Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00916

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/02496 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******-д тус тус холбогдох,

******* хотхоны А блок, 2 дугаар орц, 3 дугаар давхарт байрлах, 57,79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр *******-тай Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны А блок 2 дугаар орцны 3 давхрын 57,79 м.кв талбайтай, /D орон сууц/ 2 өрөө орон сууцыг захиалж, тэр өдөртөө тухайн орон сууцны үнэ болох 124,000,000 төгрөгийг *******-д шилжүүлж, захиалгат орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. ******* нь 2020 оны 0******* сарын 20-ны өдөр барилгын захиалагч *******-тай Хан-Уул дүүрэг дэх ******* хороонд байрлах *******-ийн 130 айлын орон сууцны барилгын угсралт ба гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний гүйцэтгэлийн хөлсийг тооцохдоо гэрээний нийт үнэ болох 12,283,447,000 төгрөгийн 10 хувь буюу 1,283,544,700 төгрөгийг бэлнээр, үлдэх 90 хувийн ажлын хөлсийг бартераар /баригдсан орон сууцнаас/ төлөхөөр тохиролцсон.

Харин, 2023 оны 11 сарын сүүлээр *******-ийн барьсан Хан-Уул дүүрэг дэх ******* хороонд байрлах ******* хотхоны 130 айлын орон сууцны барилгын угсралтын ажил дуусаж, ашиглалтад оруулах явцад ******* хотхоны төслийг хэрэгжүүлэгч, тухайн барилгуудын ерөнхий захиалагч гэх ******* нь миний захиалан бариулсан ******* хотхоны А блок 2 дугаар орцны 3 давхрын 57,79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орон сууц захиалгын гэрээгээр гэж хүнд худалдаж, түүнийг тухайн 2 өрөө орон сууцанд оруулж, миний эрхийг ноцтой зөрчсөн. Миний орон сууцны төлбөрт төлсөн 124,000,000 төгрөг тухайн барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилт болж, тухайн барилга баригдсан байхад хотхоны төсөл хэрэгжүүлэгч, ерөнхий захиалагч гэх компани өөр бусадтай давхар захиалгын гэрээ байгуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд миний эрхийг зөрчиж байна. Иймд, *******-аас дур мэдэн гэж хүнд худалдсан, ******* хотхоны А блок 2 дугаар орцны 3 давхрын 57,79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг ******* миний бие өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

******* хотхоны А блок 2 дугаар орцны 3 давхрын 57,79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг бид ******* хотхоны ерөнхий гүйцэтгэгч *******-д ажлын гүйцэтгэлийн хөлсөнд төлбөр болгож өгсөн ба тус орон сууцны өмчлөгч *******-ийн албан хүсэлтийн дагуу гэдэг хүнд шилжүүлсэн болно. Манай *******-ийн зүгээс нэхэмжлэгч *******тай орон сууц захиалгын гэрээ байгуулж байгаагүй ба нэхэмжлэгч талд төлөгдөх ёстой ямар нэгэн өр төлбөр байхгүй. Мөн ******* хотхоны барилгын ажил гүйцэтгэгч нь ******* байсан ба *******-тай манай ******* нь ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй болно. Иймээс нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй хийгээд үнэнд нийцэхгүй байх тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь *******-тай 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/03/20/04 дугаар бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 124,000,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр *******-д шилжүүлсэн. Харин, хариуцагч *******-тай аливаа гэрээ байгуулж, орон сууцны төлбөр төлөөгүй байдаг тул дараах үндэслэлээр ******* нь ******* хотхоны А блок 2-р орц, 3 давхрын 57.79 м.кв талбайтай, D орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээгээгүй гэж үзэж байна. ******* нь Хан-Уул дүүрэг ******* хороонд байрлах *******-ийн 260 айлын орон сууцны барилгын угсралт ба гадна тохижилтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч *******-тэй 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20/06 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээтэй холбогдуулан, ******* 260 айлын орон сууцны барилгын 2 дугаар барилга буюу А блок 130 айлын 13 давхар орон сууцны барилгын угсралт болон гадна тохижилтын ажлыг гүйцэтгэгчийн санхүүжилтээр гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгч болох *******-тай 2020 оны 0******* сарын 20-ны өдрийн ХД-06-20 дугаар бүхий Хан-Уул дүүрэг ******* хороонд байрлах *******-ийн 130 айлын орон сууцны барилгын угсралт ба гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус ажил гүйцэтгэх гэрээний 3.1, 3.2-т нийт ажлын хөлс 12,835,447,000 төгрөг, үүнээс 1,283,544,700 төгрөгийг бэлнээр, 11,551,902,300 төгрөгийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулан, талууд нэг үл хөдлөх эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд давхардуулан худалдаж, давхцал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бартераар авах баригдаж буй барилгын үл хөдлөх эд хөрөнгийг аливаа этгээдэд орон сууц захиалгын гэрээ байгуулах тохиолдолд заавал ерөнхий гүйцэтгэгч болох *******-д бичгээр мэдэгдэх, ерөнхий гүйцэтгэгч нь захиалагч *******-д бичгээр мэдэгдэж, зөвшөөрөл авахаар тохиролцсон байдаг. Гэвч туслан гүйцэтгэгч ******* нь А блок 2 дугаар орц, 3 давхрын 57.79 м.кв талбай бүхий D орон сууцыг захиалгын гэрээгээр бусдад худалдах эрхгүй ба гэрээ байгуулсан, тухайн орон сууцны төлбөрийг авсан талаар огт мэдэгдээгүй, манайхаас ч зөвшөөрөл аваагүй. Захиалагчийн зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэгч гуравдагч этгээдтэй орон сууц захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын төсөлд гуравдагч этгээдтэй зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулах эрхгүй бөгөөд захиалагчийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулж, төлбөр авч байгаа нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй буюу залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэж байна. Иймээс хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* хотхоны А блок, 2 дугаар орцны 3 давхар 57,79 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх барилгын захиалагч *******, ерөнхий гүйцэтгэгч ******* болон туслан гүйцэтгэгч ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг борлуулах, хөрөнгө босгох, гүйцэтгэлээ санхүүжүүлэх эрх туслан гүйцэтгэгч *******-д байсан эсэх, тэрээр түүнийг *******т борлуулсан нь захиалагч, ерөнхий гүйцэтгэгчийн эрхийг болон гэрээгээ зөрчсөн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр, мөн энэ талаар хариуцагч нар үндэслэл бүхий мэтгэлцэхгүй, маргахгүй байхад нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******ын ******* болон *******-нуудыг хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Харин, анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт өгөөгүй, өгөхийг хүсээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь шийдвэр үндэслэлгүй болох, буруу буюу дутуу дүгнэлт хийх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

