Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00910

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/02898 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******д холбогдох, 

Түрээсийн төлбөр болон алданги 10,195,000 төгрөг гаргуулах үндсэн,

Барьцаа 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2024 оны 12 сар, 2025 оны 1-3 сарын түрээсийн төлбөр 5,700,000 төгрөг, алданги 2,565,000 төгрөг, цахилгааны төлбөр 1,930,000 төгрөг нийт 10,195,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүйтэрч, паар болон галлах пийшингүйн улмаас ашиглаагүй, түлхүүрээ ав гэж хэлсэн боловч ирээгүй гэж маргаж, барьцаа 2,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. ******* нь *******тай 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, 211 м.кв талбайтай хувийн сууцыг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2029 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай дэлгүүрийн зориулалтаар ашиглуулахаар шилжүүлэх, ******* нь сар бүрийн 1-нд эхний 6 сард сар бүр 1,200,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөг төлөх, барьцааны зүйлд 2,000,000 төгрөг барьцаалуулах үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 10-11 дүгээр тал/

3.2. Дээрх гэрээний дагуу хариуцагч 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 6,800,000 төгрөг төлсөн, үүний 2,000,000 төгрөгийг барьцааны зүйлд тооцсон талаар зохигч маргаагүй. /хх-30-36 дугаар тал/ 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан түрээсийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

4.1. Түрээсийн гэрээг хууль болон гэрээнд заасан үндэслэлээр цуцлах бөгөөд энэ талаар гэрээний нэг тал нь гэрээний нөгөө талдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдэнэ. 

Ийнхүү гэрээ цуцлах талаар мэдэгдсэн хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан.

Хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн зүйлийг ашиглаагүй, түлхүүрээ ав гэж мэдэгдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байна. Иймд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч ирээгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, энэ талаарх гомдол хангагдахгүй. 

5. Хэргийн баримтаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээ цуцлагдаж дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч түлхүүрээ авсан” гэсэн тайлбарыг үндэслэн түрээсийн зүйлийг буцаан өгсөн хугацааг тодорхойлж, дээрх хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байхаас гадна Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт нийцжээ. 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсноор түрээсийн зүйлийг буцааж өгөх нь түрээслэгчийн үүрэг бөгөөд ийнхүү буцааж өгөх хүртэл хугацаанд түрээсийн зүйлийг өөрийн буруугаар ашиглаж чадаагүй нь түрээсийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй. 

6. Иймд анхан шатны шүүх талуудын гэрээгээр тохиролцсон нэг сарын түрээсийн төлбөрийн хэмжээгээр 2024 оны 12 сар, 2025 оны 1 сарын түрээсийн төлбөрийг тус бүр 1,200,000 төгрөг, 2025 оны 2 сарын түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг, 2025 оны 3 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр 750,000 төгрөг /1,500,000:2/ нийт 4,650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болсон.

7. Түүнчлэн гэрээний 3.6-д “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж талууд тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тохиролцоонд нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж шүүх зөв дүгнэсэн. Улмаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн талаар зөв дүгнэж, алдангид 2,325,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс цахилгааны төлбөр 1,930,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчмыг үндэслэн дээрх шийдлийг хэвээр үлдээнэ.

9. Талуудын байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулах шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг болох 6,975,000 төгрөгөөс /4,650,000 + 2,325,000/ барьцаа 2,000,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас 4,975,000 төгрөг гаргуулах нь мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцнэ.

Иймд анхан шатны шүүх барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байхад Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болсон гэж дүгнэж, барьцааны зүйл болох 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсон. Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэл хангагдахгүй боловч үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцно.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/02898 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас 4,975,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,220,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******д холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай *******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                             ШҮҮГЧИД                                             Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                                                           Т.ГАНДИЙМАА