Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1919

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00778 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 5 270 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  "ХХ" ХХК нь гэрээний үүрэгт 20 227 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "ХХ" ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж ХХХХХХ дүүргийн ХХ-р хороо, ХХХХХХХХХХХХХХ тоотод 54 м.кв 2 өрөө байрыг нэг м.кв-ын үнийг 1 203 703 төгрөг байхаар тохиролцож нийт 65 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Ийнхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр миний бие тус байгууллагад байрны урьдчилгаа 30 хувийн төлбөрт 15 500 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 70 хувь болох 45 500 000 төгрөгийг Голомт банкаар дамжуулж ипотекийн зээлд хамрагдан байрны төлбөрөөс нийт 61 000 000 төгрөг төлж 4 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Учир нь бид гэрээ ёсоор 54 м.кв байр худалдаж авах ёстой байсан боловч бодит байдалд уг м.кв нь илт зөрүүтэй байсан тул "ХХХХХ" ХХК-тай гэрээ байгуулж дээрх байранд хэмжилт хийлгэхэд 46.296 м.кв болох нь тогтоогдсон. 7,702 м.кв-ыг дутуу нийлүүлсэн тул үнэ 9 270 920 төгрөгөөс төлөөгүй 4 000 000 төгрөгийг хасч, үлдэх 5 270 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч "ХХ" ХХК нь гэрээний үүргийг ноцтой зөрчсөн тул м.кв-ын зөрүү болох 5 270 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "ХХ" ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХгийн тайлбарт: Манай компани нь ХХХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хорооны нутагт байрлах 1 давхартаа үйлчилгээтэй, 24 айлын орон сууц, 14 автомашины зогсоолтой 5 давхар барилга байгууламжийг 2008 оны 5 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2013 оны 2 сард ашиглалтад хүлээлгэн өгсөн. Улмаар иргэн Хтой 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 05 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ" байгуулж, манай компанийн орон сууцны 70-р байрны 05 тоотод орон сууц захиалан орсон. Захиалаад байрандаа орсон хэдий ч өнөөг хүртэл орон сууцныхаа төлбөрийг буюу гэрээгээр тохирсон төлбөрөө бүрэн гүйцэд төлөлгүй, "Орон сууц захиалгаар барих гэрээ"-ний 2.21-т заасныг зөрчиж, 4 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа. Тэрээр энэхүү үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж ийм нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна. М.кв-ын зөрүүг бид хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал, Х нь ХХХХХХХХ дүүрэг, ХХ-р хороо, ХХХХХХХХХХХ тоотод орших байрыг захиалахдаа болон нүүж орохдоо тухайн м.кв-ыг өөрөө шалгаж, хүлээн зөвшөөрч үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгээ авсан байдаг. Тэрээр орон сууцандаа орох үедээ энэхүү асуудлаа тавих бүрэн боломж байсан. Хтой Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн компани нь "Орон сууц захиалгаар барих гэрээ"-ний бэлэн загварыг ашиглаж байгуулсан. Мөн орон сууцны үнийг талууд м.кв-аар тохиролцоогүй, 2 өрөө орон сууц 65 000 000 төгрөг гэж тохиролцсон. Х нь хэмжилтийг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийлгэж доголдлыг илрүүлсэн атлаа үүнээс хойш 6 сарын дотор гомдлоо гаргаагүй тул шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "ХХ" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани иргэн Хтой "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан. Гэвч Х нь "Орон сууц захиалгаар барих гэрээ"-ний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө бүрэн гүйцэд төлөхгүй байна. Тэрээр гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 4 000 000 төгрөгийг төлөлгүй 2 жил гаран хугацаа өнгөрч, улмаар манай компанийн үйл ажиллагаа болон нэр хүндэд халдсаар байгаад гомдолтой байна. Иргэн Х нь гэрээний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй байсан. Гэтэл 10 000 000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 4 000 000 төгрөг төлсөн тул 10 000 000 төгрөгийг 11 хоногийн хугацааг хэтрүүлсэн алданги 550 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөгийг төлсөн тул 6 000 000 төгрөгийн 21 хоногийн алданги 630 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөгийг төлсөн тул 4 500 000 төгрөгийн 3 хоногийн алданги 67 500 төгрөг, үлдэх 4 000 000 төгрөгөөс шүүхэд нэхэмжлэл гаргах үеийг хүртэл алданги тооцож нийт 16 227 500 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд Хоос үндсэн төлбөрийн үлдэгдэл 4 000 000 төгрөг, алданги 16 227 500 төгрөг, нийт 20 227 500 төгрөгийг гаргуулж “ХХ” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус компани Иргэний хуулийн 350.1.6-д "захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх" гэж зааснаар "ХХ" ХХК нь надад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05 тоот "Орон сууц захиалгаар барих гэрээ"-ний 1.9-д заасны дагуу 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байх ба би тус байрны нэг м.кв-ийг 1 203 703 төгрөгөөр бодож нийт 65 000 000 төгрөгийн үүргийг тус тус хүлээсэн. Гэвч тус байгууллага надад орон сууцыг хүлээлгэн өгөхдөө гэрээнд заасан талбайд хэмжилт хийж хүлээлгэн өгөөгүй буюу санаатайгаар ажлын үр дүнгийн биет байдлын доголдлыг нууж худалдсан атлаа өөрөө м.кв-ыг шалгаж авсан гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл би тус компанид итгэж гэрээнд заасан талбайн хэмжээг дутуу байна гэж бодоогүй төдийгүй жирийн хүн учраас орон сууцны талбайн хэмжээ дутуу байгааг шууд нүдээр хараад илрүүлэх боломжгүй юм. Харин орон сууцандаа амьдраад хуваарийн дагуу 61 000 000 төгрөг төлчихсөн байхад тус байрны оршин суугчдаас орон сууцны м.кв дутуу байгаа тухай гомдол гарч байгааг мэдээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "ХХХХХ" ХХК-д хандаж, орон сууцныхаа талбайд хэмжилт хийлгэсэн. Гэтэл миний орон сууцны талбайг 46 298 м.кв гэж хэмжсэн бөгөөд 7.702 м.кв талбай дутуу худалдан авсан болохоо мэдсэн. Тухайлбал би 46.298 м.кв талбай бүхий орон сууц хүлээн авсан тул тус компанид 55 729 041  төгрөгийг төлөх ёстой байхад 61 000 000 төгрөг төлж даруй тус компанид 5 270 959 төгрөг илүү төлсөн байсан. Тиймээс би 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "ХХ" ХХК-ийн захиргаанд өргөдөл гаргаж, гэрээнд заасан талбайн зөрүү болох 4 000 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, харин надад дутуу олгосон талбайд илүү төлсөн мөнгийг нэхэмжилсэн бөгөөд тооцоо нийлэхийг шаардсан мэдэгдлийг бичгээр гаргасан. Гэвч уг компани 2016 оны 5 cap хүртэл зохих арга хэмжээг аваагүй ба өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл өөрсдийн дутуу барьсан талбайнхаа хөлс 4 000 000 төгрөгт алданги тооцон нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 352.2-д "гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ" гэжээ. Иймээс тус компанийн надад олгох 54 м.кв талбайгаас 46.298 м.кв талбай олгож 7.702 м.кв талбай дутуу барьсан буюу уг талбайг дахин гүйцээж нөхөх бодит боломжгүй байдлыг бодитоор үнэлж "ХХ" ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, миний тус компанид илүү төлсөн 5 270 959 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар "ХХ" ХХК-иас 5 270 000 төгрөгийг гаргуулж Хт олгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д
зааснаар Хоос 3 967 500 төгрөгийг гаргуулж "ХХ" ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16 260 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 270 төгрөгийг, "ХХ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 290 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "ХХ" ХХК-иас 99 270 төгрөгийг гаргуулж Хт, Хоос 78 430 төгрөгийг гаргуулж "ХХ" ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан ба нэхэмжлэгч Х нь “ХХ ХХК-тай 2013 оны 12 сарын 12-ны өдөр "Орон сууц захиалгаар барих гэрээ" байгуулан ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХ тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба нэг м.кв талбайн үнийг гэрээгээр тохиролцоогүй байхад анхан шатны шүүх гэрээний чөлөөт байдал руу халдан нэг м.кв талбайн үнийг 1 203 703 төгрөг гэж нарийвчлан тогтоосонд гомдолтой байна.

Иргэний хуулийн 254.6-д "Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй" гэж заасан.

Нэхэмжлэгч Х нь “ХХ” ХХК-тай 2013 оны 12 сарын 12-ны өдөр "Орон сууц захиалгаар барих гэрээ" байгуулсан боловч гэрээ байгуулахаас өмнө уг 2 өрөө орон сууцандаа амьдарч байсан ба 2014 оны 11 сарын 19-ний өдөр "Орон сууцны доторх талбайн хэмжилт хийх ажлын гэрээ"-г байгуулан, мөн өдрөө 220 дугаартай "Орон сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл"-ийг хүлээж авсаны зэрэгцээ доголдлыг илрүүлсэн нь хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтаас болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдоно.

Гэтэл анхан шатны шүүх "Х нь дутуу м.кв-ын үнийг буцаан шаардаж байсан байна" гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт нэхэмжлэгч Х нь “ХХ” ХХК-д хандсан талаар нэг ч баримт байхгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.4-т заасан 1 жилийн баталгаат хугацаа тогтоосон боловч энэ хугацаа мөн л өнгөрсөн ба нэхэмжлэгч 2016 оны 5 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад шүүх Иргэний хуулийн 254.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00778 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Шүүх зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Х нь "ХХ" ХХК-д холбогдуулан гэрээгээр тохирсон хэмжээний орон сууц хүлээлгэн өгөөгүй гэж илүү төлсөн 5 270 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэг 20 227 500 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. 

 

Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалан бариулах нэртэй гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр хариуцагч "ХХ" ХХК нь ХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХ тоотод 54 м.кв 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Х нь 65 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, орон сууцны үнэд 61 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.  

 

Гэрээ байгуулагдах үед орон сууц ашиглалтад орсон байсан нь зохигчдын тайлбараар нотлогдсон тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байх ба хариуцагч гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй гэж үзэх үндэстэй байна.

 

Маргааны зүйл болох ХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХ тоотод байрлах 54 м.кв 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 46.298 м.кв болох нь "ХХХХХ" ХХК-ийн дүгнэлтээр нотлогдсон, нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар орон сууцны талбайн зөрүү 7.702 м.кв талбайн үнийг буцаан шаардах эрхтэй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.4-т “...захиалагчид /худалдан авагчид/ хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн хугацаанд засвар үйлчилгээг тус компани бүрэн хариуцна” гэж тохиролцсоныг үндэслэн худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацааг зохигчид Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар тогтоосон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Хт гэрээний зүйл болох орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өмчлөх эрх үүсэх тул дээрх хугацаанаас гомдлын шаардлага гаргах хугацааг тоолох  үндэстэй, нэхэмжлэгчийн 2014 оны 12 дугаар сарын эхээр дутуу м.кв талбайтай холбоотой доголдлын талаар хариуцагч "ХХ" ХХК-д гомдлын шаардлага гаргасан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, энэ талаар зохигчид маргаагүй байна. 

              

   Хариуцагч гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, дутуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг буцаан гаргуулсан шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "ХХ" ХХК нь гэрээний үүрэгт 20 227 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 967 500 төгрөгийг хангаж, үлдэх 16 260 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 270 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                   ШҮҮГЧИД                         Т.ТУЯА

 

                                                                                              А.МӨНХЗУЛ