| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 192/2025/06247/И |
| Дугаар | 210/МА2026/00854 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00854
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00518 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******ын нэгдүгээр орлогч дарга ******* дуудан, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дотоод хяналт шалгалтын албаны шалгалтын тайланг үндэслэн шуурхай хурал хийж, хэлэлцэх гэж байгаа шалгалтын материал танилцуулалгүй албан тушаал буруулан цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажиллуулах утгатай шийдвэр гаргасан. Улмаар 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
1.2. Энэ тушаалд ******* нь Хууль зүйн албаны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулсан, төлбөр буцаахыг шаардсан өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн, албан тушаалын эрхээ хэтрүүлсэн гэх үндэслэлийг заасан. Хууль зүйн албаны хэлтсийн даргын ажлыг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн. Хэлтсийн даргын ажил дуусгавар болоод 1 жилийн дараа буюу сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 123 дугаар зүйлийн 123.3, 123.4 дэх заалтыг зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгож, хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны орлогын хэлтсийн дарга *******ын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “... Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албанаас нийгэмлэгт өр төлбөртэй компаниудын өр төлбөрийг санхүүгийн бүртгэлд авлагаар бүртгэх ажлын хүрээнд “Хууль зүйн алба”-ны хуулийн зөвлөх ******* нь *******-ийн төлбөр болох 2,878,780,000 төгрөгийн авлага барагдуулах ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж саад учруулж, тус төлбөр одоо болтол төлөгдөөгүй байна” гэсэн танилцуулгыг нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанд ирүүлсэн. Тус албанаас *******г шалгах тухай санал бүхий илтгэх хуудсыг Замын даргад танилцуулж, үүний дагуу Замын 1 дүгээр орлогч даргаас *******г шалгах үүргийг 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр өгсөн, шалгалтаар зөрчлүүд илэрсэн.
2.2. *******-аас зам ашигласны хөлс, хураамж төлүүлэх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нийгэмлэгийг төлөөлөх эрхийг Хууль зүйн албаны хэлтсийн дарга *******, хуулийн зөвлөх *******, Тээврийн зохион байгуулалтын албаны тээврийн гэрээ хариуцсан инженер *******, олон улсын тээврийн харилцаа, акт гомдол, эрлийн инженер ******* нарт олгосон байсан. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж, талууд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 407 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан, гэрээнд нийгэмлэгийг төлөөлж Хууль зүйн албаны хэлтсийн дарга ******* гарын үсэг зурж, гэрээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 101/Ш32024/01462 дугаартай захирамжаар баталгаажуулсан. Тус гэрээгээр ******* нь өөрийн эзэмшлийн 100 хоосон чингэлэг, нүүрстэй 100 чингэлэг, нийт 200 чингэлэг болон тавцант 50 вагоныг *******-д барьцаалуулахаар тохиролцож, 2024 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын хугацаанд сар бүр 479,796,666 төгрөг, нийт 2,878,780,000 төгрөгийг нийгэмлэгт төлөхөөр тохиролцсон. Гэтэл *******-ийн дээрх барьцаалуулсан тавцант 50 вагон нь ОХУ-ын ******* компанийн эзэмшлийн, 200 чингэлгийг БНХАУ-аас түрээслэн ашигласан байсныг ******* нь Замын удирдлагад танилцуулалгүй, хуульд нийцээгүй эвлэрлийн гэрээ байгуулсан зөрчил илэрсэн.
2.3. Мөн гэрээний дагуу ******* нь 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 100,000,000 төгрөг төлсөн байсан. Гэтэл 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр нийгэмлэгийн дансанд 100,000,000 төгрөг төлөгдсөний орой ажил тарсны дараа Хууль зүйн албаны хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* нь Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны орлогын хэлтсийн дарга *******тай утсаар холбогдон “...Энэ мөнгө *******-ийн графикт төлбөр биш шүү авлагыг бууруулахгүй, наад төлбөрөө *******-ийн тээврийн төлбөрт тооцно” гэж хэлсэн байсан.
*******гийн гаргасан дээрх зөрчил дутагдлын талаар 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр холбогдох албадын төлөөллийг оролцуулан хэлэлцэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******г *******-ын хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 40,878,643.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч *******д төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцохгүйгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 362,343 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* нь *******-аас зам ашигласны хөлс, хураамж төлүүлэх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нийгэмлэгийг төлөөлөх эрхийг Хууль зүйн хэлтсийн дарга *******, хуулийн зөвлөх *******, Тээврийн зохион байгуулалтын албаны тээврийн гэрээ хариуцсан инженер *******, олон улсын тээврийн харилцаа, акт гомдол, эрлийн инженер ******* нарт олгосон байхад *******-тай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 407 дугаартай эвлэрлийн гэрээг нийгэмлэгийг төлөөлж ******* дангаараа байгуулан, эвлэрүүлэн зуучлалд эвлэрлийн гэрээг баталгаажуулсныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01462 дугаар захирамжаар баталсан.
Тус гэрээгээр ******* нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэх хүртэлх хугацаанд тус компанийн эзэмшлийн 100 хоосон чингэлэг, нүүрстэй 100 чингэлэг, нийт 200 чингэлэг болон тавцант 50 вагоныг *******-д барьцаалуулахаар тохиролцож эвлэрлийг батлуулсан. Гэтэл *******-ийн барьцаалуулсан тавцант 50 вагон нь ОХУ-ын ******* компанийн эзэмшлийн 200 чингэлгийг БНХАУ-аас түрээслэн ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл ******* нь эвлэрлийн гэрээгээр өөрийн хөрөнгийг бус, бусдаас түрээслэн ашиглаж байгаа 50 тавцант вагоныг *******-д барьцаалсан.
4.2. Дээрх эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу төлбөрөөс хасуулахаар 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр *******-аас шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг өр төлбөрөөс хасаж тооцох байтал дур мэдэн өөр компани болох *******-ийн тээврийн төлбөрт тооцох талаар *******-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны орлогын хэлтсийн дарга ******* руу утсаар холбогдон шаардсанаар энэхүү үйлдэл нь илэрсэн.
4.3. Дээрх үйлдэлтэй холбогдуулан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, дотоод аудитаас илтгэх хуудас бичсэн ба шалгалтын тайлан 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гарч, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үзлэг шалгалттай холбоотой шуурхай хурлыг *******-ын нэгдүгээр орлогч дарга ахалж, хэлэлцсэн. Энэхүү хуралдаанд ******* оролцсон ба зөрчилтэй холбоотой тайлбар хэлэхдээ *******-аас шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг бусад компанийн тээврийн төлбөрт тооцуулахаар үүрэг даалгавар өгсөн болохоо хүлээн зөвшөөрсөн.
Дээрх үйлдэл буюу бусдаас түрээсээр ашиглаж буй 50 тавцант вагоныг барьцаалан гэрээ байгуулан нийгэмлэгийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж буй төлөөлөгчийн хувьд ******* нь байгууллагын эрх ашгийн эсрэг ажилласан, хохиролтой шийдвэр гарахад нөлөөлсөн ба цаашид хууль зүйн албанд ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Иймд *******гийн ажилласан жил болоод бусад сайн талыг харгалзан шууд хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй ба тус байгууллагын харьяа Политехникийн коллежийн сургалтын менежерийн ажилд томилсон.
4.4. Ийнхүү өөрт олгогдоогүй эрх эдэлж хууль бус үүрэг даалгавар өгч, өр төлбөртэй компаниас шилжүүлсэн 100,000,000 төгрөгийн төлбөрийг өөр ******* компанийн тээврийн төлбөрт тооцуулсан, тооцуулахаар хууль бус шаардлага тавьсан нь Хөдөлмөрийн гэрээний 5.3.5, хөдөлмөрийн дотоод журмын 7.2.1, 7.2.2, 7.2.5, 14.3.6, 14.3.20, *******-ийн хууль зүйн албаны дүрмийн 4.11 дэх заалтыг тус тус зөрчсөн
4.5. Мөн дээрх эвлэрлийн гэрээ, түүнээс шалтгаалан хууль бус шаардлагыг тавьж түүнийг шалгаж, илрүүлсэн хугацаанаас харахад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй ба хугацааг тодорхойлохдоо хуульд зааснаар зөрчил гаргасан зөрчлийг илрүүлсэн гэх нөхцөл нь өөр ойлголт, үр дагавартай бөгөөд зөрчил гаргасан нь хариуцлага оногдуулах эрх бүхий этгээд мэдсэн, эсхүл өөр бусад байдлаар зөрчил гаргасан илэрхий болсон цаг хугацаагаар тодорхойлогдох тул нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3, 123.4 заасныг зөрчсөн алдаатай тушаал гаргасан хэмээн дурдсан нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл бүхий байж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Гомдолд дурдсан үйл баримт нь хуулийг буруу ойлгож, буруу хэрэглэж, Монгол Улсын шүүхээр баталгаажсан эвлэрлийн гэрээг хуульд нийцээгүй гэж байгаа нь шүүхийг хянадаг мэтээр үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Энэ тушаалаар хуулийн зөвлөх болсноос хойш жилийн дараа хэлтсийн дарга байхдаа зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн анхан шатны шаардлага хангахгүй тушаалыг гаргасан. Иймээс хуулийг буруу хэрэглээгүй, нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. *******ын даргын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/II/42 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3.6, 14.3.20, хөдөлмөрийн гэрээний 5.3.5, дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з”, “и” заалт, 24 дүгээр зүйл, шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэн Хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх ******* нь Хууль зүйн албаны хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа ХНН *******, ******* нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 407 дугаартай байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу *******-иас тус нийгэмлэгийн ******* банкны ******* тоот дансанд 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хуваарьт төлбөрийн дагуу төлөгдсөн 100,000,000 төгрөгийг *******-ийн тээврийн төлбөрт тооцуулан шилжүүлэхийг шаардсан нь Нийгэмлэгийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, өөрт олгогдоогүй эрх үүргийг хэрэгжүүлж, албан бус харилцаа үүсгэн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тогтоогдож, хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д заасан эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон итгэмжлэлийн дагуу шүүх, хууль хяналтын болон бусад байгууллагад Нийгэмлэгийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хууль ёсны төлөөлөгчөөр оролцох, хуулийн дагуу Нийгэмлэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлээгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, итгэмжлэлийг Нийгэмлэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн шударгаар, зохих журмаар хэрэгжүүлээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс цуцалж, мөн өдрөөс Хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөхийн албан тушаалаас бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулж, Политехник коллежийн сургалтын менежерээр ажиллуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 3-4, 62-62/
4. Дээрх тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, *******ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан боловч талууд тохиролцоогүйн улмаас уг ажиллагааг дуусгавар болгосон 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлийг 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гардан авч, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, мөн тус ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэлийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гардан авч, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.6, 154.8 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.
