Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 700

 

 

  2019        09          12                                   2019/ШЦТ/700

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Ц.О /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

хохирогч Б.Батмөнхийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ц.О эд холбогдох эрүүгийн 1911017640850 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ц.О , 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 7 дугаар гудамжны 181 тоотод оршин суух хаягтай,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан уг хорих ялаас чөлөөлсөн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.О нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж, “хямд нислэгийн тийз бичнэ” гэсэн зар тавин Б.Батмөнхөд фейсбүүкийн зурвасаар өөрийгөө Оросын холбооны улсын Москва хотод үйл ажиллагаа явуулдаг “S7 авиа” компани-д судалгааны мэргэжилтэн ажилтай Ж.Хонгорзул гэж танилцуулан улмаар хамтран ажиллахаар болж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “8-н хүний онгоцны билет бичиж өгнө'’ гэж дүү Ц.Баттөмөрийн дансаар 5.613.360 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 07, 10, 12-ны өдрүүдэд “7-н хүний онгоцны билет бичиж өгнө “ гэж өөрийн ашиглаж байсан А.Дамдингийн дансаар 5.763.640 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 11.377.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Энэ хэргийг би өөрөө хийсэн гэдгээ 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Би хохирогч Батмөнхийн хохирлыг бүрэн барагдуулна. Өчигдөр надад миний ажлын урьдчилгаа мөнгө болох 2.000.000 төгрөг орж ирсэн. Тэгээд би өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 цагийн үед хохирогч Батмөнхийн Төрийн банкны данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний үлдэгдэл ажлын хөлс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр орж ирнэ, орж ирвэл шууд хохирогч Батмөнхийн хохирлыг бүрэн барагдуулна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 15-57/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тэмүүжин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батмөнх урьд Очирсүх гэж залуугаар онгоцны тийз бичүүлдэг байсан тэгээд Фейсбүүк группэд “хямд нислэгийн тийз бичнэ” гэсэн зарын дагуу Хонгорзул гэж хүнийг мэдэх болсон уг хүн тухайн үед Оросын Москва хотын S7 авиа компанид ажилладаг гэж надад хэлэхээр нь урьд нь харилцаатай байсан Очирсүх гэж залууг гуйж уг компанид ийм хүн ажилладаг эсэхийг асуулгахаар иргэний үнэмлэхийн хуулбарыг өгтөл би оператор луу утсаар ярьж асуусан, Монгол хүн ажилладаг юм байна, уулзчихлааa гэж хэлсэн. Тэгээд би ажилладаг юм байна гэж бодоод хүмүүсийн онгоцны тийз бичүүлж эхэлсэн тэгээд 1-2 хүний захиалга өгч билет бичүүлж байгаад нэлээд итгэл олсон. Сүүлдээ Хонгор надтай хамран ажиллах санал явуулж надаар өргөдөл бичүүлээд байж байтал надад 7-8 хүн болон заримдаа нэг доор 11 хүний билетийг асуудалгүй бичиж өгч байсан. Би мөнгөө муу санаа гаргаад Очирсүх рүү Money gramm-aap явуулдаг байсан. Тэгээд 8 хүний билет бичүүлэх болоод захиалахад энд нэг оюутан хүний данс байгаа юм ийшээ хийчих гээд Цогтбаатарын Баттөмөр гэж хүний данс руу 5.613.360 төгрөг хийлгэсэн. Тэгээд алга болоод 4 хоноод явах ёстой хугацаа давчуу болоод Очирсүхийг гуйсан чинь хайж байгаад байгууллага болон дарга нартай уулзсан Хонгорзулын ажил дээр байна гээд бичлэг явуулсан гадны хүн оруулдаггүй гэж байсан тэгээд Хонгорзул гэх хүний данс руу мөнгө хийсэн чинь компанийн данс руу таталт хийсэн байна. 2 долоо хоногийн дараа мөнгө таны дансанд орно та ганц удаа ойлгооч гэхээр нь Очирсүхэд дахин мөнгө өгч байгаад билет бичүүлсэн нөгөө хүмүүсээ Улаан-Үүдээс Станбул хот руу явахаар байсан Очирсүх тухайн үед уг хүмүүсийг тосож аваад өөрөөсөө мөнгө гаргаж байлгаж байсан мөнгө хэрэгтэй эсэхийг асуухад хэрэггүй гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа дахин 7 хүний захиалга орж ирэхээр нь Хонгорзулд билет бичүүлэх гэхэд 7 хоногийн дараа таны дансанд мөнгө орно та мөнгө өгөөд тийзээ бичүүлчих гэхээр нь би ямар дансанд хийх үү гэхэд Дамдин гэж хүний данс өгөхөөр нь 3 хувааж 5.763.640 төгрөг шилжүүлсэн. 2-3 хоног суудал байхгүй билет дууссан гэх шалтгаанаар хойшлуулж байгаад Хонгорзул гэж хүн алга болсон, би Очирсүхийг гуйтал Москва хотод явж байгаa гээд хайж байгаа гээд оффисын барилгын зураг, бичлэг зэргийг явуулсан тухай       үед би Очирсүхэд итгээгүй учраас Туркээс Москва хот руу нисэж очоод тэнд төрийн бус байгууллага ажиллуулдаг танил ах дээр очиж асуухад юу гэж Монгол хүн Оросын авиа компанид ажилладаг юм гомдлын мөр хайгаад үзье гэтэл уг компани Очирсүхийн хайгаад олсон гэх газарт байдаггүй болох нь тогтоогдож өөр газар байдгийг нь олоод асуухад Монгол хүн ажилладаггүй гэж хэлсэн тэгээд Очирсүхийн байдаг гэж үзүүлээд байсан объектуудаар явж үзэхэд тийм зүйл огт байгаагүй. Очирсүхтэй уулзах гээд ярьтал 7 хоног алга болж байгаад дээрэмдүүлсэн гээд нүүр ам нь сорви болсон байдалтай Улаан-Үдэд байна гээд камер өгч ярьсан тухайн үед би Очирсүхийг ийм гэмт хэрэг үйлдсэнийг мэдээд сэжиг авчихсан уулзах гээд уулзаж чадаагүй Монгол руу яваад таг болсон. Манай ах Батмөнх нь Монгол ахан дүүсийн холбоо гээд Консулын доор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага хувиараа ажиллуулдаг. Уг байгууллагаар дамжуулан аялал зуучлал болон Карго мөнгөн гуйвуулга, авто машины зэрэг бизнес, Монгол хүмүүсийн бичиг баримтын виз сунгалт зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Нийт 4 удаагийн гүйлгээгээр дансаар мөнгийг өгсөн сүүлд Цогтбаатарын Баттөмөр гэж хүн Очирсүхийн дүү гэдгийг бичиг баримтаас харж байгаад мэдсэн...”, “...Батмөнх ах надад хэлэхдээ Хонгорзултай фейсбүүк группэд зар тавьсан байхаар нь мессенжерээр танилцсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 59-63/,

Гэрч Ц.Баттөмөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Ц.О  гэх хүнийг танина манай төрсөн ах байгаа юм. Уг хүн айлын том хүү, доороо 2 дүүтэй “...2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр над руу орой болсон байхад цагийн сайн санахгүй байна Очироо ахын найз гэж хүн над руу залгаад чиний дансанд мөнгө хийх гэсэн юм дансны дугаараа өгөөч гэхээр нь Фейсбүүк хаягаасаа Очироо ахаас асуухад дансаа өгчих гэсэн тэгээд удалгүй над руу яриад мөнгө хийсэн очиж авлаа шүү гээд над руу дахиад ярьсан удалгүй эмэгтэй, эрэгтэй 2 хүн ирээд манай эхнэр Цэрэндуламыг ATM дагуулж яваад авсан. Миний дансанд үлдсэн 1.300.000 төгрөг үлдсэн энэ нь ямар учиртай вэ гэвэл манай эхнэр Цэрэндулам хүнд 800.000 төгрөг өгөх ёстой байсан тэгээд нөгөө мөнгө авахаар ирсэн хүнд 800.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байсан. Үлдсэн мөнгийг та нар ашиглаж хэрэглэхгүй юу даа гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 66-68/,

Гэрч А.Дамдин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Ц.О  гэх хүнийг танихгүй. Би Хаан банкныхаа 5064296167 дугаарын дансыг ашиглахгүй жил гаран болж байна. Миний Хаан банкны 5064296167 гэдэг дансанд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 895.000 төгрөг, мөн 2018 оны 08 дугаар сарын өдөр 2.761.920 төгрөг иргэн Батмөнхийн Аззаяа гэдэг хүний 5079073595 дугаар данснаас шилжүүлснийг ямар учиртай болохыг мэдэхгүй байна. 2018 оны 09 дүгээр сарын 10-даар миний 88552093 дугаарын утас руу 99031971 дугаараас залгаад тийз бичүүлсэн мөнгөө авмаар байна гээд 2 удаа залгасан сүүлд залгахдаа цагдаагаар асуудлаа шийдүүлнэ гэхээр нь ямар учиртай мөнгө дансанд орсныг тодруулахаар Дамбадаржаагийн эцсийн автобусны буудал дээр байрлах Хаан банкны салбар дээр очиж лавлаж асуухад таны дансаар Жавхаа гэдэг хүн цалингаа авдаг байсан байна мөн Ням-адьяа, Банзрагч нар нь харилцдаг юм байна. Таны дансанд хамгийн сүүлд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 100.000 төгрөг ороод буцаад 09 дүгээр сарын 07-ны өдөр гарсан байна гэж байсан. ...би дээрх хүмүүсийг огт танихгүй. ...Миний дансыг ашигладаг хүн байхгүй, би ашиглаж байгаад ашиглахаа болиод 3 жил гаран болж 5064296167 дугаарын данстай виза картаа 3 жилийн өмнө автобусанд явж байгаад гар утастайгаа хамт хулгайд алдаж байсан тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Картын үйлчилгээг хаалгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх 76-78/,

Гэрч Б.Жавхлан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  "...2015 оны сүүлээр шиг санагдаж байна их хугацаа өнгөрсөн учраас сайн санахгүй байна ямар ч байсан Баянзүрх дүүргийн Цайз 16 дээр байдаг Мүүн гэдэг нэртэй баарны нойлоос хавтастай карт нь дээр нь дансны дугаар пин кодыг бичээд наасан байхаар нь өөрөө данс байхгүй хааяа ашигладаг байсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны орчим санагдаж байна. Турк улсад очиж ажил хийхээр явсан. Тэгээд 3 сарын дараа хамт ажилладаг өөрийгөө Өлзийсүх гэж хэлсэн шиг санагдаж байна нэг залуутай танилцаад манай гэрт ирээд миний түрүүвчийг уудалж байгаад энэ юун карт юм надад өгчхөөч гэхээр нь би хэрэггүй гээд өгсөн тухайн үед би картын дугаар нууц үгтэй хамт өгөөд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод ирсэн. Уг хүнийг хараад танина. Овог нэрийн мэдэхгүй. Миний бодлоор тэнэмэл санагдсан том үүргэвч үүрээд явдаг байсан. Надад хэлэхдээ аялаад явж байна гэж байсан. Надад үзүүлсэн 3 хүний зурагтай иргэний бүртгэлийн дундаас А.Дамдин гэж хүний картыг дансны дугаар пин кодтой авсан хүн Ц.О  гэж хүн мөн байна...” гэх мэдүүлэг /1-р хх 70-71/,

