Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 499

 

 

 

 

 

 

 

 

 

       Д.Алтангэрэл, А.Нямдорж нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Цэцэгмаа,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 481 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Д.Алтангэрэл, А.Нямдорж нарт холбогдох 201625022001 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1. Харчу овгийн Должинжавын Алтангэрэл, 1977 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Энхтайваны өргөө чөлөө” гудамжны 34 дүгээр байрны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ШГ77081670/

 

2. Харчу овгийн Алтангэрэлийн Нямдорж, 1999 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тээврийн дээд сургуулийн 1 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Энхтайваны өргөө чөлөө” гудамжны 34 дүгээр байрны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УИ99041831/

Д.Алтангэрэл нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Содбаярыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож хөнгөн гэмтэл учруулсан,

Д.Алтангэрэл нь давтан үйлдлээр, насанд хүрээгүй А.Нямдоржтой бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны 3 дугаар гудамжинд Б.Содбаярыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Алтангэрэл, А.Нямдорж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Хохирогч Б.Содбаярын биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн
шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10265, №1066 дугаар дүгнэлтүүд гарснаас хойш, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Содбаярт цусны хорт хавдарт өвчин оношлогдсон байна.

Энэ оношийн талаар шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Б.Амгаланболд “гэмтлийн улмаас уг хавдрыг авсан эсэхийг тодорхойлох боломжгүй” гэж тайлбарласан тул үүнийг нарийн мэргэжлийн эмчийг оролцуулсан дахин шинжилгээ хийж тогтоох нь хэргийг үнэн зөв, бодитой шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд цусны хорт хавдар өвчин нь хохирогч Б.Содбаярын эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй хамааралтай эсэх, уг гэмтлийг авахаас өмнө цусны хорт хавдрын шинж байсан эсэх, хэрэв гэмтэлтэй хамааралтай гэж үзвэл энэ гэмтлийн зэрэг тогтоох шалгуурын үзүүлэлтээс хамаарч гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох эсэхийг нь тодруулах шаардлагатай. Энэ нь шүүгдэгч нарын хувьд хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орж болзошгүй учраас эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангах үндэслэл болно.

2. Ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-218/ нь албан ёсны тамга тэмдэггүй, уг тогтоол үйлдсэн талаар хохирогчид хэрхэн мэдэгдсэн нь тодорхойгүй, байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирогчийн хувьд эдлэх эрхийг зөрчихөд хүргэсэн байна.

3. Дээрх ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар татах тогтоолын агуулгаас үзэхэд өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар сонсгосон ялын хүндрүүлэх бүрэлдэхүүнийг дурьдалгүйгээр сонсгосныг өөрчлөн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл өмнө сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан зүйлчлэл өөрчлөгдөөгүй бөгөөд гагцхүү үндсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид өөрчлөлт оруулсан байна. Гэтэл Д.Алтангэрэлийг яллагдагчаар байцаахдаа /1-р хх-219/ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр
зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг өөрчлөн одоо 2016 оны 7 дугаар
сарын 21-ний өдөр... гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг сонсгон дахин байцаалт авч байна” гэжээ.

Дээрх ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар татсан тогтоол нь өмнө сонсгосон ялаас болон яллагдагчийг байцаасан тэмдэглэлээс зөрүүтэй байх тул энэ байдлыг зөвтгөж ирүүлэх нь байцаан шийтгэх ажиллагааг зөрчилгүй явуулах хуулийн шаардлагад нийцнэ.

4. Шүүгдэгч Д.Алтангэрэлийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б.Содбаярыг зодсон үйлдлийн санаа зорилгыг дахин шалгах шаардлагатай. Учир нь түүний гэрээс тодорхой зайд гудамжинд, олон нийтийн өмнө чирч явсан гэх байдал нь ямар сэдэлттэй болохыг тогтоох шаардлагатай.

5. Улсын яллагч яллах дүгнэлтдээ яллах талын гол нотолгоо болгож гэрч Г.Бурмаагийн мэдүүлгийг оруулсан байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн, энэ хэргийн нөхцөл байдлыг гэрчилсэн гол гэрчүүд ялангуяа шүүгдэгч А.Нямдоржийн талаар харилцан эсрэг мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүх хэний мэдүүлгийг үнэн зөв, хэний мэдүүлгийг үндэслэлгүй талаар дүгнэлт хийхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан тодорхой ажиллагаа буюу нүүрэлдүүлэн байцаалтыг явуулах шаардлагатай.

Мөн гэрч Г.Бурмааг удаа дараа дуудаад ирээгүй тул дээрх ажиллагааг явуулаагүй гэсэн тайлбарыг хийсэн нь дээрх гэрчид хэт давуу байдал олгосон, улмаар байцаан шийтгэх ажиллагааны журмыг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр ирүүлсэн нь буруу байна гэсэн үндэслэлүүдийг зааж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, шүүгдэгч А.Нямдорж, Д.Алтангэрэл нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Цэцэгмаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын тухайд: Хэрэгт авагдсан гэрч Солонгийн “2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хамар ясны хагалгаанд орох гэж цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөх үед цусны өөрчлөлттэй гарсан. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шинжилгээгээр промоцест буюу цусны өвчний хавдрын эс илэрсэн. Цусны хорт хавдар гэх өвчин нь үүсэх шалтгаан тодорхой биш бөгөөд 3 шалтгаанаар үүсдэг гэж тайлбарладаг. Үүнд: 1. Химийн 2. Туяаны 3. Цацрагийн гэсэн шалтгаануудын улмаас үүсэх боломжтой гэж үздэг. Зодуулснаас үүсэх боломжгүй... Учир нь өвчтөн Содбаяр нь химийн хортой нөхцөлд 2-3 жил ажилласан нь гол шалтгаан  болсон” гэх мэдүүлэг. Шинжээч эмч Б.Амгаланболдын “Цусны хорт хавдар гэх өвчин нь удамшлын, туяаны, цацрагийн гэсэн үндсэн үүсэх шалтгаантай. Цусны хорт хавдар нь гэмтэл биш учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар хохирогч Б.Содбаярт учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл нь цусны хорт хавдар үүсгэх шалтгаан нь биш гэдэг нь нотлогдож байгаа болно.

Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын тухайд: Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Рысхали яллагдагч Д.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгохдоо ялын хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхой дурьдаагүй байсан учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу прокуророос 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “давтан болон бүлэглэсэн” гэх үйлдлийг тодруулан дахин ял сонсгосон. Энэ тогтоолыг яллагдагч Д.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Дашдорж нарт танилцуулсан. Тогтоолд тэмдэг дараагүй нь техникийн алдаатай холбоотой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт хохирогчийн эрхэд “Яллагдагчид ял өөрчлөн сонгосон тогтоолыг танилцах” гэсэн эрх байхгүй. Мөн хохирогч Б.Содбаярын эрхийг хангаж хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийн 212.7 дахь хэсэгт заасан мөрдөн байцаагчийн тогтоосон хугацаанд танилцаагүй учир хяналтад шилжүүлж, хохирогч шүүхийн шатанд хэргийн материалтай танилцсан, мөн шүүх хурал дээр яллагдагчид ял өөрчлөн сонсгосон тухай хохирогч маргаагүй байна. Иймд хохирогчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 61 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журмын дагуу хэргийн материал танилцуулах ажиллагаа шүүхийн шатанд хийгдсэн байхад хохирогч ямар ч хүсэлт гаргаагүй нь хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжийн 3, 4 дэх заалтын тухайд: Мөрдөн байцаагч яллагдагч Д.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгохдоо ялын хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхой дурьдаагүй байсан учраас прокуророос Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “давтан болон бүлэглэсэн” гэх үйлдлийг тодруулан дахин ял сонсгосон. Дээрх тогтоолыг яллагдагч Д.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Дашдорж нарт танилцуулсан байгаа болно.

Шүүгчийн захирамжийн 5 дахь заалтын тухайд: Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Бурмаа, Нарантуяа болон бусад 2 гэрч нарыг байцаахад гэрч нар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ өгсөн. Гэрч Нарантуяа нь шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “Содбаяр, Алтангэрэл нарыг зодолдох үед хохирогч Содбаярын хажуугийн хашааны эгч харж байсан. Гэхдээ тэр нь Бурмаа биш байсан” гэж мэдүүлж байснаа даргалагч шүүгчийн дахин лавлан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг сануулан дахин асуухад “Тиймээ тэр эмэгтэй Бурмаа мөн байсан” гэх мэтээр эрс зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүдээс эрс зөрүүтэй зүйл байгаагүй учир яллагдагч Д.Алтангэрэл, А.Нямдорж нарын гэм буруугийн хувьд найз нөхөд төрөл, гэр бүлийн гишүүний хувьд хамгаалж байцаалт өгсөн нь мэдүүлгийг шүүх үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Д.Алтангэрэл нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Д.Алтангэрэл, А.Нямдорж нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүйн гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил илэрсэн хэмээн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарчээ.

 

Шүүгчийн захирамжид заасан асуудал нэг бүрийг нэмэлт мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох, зөвтгөж залруулах шаардлагатай байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 481 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

М.ПҮРЭВСҮРЭН