Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0428

 

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.3.н, 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/400 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө давж заалдах гомдолдоо: “... 1. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай компанийн тусгай зөвшөөрлийг Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/400 дүгээр захирамжаар хүчингүй болгосон тухай захирамжийн хуулбарыг Алтанбулаг сумын Засаг даргаас ирүүлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан байдаг.

Гэтэл тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцлах болсон тухайгаа мэдэгдээгүй төдийгүй цуцалсан захирамжийг 1 жил 6 сарын дараа хүргүүлж байгаа нь уг захиргааны акт гаргах хууль тогтоомжийн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл юм.

Аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан гадагш буй иргэд, аж ахуйн нэгжид чиглэсэн захиргааны акт гаргах бүртээ шийдвэрлэх асуудлын зорилгод нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангасан байхаас гадна тухайн шийдвэрээс үүдэлтэй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох иргэд, аж ахуйн нэгжид энэ талаар урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах үүрэгтэй. Энэ үүргээ Төв аймгийн Засаг дарга биелүүлээгүй байхад шүүх Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Тусгай зөвшөөрөл цуцлах тухайгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу мэдэгдээгүй, шуудангаар хүргүүлсэн гэх боловч “Ж” ХХК-д ирээгүй, н.А гэдэг хүнд гардуулсан гэх боловч ийм нэртэй хүн манай компанид ажилладаггүй, ажиллаж байгаа ч үгүй байхад н.А гэх хүн хүлээн авсан байна. Тиймээс та нар хүлээж авсан гэх байдлаар тайлбарлаж байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчиж байна.

Шийдвэр гарахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, санал авах ажиллагаа явуулах үүрэгтэй байтал захиргааны акт гаргах тухайгаа огт мэдэгдээгүй.

Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах үүрэгтэй.

-Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. Гэтэл “Ж” ХХК-д яг хэдэн сарын хэдний өдөр мэдэгдэх хуудас очсон бэ?

-Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно. Хариуцагч манай компанийг олдодгүй хаягтаа байдаггүй, бичиг баримт өгөх гэхээр авдаггүй, зайлсхийдэг талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг. Нэхэмжлэгчийг хүлээн авахгүй байсан гэж үзэж байгаа бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах ёстой байсан ч энэ ажиллагааг хийгээгүй.

Сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргаа нотлох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч захиргааны акт гаргах тухайгаа мэдэгдээгүй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж тодорхойлсон байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нөхцөл байдлын талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /5-8 тал/ бүхэлдээ дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь 2017 оны 06 дугаар сарыг дуустал үйл ажиллагаа явуулаагүй болох нь Төв аймаг дахь 2016 онд шүүхэд маргаан үүсэхээс өмнө газар ашиглах гэрээ байгуулах талаар Алтанбулаг сумын Засаг даргад удаа дараа хандаж байсан боловч хүсэлтийг хүлээн авдаггүй, танай компанийн газар давхцалтай гэх хариуг ирүүлсэн албан бичиг болон Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 180 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 191 дүгээр тогтоолд бичигдсэн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбараас харагддаг.

Нэхэмжлэгч компани үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ч нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны акт гаргах тухайгаа мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн талаар гаргасныг шүүх анхаарч, энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй юм.

Иймд Төв аймгийн Засаг даргад холбогдох хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ...” гэж заасны дагуу давж заалдах гомдлын үндсэн дээр шүүхийн шийдвэрийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/400 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Уг захирамжаар ““Ж” ХХК нь нийт талбайн 4,97 га талбайг хөндөж, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байх хугацаанд байгаль орчны хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тусгай зөвшөөрөл цуцлуулах санал, Байгаль орчин аялал, жуулчлалын газрын дүгнэлттэй танилцаад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эрх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1, Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тул “Ж” ХХК-ийн МV-016809 тоот Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хүчингүй болгож цуцалсан” байна.

Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Ж” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүлсэн байна.

Мөн Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 07/150 дугаар албан бичгээр “Ж” ХХК-ийн MV-016809 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг гаргажээ.

Анхан шатны шүүх “...Эдгээр санал дүгнэлтийг үндэслэн Төв аймгийн Засаг дарга “Ж” ХХК-ийн MV-016809 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.3.н “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, 29.2 “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална”, 37.1.3 “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1. “Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ,” 2/ “байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах” гэсэн хуулийн заалттай нийцсэн” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Учир нь маргаан бүхий Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлах тухай” А/400 дүгээр захирамж нь үндэслэл бүхий байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “...тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах”, 39.1.5-д “энэ хуулийн 39.1.1-д заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх”, 39.1.6-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдмагц тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрийн хуулбарыг тухайн ашигт малтмалын орд байршиж байгаа нутаг дэвсгэрийг харьяалах аймаг, сум, дүүргийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх”, 39.1.7-д “Уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлнэ”, 39.2-т “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.5, 39.1.7.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаасаа хойш 30 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тус сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагнана” гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д “Энэ хуулийн 39.3-т заасан мөнгөн хөрөнгийг тухайн жилийн олборлолтын ажил эхлэхийн өмнө шилжүүлэх бөгөөд энэхүү шилжүүлэг хийгдсэн талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ”, 39.6-д “энэ хуулийн 39.5-д заасан хугацаанд мөн хуулийн 39.1.9-д заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга уурхайн тухайн жилийн олборлолтын ажлыг зогсоох эрхтэй” гэж хуульчилсан ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлнэ”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулна” гэжээ.

Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 35.3.2-т “ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө”, 35.3.3-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 35.3.4-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”, 35.3.5-д “хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ”, 35.3.6-д “уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт”, 35.3.7-д “газар, ус ашиглах тухай гэрээ” зэргийг уурхай дээр байлгах үүрэгтэй байна.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх хуульд заасан үүргийг биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд “Ж” ХХК нь 4.97 га талбай хөндсөн үүнээс 0.5 га нь тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна байгаа ба нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлдээ Бөхөг голын энгийн хамгаалалттай бүстэй давхцаж байгаа нь тогтоогджээ.

Хариуцагч Төв аймгийн Засаг дарга 2017 оны А/238, А/476 дугаар захирамжуудаар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.

Ийнхүү аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2017, 2018 оны илтгэх хуудсаар нэхэмжлэгч “Ж” ХХК нь өөрийн ашиглалтын талбайг хэтрүүлэн ашигласан, уурхай дээр байх ёстой баримт бичиг байхгүй, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байх хугацаанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй нь тус тус тогтоогдсон байна.

Мөн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн үзлэг хийхэд нөхөн сэргээлт явуулаагүй болох нь тогтоогджээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан үзлэгийн зургаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Бөхөг голын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болохыг шинжээчийн дүгнэлтээр  тогтоосон бөгөөд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчжээ.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Бөхөг голын хамгаалалтын бүстэй давхцалтай, мөн ашиглалтын талбайг хэтрүүлэн ашигласан, уурхай дээр байх ёстой баримт бичиг байхгүй, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байх хугацаанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй нь тус тус тогтоогдож байхад цаашид энэ чигээр ашиглуулах боломжгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцлах болсон тухайгаа мэдэгдээгүй төдийгүй цуцалсан захирамжаа 1 жил 6 сарын дараа хүргүүлж...”, “... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох иргэд, аж ахуйн нэгжид энэ талаар урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах үүргээ биелүүлээгүй...” гэжээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Төв аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1910 дугаар албан бичгээр “тусгай зөвшөөрлийг цуцлах болсныг “Ж” ХХК-д мэдэгдэж, тайлбар болон нотлох баримтаа 2017 оны 12 дугаар сарын 08-ны дотор ирүүлнэ үү” гэжээ.

Уг албан бичгийг шуудангаар хүргүүлсэн талаарх баримтыг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн байх ба энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.