5.2. Хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талууд зөвхөн мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.

Хариуцагч ******* болон ******* нар нь туслан гүйцэтгэгч ******* маргаан бүхий орон сууцанд захиалга авах эрхгүй, борлуулах эрхгүй, *******тай 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан орон сууцны захиалгын гэрээ нь хүчингүй, үндэслэлгүй гэж мэтгэлцэхгүй, маргахгүй байгаад шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүй байгаа нь мөн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр, бартераар *******-д захиран зарцуулах, борлуулах, барилгын ажлын гүйцэтгэлд зориулж хөрөнгө босгох эрх нь шилжиж ирсэн орон сууцны хувьд тус компани *******тай гэрээ байгуулсан нь үндэслэлтэй бөгөөд энэ нөхцөл байдлыг няцаахгүй, эсэргүүцэхгүй байгааг нэхэмжлэлийн тухайн үндэслэл, шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэл байгаад шүүх дүгнэлт мөн хийгээгүй.

5.3. ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, дээрх баримтуудыг нэгтгэж дүгнэвэл маргаан бүхий 2 өрөө орон сууц 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бартераар, барилгын ажлын санхүүжилтийн төлбөр тооцоонд, гэрээний үндсэн дээр туслан гүйцэтгэгч *******-ийн захиран зарцуулах, санхүүжилт, хөрөнгө босгох эрхэд шилжсэн, түүнийг тус компани борлуулах, хөрөнгө босгох бүрэн эрхтэй байна. Нэхэмжлэгч *******тай тус компани гэрээ байгуулахдаа гэрээний төлбөрийг барилгын лифт худалдан авахад зориулна гэж тайлбарлаж байсан.

Харин, туслан гүйцэтгэгч ******* гүйцэтгэлийн төсвийг хэтрүүлсэн, ихээхэн хэмжээний өр төлбөртэй байгаагаас шалтгаалж *******, ******* нар нь нөхцөл байдлын хувьд давуу байдлаа ашиглан, ******* А блок 2 дугаар орц 3 давхар D загвар 57,79 м.кв 2 өрөө орон сууцыг давхар бусдад /д/ худалдсан нь өөрсдийн үйл ажиллагааны эрсдэлийг багасгах зорилготой байна гэж дүгнэхээр байна. Гэтэл аливаа барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч нар нь Барилгын тухай хуульд заасны дагуу гүйцэтгэлийн бүх үе шатанд хяналт тавих үүрэгтэй бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүйгээс болж туслан гүйцэтгэгч гүйцэтгэлийн төсөв хэтрүүлсэнд шударга захиалагчийг буруутгах, түүнтэй байгуулсан гэрээг цуцлах, эсхүл тэр гэрээнээс татгалзах боломжгүй юм.

Хэдийгээр маргаантай ч гийн, тоот хувийн дансанд шилжүүлсэн 134,000,000 төгрөгийг ******* авсан гэж үзвэл тус компани ******* хотхоны А блок барилгын хувьд ажил гүйцэтгэхгүйгээр, гүйцэтгэлийг шилжүүлэн гэрээ байгуулах явцдаа 481,456,000 төгрөгийн ашиг гаргасан нь *******-ийн гүйцэтгэл, төсөв хэтрэлтэд шударга бусаар нөлөөлсөн, улмаар захиалагч ******* болон ерөнхий гүйцэтгэгч ******* нар нь нөхцөл байдлын хувьд давуу байдлаа ашиглан, үндэслэл бүхий гэрээ хэлцлийг үл хэрэгсэн, ямар нэг үндэслэлгүйгээр шударга захиалагчийг хохироох нөхцлийг зориуд бүрдүүлж, той гэрээ байгуулсан байна гэж дүгнэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Туслан гүйцэтгэгч *******-тай ******* нь 2022 оны 0******* сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 10 хувийг нь бэлнээр үлдсэн 90 хувийг нь бартераар төлөхөөр тохиролцсон. Маргаан бүхий байрыг олгосон гэж тайлбарладаг нь худал.

*******-тай гэрээ байгуулаад, 20 гаруй этгээдийг хохироосон гэх маргаан үүсгэсэн байдаг. Манай компанийн зүгээс хохирогч нартай уулзсан, тухайн үед нэхэмжлэгч нь *******-ийг гэрээ байгуулах эрхгүй байсан талаар мэдсэн. Гэтэл одоо ******* нь гэрээ байгуул гэсэн гэх тайлбар гаргаж байна. Шүүхэд үнэн бодит тайлбар гаргаасай гэж хүсэж байна. Барилгын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барилга баригдаж байх явцад барилгын гадна талбайд зураг төслөө тавьсан, тухайн барилгын захиалагч болон гүйцэтгэгчийн талаар мэдээлэл нийтэд илэрхий байсан. Нэхэмжлэгч нь гэрээнд хамааралгүй, оролцоогүй этгээдүүдээс гэрээний үүргээ шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, тухайн байрны өмчлөгч болох нь шударга эзэмшигч болсон байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч *******-аас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан ******* хотхоны А блок, 2 дугаар орц, 3 дугаар давхарт байрлах, 57,79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч бид нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, хариуцагч биш гэж маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч *******ыг хариуцагч нартай орон сууцны захиалгын гэрээг хийсэн эсэх талаар маргасан байна.

 

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ...*******ын захиалж, төлбөрийг төлсөн Хан-Уул дүүрэг, хороо /хуучнаар ******* хороо/, ******* хотхоны А блок 2 дугаар орцны 3 давхрын /D загварын орон сууц/, 57,79 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөлийн шилжилт хөдөлгөөн, өөрчлөлт хийхгүй байхыг хариуцагчид даалгах, мөн дээрх орон сууцны өмчлөл, шилжилт хөдөлгөөний талаарх дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ./хх51-52/

 

3.2. Уг хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/03643 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хан-Уул дүүрэг, хороо /хуучнаар ******* хороо/, ******* хотхоны А блок 2 дугаар орцны 3 давхрын /D загварын орон сууц/, 57,79 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөл, шилжилт хөдөлгөөний талаарх дэлгэрэнгүй лавлагааг тус тус нотлох баримтын шаардлага хангуулан, тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна. /хх72-73/

 

3.3. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5/1665 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн хороо, /хуучнаар ******* хороо/, ******* хотхон А блок 2 дугаар орцны 3 давхрын /D загварын орон сууц/ гэх хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн албан ёсны хаяг, гудамж, байрны дугаар, хаалганы тоот зэрэг мэдээллийг тодруулан ирүүлнэ үү гэжээ./хх79/

 

3.4. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцыг д 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /хх66-70/ хийж, 134,000,000 төгрөгөөр гэрээний үнийг тохиролцож, тухайн орон сууцыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд д шилжүүлсэн гэж хариуцагч талаас тайлбарладаг ба гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тайлбар гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй байна./хх99-102/

 

3.5. Гэтэл анхан шатны шүүхээс, уг үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг тодруулах ажиллагааг хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар лавлагаа аваагүй, тухайн шүүгчийн захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий орон сууцны хувийн хэргийг гаргуулах нь талуудын маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байхад уг ажиллагаа гүйцэд хийгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүх дутуу хийсэн гэж үзнэ.

 

3.6. Түүнчлэн, ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.2 дахь заалтанд ажил гүйцэтгэх гэрээний үнэ 12,835,447,000 төгрөгийн 11,551,902,000 төгрөгийг бартериар төлнө. Бартерийн барааны жагсаалтыг хавсралт 1-д тодорхой тусгав/хх120/ гэж заасан боловч хэрэгт уг гэрээний хавсралт авагдаагүй байх ба уг хавсралт талуудын маргаанд хамааралтай, ач холбогдолтой байна.

 

Дээр дурдсанчлан, маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдал болох хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

 

4. Мөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчтэй 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц захиалгаар барьж худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан тал болох ******* оролцоогүй байх бөгөөд тухайн компанийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал байгаа эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр нотлох баримт бүрдүүлэх уг ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/02496 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