Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0429

 

“С с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Ж.Б, Т.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, П.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 260 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ын давж заалдах гомдлоор “С с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 260 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.2, 37.3, 37.4-д заасныг баримтлан “С с” ХХК-ийн нэхэмжлэлээр, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актын биелэлт хангаагүй үндэслэлээр цуцалсан байхад нэхэмжлэгч улсын байцаагчийн акттай маргаагүй өөрөөр хэлбэл тус актын хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байхад шүүх 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахыг даалгасан нь үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 260 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ...” гэж заасны дагуу давж заалдах гомдлын үндсэн дээр шүүхийн шийдвэрийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-05/132/299 дүгээр актаар тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулаагүй, биелэлтийг тогтоосон хугацаанд холбогдох газарт тайлагнаагүй, нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон шаардлага биелүүлээгүй, уурхайн ашиглалт явуулж эвдрэлд оруулсан газрыг нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй, өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангаж, биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй гэх үндэслэлээр “С с” ХХК-ийн үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар түр зогсоожээ. Энэхүү захиргааны актын талаар ямар нэгэн маргаан нэхэмжлэгчээс гаргаагүй, харин ч шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байсан гэж тайлбарлажээ.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дээрх актыг биелүүлээгүй гэж дүгнээд “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийг гаргасан байна. Үүнд “С с” ХХК багтаж байна.

Анхан шатны шүүх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-05/132/299 дүгээр акт гарснаас хойших 3 сарын хугацаанд уг актаар хүлээлгэсэн үүргийг хэрхэн биелүүлсэн, зөрчлөө арилгаж биелэлтийг хангасан эсэх талаар хангалттай нотлох баримтгүйгээр маргаан бүхий А/609 дүгээр захирамжийг гаргасан байна гэж дүгнээд маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Учир нь “С с” ХХК-иас “...2017 онд нөхөн сэргээлт хийгээгүй байсан, үйл ажиллагааг түр зогсоосноос хойш нөхөн сэргээлтийг хийсэн, тусгай зөвшөөрөл эзэмшсэнтэй холбогдуулан төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллагад хандсаар ирсэн...” гэсэн тайлбар гаргасан. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн 06/8729 дугаартай албан бичигт “С с” ХХК-ийг 2012 он, 2017 онд тус тус байгаль орчны нарийвчилсан үнэлгээ ирүүлж баталгаажуулсан болохыг, мөн 2017-2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлт ирүүлж байсныг, Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 онд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталгаажуулж байсан болохыг нотолжээ.

Нэхэмжлэгч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 02-05-132/299 дүгээр актаар тавьсан шаардлагын дагуу тайлбар хүргүүлж байсан болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02-04/1087 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим юм.

Иймд өмнөх актын дагуу зөрчлөө арилгасан эсэх талаар /“С с” ХХК-ийн тухайд/ хангалттай нотлох баримт байхгүй тул анхан шатны шүүхээс “Мэргэжлийн хяналтын дүгнэлтэд дурдагдсан зөрчлүүдийг арилгах арга хэмжээ хэрхэн авсан, эдгээр баримтуудыг мэргэжлийн байгууллагууд хянан үзээд хэрхэн шийдвэрлэх талаар шүүхээс шууд дүгнэх боломжгүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 37.4-д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүнийгээ нотлох баримт бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлж, тэдгээрийг үндэслэлтэй эсэхийг захиргааны байгууллага хянан үзэх үүрэгтэй байна.

Гэтэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай үндэслэлийг эс зөвшөөрч холбогдох бичиг баримтаа хүргүүлж байхад захиргааны байгууллага өнөөдрийг хүртэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг зөвтгөх боломжгүй.

Шүүхээс дээрх нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэхэмжлэгчийн захиргааны байгууллагад хүргүүлсэн бичиг баримтыг нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь “С с” ХХК тухайн зөрчлийг хэрхэн арилгасан талаар судалж, хэрвээ арилгаагүй бол дахин захиргааны акт гаргахад энэхүү шүүхийн магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.