| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/02770/И |
| Дугаар | 210/МА2026/00920 |
| Огноо | 2026-04-24 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2026/00920
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2026/01589 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн,
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Баянзүрх дүүрэг, хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* хотхон, 701 байр, хаягт байрлах 153,3 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц манай гэр бүлийн өмч бөгөөд 70,000,000 төгрөгөөр *******д худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй болно. Миний бие *******-д 2019 он хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд компанийн зүгээс ******* болон түүний охин ******* нартай байгуулсан. Зээлийн гэрээгээр 604,210,000 төгрөг зээлсэн. 2021 оны сүүлээр ******* нь эрүүл мэндийн байдал маш муу байна яаралтай мөнгөний хэрэгцээ байна гэж удаа дараа надтай уулзсан. Мөн *******-ийн зүгээс ******* болон ******* нарын барьцаанд байгаа хөрөнгийг зарим төлбөрт тооцуулан өгөх, мөн миний өмчлөлийн хөрөнгийг түр ******* болон ******* нар руу шилжүүлээд буцаагаад аваад өгчихнө гэж тайлбарлаж зөвшилцсөн. Тодруулбал, ******* нь Солонгос руу эмчилгээнд явахад иx хэмжээний мөнгө хэрэгтэй байна. Мөнгө зээлэх хүмүүс байгаа ч барьцаа хөрөнгө нь миний нэр дээр байх шаардлагатай байна гэж хэлж байсан. Миний орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авч, бусдаас зээл авахдаа зээлийн барьцаанд тавьж эмчилгээний төлбөрөө төлөөд буцаад ирсний дараа ******* нь *******, ******* нартай тохиролцон буцаан худалдан авч өгнө гэж амласан. Миний бие *******ийн охин *******тэй 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн гэр бүлийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* хотхон, 701 байр, хаягт байрлах 153,3 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар ******* болон *******, ******* нар нь хоорондоо тохиролцож чадаагүйн улмаас *******, ******* нар нь гэр орны амгалан тайван байдал алдагдуулж, гэрээр ирж цоож солихыг оролдох, утсаар болон мессежээр орон сууц чөлөөлөхийг шаардах зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргах болсон. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг *******од худалдсан хэмээн гэрээг уг иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байна. Нэхэмжлэгч нь хариуцагч *******тэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байхад дахин өөр хүнд худалдсан гэх гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд энэ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл юм. Үүнээс гадна шаардаж байгаа орон сууцандаа нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл амьдарч байгаагаас үзвэл талуудын хооронд бодитоор худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Иймээс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч *******, ******* нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 701 байр хаягт байрлах 153,4 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******т буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* тайлбарын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ...хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... гэж заасан ба ******* нь сайн дураар, өөрийн хүсэл зоригийн дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, өмчлөх эрхээ шилжүүлсэн, төлбөр тооцооны асуудал байхгүй байхад хуурамч нэхэмжлэл шүүхэд гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн байна.
