Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1038

 

 

  

 

 

 

 

  

 

2016 оны 10 сарын 24 өдөр          Дугаар 181/ШШ2016/01038            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Бэлхийн 36-276 тоотод бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2-40 мянгатын 37-1-15 тоотод оршин суудаг гэх, Боржигон овогт Лувсанбалдангийн Оюунбилэг /РД:ХБ67102868/-ын нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36-278 тоотод оршин суух, Бэсүд овогт Лхасүрэнгийн Батчимэг /РД:ЧР87052609/-д холбогдох,  

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,572,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Оюунбилэг, хариуцагч Л.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2011 онд Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36-278 тоот хашаа байшин, газар, гаражийг Л.Батчимэгийн ээж, аав болон Л.Батчимэгтэй тохирч 70,000,000 төгрөгөөс ярьж, 65,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний төлбөрийг төлүүлэх зорилгоор нөхөр У.Батсайхан Эрэл банкнаас 20,000,000 төгрөгийн зээлийг авч, 5,000,000 төгрөгийг бид байрны урьдчилгаа гэж аваад 15,000,000 төгрөгийг Л.Батчимэгийн ээж н.Эрдэнэцэцэгт өгсөн.

Эднийд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байсан тул зээл авч өгсөн бөгөөд уг мөнгийг өсгөснөөр байрны үнийг төлөх байсан.

Бид 5,000,000 төгрөг авч 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байрандаа оруулсан боловч хариуцагч талаас өөр мөнгө өгөөгүй. Эрэл банкнаас нөхөр У.Батсайханы нэрээр авсан зээлийг Л.Батчимэгийнхэн хуваарийн дагуу төлж барагдуулсан.

2012 онд байранд гал гарч 2 давхар нь тэр чигээрээ шатсан ба тэнд байсан бүх зүйл шатсан. Үүнээс болж манайд 10,000,000 гаран төгрөгийн хохирол учирсан бөгөөд эднийх байр авах хэвээр байсан тул дахин Хас банкнаас зээл хөөцөлдөж, бид цахилгаан бараа, машин зэргээ барьцаалж, нөхөр У.Батсайханы нэрээр 29,000,000 төгрөгийн зээл авсан.

У.Батсайхан банкнаас зээлсэн 29,000,000 төгрөгөө тэр чигээр нь Л.Батчимэгийн ээжид өгсөн бөгөөд эднийх уг мөнгөнөөс бидэнд 2,800,000 төгрөг өгч, үлдсэнийг нь гутал хийдэг ажилдаа зарцуулаад олсон мөнгөөрөө банкны зээлийг төлж, ашгаараа байшингийн үнийг төлөх байсан.

Гэтэл байшингаа авах нь битгий хэл Хас банкны зээлийг бага багаар төлж байснаа ч төлөхөө больж, банк бидэн рүү ярьж, мөнгө шаардсанаар 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн хугацаа дуусаж, үлдэгдэл нь 2,300,000 төгрөг болсныг бид арга буюу хүнээс мөнгө зээлж, хүүгийн хамт нийт 3,512,697.94 төгрөг төлж, зээлийг хаасан.  

Бид эдний өмнөөс Хас банкинд зээл, хүү гэж 3,572,000 төгрөг төлсөн тул энэ мөнгийг Л.Батчимэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид У.Батсайхан ахтай ярьж тохироод эдний байшинг 65,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон бөгөөд У.Батсайхан ах эхлээд Эрэл банкнаас 20,000,000 төгрөгийг зээлж, бид уг мөнгөний 5,000,000 төгрөгийг түүнд өгч, үлдэх 15,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө гэж авсан. Бидэнд байшингийн үнийг төлөхийн тулд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байсан учир банкнаас зээл авахуулсан. Энэ зээлийг У.Батсайханы өмнөөс 2012 оны намар гэхэд Эрэл банканд төлж дууссан.

