Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ХШТ/111

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 631 дүгээр магадлалтай, Б.Б-д холбогдох 2309000001264 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, ... овогтой Б.Б нь Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Төрийн сангийн 100900005406 тоот данснаас 1,600,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч ... овгийн Б.Б-ыг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “...Миний бие Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй”, 1.8-д заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” зэрэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

 Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 631 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, мөн зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчилсан. Гэтэл уг эрүүгийн хэрэгт бодит байдлыг тогтоогоогүй, хэт нэг талыг барьж хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн үндсэн шинж нь битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан байхыг шаардах бөгөөд гэмт хэргийн субьектив талын шинж нь шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой. Б.Б-ын хувьд эд мөрийн баримтаар хураагдсан мөнгийг өөртөө завших ямар нэгэн санаа зорилго байгаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн 1,600,000 төгрөгийг өөрийн хайхрамжгүй, хайнга байдлаас болж алга болгосон талаар мэдүүлдэг.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Б-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Тэгээд би тухайн мөнгийг биедээ авч явж байхдаа хэлтсийн хойд талын тамхины цэг дээр ирээд утсаар ярьж байгаад гэнэтийн яаралтай ажил гараад халаасандаа байсан эд мөрийн баримт болох бэлэн 1,600,000 төгрөгийг тэрхэн зуураа мартаж өөр ажил руу явсан байсан. Энэ хооронд би тухайн эд мөрийн баримт болох 1,600,000 төгрөгийг алга болгосон байсан. Уг нь тухайн 1,600,000 төгрөгийг тамхины цэгээс албан өрөөндөө орж, уг мөнгийг хураалгасан гэх оролцогч нартай холбогдож дуудан хүлээлгэж өгөх байсан юм... Би өөрийн буруутай хайнга, салан задгай байдлаасаа болж өөрийн ажлаа умартан өөр ажил руу явах болсон, тэр хооронд эд мөрийн баримтын өрөөнөөс авч гарсан мөнгө маань алга болсон байсныг сүүлд нь мэдсэн... Би юу хэлэх гээд байна гэхээр ажлын ачааллаас болж зарим хэргийн хугацаа сунгахгүй хэтрүүлдэг. Ажлын ачааллаас болж юмаа хаана тавьснаа мартдаг, өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж энэ хэрэгт тухайн мөнгийг хаана тавьснаа мартаж, хайнга хандсанаас болж ийм асуудал үүссэн, би харамсаж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-27, 244-245 дахь тал/,

М.Н-ын гэрчээр өгсөн “...Өглөө өрөөндөө ороод ирсэн чинь Б.Б ах мөнгө алга болгочихлоо гэхээр нь ямар учиртай мөнгө юм бэ гэж асуухад хэргийн мөнгө байгаа юм гэхээр нь ямар хэргийн мөнгө бэ гэж асуухад мөрийтэй тоглоомын мөнгө гэж хэлж байсан. Би тухайн үед хэдэн төгрөг бэ гэж асуусан санагдаж байна. Сая таны асуусан асуултаас 1,600,000 төгрөг гэж мэдэж авлаа. Мөн дээрээс нь хэзээ, яаж байгаад алга болгосон юм бэ гэж асуухад Б.Б ах мэдэхгүй байна. Би энд тавиад мартсан юм шиг байна гэж хэлсэн. Б.Б ах алга болгосон мөнгөө эд мөрийн баримтаар тооцоод сери дугаараар нь бүртгээд авсан байгаа талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 125-126 дахь тал/ зэргээс үзэхэд Б.Б тухайн эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа болно.

Анхан шатны шүүхээс Б.Б-ыг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ гэрч Ө.Б, Д.Э, Д.Г, Ү.Б, М.Н, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын мэдүүлгээр түүнийг гэм буруутай гэж үзэж шийдвэрлэсэн. Дээрх гэрч нарын мэдүүлэг нь Б.Б-ыг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завшсан гэдгийг нотлоогүй. Энэ талаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтад бус, таамаглалд үндэслэж Б.Б-ыг “...эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс өөрийн санаачилгаар мөнгийг авч байгаа нь санаатай үйлдэл бөгөөд хаяж гээснээ нотлоогүй” гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг хүндрүүлж, мөнгө завшсан гэж үзсэн нь хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...-ийг нотолно” гэж хуульчилсан. Б.Б-ын үйлдэлд битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших ямар ч санаа зорилго байгаагүй. Завшиж өөртөө хэрэглэсэн талаарх ямар ч нотлох баримт хавтаст хэрэг байхгүй. Иймд Б.Б-ыг “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Харин Б.Б нь өөрийн хайнга, хайхрамжгүй үйлдлээс болж эд мөрийн баримтыг алга болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “...Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан...” байхыг шаарддаг. Энэ нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Энэ тохиолдолд Б.Б нь өөрийн хайхрамжгүй, санамсар болгоомжгүй үйлдлээс болж эд мөрийн баримт болох 1,600,000 төгрөг алга болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг... буюу 50,000,000 төгрөг, түүнээс дээш хохирол учирсан байхыг хуулиар шаардаж байна. Б.Б-ын албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас 1,600,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохиролд хамаарахгүй. Иймд Б.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Мөнгөншагай хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил илрээгүй. Анхан шатны шүүхийн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэсэн. Гэвч бодит байдалд мөрдөгч Б.Б нь эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн дэвсгэртийг өөрийн биедээ авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримтыг хадгалах, хамгаалах, шийдвэрлэх журмыг зөрчсөн.

Улсын ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар баталсан “Эрүүгийн хэрэгт хөрөнгө орлого, эд мөрийн баримт, эд зүйлийг хурааж авах, битүүмжлэх, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журам”-аар эд мөрийн баримтыг зориулалтын газарт хадгалах үүргийг мөрдөгчид хүлээлгэснийг зөрчсөн буюу биедээ авч явсан үйлдэл нь тухайн эд хөрөнгийг завших субьектив санаа зорилгыг харуулж байна. Завших зорилгогүйгээр биедээ авч явахдаа үрэгдүүлсэн талаар мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримттай нийцдэггүй. Гэрч М.Н-ын мэдүүлэг нь шууд бус дамжмал шинжтэй буюу шүүгдэгчээс сонссон зүйлээ мэдүүлснийг шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон гэж үнэлэх боломжгүй.

Түүнчлэн шүүгдэгчийн эс үйлдэхүй түүний гэм бурууг нотолдог. Хэрэв шүүгдэгчийн мэдүүлэгт дурдсанчлан эзэнд нь өгөх зорилгоор авч яваад алга болгосон бол тухайн цаг хугацаанд хуулийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулах, удирдах албан тушаалтандаа мэдэгдэх үүргээ огт хэрэгжүүлээгүй бөгөөд прокурорын байгууллагын шалгалтаар энэ үйлдэл илэрсэн.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Хайнга хандах гэмт хэрэг нь албан тушаалтан үйлдэлдээ болгоомжгүй болон гүйцэтгэх ёстой үйлдлээ гүйцэтгээгүй эс үйлдэхүйгээр үйлдэгддэг. Гэтэл шүүгдэгч нь үйлдэлдээ хайнга хандсан бус идэвхтэй хандсан байна. Цагдаагийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа хүн прокурорын болон шүүхийн шийдвэр гараагүй байхад эд мөрийн баримтаар хураагдсан бэлэн мөнгийг буцаан олгох боломжгүй гэдгийг мэдэх боломжтой” гэв.                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2.Шүүгдэгч Б.Б нь ... дүүргийн ... газрын нэгдүгээр хэлтсийн ... ажиллаж байхдаа өөрийн шалгаж байсан хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэрэгт мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Т хэргийн газрын үзлэг хийх ажиллагаагаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хураан авч, эд мөрийн баримтаар тооцогдож, сери дугаараар бүртгэгдсэн 30 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт, 100 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэрт, нийт 1,600,000 төгрөгийг ... дүүргийн ... газрын нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байсныг 2022 оны 11 дүгээр сард авч завшсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж үзэв.

3.Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд Б.Б-ын шалгаж байсан ... дугаартай эрүүгийн хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй байснаас гадна тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,600,000 төгрөгт үзлэг хийх, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, эсхүл уг мөнгийг эзэмшигчид нь буцаан олгох үндэслэл бий болоогүй, энэ талаар хяналтын прокурорын хууль ёсны шийдвэр гараагүй байхад тэрээр уг мөнгийг эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс өөрийн санаачилгаар, дур мэдэн авсан болох нь анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт эргэлзэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийн хор уршиг нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт, эд мөрийн баримт устаж, үрэгдэж гэмтсэнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учирч, гэм буруутай этгээд ял завших, хөрөнгө хураах болон хохирол нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад учрах, цаашилбал гэм буруутай нь тогтоогдоогүй этгээдийн өмчлөх эрхэд ноцтой хохирол учрах, олон нийтийн зүгээс хууль сахиулах болон шүүх байгууллагын үйл ажиллагааны шударга байдалд итгэх итгэл, үнэлэмжид сөргөөр нөлөөлөх зэрэг хортой үр дагаврыг дагуулдагт энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюул оршино.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн диспозицийг “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн бол…” хэмээн тодорхойлсон бөгөөд уг гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн болгоомжгүй, объектив тал нь эрх бүхий албан тушаалтны хууль зүйн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хэлбэрээр илэрнэ.

Харин Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан бол…” хэмээн хуульчилсан бөгөөд уг гэмт хэрэг нь шууд санаатай, шунахай сэдэлтээр, гэм буруутай этгээдийн идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт тусгайлан заасан гэмт хэргүүд нь гэмт халдлагад өртөж буй үндсэн объект болох “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах журам” болон “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан” гэх тусгай субъектийн шинжээрээ Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” болон 17.4 дүгээр зүйлд заасан “Завших” гэмт хэргүүдээс ялгагдана.

Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал эд мөрийн баримтыг хадгална” гэж хуульчилснаас гадна мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын хамтран баталсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 246, А80 дугаартай “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”, мөн Улсын ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/69 дугаар тушаалаар баталсан “Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журам”-аар тус тус нарийвчлан зохицуулсан болно.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн шалгаж буй хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хураагдсан нийт 1,600,000 төгрөгийг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад журам зөрчин авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжтой болсон үеэс Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн гэж үзэх ба тэрээр тухайн эд мөрийн баримтыг хэрхэн үрэгдүүлсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргээр зүйлчилж, хохирлын хэмжээ нь хуульд заасан их хэмжээ болох 50,000,000 төгрөгт хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах талаар шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

4.Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хэрэгт хураагдсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр үйлдсэн байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад хууль зүйн буруу дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 631 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН        

ШҮҮГЧИД                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                Б.ЦОГТ