******* би шударга өмчлөгч бөгөөд өөрийн үзэмжээр өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхийн хүрээнд бусдад төлөх өр төлбөртөө шилжүүлсэн болно. ******* нь ******* ээж *******ийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны данс руу 480,000,000 төгрөгийг авсан, дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өдрийн ажилтан ын Худалдаа хөгжлийн банкны тоот дансаар 30,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 198,900,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар тус тус зээлж авсан байдаг ба зээлийн эргэн төлөлтөө *******ийн данс руу *******аас гэх утгаар 2020 оны 10 сар хүртэл төлсөн, 2020 оны 10 сараас хойш *******, төлбөр төлөв гэх утгаар төлсөн байдаг. ******* нь ын хамт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрүүдэд иргэн *******ийн данснаас мөнгө шилжигдэж, зээлийн гэрээг түүний охин *******тэй байгуулсан байх бөгөөд талуудын хооронд хийсэн гэрээний дагуу *******, түүний эх ******* нар гэрээг дүгнэн тооцоо нийлж, төлбөр тооцоог төлж барагдуулсан болох нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт, нэмэлт, өөрчлөлт, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн *******ын төлбөр барагдуулах акт /өөрийн гараар бичсэн/, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах хэлцэл түүний хавсралт, 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар иргэн ******* анхнаасаа хүүтэй мөнгө зээлж авсан, үргэлжлүүлэн аж ахуй нэгжийг зээлийн харилцаанд оролцуулан талууд харилцан тохиролцож төлбөр барагдуулах хэлцэл хийсний дагуу маргаан бүхий орон сууцыг *******д өр төлбөрт тооцон шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Иргэний эрх зүйн харилцаанд талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхээ хэрэгжүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбарын агуулга:
******* нь *******тэй 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн хороо, 13313, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны 701 дүгээр байрны хаягт байршилтай 153,3 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 370,000,000 төгрөгөөр, мөн хаяг байршилтай 701 дүгээр байрны зоорийн давхрын 14 тоот хаягт бүртгэлтэй 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцож, төлбөр тооцоог бүрэн төлж тухайн хөрөнгүүдийг шилжүүлэн авсан. Ийнхүү шилжүүлэн авсныг Нийслэлийн улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч хүлээн авч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , дугаарт тус тус бүртгэж, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Дээрх гэрээний 3.4-т зааснаар эд хөрөнгийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хэдий ч ******* нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байсан бөгөөд шаардлага тавихад удахгүй суллана, та түр хүлээж бай гэж нэлээд хугацаа өнгөрөөсөн. Арга буюу 2023 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан хэдий ч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26963 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. *******тэй холбогдож байрыг чөлөөлөх шаардлагыг дахин тавихад байранд өмнө амьдарч байсан ******* гэгч нь байрыг чөлөөлж өгөхгүй байна, та түр хүлээгээрэй гэж хэлсэн. Улмаар 2024 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, дахин ******* гэгчид холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлсэн хэдий ч ******* нь тухайн хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй нь тус хорооны тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл худалдан авсан орон сууцандаа амьдарч чадахгүй, бусдын хууль бус үйлдлээс шалтгаалан эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөөр байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:
******* нь *******тэй 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн хороо, 13313, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны 701 дүгээр байрны хаягт байршилтай 1533 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 370,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулан шилжүүлж авсан. Ийнхүү шилжүүлэн авсныг Нийслэлийн улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч хүлээн авч эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Орон сууцны төлбөрийг төлсөн байдлыг дэлгэрэнгүй дурдвал 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 20,000 ам.доллар бэлнээр, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 130,000,000 төгрөгийг Хаан банкны тоот данснаас тоот дансанд, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөгийг Төрийн банкны тоот данснаас Хаан банкны тоот дансанд тус тус шилжүүлж, гэрээгээр тохирсон орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан байна. Дээрх худалдах, худалдан авах гэрээний 3.4-т зааснаар орон сууцыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохирсон хэдий ч ******* нь тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. ******* нь байрыг удахгүй суллаж өгнө, түр хүлээж бай гэж хэлдэг байснаа сүүлд ******* гэгч нь байрыг суллаж өгөхгүй байгаа талаар хэлсэн. Ийнхүү *******т холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хэдий ч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 7610 дугаар захирамжаар ******* нь тухайн хаягт оршин суудаггүй болох нь хорооны тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан, өмчлөх эрхээ хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан хэдий ч өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж амьдарч чадахгүй, өмчлөх эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөөр байна. Иймд, Баянзүрх дүүргийн хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 701 дүгээр байрны хаягт байрлах орон сууцнаас *******ыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн хороо /13313/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 701 байр, хаягт байрлалтай, 153,3 м.кв бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн хороо /13313/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 701 байр, хаягт байрлалтай, 153,3 м.кв бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай хөрөнгийг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,515,900 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан хариуцагч *******од олгож шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа *******, *******-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ-ний нэмэлт өөрчлөлт гэсэн нотлох баримтуудад үндэслэн талууд өмнө үүссэн төлбөрт тооцон уг орон сууцын өмчлөх эрхийг шилжүүлсэн байна гэх дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл *******, *******-ийн хооронд үүссэн төлбөрийг надад мэдэгдэхгүйгээр, миний өмчөөр төлөхөөр харилцан тохиролцсон нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Тухайн төлбөр барагдуулах гэрээний А тал ******* нь төлбөр буюу орон сууцыг хүлээн авах эрхтэй гэж үзвэл миний хувьд *******тэй гэрээ байгуулаагүй, би өөрийн орон сууцыг өр төлбөрт тооцуулан шилжүүлэх өгөхийг зөвшөөрөөгүй бөгөөд хэргийн материалд холбогдох нотлох баримт байхгүй байна. Түүнчлэн ******* болон *******-ийн зүгээс орон сууцыг удахгүй барьцаанаас чөлөөлж өгнө, *******ийн төлбөр тооцоо дуусах гэж байгаа л гэж тайлбарладаг болохоос орон сууцнаас намайг чөлөөлөх, албадан гаргах тухай асуудал нэг яригдаж байгаагүй.
Миний хувьд өөрийн орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөх хүсэл байгаагүй. Анхнаасаа талуудад орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөх болон авах хүсэл зориг байгаагүй гэдэг нь ******* рүү *******-аас өгч байсан маш олон албан бичгүүд, мөн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гарган өгсөн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх-ийн шүүгчийн 101/ШШ2023/02180 дугаартай захирамжаас тодорхой харагдана.
Учир нь шүүгчийн захирамжийн агуулгаас үзвэл ******* нь ******* надад холбогдуулан энэ хэргийн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргаж байсан боловч тухайн нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгчийн захирамжийг нотлох баримтаар гарган өгсөнтэй холбоотойгоор шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэрэв ******* нэхэмжлэлтэй хэргээс нотлох баримт гаргуулсан бол нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох ач холбогдолтой байсан. Миний зүгээс тухайн хэргээс хэргийн оролцогчийн хувьд шүүхийн архиваас зөвшөөрсөн хэмжээнд нотлох баримтаа хуулбарлаж шүүхэд гаргаж өгсөн бусад хэрэгт ач холбогдол бүхий баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээж авалгүйгээр хэргийн оролцогчийн суурь үндсэн эрхийг зөрчсөнд гомдолтой байна.
Мөн хэрэгт *******-ийн зүгээс шүүхийн захирамжийн дагуу тайлбар гаргахдаа төлбөрийг бүрэн хариуцаж төлөхөө илэрхийлж, шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ ******* болон ******* нарын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээг үнэлж үндэслэлдээ заажээ. Гэтэл энэхүү үйл баримтаас харахад маргааныг хянан шийдвэрлэхэд *******-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байхад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндсэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ ихэсгэсэн боловч шүүхээс хүлээж авалгүйгээр шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Учир нь ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой хамтатган шийдвэрлэх боломжтой.
Иймээс хариуцагч *******тэй байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч *******, ******* нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ мөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу шүүхэд дуудан ирүүлэхээр хариуцагчид мэдэгдсэний дараа хариуцлагаас зайлсхийх зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *******той гэрээ байгуулсан гэж үзэж байгаа.
6.2. Хариуцагч ******* нь надад холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг анхан шатны хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч миний хувьд ******* нь нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлээр орон сууцны өмчлөлийг шилжүүлэн авсан гэж үзэж байгаа тул өөрийн өмчийг чөлөөлөн өгөх боломжгүй юм. Миний бие өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцанд амьдарч байгаа бөгөөд ******* нь орон сууцыг худалдан авах зорилгоор нэг ч удаа ирж уулзах, орон сууцнаас гаргах зэрэг бодит үйлдэл хийж байгаагүй, намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш *******тэй гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. Хэрэв шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзэж байгаа нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч *******ын гаргасан тайлбарын агуулга:
******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр гэрээ бөгөөд ******* нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх эрхтэй. Иймд *******ын эрхийг хангах нь зөв юм гэх агуулгаар хуулийг зөв тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч гомдолдоо хэрэгт авагдсан гэрээний талууд нь өөр этгээд бөгөөд маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь мэдээгүй, зөвшөөрөөгүй байхад гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн гэж дурдсан. ******* нь тодорхой хугацааны турш *******-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд солигдсон хэдий ч тухайн этгээд нь *******тай хамааралтай этгээд байсан.
Өөрөөр хэлбэл, *******ын ээж нь *******-ийн гүйцэтгэх захирал болсон. ******* болон ******* нарын хоорондын асуудал үргэлжилж байсан гэж харагдаж байна. Анх 2022 онд ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд 2021 оны гэрээний дүнг тодорхой дурдсан байдаг. Тодруулбал, уг гэрээнд 2021 оны гэрээний төлбөр төлөгдсөн гэж дурддаг. Харин 2021 оны гэрээнд 1,200,000,000 төгрөгийн хөрөнгөтэй зээлийн асуудлын талаар дурдаж барьцаа хөрөнгүүдийг жагсааж бичсэн байдаг. Үүнээс хойш төлбөр барагдуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэрлэн заасан хөрөнгийг шилжүүлэх үйл баримттай холбоотой асуудлыг тусгасан бөгөөд зээлийн гэрээний үлдэгдэл 600,000,000 орчим төгрөг болсон байсан. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн бөгөөд нотлох баримтыг зөв үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд хариуцагч *******эс тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
1.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчид холбогдуулан маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоож, маргааны шаардах эрхэд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
2.1. ******* нь *******-ийн захирал *******тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах хэлцэл-ээр үлдэгдэл 113,808,000 төгрөгийг бэлэн мөнгөөр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дотор төлөхөөр талууд тохиролцсон. /2хх177-178/
2.2. *******, *******-ийн захирал ******* нар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21/19 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-гээр үлдэгдэл 1,210,270,000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулах талаар тохиролцсон. /2хх182-183/
2.3. Мөн, ******* болон *******-ийн захирал ******* нар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээг байгуулж, нийт төлбөр нь 604,210,000 төгрөг болохыг баталж, маргаан бүхий Баянзүрх дүүрэг, хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 701 дугаар байр, 13 давхрын хаягт байрлалтай, 153,3 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 567,210,000 төгрөгийн өр төлбөрт тооцож, орон сууц худалдах худалдан авах гэрээний үнийг 70,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон. /1хх184-185/
2.4. *******, ******* нар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, Баянзүрх дүүрэг, хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 701 дугаар байр, 13 давхрын хаягт байрлалтай, 153,3 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны үнийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21/19 дугаар Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу төлбөр төлөгдсөн болно гэж талууд тохиролцсон. /1хх97-98/
2.5. Дээрх гэрээний дагуу маргаан бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. /1хх101/
2.6. *******, *******той 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, Баянзүрх дүүрэг, хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 701 дугаар байр, 13 давхрын хаягт байрлалтай, 153,3 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 370,000,000 төгрөгөөр худалдсан. /1хх106-107/
2.7. Дээрх гэрээний дагуу маргаан бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. /1хх111/
3. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв. Талуудын хооронд хийгдсэн дээр дурдсан худалдах худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл болсон байна.
4. Дээр дурдсан хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ******* *******той байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлэгдэн, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
4.1. Тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх болсон үндэслэлийн талаар ******* болон *******-ийн захирал ******* нарын байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээнд, 567,210,000 төгрөгийн өр төлбөрт тооцож өгөхдөө орон сууц худалдах худалдан авах гэрээг *******д өмчлөх эрхийг шилжүүлэхээр, үнийг 70,000,000 төгрөг байхаар тухайлан тохиролцож, улмаар уг орон сууцны өмчлөгч буюу нэхэмжлэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг биечлэн хийсэн болох нь дээр дурдсан хэргийн баримтуудаар нотлогджээ.
Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч *******, хариуцагч *******эс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ-гээр 200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар сарын 4 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож, мөн өдрийн барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг, хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 701 дугаар байр, 13 давхрын хаягт байрлалтай, 153,3 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалсан байх ба, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Үүрэг дуусгавар болгох хэлцэл-ээр дээрх маргаан бүхий 5 өрөө орон сууцыг бүртгэсэн бүртгэлийг цуцалж, барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан мөн өдрөө маргаан бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна.
/1хх 82,83, 91/
4.2. Нэхэмжлэгч талаас, ******* нь эмчилгээнд явахад их хэмжээний мөнгө шаардлагатай байгаа тул миний орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдаас зээл авахдаа барьцаанд тавьж эмчилгээний төлбөрөө төлсний дараа буцааж өгнө гэж амласны дагуу түүний охин *******тэй уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4.3. Нэхэмжлэгч ******* нь *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримтад талууд маргаагүйгээс гадна хэргийн баримтаар ******* болон ******* нарын хооронд хэд хэдэн удаагийн төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэнээс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *******-ийг төлөөлж ******* өөрөө хэлцлийг байгуулж байсан байна. Улмаар уг хэлцэлд төлбөрт тооцон шилжүүлэхээр тохирсон хэд хэдэн ширхэг үл хөдлөх эд хөрөнгө дотор маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө багтсан, төлбөрт тооцох дүнг 567,210,000 төгрөг байхаар тусгагдсан байдлаас үзвэл бусад этгээдүүдийн хоорондох өр төлбөрийг надад мэдэгдэхгүйгээр, миний өмчөөр төлөхөөр тохиролцсон нь анхнаасаа хууль зөрчсөн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.4. Нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд хийгдсэн дээрх гэрээг, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал нь хүлээн авсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгчийн гаргасан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т нийцэх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хариуцагч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр маргаан бүхий 5 өрөө орон сууцыг хариуцагч *******эс худалдан авч, өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй тул нэхэмжлэгч *******аас маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгчээс, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан хүсэлтийг хангаагүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь, тухайн нэхэмжлэл шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирснээр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явагдсан байх ба 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдааныг товлосны дараа буюу 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, мөн нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна./2хх98-99/
6.1. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШЗ2026/07139 захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан авто зогсоолыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай ихэсгэсэн шаардлагыг тухайн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй./2хх122-123, 129-130/
6.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх хангалттай хугацаа өнгөрсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хугацаа хэтэрсэн байх бөгөөд тухайн авто зогсоолтой холбоотой нэхэмжлэл нь тухайн орон сууцны маргаантай салшгүй холбоотой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шүүх хуралдааны шатанд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
6.3. Түүнчлэн, шүүх хуралдааны шатанд буюу 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/02180 дугаартай захирамжаар ******* нэхэмжлэлтэй *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргээс холбогдох баримтыг гаргуулахаар 21 хуудас тухайн хэргийн баримтыг шүүхийн хуулбар үнэн гэсэн тэмдэг бүхий баримтаар баталгаажуулан ирүүлсэн байдаг./2хх100-121/
6.4. Шүүх хуралдааны шатанд хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШЗ2026/07139 захирамжаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан байна. Гэтэл, уг хүсэлтийг өмнө нь гаргах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх нөхцөл байдлаа нэхэмжлэгч нотлоогүй байх тул хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт нийцэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
6.5. Хэргийг хянан шийдвэрлэхдээ *******-ийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг анхаарч үзээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Тухайн хуулийн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар талуудын хүсэлтээс хамаарна. Мөн уг маргаанд *******-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл өөрийн хүсэлтээр оролцох боломжтой байсан болох нь хэрэгт авагдсан тухайн компаниас шүүхэд ирүүлсэн баримт, тайлбаруудаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2026/01589 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,586,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