Дахин 2012 оны намар 29,000,000 төгрөгийн зээлийг У.Батсайхан ахаар Хас банкнаас авахуулж, түүнээс 2,800,000 төгрөгийг У.Батсайхан ахад өгч, үлдэх мөнгийг эргэлтийн хөрөнгө болгож авсан. Бид зээлийг бага багаар төлж байтал аав маань нас барж, бидний бүх төлөвлөгөө нурсан. Ингээд байшин авах мөнгөө хуримтлуулж чадаагүй бөгөөд Хас банкны зээлээс 2,300,000 төгрөгийг төлөлгүй үлдсэн нь үнэн.

Бид байшингаа буцааж өгсөн бөгөөд У.Батсайхан, Л.Оюунбилэг нарт 5,000,000 төгрөгөөс эхлээд 2011 оны 11 дүгээр сараас 2014 оны 6 дугаар сар болтол сар бүр 400,000 төгрөг төлж байсан бөгөөд нийт 16,700,000 төгрөг өгсөн учир нэмж мөнгө төлөх боломжгүй гэж үзэж байгаа. Хэрэв шүүх төл гэвэл би төлнө гэв.

 

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Оюунбилэг нь хариуцагч Л.Батчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 3,572,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Ө.Эрдэнэцэцэг, П.Лхасүрэн болон Л.Оюунбилэг, У.Батсайхан нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байр худалдсан тухай гэрээ, П.Лхасүрэн, Ө.Эрдэнэцэцэг, Л.Батчимэг болон У.Батсайхан, Л.Оюунбилэг нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр байр худалдсан тухай гэрээ тус тус байгуулагдсан ба 2 гэрээгээр худалдагч У.Батсайхан, Л.Оюунбилэг нар Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36-276 тоотод байршилтай хашаа, байшинг худалдах, худалдан авагч П.Лхамсүрэн, Ө.Эрдэнэцэцэг, Л.Батчимэг нар 65,000,000 төгрөгийн үнийг төлөхөөр харилцан тохиролцсон ба талууд үнийг хэрхэн төлөх талаар гэрээндээ тусгасан байна.

 

Эдгээр гэрээний үндсэн дээр У.Батсайхан нь Эрэл банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авч, 15,000,000 төгрөгийг худалдан авагч талд шилжүүлсэн, мөн Хас банкнаас 29,000,000 төгрөгийн зээл авч 26,200,000 төгрөгийг худалдан авагч талд шилжүүлсэн байх ба уг зээлүүдийн эргэн төлөлтийг худалдан авагч тал зохих хуваарийн дагуу банканд төлж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хас банкны зээлийн үлдэгдэлд 2,300,000 төгрөг дутуу төлөгдсөн гэх үндэслэлээр зээлийн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт 3,572,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь 2,300,000 төгрөгийн үлдэгдэлд маргаагүй, харин нэхэмжлэгч талд нийт 16,700,000 төгрөг төлсөн үндэслэлээр одоо дахин төлбөр төлөх боломжгүй гэж маргасан.

 

Зохигчдын хооронд үүссэн маргаан нь худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардсан байх тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээнд хамаарах шаардлага гэж үзлээ.

                                                                                            

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээ байгуулагдсанд тооцогддог.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.Оюунбилэг нь хариуцагч Л.Батчимэгт мөнгө шилжүүлж өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүх Л.Оюунчимэгийг Л.Батчимэгээс зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Хэдийгээр Хас банкаас У.Батсайхан зээл авч шилжүүлсэн, зээлийн үлдэгдэл 3,572,000 төгрөгийг У.Батсайхан Хас банканд төлсөн байдалд талууд маргаагүй боловч У.Батсайханаас өөрийн нэрийн өмнөөс зээлийг шаардаж авах эрхийг Л.Оюунбилэгт олгоогүй, шаардах эрхээ Л.Оюунбилэгт шилжүүлснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Л.Оюунбилэг нь өөрийгөө өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр солихыг шүүхэд зөвшөөрөөгүй тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, Л.Батчимэгээс 3,572,000 төгрөг гаргуулахыг хүссэн Л.Оюунчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Л.Батчимэгээс 3,572,000 төгрөг гаргуулах тухай Л.Оюунбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА