| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2023/03824/И |
| Дугаар | 210/МА2026/00939 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00939
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2026/01026 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №22-74 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,380,000 төгрөг, нийт 57,880,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1. *******, ******* нар нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №22-74 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээгээр ******* нь Астра-100 1 ширхэг, Астра-200 100*2 ширхэг, Астра-75 1 ширхэг буюу нийт 4 ширхэг бохир ус цэвэрлэх станцыг угсрах, суурилуулах ажлыг 25,750,000 төгрөгийн хөлстэйгөөр 10 хоногийн дотор буюу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хийж гүйцэтгэн *******-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.
Талууд гэрээгээр урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг *******-ийн Худалдаа хөгжлийн банкны дансаар төлнө гэж тохиролцсон хэдий ч манай байгууллага урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээгээр тохиролцсон ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор хийж гүйцэтгэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь Астра-75 бохир ус цэвэрлэх станцыг угсрах ажлыг эхлүүлсэн боловч дуусгаж хүлээлгэж өгөөгүй. Астра-100, Астра-200 бохир ус цэвэрлэх станцыг угсрах, суурилуулах ажлыг огт хийж гүйцэтгээгүй.
Иймд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №22-74 дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, гэрээний 7.2-т заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 163 хоногийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлж 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулна.
1.2. Мөн талууд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр №23-38 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* нь Астра-50 1 ширхэг хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх станцыг нийлүүлэх угсрах, суурилуулах, 40 метр урттай Ф150 бохирын шугам угсрах, өмнө суурилуулсан бохирын станцын булалт газар шорооны ажлыг нийт 40,000,000 төгрөгийн хөлстэйгөөр 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хийж гүйцэтгэн *******-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу 30,500,000 төгрөгийг *******-д төлсөн. Гэрээгээр тохиролцсон ажлыг 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь Астра-50 хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх станцыг нийлүүлэх, угсрах, суурилуулах, 40 метр урттай Ф150 бохирын шугам угсрах, өмнө суурилуулсан бохирын станцын булалт газар шорооны ажлыг эхлүүлсэн боловч дуусгаагүй өнөөдрийг хүртэл ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөхийг шаардсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй.
Иймд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаар ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд төлсөн 30,500,000 төгрөг, гэрээний 7.2-т заасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 32 хоногийн алданги 4,880,000 төгрөг, нийт 35,380,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
2.1. ******* болон ******* нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №22-74 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай компанийн зүгээс Астра 100 1 ширхэг, Астра 200 1 ширхэг, Астра-75 1 ширхэг бохир ус цэвэрлэх станцыг тус тус угсрах, суурилуулах үүргийг хүлээж, захиалагч ******* нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Манай компанийн зүгээс гэрээ байгуулагдсан өдрөөс хойш гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэж, астра-100, астра-75 бохирын системүүдийг хугацаанд нь суурилуулж, угсарч дуусгасан ба холболтыг хийгээд ажиллуулахад бэлэн болгосон. Харин, нэхэмжлэгч компани нь астро-200 төхөөрөмжийг өгөөгүй. Яагаад астро-200 өгөхгүй асуудал ярихаар 2 ширхэг 100 сэтийг авчирч хийгээд үүнийг 200 хүний хүчин чадалтай нэг болгож суурилуул гээд гэрээнд байхгүй нөхцөлийг тулгадаг. Ингээд хариуцагч компанийн зүгээс үүнийг хийх боломж байхгүй, гэрээнийхээ дагуу астро-200 аваад ирвэл бид нар суурилуулаад өгье гэдэг шаардлага тавьдаг. ******* нь технологийн хувьд биелэгдэх боломжгүй шаардлага тавьж, Астра-200 гэх төхөөрөмжийг бидэнд хүлээлгэн өгөөгүй байж *******-ийг гэрээний үүргээ зөрчсөн мэтээр тайлбарлан урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2.2. 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр №23-38 дугаар гэрээгээр манай компанийн зүгээс Астра 50 хүний чадалтай бохир ус цэвэрлэх станцыг угсрах, суурилуулах, 40 метр урттай Ф150 бохирын шугам угсрах, булах үүргийг хүлээж захиалагч нь гэрээний үнэ болох 44,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бөгөөд *******-ийн зүгээс тодорхойгүй шалтгааны улмаас хүлээж авахгүй байгаа. *******-ийн зүгээс №23-38 дугаар гэрээний үүргээ биелүүлсэн байхад нэхэмжлэгч нь 35,380,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч компанийн зүгээс та нар дулаалаагүй учраас манай бохирын шугам хоолойндоо очиж чадахгүй, дандаа хөлдөөд байгаа гэдэг тайлбар өгдөг. Эндээс юу харагддаг вэ гэхээр 40 метр шугам тавигдчихсан, та нар доголдолтой хийчихсэн гэж яриад байгаа. Гэтэл доголдолтой хийгдсэн үйл баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанийг огт ажил хийгээгүй гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Харин ч бид эсрэгээр нь ажлаа хийсэн. Иймд нэхэмжлэгчийн №22-74, №23-38 дугаар гэрээний үүрэгт 57,880,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-аас 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №22-74 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,380,000 төгрөг, нийт 57,880,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч *******-ийн нэхэмжлэгч *******-аас 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,350 төгрөгийг, хариуцагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг нь эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна. Хариуцагч нь Астра-75 бохир ус цэвэрлэх станцыг угсрах ажлыг эхлүүлсэн боловч дуусгаж хүлээлгэж өгөөгүй. Астра-100, Астра-200 бохир ус цэвэрлэх станцыг угсрах, суурилуулах ажлыг огт хийж гүйцэтгээгүй, Астра-50 хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх станцыг нийлүүлэх, угсрах, суурилуулах, 40 метр урттай Ф150 бохирын шугам угсрах, өмнө суурилуулсан бохирын станцын булалт газар шорооны ажлыг эхлүүлсэн боловч дуусгаагүй бөгөөд ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөхийг шаардсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй.
Анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэгч *******-ийн хариуцагч хүргүүлсэн бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Барилга хөгжлийн төвийн Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн хяналтын инженер ******* шинжээчийн дүгнэлтэд зохих үнэлэлт, дүгнэлтийг хийгээгүй байна. Нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг албан ёсоор шаардан бичгээр хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдлийг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурдаагүй, нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн байна. Мөн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нь гэрээнд заасан ажил болох Астра-100, Астра-75, Астра-200, Астра-50 байгууламжууд болон 40 метр Ф150 шугам сүлжээний угсралтын ажлыг барилгын норм, дүрмийн дагуу бүрэн гүйцэтгэж дуусгаагүй, хүлээлгэн өгөөгүй, стандартын шаардлага хангаагүй гэж маш тодорхой дүгнэсэн. Энэхүү дүгнэлт нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүн бий болоогүй болохыг нотолж байна.
4.2. Шүүх Иргэний хуулийн 205, 355 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр шаардлага хүргүүлсэн хариуцагч үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр ажил бүрэн бус, стандартын шаардлага хангаагүй нь тогтоогдсон буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй нь хөтөлбөргүйгээр тогтоогдсон. Хариуцагчийн өмгөөлөгч хүртэл зарим төхөөрөмжүүдийг угсарч, суурилуулаагүй, угсарсан гэх боловч ажил дуусаагүй гэдгийг удаа дараагийн шүүх хуралдааны явцад тайлбарлаж, зөвшөөрсөн.
4.3. Хариуцагч тал ажлыг тодорхой хэмжээнд хийсэн гэж тайлбарладаг боловч тухайн ажлыг барилгын норм, стандартын дагуу гүйцэтгэсэнтэй холбоотой акт, гүйцэтгэлийн зураг, комиссын хүлээлцсэн баримт, техникийн акт, ашиглалтад бэлэн болсон тухай ямар нэг нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч тал ажлыг хүлээж аваагүй гэх тайлбар өгдөг хэдий ч ажлыг хүлээлгэн өгөх тухай амаар болон бичгээр нэг ч удаа нэхэмжлэгчид албан ёсоор хандсан баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр гэрээний дагуу ажлыг хүлээлгэн өгөх мэдэгдэл байхгүй, акт үйлдээгүй, гүйцэтгэлийн тайлан байхгүй байгаа нь хариуцагч тал гэрээний үр дүнг бодитоор бий болгож, захиалагчид хүлээлгэн өгөөгүй болохыг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *******-аас 57,880,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:
Эхний гэрээний дагуу бид Астра-75, Астра-100, Астра-200 гэх 3 төхөөрөмж суурилуулах үүрэг хүлээсэн. Тухайн төхөөрөмжийг авчирч өгч суурилуулах үүрэг нь нэхэмжлэгчид байгаа. Өөрөөр хэлбэл, Астра-75, Астра-100, Астра-200 гэх төхөөрөмжүүдийг авчирсан тохиолдолд суурилуулах үүрэг хүлээсэн. Харин 2 дахь гэрээний дагуу Астра-50, Ф150 гэх шугамыг 40 метрийн урттай суурилуулах үүрэг хүлээсэн бөгөөд бид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхой хэмжээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Бид Астра-200 гэх төхөөрөмж суурилуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүний улмаас талуудын хооронд маргаан үүссэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал Астра-200 гэх төхөөрөмж хүлээлгэж өгөөгүй учраас бид өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэж өгч чадаагүй. Бидэнд 2 ширхэг Астра-100 гэх төхөөрөмж авчирч өгсөн боловч стандартын дагуу холболт хийх боломжгүй тул хүлээж аваагүй.
Хариуцагч тал зарим ажлыг хийж гүйцэтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэгч тал гомдолдоо дурдсан. Бид Астра-200 гэх төхөөрөмжийг суурилуулаагүй болон хүлээлгэж өгсөн акт үйлдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүний шалтгааныг эхэн хэсэгт тайлбарласан. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, мөнгөө шаардсан бөгөөд анхан шатны шүүх тус шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Манай байгууллагын зүгээс уг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж байхдаа ажлын явцыг зургаар баримтжуулсан. Шүүхэд нотлох баримтаар уг ажлын явцын зургийг гаргаж өгсөн. Гэвч шүүх уг ажлын явцын зургийг нотлох баримтаар үнэлж дүгнээгүй. Энэ нь 1 дүгээр хавтас хэргийн 42-46 дугаар талд авагдсан зургуудаас бүрэн нотлогдоно.
Барилга хөгжлийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ******* нь тодорхой ажил үүргийг хийж гүйцэтгэсэн нь тогтоогддог. Гэтэл шүүхийн зүгээс шийдвэрт дүгнэхдээ гэрээний ажил үүргээ бүрэн биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй, шинжээчийн Астра 50 хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламжийг норм дүрмийн дагуу гүйцэтгэж дуусгаагүй мөн суурилуулалт хийж гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй байна гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь, шинжээч тухайн газар дээрх очиж бодитоор ажлын гүйцэтгэлийг ялгаж, аль нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажил, аль нь гуравдагч этгээдийг гүйцэтгэсэн ажил гэдгийг ялгаж чадаагүй атлаа нэхэмжлэгчийн тайлбарын хүрээнд л дүгнэлт гаргасан гэдгийг шүүгч өөрөө дүгнэж тухайн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгосон. Нөгөөтэйгүүр шинжээчийн дүгнэлтэд хариуцагч яг ямар стандарт, нормыг яаж зөрчсөн тухай огт дүгнэж чадаагүй. Учир нь, угаасаа ажлыг нь ялгаж чадаагүй үзэх боломжгүй байсан учир дүгнэлт гаргах нь анхнаасаа боломжгүй байсан.
6.2. Мөн анх шүүхэд маргаан гарч, нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад л хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс тухайн газар дээр нь үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Учир нь, тухайн газарт хариуцагчийн нэвтрүүлэхгүй байгаа учир одоо ямар байдалтай байгаа, хариуцагч ямар ажил гүйцэтгэсэн болохоо нотлох зорилгоор удаа дараа хүсэлтийг гаргасан боловч шүүгч хүлээж аваагүй, үзлэг хийгээгүй. Одоо харин тухайн гүйцэтгэсэн ажлыг ялгах, дүгнэх боломжгүй болсон байна.
Нэхэмжлэгч анхнаасаа шүүхэд худал тайлбар гаргаж маргасан бөгөөд процессын явцад хариуцагчийг ажил гүйцэтгэсэн ч доголдолтой гүйцэтгэсэн гэх тайлбараар сольсон. Үүнээс харахад хариуцагч ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэсэн, харин хүлээлгэж өгөөгүй шалтгаан нь нэхэмжлэгчийн гэрээнд заагдаагүй ажлыг шаардсан үйлдлээс болсон гэдэг нь илэрхий байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан сөрөг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээ хариуцагч тал нотлох үүрэгтэй. Мөн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэх агуулгыг дурдсан нь үндэслэлгүй бөгөөд тус дүгнэлтийг хүчингүй болгосон зүйл байхгүй. Хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шинжээчийн дүгнэлтэд, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлууд шаардлага хангахгүй байгаа талаар, мөн эхлүүлсэн боловч хийж дуусгаагүй талаар тодорхой дурдсан. Мөн хариуцагчийн, ажлыг хийж гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзсан гэх агуулгыг дурдсан нь үндэслэлгүй бөгөөд бид хийж гүйцэтгээгүй болон дутуу гүйцэтгэсэн ажлуудын талаар 2023 оны 09 дүгээр сард гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Бид том хэмжээний бүтээн байгуулалт хийж байсан боловч хариуцагчийн хариуцлагагүй байдлын улмаас зогсонги байдалд орсон тул бид гэрээгээ цуцалж, учирсан хохирлоо гаргуулахаар шаардсан. Гэтэл хариуцагч тал уг нөхцөл байдлыг үгүйсгэсэн байдлаар тайлбарладаг.
Хариуцагч тал хийсэн ажлаа баримтаар нотлох үүрэгтэй хэдий ч баримтаар нотолсон зүйл байхгүй бөгөөд гэрэл зургаар тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийг хангаагүй гэх асуудлын хүрээнд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №22-74 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,380,000 төгрөг, нийт 57,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
3. ******* нь *******-тай 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 22-74 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-гээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн хэрэгжүүлж буй******* төсөлд Астра-100, Астра-200, Астра-75 бохир ус цэвэрлэх станцыг угсрах, суурилуулах ажлыг *******-аар гүйцэтгүүлэх, 10 хоногийн хугацаатайгаар, ажлын хөлсөнд 25,750,000 төгрөгийг төлөхөөр;/1хх6-8/
******* нь *******-тай 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23-38 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-гээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн хэрэгжүүлж буй******* төсөлд Астра-50 хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх станцыг нийлүүлэн угсрах, суурилуулах, 40 метр урттай Ф150 бохирын шугам угсрах, өмнө суурилуулсан бохирын станцын булалт газар шорооны ажлыг *******-аар гүйцэтгүүлэх, 7 хоногийн хугацаатайгаар, ажлын хөлсөнд 44,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцжээ. /1хх11-13/
4. Нэхэмжлэгч нь дээрх 2 гэрээний ажлын хөлсөнд шилжүүлсэн нийт 57,880,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон бол, хариуцагч нь татгалзалдаа эхний гэрээний дагуу Астра 100 болон Астра 75 тоног төхөөрөмжийг угсрах суурилуулах ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн боловч нэхэмжлэгч талаас Астра 200 тоног төхөөрөмжийг өгөөгүйгээс шалтгаалан ажил бүрэн хийгдээгүй, 2 дахь гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж дуусгасан боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй тул уг гэрээний дагуу хийсэн ажлын үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж маргасан байна.
Үүнээс үзэхэд талууд, гэрээгээр тохиролцсон ажлыг хариуцагчаас зохих ёсоор хийж гүйцэтгэсэн эсэх, хэрэв хийж гүйцэтгээгүй бол аль талын үүргийн зөрчлөөс шалтгаалан гэрээний үүрэг зөрчигдсөн нь маргааны зүйл болсон байна.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас дээрх гэрээний ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2023/16685 дугаар захирамжаар шинжээч томилсон байна. /1хх135-139/
5.1. Дээрх захирамжийн дагуу шүүхээс:
-Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах******* төсөлд Астра-100, Астра-75, Астра-200 бохир ус цэвэрлэх станцуудыг угсарч, суурилуулсан эсэх,
-Астра-50 хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх станцыг угсарч, суурилуулж, 40 метр урттай Ф150 бохирын шугам угсарсан эсэх,
-Дээрх станцууд угсарч, суурилуулагдсан бол станцуудын холболтууд зөв хийгдсэн эсэх, барилгын норм дүрэм, стандартын дагуу хийгдсэн эсэх,
-Астра-50 хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх станцад 40 метр урттай Ф150 бохирын шугам орсон эсэх асуудлаар шинжээчид асуулт тавьжээ.
5.2. Шинжээчээр томилогдсон Барилгын хөгжлийн төвөөс дүгнэлт/1хх164-175/ ирсэн байх боловч уг дүгнэлтийг хариуцагч талаас эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүхээс дахин шинжээч томилох тухай захирамж гаргасан байна./1хх186-190/
Дээрх захирамжийн үндэслэлд, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ гэж заасан тул шүүх дахин шинжилгээ хийлгэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь шинжээч ******* 2024.10.03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэндээ шинжээчид тавьсан асуулт бүрт өгсөн хариултын үндэслэлийг огт заагаагүй, ямар норм дүрэмд юу гэж заасныг баримтлаагүй буюу эх сурвалж тодорхойгүй буюу шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна гэх үндэслэлээр дахин шинжээч томилохоор шийдвэрлэсэн байна.
5.3. Гэтэл, дээрх захирамжид заасан үндэслэлээр дахин шинжээч томилсон боловч шинжээчийн дүгнэлт уг хэрэгт дахин гараагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх дээрх захирамжаар эргэлзээтэй гэж үзсэн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлд зааж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй буюу өмнө нь эргэлзээтэй гэж үзсэн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрт баримтлах болсон үндэслэл нь тодорхойгүй байна.
6. Зохигчийн маргаж буй ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ, тухайн ажилд доголдол байгаа эсэх асуудлаар тусгай мэдлэг бүхий шинжээчийг дахин томилсон нь зөв боловч уг захирамж биелэгдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт нийцээгүй байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан нь дахин шинжилгээ хийлгэх асуудал хамаарна.
7. Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах шаардлагатай байх ба түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.
8. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2026/01026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 447,350 төгрөг, хариуцагчаас төлсөн 225,450 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