5. Мөн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
5.1. Талуудын хооронд 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч нь Хууль зүйн албаны шүүхэд төлөөлөх, гэрээ эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан ба түүний хүсэлтийг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр дээрх ажлын байран дахь хөдөлмөрийн гэрээг цуцалж, улмаар мөн өдрөөс Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн албан тушаалд томилжээ. /1хх-ийн 79-84, 194 дүгээр тал/
5.2. Улмаар, талууд 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөхийн албан тушаалд ажиллаж байжээ. /1хх-ийн 172-176 дугаар тал/
5.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2024/01462 дугаартай захирамжаар уригдагч тал ******* нь 2,878,780,000 төгрөгийг өргөдөл гаргагч *******д төлөхийг зөвшөөрч, 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 20-ны өдрийн дотор 479,796,666 төгрөгийг төлөх, үлдэгдэл 479,796,670 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх, ******* нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэх хүртэл хугацаанд тус компанийн эзэмшлийн 100 хоосон чингэлэг, нүүрстэй 100 чингэлэг, тавцант 50 вагоныг барьцаалуулах, дотоодын болон БНХАУ руу экспортын төмөр замын тээвэрлэлт ашиглах зэрэг үүрэг хүлээж, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан талуудын эвлэрлийн гэрээг баталжээ. /1хх-127-130 дугаар тал/
5.4. Дээрх хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ыг төлөөлж Хууль зүйн албаны хэлтсийн дарга *******, хуулийн зөвлөх *******, тээвэр зохион байгуулалтын албаны тээврийн гэрээ хариуцсан инженер *******, олон улсын тээврийн харилцаа, акт гомдол, эрсдэлийн инженер ******* нарыг оролцуулахаар 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр итгэмжлэл олгосон байх ба 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд *******ыг төлөөлж ******* гарын үсэг зурсан. /1хх-126, 134-136 дугаар тал/
6. Ажил олгогчийн зүгээс дээрх эвлэрлийн дагуу төлбөр төлөх үйл ажиллагаатай холбогдуулан хуулийн зөвлөх ******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж саад учруулж, төлбөр төлөгдөөгүй гэх асуудлын хүрээнд 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамж гаргаж, уг удирдамжийн дагуу явуулсан шалгалтаар 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/II/42 дугаар тушаалд дурдсан зөрчлүүдийг буюу нэхэмжлэгч нь Хууль зүйн албаны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа гаргасан гэх зөрчлүүдийг илрүүлсэн гэжээ. /1хх-131-133, 137-147 дугаар тал/
6.1. Гэтэл талууд 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан Хууль зүйн албаны хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөс Хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөхийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгчийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 13, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрүүдэд гаргасан гэх зөрчлийг хуулийн зөвлөхийн ажлын байранд ажиллаж байхдаа гаргасан зөрчилд хамааруулж, уг ажлын байрны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.4 дэх хэсэгт нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалд баримталсан хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д заасан зөрчил нь хуулийн зөвлөхийн хөдөлмөрийн гэрээний зөрчилд хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил, сахилгын шийтгэл хоорондоо шалтгаант холбоогүй гэж дүгнэнэ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа гаргасан гэх зөрчлүүдийг тогтоогдсон эсэх талаар шүүх дүгнэх шаардлагагүй байжээ.
7. Түүнчлэн, ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааг баримтлах учиртай. Энэ хугацааг хэтрүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт зөв.
Учир нь нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 13, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрүүдэд хамаарч байх тул зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй бөгөөд уг зөрчлийг хожим илрүүлсэн нь дээрх хугацааг зөрчих үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхино.
8. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа гаргасан гэх зөрчилд холбогдуулан хуулийн зөвлөхийн албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн сахилгын зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцээгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон нь үндэслэл бүхий болжээ.
Харин сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж, нэхэмжлэгчийг эгүүлэн ажилд нь томилсон тул цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Иймд шүүх бие даасан шаардлага гэж тодорхойлоогүйг буруутгахгүй.
10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00518 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА