаны буюу Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын даргын эрх үүргийг тухайлан буюу нарийвчлан зохицуулсан бөгөөд 33.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж нарийвчлан заасан байна. Энэ хуулийн зүйл заалтын шаардлагыг нэг бүрчлэн авч үзвэл: Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын дарга нь тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөхдөө Тэлмэн сумын Засаг даргатай зөвшилцсөн байх хуулийн шаардлагатай. Зөвшилцсөн байх хуулийн шаардлагыг Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны  08 дугаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 12-т Хуулийн  14.4, 27.7, 30.1.2, 30.1.10, 30.1.11., 31.1.2, 31.1.8, “33 дугаар зүйлийн 33.4”, 36 дугаар зүйлийн 36.2-т заасан “зөвшилцөх” гэдгийг “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 1996 оны 216 дугаар тогтоолд заасны дагуу ойлгож хэрэглэнэ гэж заасан. Зөвшилцөх гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 1996 оны 216 дугаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.1-д Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан “зөвшилцөх” гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол ... бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Тэлмэн сумын ЗДТГ-ын дарга нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  33.4-т заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах орон тооны цомхтголоор ажилтныг чөлөөлөхдөө хуульд заасан байгууллага, албан тушаалтантай буюу Тэлмэн сумын Засаг даргатай санал солилцсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй юм. Санал солилцох гэдгийг Улсын дээд шүүхийн уг тогтоолын 1.2-т ... бичгээр оруулж ... бичгээр саналыг авахыг ойлгоно. Уг тогтоолын  1.4-т ... түүнтэй зөвшилцөнө гэдгийг ... тухай саналаа ... бичгээр танилцуулан түүнийг саналыг авах хэмээн ойлгоно., 1.5-д ... Ерөнхийлөгч энэ тухай саналаа Улсын Их Хурлын даргад бичгээр мэдэгдэж бичгээр хариу аван санал солилцох журмаар явагдана гэж заасан байна. Мөн уг тогтоолын 1.11-т Хэрэв хууль тогтоомжид тусгайлан заагаагүй бол зөвшилцлийг энэ тогтоолд заасан журмаар явуулах бөгөөд харин зөвшилцлийг биечлэн уулзаж явуулсан бол зохих журмын дагуу тэмдэглэл хөтөлсөн байна. Уг тогтоолын 2 дугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан “зөвшилцөх” тухай ойлголт, зөвшилцөх журмыг тухайн актад өөрөөр тодорхойлоогүй бол түүнийг энэ тайлбарын дагуу ойлгож явуулж байхаар тогтоосугай гэж тухайлан заасан байна. Энэ нь Тэлмэн сумын ЗДТГ-ын дарга нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө тухайн шатны Засаг даргатай буюу Тэлмэн сумын Засаг даргатай зөвшилцөж албан бичгээр санал солилцох, биечлэн уулзсан бол тэмдэглэл хөтөлсөн байх хуулийн шаардлагаа биелүүлээгүй. Хавтаст хэрэг нэхэмжлэгчийг чөлөөлөх талаар албан бичиг солилцсон тухай болон биечлэн уулзаж тэмдэглэл хөтөлсөн тэмдэглэл байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.  2-т: Тухайн байгууллагад ямар ч бүтцийн өөрчлөлт хийгдээгүй байхад мэдэгдэл өгсөн тухайд: Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтныг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийг  40.1.1-р ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж дараах урьдчилсан нөхцөлийг үнэлээгүйд гомдолтой байна. Ажил олгогч буюу Тэлмэн сумын ЗДТГ-ын дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөд дараах урьдчилсан нөхцөл бүрдсэн байх хуулийн шаардлагатай. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх, 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөхөөс өмнө бүтэц орон тоо баталсан шийдвэр буюу тушаал гаргасан байх, Орон тоо бүтэц баталсан тушаал гаргахаас өмнө орон тоо бүтцийн саналаа зөвшилцвөл зохих албан тушаалтан буюу Засаг даргад хүргүүлсэн байх, Орон тоо бүтэц баталсан тушаал гаргахаас өмнө аль орон тоогоо багасгах, нэмэгдүүлэх талаар зөвшилцвөл зохих албан тушаалтан буюу засаг даргатай зөвшилцсөн байх. Гэтэл эдгээр урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад буюу Завхан аймгийн Тэлмэн сумын ЗДТГ-ын бүтэц орон тоо баталсан тушаал гараагүй байхад нэхэмжлэгчид 40.1.1-д заасан үндэслэлээр мэдэгдэл өгсөн байдаг. 2017-01-31-ний өдөр нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн боловч бүтэц баталсан тушаал нь 2017-02-01-ний өдөр гаргасан байдаг. Цаг хугацааны хувьд ажлаас чөлөөлөх мэдэгдэл нь бүтцийг шинэчлэн баталсан тушаалаас өмнө нэхэмжлэгчид хүргэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэнийг ажлаас чөлөөлөх нь ажил олгогчийн буюу Тэлмэн сумын ЗДТГ-ын даргын үзэмжээр шийдэгдсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлүүд байх бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд нярвын орон тоо хасагдсан эсэх аль эсхүл цөөрүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс ажилтны ажлын байрны тоо цөөрсөн гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс нярвын ажлын байрны орон тоо хасагдсан буюу байгууллагад нярвын ажил үүрэг огт байхгүй болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн байгууллагад нярвын ажлын байрны чиг үүрэг огт байхгүй болсон тохиолдолд ажлын байрны орон тоо хасагдсан гэж үзнэ. Гэтэл одоо ч Завхан аймгийн Тэлмэн сумын ЗДТГ-т нярвын ажлын байрны чиг үүрэг хадгалагдаж байгааг ЗДТГ-ын даргын нярвын ажлыг үйлчлэгчид хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалаар нотлогддог. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө ямар үндэслэл, шалтгаанаар буюу ажлын байр нь хасагдаж байгаа эсхүл ажлын байрыг нь цөөрүүлж байгаа нь тодорхойгүйгээс нэг шүүх нь ажилтны ажлын байрыг цөөрүүлсэн гэж дүгнэж, нөгөө шүүх нь ажилтны ажлын байр нь хасагдсан гэж дүгнэсэн ойлгомжгүй байдалд хүргэж байгаа шийдвэрлэж өгнө үү.3-т:  Шинэчилсэн бүтэц баталсан тушаал гараагүй байхад өгсөн мэдэгдлээр 2 удаа ажлаас чөлөөлсөн тухайд: Нэхэмжлэгчид Завхан аймгийн Тэлмэн сумын ЗДТГ-ын даргын 2 тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд анх 2017-03-07 -ны өдрийн тушаал гаргасан боловч уг тушаалаа 2017-03-20 -ны өдрийн тушаалаар ямар ч үндэслэл, шалтгаан дурдаагүй хүчингүй болгосон байдаг. Хавтаст хэрэгт 2017-01-31-ний мэдэгдлээс өөр мэдэгдэл байхгүй бөгөөд энэхүү мэдэгдлийг үндэслэн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017-03-07 ны Б/07 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн боловч дахин мөн  сарын 20-ны өдөр  Б/09 тушаалаар чөлөөлсөн нь нэг мэдэгдлээр 2 тушаал гаргасан. Өөрөөр хэлбэл, Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны  Б/07 тоот тушаалыг уг даргын 2017 оны Б/09 тушаалын 3 дахь заалтаар хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгчид дахин мэдэгдэл өгөөгүй. 2017-01-31 -ний өдрийн мэдэгдэл нь 2017-03-07 -ны өдрийн тушаалын үндэслэл болсон бөгөөд уг тушаал хүчингүй болох, уг мэдэгдэл мөн хүчингүй болох ёстой. Иймд  нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Д.М 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Зхолбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг /хх 1/ шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 36/

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын дарга 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б/07, мөн сарын 20-ны өдөр Б/09 дугаар тушаал гаргаж, “...батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан бүтцийн өөрчлөлт хийж байгаа...” гэж нярав Д.Мг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд  ажил олгогчийн эдгээр тушаалыг нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл болгожээ. 

    а/. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийн зохицуулалтыг үзвэл тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх чиг үүрэгтэй байна.

       Хариуцагч нь нэхэмжлэгчийг “... бүтэц зохион байгуулалт хийсэн...” гэсэн үндэслэлээр халсан тул энэ талаар тухайн шатны Засаг даргатай ярилцсан, тохиролцсон, мэдэгдсэн зэрэг баримт хэрэгт авагдсан тохиолдолд ажил олгогчийн 2017 оны Б/07, Б/09 дүгээр тушаалыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т нийцсэн гэж үзэх үндэслэл бүрдэх юм.

      Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын орон тоог тогтооход тухайн шатны Засаг дарга ямар байдлаар оролцсон тухай баримт хэрэгт байхгүй тул Д.Мг ажлаас  халахдаа хариуцагч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-г зөрчсөн гэж үзлээ. 

     б/. Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болох бөгөөд 40.5-д зааснаар энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгднэ.

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын дарга 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/104 дугаар албан бичгээр “...сумын Засаг даргын зөвлөлийн 2017-01-31-ний өдрийн хуралдаанаар бүтцийн өөрчлөлт хийж байгаа талаар...” Д.Мд /хх 24, 42-43/ мэдэгдэж, үүний дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А/01 дугаар тушаал гаргаж, Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог баталсан /хх 44-46/ байна.

       Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь “...бүтцийн өөрчлөлт ...” хийгээгүй байхдаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий мэдэгдлийг ажилтанд хүргүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-г зөрчжээ. Иймд Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог баталсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/01 дугаар тушаал нь хариуцагчийн татгалзлыг нотлохгүй. 

       Түүнчлэн, ажил олгогч нэхэмжлэлийг үгүйсгэхдээ “...сумын Засаг даргын зөвлөлийн 2017-01-31-ний өдрийн хуралдаанаар бүтцийн өөрчлөлт...” хийсэн гэж мэтгэлцсэн боловч энэ тухай баримт хэрэгт байхгүй тул хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.     

        2. Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Мг ажлаас нь халахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

      Нэхэмжлэгч “... 2017 оны Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгох...”-г хүссэн нь  шаардлага, бус харин нэхэмжлэлийн үндэслэл байх тул Д.М “... ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах...” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, энэ талаар зохигчид мэтгэлцэж шүүх шийдвэр гаргасан гэж үзлээ.

      Ажил олгогчийн 2017 оны Б/07, Б/09 дугаар тушаалын үндэслэл тогтоогдоогүй буюу ажилтныг үндэслэлгүй халсан байх тул Д.Мг Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын нярвын ажилд эгүүлэн тогтооно.

       Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь буюу урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд нийцнэ. 

       2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 4.581.731 төгрөгөөс олговол зохих 208 хоногийн цалин 4.155.292 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй. 

      Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул 4.155.292 төгрөгийн олговроос зохих шимтгэлийг хасаж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгана.  

      Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Д.Мгийн  нэхэмжлэлийг хангав.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

      1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт  заасныг баримтлан Д.Мг Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын газрын нярвын ажилд эгүүлэн тогтоож, Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газраас нийт 4.155.292 төгрөг гаргуулан Д.Мд олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