Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00905

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01258 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

100,000,000 төгрөг гаргуулах үндсэн,

264,865,796 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******-ийн өмчлөлийн ******* тоот орон сууцыг компаниас олгосон зөвшөөрлийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр барьцаалж *******аас 150,000,000 төгрөгийг зээлж, 100,000,000 төгрөгийг *******-д, 50,000,000 төгрөгийг *******д шилжүүлсэн байсан. Бид *******гаас авсан 100,000,000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулсан.

1.2. Гэтэл ******* нь *******д шилжүүлсэн 50,000,000 төгрөг болон компанийн төлсөн 100,000,000 төгрөгийг *******т өгөөгүйгээс зээлийн барьцааны зүйл болох орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ******* нэр дээрээ гаргуулсан. Үүнийг мэдээд *******, ******* нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, *******, ******* нарын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг өмчлөх эрхийг *******-д шилжүүлэн бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах, *******д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/00901 дугаар шийдвэр, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2022/00988 дугаар магадлал гарч, манай компанийг *******гаар дамжуулан *******ын зээлийн төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг төлөөгүй гэж үзэж, *******т манай компаниас 105,000,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар *******гаас үндэслэлгүйгээр олж авсан 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлд хавсаргасан шүүхийн шийдвэрт ******* 41,500,000 төгрөгийг, мөн Вива сити хотхоны 45,000,000 төгрөгт тооцож хүлээн авснаа зөвшөөрдөг ба нийт 86,500,000 төгрөгийг *******т буцаан төлөгдсөн гэж үзэхээр байна.

2.2. *******, ******* болон *******-ийн хооронд 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Өглөг авлага барагдуулах гэрээ”-ний гүйцэтгэгч ******* нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ******* төслийг хэрэгжүүлэгч *******-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч байсан. Энэ гэрээгээр *******аас авсан зээлийн төлөгдөөгүй төлбөрийг 100,000,000 төгрөг, ...бүх төлбөрт нийт 1,595,589,000 төгрөг болсон ба уг төлбөрт *******ын *******-ийн хувьцааны 60 хувийг эзэмших, төслийг бүхэлд нь барьцаанд авах, хамтран үүрэг гүйцэтгэгч нар төлөлт хийсэн тохиолдолд төслийг хэсэгчлэн барьцаанаас чөлөөлөх талаар гэрээгээр тохирсон. Энэ гэрээг үндэслэн *******-ийн 49 хувийн хувьцааг *******-ийн захирал ******* өөрийн нэр дээр авахаар *******тай 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан.

*******, ******* нарын нийт өр авлагыг тооцоод 1,595,589,000 төгрөг гэж гэрээ байгуулан, *******ын компанийн хувьцааг өөр дээрээ шилжүүлж авчихаад дахин 100,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. *******-ийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байхдаа барилгын материал худалдан авах, цахилгаан тог, ус дулааны мөнгө төлөх, иргэн аж ахуйн нэгжүүдээс авсан зээлийн эргэн төлөлтийг өөрийн мөнгөнөөс хийж байсан.

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл *******-ийн өмнөөс бусдад төлөх ёстой ажил гүйцэтгэх гэрээний хөлс, цахилгааны төлбөр, зээлийн төлбөрт төлсөн нийт 264,865,796.70 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Компанийн өмнөөс төлбөр төлсөн асуудал байхгүй, компанийн удирдлагын зүгээс төл гэсэн үүрэг өгөөгүйгээс гадна санхүү эрхэлсэн орлогч захирлын ажил үүргийн хуваарьт үүрэг болгоогүй.

4.2. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй ба хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Анхан шатны санхүүгийн баримтууд болох кассын зарлага болон бэлэн мөнгөний тайлангаар *******гийн бараа материал, бусад зардалд төлсөн мөнгийг компани бүрэн төлсөн.

4.3. *******гийн дансны хуулга 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн байдаг ба нэхэмжлэлийн шаардлага нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн гарсан зардлыг шаардсан нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 100,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-аас 117,686,554 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлээс 147,179,242 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,482,279 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******гаас 657,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д, нэхэмжлэгч *******-аас 747,383 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2018 оны 9 дүгээр сараас *******-ийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан ба энэ хугацаанд компаниас 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ******* төслийн барилгаас 199 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцсон байсан, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө буцаан нэхэмжилж байна гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Гэтэл анхан шатны шүүх *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хоорондоо харилцан холбоогүй атал үндсэн нэхэмжлэлтэй нэг төрлийнх буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч харилцан тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх ******* болон ******* нарын хоорондын харилцааг тодорхойлж дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

6.2. *******, ******* нар 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01/395 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, ******* хороололд байрлах ******* орон сууцны барилгын ******* тоот 183,4 м.кв орон сууцыг 857,395,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. *******тай байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г цуцалсан тул ******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргаж, *******-аас санхүүжүүлсэн урамшуулал 66,649,849 төгрөг гаргуулах, барилгын гүйцэтгэлийн урамшуулал 71,233,500 төгрөг, орон сууцны дотоод засал болон тавилгын үнэ 119,651,690 төгрөг, нийт 257,353,039 төгрөг гаргуулахаар шаардсан, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны дотоод засал болон тавилгын үнэ 119,651,690 төгрөгийг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн тухайн гэрээтэй холбоотой маргаан дуусгавар болсон.