Гэрч Д.Уранчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Хаан банкны карт ашигладаг. Дансны дугаараа мэдэхгүй Интернэт банк ашиглаж байгаагүй. Манай хүүхдүүд дансанд чинь мөнгө хийгээд авчихлаа гэж л байдаг би өөрөө АТМ-ээс хүн гуйж байгаад бэлэн мөнгө авдаг. 2018 оны 08 дугаар сарын 03 өдөр хүү Очирсүх өөрийн дүү Баттөмөрийн дансанд 5.613.360 төгрөг шилжүүлсэн талаар надад мэдэх юм байхгүй. Миний 5017342383 дугаарын дансанд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 4.300.000 төгрөг хүү Баттөмөрийн 5622021994 дугаарын дансаар шилжүүлсэн талаар би огт мэдэхгүй байна. Манай хүүхдүүдийн нэг нь авч ашигласан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/,

Гэрч Б.Аззаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Батмөнх гэж хүнийг мэднэ. Уг хүн манай нөхөр Мөнхбаярын төрсөн дүү байгаа юм. Турк улсын Станбул хотод бизнес хийж ажиллаж амьдардаг. Миний хаан банкны 5079073595 данснаас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Цогтбаатарын Баттөмөр гэх хүний 5622021994 дугаарын дансанд 5.613.360 төгрөг, мөн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Авирмэдийн Дамдин гэх хүний 5064296167 дугаарын дансанд 2.106.720 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 895.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2.761.920 төгрөг шилжүүлсний учир нь гэвэл Батмөнх Төрийн банкны харилцагч Турк улсаас Монгол Улс руу мөнгөн гуйвуулга хийдэг Хаан банкны данс байхгүй учраас зарим тохиолдолд Хаан банкны дансанд мөнгө гуйвуулах болохоор намайг гуйж миний данснаас Хаан банкны данс руу мөнгө хийлгэдэг. Би ямар ямар учиртай мөнгө шилжүүлснийг мэдэхгүй сүүлд сонсоход залилуулсан гэж байсан, би нарийн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх 79/,

Гэрч Ц.Очболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний 5005673124 дугаарын дансанд 1.400.000 төгрөг 5017342383 тоот данснаас 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн уг мөнгийг Швед улсад олон жил болж байгаа гэх манай найз охины найз Очирсүх гэх Өлзийсүх гэсэн Фейсбүүк хаягтай залуу миний фейсбүүк рүү видео колл хийгээд Монгол улс руу ирэх гэсэн чинь мөнгө байдаггүй манай ах мөнгө явуулж байгаа гадаад гуйвуулга сайн мэдэх учир чи надад тус болооч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд надад 1.400.000 төгрөг шилжүүлэхээр нь 568 ам доллар болгож хүүхдийн 100-д байрлах Голомт банкны салбараас “Western Union”-оор шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 80/,

Шүүгдэгч Ц.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээ мэдүүлэхдээ: “...Би хохирогчоос авсан мөнгийг хувьдаа ашигласан нь үнэн. Гэхдээ хэрхэн яаж ашигласнаа санахгүй байна. Уг хэрэгт миний төрсөн ээж болон дүү нар ямар ч хамааралгүй тэр 2 хэргийн талаар огт мэдэхгүй. Би өөрөө уг хэргийг хийсэн. ...Х.Бямбажав, А.Лхагвасүрэн, Б Эрдэнэбаяр, Ц.Очболд гэх 4 хүнээс Ч.Очболдыг сайн санаж байна. Уг хүнийг гуйж байгаад ээжийн дансанд байсан мөнгийг доллар болгож авсан нь үнэн. Харин үлдсэн 3 хүний данс руу яг ямар учиртай мөнгө орсныг санахгүй байна. Тухайн үед дээрх 3 хүнд өртэй байсан учраас л мөнгө шилжүүлсэн байх...” гэх мэдүүлэг /1-р хх 83-85/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 87/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх 86/, итгэмжлэл /1-р хх 7-10/, таниж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх 11-14/, А.Дамдин гэх хүний Хаан банкны дансны хуулга /1-р хх 117-124/, шүүгдэгч Ц.О ийн гаргаж өгсөн цахим шуудан /1-р хх 129-174/, Ц.Баттөмөр гэх хүний Хаан банкны дансны хуулга 176-177/, хохирогч Б.Батмөнхийн Ж.Хонгорзул гэгчтэй харилцаж байсан мессежнүүд /1-р хх 179-197/, шүүгдэгч Ц.О ийн Монгол улсын хилээр орсон гарсан лавлагаа /1-р хх 203, 2-р хх 4-5/, шүүгдэгч Ц.О  холбогдох шийтгэх тогтоолын хуулбар зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.О нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж, “хямд нислэгийн тийз бичнэ” гэсэн зар тавин Б.Батмөнхөд фейсбүүкийн зурвасаар өөрийгөө Оросын холбооны улсын Москва хотод үйл ажиллагаа явуулдаг “S7 авиа” компани-д судалгааны мэргэжилтэн ажилтай Ж.Хонгорзул гэж танилцуулан улмаар хамтран ажиллахаар болж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “8-н хүний онгоцны билет бичиж өгнө'’ гэж дүү Ц.Баттөмөрийн дансаар 5.613.360 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 07, 10, 12-ны өдрүүдэд “7-н хүний онгоцны билет бичиж өгнө “ гэж өөрийн ашиглаж байсан А.Дамдингийн дансаар 5.763.640 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 11.377.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 15-57/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тэмүүжингийн “...Тэгээд 7 хоногийн дараа дахин 7 хүний захиалга орж ирэхээр нь Хонгорзулд билет бичүүлэх гэхэд 7 хоногийн дараа таны дансанд мөнгө орно та мөнгө өгөөд тийзээ бичүүлчих гэхээр нь би ямар дансанд хийх үү гэхэд Дамдин гэж хүний данс өгөхөөр нь 3 хувааж 5.763.640 төгрөг шилжүүлсэн. 2-3 хоног суудал байхгүй билет дууссан гэх шалтгаанаар хойшлуулж байгаад Хонгорзул гэж хүн алга болсон, би Очирсүхийг гуйтал Москва хотод явж байгаa гээд хайж байгаа гээд оффисын барилгын зураг, бичлэг зэргийг явуулсан тухай үед би Очирсүхэд итгээгүй учраас Туркээс Москва хот руу нисэж очоод тэнд төрийн бус байгууллага ажиллуулдаг танил ах дээр очиж асуухад юу гэж Монгол хүн Оросын авиа компанид ажилладаг юм гомдлын мөр хайгаад үзье гэтэл уг компани Очирсүхийн хайгаад олсон гэх газарт байдаггүй болох нь тогтоогдож өөр газар байдгийг нь олоод асуухад Монгол хүн ажилладаггүй гэж хэлсэн тэгээд Очирсүхийн байдаг гэж үзүүлээд байсан объектуудаар явж үзэхэд тийм зүйл огт байгаагүй. ...Батмөнх ах надад хэлэхдээ Хонгорзултай фейсбүүк группэд зар тавьсан байхаар нь мессенжерээр танилцсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 59-63/, гэрч Ц.Баттөмөрийн “...Очироо ахаас асуухад дансаа өгчих гэсэн тэгээд удалгүй над руу яриад мөнгө хийсэн очиж авлаа шүү гээд над руу дахиад ярьсан удалгүй эмэгтэй, эрэгтэй 2 хүн ирээд манай эхнэр Цэрэндуламыг ATM дагуулж яваад авсан. Миний дансанд үлдсэн 1.300.000 төгрөг үлдсэн энэ нь ямар учиртай вэ гэвэл манай эхнэр Цэрэндулам хүнд 800.000 төгрөг өгөх ёстой байсан тэгээд нөгөө мөнгө авахаар ирсэн хүнд 800.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байсан. Үлдсэн мөнгийг та нар ашиглаж хэрэглэхгүй юу даа гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 66-68/, гэрч А.Дамдингийн “...Би Ц.О  гэх хүнийг танихгүй. Би Хаан банкныхаа 5064296167 дугаарын дансыг ашиглахгүй жил гаран болж байна. Миний Хаан банкны 5064296167 гэдэг дансанд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 895.000 төгрөг, мөн 2018 оны 08 дугаар сарын өдөр 2.761.920 төгрөг иргэн Батмөнхийн Аззаяа гэдэг хүний 5079073595 дугаар данснаас шилжүүлснийг ямар учиртай болохыг мэдэхгүй байна. 2018 оны 09 дүгээр сарын 10-даар миний 88552093 дугаарын утас руу 99031971 дугаараас залгаад тийз бичүүлсэн мөнгөө авмаар байна гээд 2 удаа...” гэх мэдүүлэг /1-р хх 76-78/, гэрч Б.Жавхлангийн "...3 сарын дараа хамт ажилладаг өөрийгөө Өлзийсүх гэж хэлсэн шиг санагдаж байна нэг залуутай танилцаад манай гэрт ирээд миний түрүүвчийг уудалж байгаад энэ юун карт юм надад өгчхөөч гэхээр нь би хэрэггүй гээд өгсөн. ...Надад үзүүлсэн 3 хүний зурагтай иргэний бүртгэлийн дундаас А.Дамдин гэж хүний картыг дансны дугаар пин кодтой авсан хүн Ц.О  гэж хүн мөн байна...” гэх мэдүүлэг /1-р хх 70-71/, гэрч Д.Уранчимэгийн  “...Миний 5017342383 дугаарын дансанд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 4.300.000 төгрөг хүү Баттөмөрийн 5622021994 дугаарын дансаар шилжүүлсэн талаар би огт мэдэхгүй байна. Манай хүүхдүүдийн нэг нь авч ашигласан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/, гэрч Б.Аззаяагийн “...Батмөнх Төрийн банкны харилцагч Турк улсаас Монгол Улс руу мөнгөн гуйвуулга хийдэг Хаан банкны данс байхгүй учраас зарим тохиолдолд Хаан банкны дансанд мөнгө гуйвуулах болохоор намайг гуйж миний данснаас Хаан банкны данс руу мөнгө хийлгэдэг. Би ямар ямар учиртай мөнгө шилжүүлснийг мэдэхгүй сүүлд сонсоход залилуулсан гэж байсан, би нарийн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх 79/, гэрч Ц.Очболдын “...Очирсүх гэх Өлзийсүх гэсэн Фейсбүүк хаягтай залуу миний фейсбүүк рүү видео колл хийгээд Монгол улс руу ирэх гэсэн чинь мөнгө байдаггүй манай ах мөнгө явуулж байгаа гадаад гуйвуулга сайн мэдэх учир чи надад тус болооч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд надад 1.400.000 төгрөг шилжүүлэхээр нь 568 ам доллар болгож хүүхдийн 100-д байрлах Голомт банкны салбараас “Western Union”-оор шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 80/, шүүгдэгч Ц.О ийн “...Би хохирогчоос авсан мөнгийг хувьдаа ашигласан нь үнэн. Гэхдээ хэрхэн яаж ашигласнаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх 83-85/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Шүүх шүүгдэгч Ц.О  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 11.377.000 төгрөгөөс 2 сая төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн гэх боловч энэ талаар нотлох баримтгүй байх тул нийт 11.377.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Батмөнхөд /ШЭ85091317/-д олгуулхаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ц.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ц.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О  1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О 11.377.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батмөнхөд /ШЭ85091317/-д олгосугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН