Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 51

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Ч.*******ын нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохшаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /цаашид Хурал гэх/ дарга З.******* нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот захирамжиндаа Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэл болгон намайг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэл болохгүй. Сумын Хурлын даргад захирамжаар төрийн албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөх эрх хэмжээ байхгүй болно. Хурлын дарга З.******* манай намын гишүүд чамайг хал, чөлөөл гэж намайг шахаж байна. Иймээс чамд тэтгэмж өгье гэсэн. Би 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өг гэсэн боловч өгөөгүй. Харилцан тохиролцсон гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Миний бие энэ байдлыг эсэргүүцэж байна. Иймээс миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тул ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг төлүүлж, хийж байсан ажилдаа эргэж орох, тухайн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 01 тоот захирамжийг хүчингүй болгохыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга гэдэг алба нь төрийн жинхэнэ албанд хамаардаг. Өнгөрсөн сонгуулийн үр дүнд Ардчилсан нам ялсан байгаа. Ийм учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл манай намынхан намайг шахаад байна, чамайг ажлаас чинь гарга гээд байна, тиймээс хоёулаа тохиръё, мөнгө төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад зургаан сарын цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн тэтгэмж өгвөл ажлаа өгч болно гэсэн. Гэтэл хариуцагч нь гурван сарын тэтгэмж гэж 2564000 төгрөгийг надад өгсөн. Харин үлдэгдлийг нь оны сүүлээр өгнө гээд худлаа ярих хандлага үүссэн. Миний хувьд хариуцагчтай тохиролцож, гарын үсэг зурж өгөөгүй. Ийнхүү хариуцагч нь хэлсэн үгэндээ хүрээгүй учраас эргэж ажилдаа томилогдох ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Миний ажлыг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр П.******* гэдэг хүнд хүлээлцүүлсэн. Тэгээд П.******* гэдэг хүнд бараг тушаал гараагүй байх. Харин дараа нь *******ыг хурлын нарийн бичгийн даргаар ажилд аваад, тушаал гаргасан юм шиг байна. ******* бол төрийн албаны шалгалт өгөөгүй, мөн ашиг сонирхлын зөрчлөө арилгуулаагүй. Дээрх байдлаар төрийн албанд томилогддог асуудлууд гарч байна. Энэхүү байдлыг таслан зогсоохын тулд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Надад зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөг өгвөл тохиролцоно. Түүнээс биш гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тохирохгүй гэдгийг хариуцагчид хэлж байсан. Гэтэл хариуцагч хэлэхдээ үлдэгдлийг оны эцсээр төсөв шахаж байж болно гэсэн. Хэрвээ оны эцэс болоод төсөв байхгүй бол би хохироод үлдэнэ. Тийм учраас ямар нэгэн хүсэлтийг хариуцагчид бичиж өгөөгүй. Намайг хүсэлтээ өг гэж шаардсан. Тэгэхээр нь хүсэлтээ өгөхгүй гэсэн. Харин үлдэгдлээ өгсний дараа надаас хүсэлт аваарай гэж хэлсэн. Гэхдээ Төрийн албаны салбар зөвлөл болон шүүхэд хандах эрх хугацаатай. Энэхүү хугацаанд үлдэгдлээ өгөхгүй бол ханддаг газар нь хандана гэдгээ хариуцагчид хэлж байсан.

Намайг Монгол Ардын намын даргаар ажиллаад үзээч гэдэг санал ирсэн. Үүний дагуу 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Монгол Ардын намын хурал хуралдаад, намын даргаар сонгосон байгаа. Ийнхүү намын даргаар сонгогдсон нь ажлаас чөлөөлөгдсөн шийдвэртэй хамааралгүй. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа намын даргаар сонгогдсон. Хэрвээ би ажилдаа эгүүлэн томилогдвол Төрийн албаны тухай хуулийн дагуу намаас түдгэлзэнэгэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.******* нь 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр надтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 2564000 төгрөгийг бэлнээр аваад өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Би Ч.*******ыг ажлаасаа чөлөөлөгдсөн хүсэлтээ бичээд өгчих гэж хэлсэн. За тэгье,эхлээд миний тэтгэмжийн мөнгийг өгчих, тэгээд би дараа нь бичээд өгнө тэр асуудалгүй гээд байсан. Тэгэхээр нь би тийм юм байх гэж бодоод тушаалыг нь гаргасан.

Тушаалыг гаргахдаа чи бид хоёр нэгэнт тохиролцсон учир ганцхан тохирсон гэдэг заалт орууллаа шүү, олон юм оруулаад яахав гэж хэлсэн. Дараа нь ажил хүлээлцэх комисс томилоод за чи хүлээлгээд өгчих тэгээд ороод ир би тэр хооронд нөгөө тэтгэмжийг чинь зохицуулна гээд ярьж тохирч гарсан юм. Би нярав С.******* гэдэг хүнийг Ч.*******ын дансанд тэтгэмж болох 2564000 төгрөгийг хийчих гээд явуулсан чинь Ч.******* данс гээд яахав бэлнээр авна гээд байна, өөрөө өг гээд надад авчирч өгсөн юм. Ингээд би ажлаа хүлээлгээд өгчихлөө гээд ороод ирэхээр нь Ч.*******д 2564000 төгрөгийг бэлнээр нь өгөлцөж авсан. Би хүсэлтээ бичээд өг гэсэн, за өгнөө гэж байгаад өөр юм ярьж байгаад явсан юм. Би нэгэнт яриад тохиролцоод тэтгэмжээ авсан болохоор нь Ч.*******т итгэсэн. Ч.******* эрхлэж байсан ажлаасаа өөрийн хүсэлтээрээ гараад 2017 оны 3 дугаар сарын 12-нд болсон МАН-ын хурал болоод энэ хурлаараа МАН-ын дарга сонгоход нь нэрээ дэвшүүлж сонгогдоод энэ цагаас одоог хүртэл МАН-ын даргаар ажиллаж байгаа. Эхнээсээ ажлаасаа гарахдаа намын дарга болно, дараагийн сонгууль болтол сайхан амарна гээд надтай гар бариад явсан.Одоо болохоор тохироогүй ор үндэсгүй халсан гэж байгаа нь гайхширал төрүүлж байна. Иймээс танай байгууллага хянан шалгаж үзээд шийдвэрээ үнэн зөв гаргана гэдэгт огтхонч эргэлзэхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 01 дүгээр захирамжаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хэмээн үзэж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт зааснаар Ч.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны тов тогтоохоор 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт хийхээр товыг тогтоосон байна. Тус хэлэлцүүлэгт хариуцагч болох ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.******* ирээгүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэхээр түүний ******* дугаарын утас руу залгахад би урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, харин шүүх хуралдааныг 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зарлахад очих боломжтой гэсэн хариуг өгсөн байна. Тэрээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, шүүх хуралдааныг хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт, тайлбар ирүүлээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91. дэх хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шийдэж болно гэж заасан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр түүний ******* дугаарын утас руу залгаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, энэ талаар шүүгчийн туслах тэмдэглэл хөтөлсөн[1], хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгч хүсэлт гаргаж байх тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх хэрэгт хуульд аасан журмын дагуу цуглуулсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэснийг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ыг ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ч.******* би ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй гэж, хариуцагч болох ******* сумын Хурлын дарга З.******* Ч.******* 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж аваад өөрөө ажлаас чөлөөлөгдөхөөр тохиролцсон гэж маргажээ. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт нь төрийн жинхэнэ албан хаагч өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх заалт юм. Өөрийн санаачилгаар гэдэг нь ажил олгогчийн зүй бус дарамт, шахалтгүйгээр зөвхөн өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх ойлголт бөгөөд уг хүсэлтээ бичгээр гаргасан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр илэрхийлээгүй, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгвөл ажлаасаа чөлөөлөгдөх талаар хариуцагчтай тохиролцсон гэх боловч энэ түүний бодитой хүсэл сонирхол биш хариуцагч болох ажил олгогчийн дарамт шахалт байсан гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч манай намын гишүүд чамайг хал, чөлөөл гэж намайг шахаж байна. Иймээс чамд тэтгэмж өгье гэсэн гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчийн зүгээс уг тайлбарыг няцаасан тайлбар, баримт ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгвөл ажлаа хүлээлгэж өгөхөөр тохиролцсон гэх бөгөөд хариуцагчийн зүгээс түүний шаардлагыг бүрэн биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дураар илэрхийлээгүй байх тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт зааснаар чөлөөлсөн нь хууль бус байна.

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцохыг хориглосон хэдий ч ******* нь Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнийхөө дараа ******* сумын Монгол Ардын Намын даргаар сонгогдон[2]ажилласан байх тул хуулийн дээрх зохицуулалт зөрчигдөөгүй байна.

Ч.******* нь дээрх гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдлоо гаргасан байх ба салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 30 дугаар тогтоолоор[3] ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Ажлаас чөлөөлөх тухай 01 дүгээр захирамжийг эрх зүйн үндэслэлгүй талаар дүгнэж, хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, холбогдох арга хэмжээ авахыг Хурлын дарга З.*******д үүрэг болгожээ. Гэвч хариуцагч нь уг шийдвэрийг биелүүлээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх хэсэгт зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь...засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах учиртай. Иймд хуульд заасан чөлөөлөх үндэслэл байхгүй байхад нэхэмжлэгчийг Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн хариуцагчийн захирамж хуульд нийцээгүй байх тул ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт хууль бус байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг тооцож олгох үндэслэлтэй байна. Ч.******* нь 2017 оны 01 дүгээр сарын цалингаа бүтэн авсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар[4] тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан хугацааг 2017 оны 02 дугаар сарын 01-нээс шүүхийн шийдвэр гарах өдөр болох 2017 оны 08 дугаар сарын 01 хүртэл ажлын 129 хоногоор тооцож олгох үндэслэлтэй байна. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан нэхэмжлэгчийн 0417368 тоот нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтийг үндэслэн 2016 оны 11, 12, 2017 оны 01 дүгээр саруудын дундаж цалин хөлсийг тооцоход 948 619 төгрөг, ажлын дундаж хоног болох 22 хоногт хуваахад нэг өдрийн ажлын хөлс 43 119 төгрөг байна. Үүнийг ажилгүй байсан хугацаа болох 129 хоногоор үржүүлэхэд 5 562 354 төгрөг болж байх бөгөөд хариуцагч нь уг төлбөрөөс 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болгон өгсөн 2 564 000 төгрөгөө хасч тооцох боломжтой юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 24-р зүйлийн 24.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ч.*******ыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11-р зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 2017 оны 08 дугаар сарын 01 хүртэл 129 хоногийн цалин хөлс болох 5 562 354 төгрөгийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийж олгохыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас 70200 төгрөг гаргуулж Ч.*******т олгосугай.

4. Шийдвэрийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 


[1]Хавтаст хэргийн р хуудас

[2]Хавтаст хэргийн р хуудас

[3]Хавтаст хэргийн р хуудас

[4]Хавтаст хэргийн р хуудас