******* болон ******* нарын хоорондын харилцаа нь гэрээний эрх зүйн харилцаа бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хугацаа хамаарах юм. Мөн ******* нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******гаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 317,300,619 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 302,300,619 төгрөгийг хангаж 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Зохигчид орон сууцны гэрээ, үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой маргаан үүсгэж шүүхээр шийдвэрлүүлж байх үед ******* нь сөрөг нэхэмжлэлээр шаардсан төлбөрөө шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу компанид гомдлын шаардлага гаргаж байгаагүй нь компанийн мөнгийг ажил үүргийн хуваариар өөрийн дансанд төвлөрүүлэн компанийн бусдад төлөх төлбөрийг төлж байсантай холбоотой юм.

6.3. ******* ямар нэгэн байдлаар тус компанийн өр төлбөрийг сайн дураар, өөрөө мэдэж буюу андуурч төлөөгүй юм. Компани тухайн үед харилцах данс битүүмжтэй байсны улмаас бэлэн мөнгөөр орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байсан, *******д бусдад төлөх төлбөрийг бэлэн мөнгөөр өгч байсан нь бэлэн мөнгөний зарлагын тайлан, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, гэрч нягтлан бодогч *******ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байхад Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг хэрэглэсэн атлаа мөн зүйлийн буюу 496.3.2 дахь заалтыг орхигдуулж баримтаар нотлогдоогүй байхад зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн илт нэг талыг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Зохигчдын хоорондын харилцаанаас үүссэн төлбөрийг нарийвчлан тогтоогоогүй бусдын зардлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй юм.

6.4. ******* ямар зардлыг хариуцан гаргасан тухайгаа *******-д ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй, төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж гомдлын шаардлага гаргаж байсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд энэ тухайгаа нотлоогүй юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн, зохигчдын хоорондын эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, хөөн хэлэлцэх хугацааг буруу тодорхойлсон, хуульд заасан үндэслэлээр гомдлын шаардлага гаргаж байгаагүй шаардах эрхээ алдсан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл нь хоорондоо уялдаа холбоотой болохыг анхан шатны шүүх зөв тогтоож, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодит байдалд үндэслэн дүгнэлт хийсэн. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийт 264,865,796 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болохыг анхан шатны шүүх тогтоож, бодитойгоор үнэлсэн. 

7.2. Хариуцагч тухайн байгууллагаас 100,000,000 төгрөг нэхэмжилж буй хугацаанд санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд өөрөөс гаргасан мөнгөн хөрөнгүүдтэй холбоотой асуудлыг сөрөг нэхэмжлэлээр хамтад нь гаргаж, нэг мөр шийдвэрлүүлэх нөхцөл бүрдсэн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд анхан шатны шүүх Иргэний хуульд заасан 10 жилийн хугацааг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл *******-ийн өмнөөс бусдад төлөх ёстой ажлын хөлс, цахилгааны төлбөр, зээлийн төлбөрт төлсөн нийт 264,865,796.70 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн барилгын материал худалдан авах, цахилгаан тог, ус, дулааны төлбөр, иргэн, аж ахуйн нэгжүүдээс авсан зээлийн болон ажил үйлчилгээний төлбөрийг өөрийн мөнгөн хөрөнгөөс төлж байсан” гэх агуулгаар тодорхойлсон.

3. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн хүрээнд маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлтэйгээ холбогдуулан ******* дахь өөрийн эзэмшлийн ******* дугаартай харилцах дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хооронд гарсан *******-д холбогдох гэх зарлагын дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлжээ.

Гэтэл дээрх хугацаанд хариуцагчийн дансанд зээл олгов, зээл, орлого, 121b, 121w төлбөр, орчлонгоос гэх мэт утгаар, мөн мөнгөний автомат машинаас /АТМ/ их, бага хэмжээгээр тогтмол орлого орсон байх ба энэ талаар анхан шатны шүүх талуудаас тодруулж, мэтгэлцүүлээгүйгээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

Дээрх маргааны хүрээнд талуудын хэн аль нь ******* өөрийн болон *******-ийн өмнөөс бусдаас зээл авах байдлаар тус компанийн хэрэгжүүлж байсан төслийн үйл ажиллагаанд зарцуулж байсан, тухайн үед *******-ийн данс битүүмжтэй байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан байх ба эдгээр зээлийг буцаан төлж байсан гэх тайлбарыг мөн нэхэмжлэгч тал гаргажээ.  

Энэ тохиолдолд хариуцагчийн дансанд орсон орлогын эх үүсвэрийг тодруулж, *******-д хамаарах зээлийн эх үүсвэрт хамаарах эсэх, үүнд хамаарах бол хэн, хэзээ, хэнээс хэдэн төгрөгийн зээл авсан болох, уг зээлийг хэн, хэзээ, хэрхэн төлсөн эсэхийг тодруулах нь маргааны зүйл байжээ.  

4. Шүүх талуудыг мэтгэлцээнд чиглүүлж маргаанд хамаарал бүхий үйл баримтын талаар тодруулснаар маргааны зүйл болон нотолгооны үүргийн хуваарилалт тодорхой болж, талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх замаар мэтгэлцэх зарчим хэрэгжих учиртай. Иймд маргааны зүйлийн талаар зохигчийг мэтгэлцүүлээгүй гэж үзнэ.  

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 746,382 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ч.МӨНХЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                           Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                               Т.ГАНДИЙМАА