Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 52

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Б.ын нэхэмжлэлтэй тус аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид холбогдох Завхан аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Т.ын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Т., нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. ............................. газрын захиргааны 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж нийт 14 акт тавьснаас 2015.04.28-ны өдрийн томилолтын, 2015.05.07-ны өдрийн замын хуудасгүй үндсэн баримтгүй Улаанбаатар хот явсан, 2015.06.23, 2015.07.03-ны өдрүүдийн патент ашигласан зэрэг актуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2. 14 актын нийт 2756886 төгрөгийн актаас дээрх 4 актын төлбөр болох 2022000 төгрөгийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 3. Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 26 дугаар албан бичгийг тухайн өдөр утсаар мэдсэн. Биеэрээ 2017 оны 04 сарын 11-ны өдөр хүлээн авсан. 2015 оны 04 сарын 28-ны өдрийн томилолт Говь-Алтай аймагт болсон сав газрын үйл ажиллагааг хянах хяналтын зөвлөлийн хуралд сав газрын жилийн ажлын тайланг тавьсан. Энэ талаар бүх холбогдох тайлан мэдээг гаргасан. Холбогдох газарт хүргэгдсэн. 2015 оны 05 сарын 07-ны өдрийн актын хувьд Байгал орчин аялал жуулчлалын Яамнаас очиж машин авахад зарцуулсан. Замын хуудас бусад зарцуулалтуудыг тухайн үеийн жолооч гаргасан боловч баримт байхгүй гээд байгаа. 2016 оны 06 сарын 23-ны өдрийн актын хувьд сав газрын дэргэдэх Цэнхэр эргүүл-ийн хүүхдүүдэд үдийн цайнд зарцуулсан. 2016 оны 07 сарын 03-нд Говь-Алтай болон Увс аймгийн сумуудад усны менежментийн үйл ажиллагааг танилцуулах, тэмцээн уралдаанд зарцуулагдсан гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүхэд нэхэмжлэл яагаад гаргах болсон юм бэ? гэхээр шалгалт хийх гэж байгаа талаар надад мэдэгдээгүй. Харин шалгалтын дүн гарсны дараа мэдэгдэж хэлсэн. Миний нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зардлуудыг байгууллагадаа зарцуулсан юм. Энэ талаарх баримтуудыг тайландаа хавсаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

633800 төгрөгний акт нь замын хуудасгүй болохоор хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээр акт тавихдаа замын хуудсууд байхгүй, баримтууд үдэгдээгүй гэдэг. Намайг ажлаа өгсний дараа хоёр нягтлан бодогч нар ажлаа хүлээлцэхдээ баримтуудыг хүлээлцээгүй талаар тайлбарлаж байгаа. Нягтлан бодогчоос яагаад баримтаа бүрдүүлж өгөөгүй юм бэ? гэхээр дараагийн дарга нь би мэргэжлийн нягтлан бодогч авч байгаа, тиймээс энэ асуудлыг өөрөө зохицуулна гэж хэлсэн байгаа. Тухайн үед баримтуудыг үдээд өгье гэхээр стандартандаа хүрэхгүй байсан гэдэг. Гэтэл жолооч болон нягтлан бодогчууд нь тухай бүр баримтуудыг хийгээд явж байсан. Тиймээс холбогдох баримтууд байх ёстой гэж тайлбарладаг. Нэхэмжлэл гаргасан актуудын тухайд өөрөө мэдэж байгаа болохоор шүүхэд хандсан байгаа гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Албаны даргын 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 03 тоот удирдамжаарХяргас нуур Завхан гол сав газрын 2015, 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийгдэж доорх зөрчлүүд илэрсэн. Зөрчилтэй холбоотой тайлбарыг хүргүүлж байна. 1. 2015 оны 07-р сарын 03-ны өдөр 1300,0 мянган төгрөгийн бичиг хэргийн материал, 2015 оны 06-р сарын 23-ны өдөр 35,0 мянган төгрөгийн хүнсний материалыг ******* барааны дэлгүүрээс Татварын хэлтсийн улсын байцаагчийн бичсэн патентыг хавсарган /******* дэлгүүр хүнсний болон бичиг хэргийн материалын худалдаа хийдэггүй/ худалдан авсанаар хуурамч баримт бүрдүүлэн зах зээлийн үнээс өндөрөөр худалдан авсан зөрчил нь НББ-ийн тухай хууль-ийн, 13-р зүйлийн 13.6 дахь Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, Төсвийн тухай хууль-ийн 6-р зүйлийн 6.4.1 дэх Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулахмөн хуулийн 16-р зүйлийн 16.5.5 дахь Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн заалтуудыг 2. 2015 оны 04-р сарын 28-ны өдөр 87,0 мянган төгрөгөөр Улаанбаатар хот явсан томилолт нь удирдамжгүй, ажлын тайлангүй байгаа нь Төсвийн тухай хууль-ийн 41-р зүйл Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн заалт, томилолтын зардал олгосон нь Монгол Улсын Сангийн сайдын 1992 оны 02-р сарын 20-ны өдрийн 39 тоот Дотоод албан томилолтын зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тушаалыг 3. 2015 оны 05-р сарын 07-ны өдөр 600,0 мянган төгрөгөөр шатахуун авсан нь анхан шатны баримтын бүрдэлгүй байсан нь НББ-ийн тухай хууль-ийн 7-р зүйлийн 7.7 дахь Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно, мөн хуулийн 8-р зүйлийн 8.1 дэх Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана 9-р зүйлийн 9.1 дэх Аж ахуйн нэгж байгууллага хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би шалгалтын явцад нэг, хоёрдугаар гарын үсэг зурж байсан дарга, нягтлан бодогч нарт хэлэх ёстой. Үүнийг заавал танд утсаар хэлж, мэдэгдэх ёсгүй. Энэ талаар яаж дамжуулах ёстой юм бэ? гэхээр тухайн үед ажиллаж байсан дарга, нягтлан хоёрт өмнөх дарга, нягтлан хоёртоо хэлээрэй гэж үүрэг өгнө. Ийм учраас тухай бүр дарга, нягтлан хоёрт ямар баримт шалгах талаар, ямар зөрчил гарсан талаар хэлж байсан. Гэтэл таныг дарга байхад нягтлан бодогч байсан ******* юу гэж хэлсэн бэ? гэхээр даргын утас нь олдох байх. Харин хуучин нягтлан бодогч Улаанбаатар хот явсан болохоор мэдэхгүй гэж хэлсэн.

Нэгдүгээрт төсвийн ерөнхийлөн захирагч байна гэдэг нь төсвийг захиран зарцуулах эрх байгаа тохиолдолд нэгдүгээр гарын үсэгний ард хариуцлага заавал дагаж байдаг.

Хоёрдугаарт баримтыг 250 хуудастай үддэг. Хагас жилийн байдлаар санхүүгийн баримт 250 хуудас хүрэхгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Хэрвээ хүрэхгүй байна гэж бодоход хоёр нягтлан бодогчийн ажлаа хүлээлцсэн хариуцлагын алдаа байна. Ямар гүйлгээг, хэдний өдөр хийснийг цаасан дээр буулгаад, баримтуудаар баталгаажуулах ёстой. Түүнээс биш дараагийн хүнд баримт байх ёстой гэдэг байдлаар хэлэх боломжгүй юм.

Гуравдугаарт хуурамч патент яагаад ашигласан гэж үзсэн юм бэ? гэхээр ******* дэлгүүрийн эзэн ын эхнэр нь ын эгч нь юм. Тиймээс ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзсэн. Дэлгүүр бол өөр өөрсдийн чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл барааны дэлгүүрт хүнсний бүтээгдэхүүн зарах эрх байдаггүй. Тийм учраас Цэргийн ангийн урд талд Дуулга гэдэг дэлгүүр байдаг. Энэ дэлгүүр нь .................ХХК гэсэн нэртэйгээр ын хүүхэд нь татвараа төлдөг. Өөрөөр хэлбэл тусдаа аж ахуйн нэгжтэй, тамга тэмдэгтэй.

Дөрөвдүгээрт татвараас нуугдаж байна гэж үзэж байгаа. Ийм учраас та нарыг патент ашигласан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүүн авчихаад барилгын материалын патентыг хавсаргасан нь хууль бус юм.

87000 төгрөгт ногдуулсан акт нь албан томилолтод зарцуулсан зардал юм. Ийнхүү албан томилолт авахдаа Улаанбаатар хот явсан юм байна. Энэ нь Сангийн сайдын 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн буюу 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаар тушаалаар албан томилолтын зардлыг гаргадаг. Тэгэхээр албан томилолтын нүүрэн дээр ямар ажил гүйцэтгэх гэж байгаа удирдамжаа бичнэ. Тэгээд томилолтоо эргүүлээд ямар ажил гүйцэтгэсэн талаар бичнэ. Дараа нь томилолтын хүснэгт дээр та гарын үсэг зурсан байгаа. Гэтэл та тэр томилолтыг 100 авах шаардлага байхгүй. Яагаад гэвэл таныг Улаанбаатар хотоос дуудсан дуудлагын бичигт унаа хоолны зардлыг даана гэж бичсэн бол даах ёстой. Харин ийм бичиг байхгүй бол та өөрөө зардлаа даана гэсэн үг. Гэтэл та албан томилолт дээрээ гарын үсэг зураад, мөнгөө 100 хувь авсан байгаа. Энэ нь таны зөрчил юм. Мөн албан томилолтоор явсан гэдгээ баталж чадахгүй байгаа. Та энэ талаар шүүхэд тайлбар өгөхдөө ******* мэргэжилтний ажлын тайлан дээр бичигдсэн гэдэг. Энэхүү тайланг санхүүгийн баримт гэж үздэггүй юм. Тухайн томилолт дээр удирдамж, ажлын гүйцэтгэлээ бичсэний үндсэн дээр даргаараа гарын үсэг зуруулаад, тооцуулсны дараа томилолтоо авах ёстой.

600000 төгрөгний актын тухайд гэвэл 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр машин авч ирнэ гээд явсан байдаг. Гэтэл үүн дээр үндсэн баримт байхгүй. Ийнхүү үндсэн баримтгүй учраас шатахууны зардал гэж гарсан. Шатахууны зардал гэж гарсан учраас би таниас замын хуудас нэхэх ёстой. Гэтэл та нарт дээрх зардлыг хамгаалах ямар ч баримт байхгүй. Ийм учраас акт болж тавигдсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Б.ын нэхэмжлэлээр Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.т холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн нэхэмжлэгчийн Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, Аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсынбайцаагч Т.ын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27-06-04, 27-06-05, 27-06-07 тоот төлбөр тогтоосон актуудыгхүчингүй болгуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 09ны өдрийн 03 тоот удирдамжийн дагуу улсын байцаагч Т. нь ******* сав газрын захиргааны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Нөхөн төлбөр тогтоох тухай 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27-06-04, 27-06-05, 27-06-06, 27-06-07 дугаар актуудыг үйлджээ. Дээрх актуудаар нийт 2 753 800 төгрөгний төлбөр тогтоож, уг төлбөрийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлж, орон нутгийн төсвийн орлогын 090000982 тоот дансанд 2017 оны 02 сарын 28-ны дотор хураан барагдуулж, тайлан ирүүлэхийг тус газрын дарга Т.*******, нягтлан бодогч У.******* нарт хариуцуулсан байна. ******* сав газрын захиргааны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар албан бичгээр дээрх төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах талаар Б.т албан шаардлага хүргүүлсэн байх тул уг актын талаар Б. маргах эрхтэй байна. Нэхэмжлэгч Б. нь 2016 оны 03 дугаар сарын 06наас 2016 оны 11 сарын 13 хүртэл ******* сав газрын захиргааны даргаар ажиллаж байсан байх бөгөөд дээрх захиргааны актуудаас 27-06-04, 27-06-05, 27-06-07 тоот актуудад холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн болно.

1.Нөхөн төлбөр тогтоох тухай 27-06-04 тоот актын тухайд: Уг актыг улсын байцаагчийн зүгээс шатахуун үндсэн баримтгүйгээр олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно, 8 дугаар зүйлийн 8.1 дэх Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх Аж ахуйн нэгж байгууллага хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр тус актаар нийт 600000 төгрөгийн төлбөр тогтоон, төлбөрийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд

тухайн төлбөрийг нэхэмжлэгчид ногдуулсан үндэслэлийг тайлбарлахдаа, 600000 төгрөгийг картаар шилжүүлээд авсан байдаг. Дээрх мөнгийг зарцуулсан баримт нь байхгүй учраас акт тавигдсан гэж, харин нэхэмжлэгчийн зүгээс Энэ мөнгийг машины бензинд зарцуулна гэж авсан. Тэгсөн мөртлөө машинд аккумлятор, дугуй гэх мэт өөр бусад зүйлсүүдийг авсан юм. Мөн машин авч ирэхдээ бензин хийсэн байгаа. Тэгээд дараа дараагийнхаа зардлууд руу шингээгээд баримт бүрдүүлье гэж ярьж байсан гэсэн тайлбарыг гарган тус тус маргаж байна. Б. нь ******* сав газрын захиргааны даргаар ажиллаж байхдаа байгууллагадаа машин авахаар 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр жолооч Ж.*******ын хамт Улаанбаатар хот руу явсан болох нь Б., Ж.******* нарын томилолт[1], зорчих тасалбараар[2] тус тус нотлогдож байна. Нэхэмжлэгч Б. нь машин авахад бензин маш их зарцуулдаг, солих зүйл их байсан болохоор машинд аккумлятор, дугуй авч, үлдсэн мөнгийг бензинд зарцуулсан гэж тайлбарлаж байх боловч ******* сав газрын захиргааны 2015 оны 01-12 сарын нэмэлт санхүүжилтийн харилцахын баримт, 2015 оны 01-06 сарын харилцахын баримт, ажлын тайлан зэрэг баримтуудад үзлэг хийхэд дээрх 600 000 төгрөгтэй холбоотой баримт байхгүй, машинд дугуй, аккумлятор авсан талаарх баримт байхгүй байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/ -ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад

нотолгоог ойлгохоор заасан байгааг болон мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Анхан

шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно, 8 дугаар зүйлийн 8.1 дэх Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх Аж ахуйн нэгж байгууллага хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хариуцагч энэ талаар төлбөр тогтоож, төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т ... учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг ... шийдвэрлэх гэж заасантай нийцэж байна.

2. Нөхөн төлбөр тогтоох тухай 27-06-05 тоот актын тухайд: Дээрх актыг тогтоосон үндэслэлийг авч үзвэл зах зээлээс бараа материал өндөр үнээр худалдан авсан, патент ашигласан, төсвийг зориулалт бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж уг зөрчилд тухайн актаар нийт 1 433 000төгрөгийн төлбөр тогтоон, төсвийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

Тухайн актыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч тайлбарлахдаа Гэнэтийн шаардлага гарсан тохиолдолд Дуулга дэлгүүрээс бараа, материалаа аваад, өгөөд сурчихсан юм. Би ойлгохдоо энэ дэлгүүрийг ******* дэлгүүрийн салбар гэж бодож байгаа. Татвар төлдөг талаарх асуудлыг би мэдэхгүй. Манайх ******* дэлгүүртэй байнга харьцаж, бараа материал зээлээр аваад эргүүлж төлдөг байсан гэсэн агуулга бүхий тайлбарыг гарган маргаж байна. Дээрх 1 433 000 төгрөгний төлбөрөөс 1 300 000 төгрөгөөр ******* дэлгүүрээс бичиг хэрэгслийн материал, 35 000 төгрөгөөр хүнсний бараа худалдан авсан нь хуурамч патент ашигласан, 98 000 төгрөгөөр ******* ХК-иас бараа худалдан авсан нь зах зээлийн үнээс өндөр байсан гэж төлбөр тавьжээ. ******* дэлгүүрийн зарлагын баримтаар[3] 2015 07 дугаар сарын 01-ий өдөр ******* сав газрын захиргаа нь нийт 1 300 000 төгрөгийн үнэтэй өргөмжлөл, тэмдэглэлийн дэвтэр, жааз, олон өнгийн пламастер зэрэг барааг худалдан авсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь ******* дэлгүүр бичиг хэрэгслийн материал зардаггүй тул хуурамч патент ашигласан гэж, нэхэмжлэгч манайх ******* дэлгүүртэй байнга харьцаж, бараа материал зээлээр аваад буцаан төлдөг гэж маргасан байна. Гэрч Ц.ын ...******* сав газрын захиргаа нь байнга манайхтай харьцаж байнга юм авдаг газар. ...Манайх бичиг хэргийн материал зардаг. Одоо ч гэсэн үлдэгдэл бараа байгаа, бичгийн цаас, үзэг, бал, цом, медаль, жааз, хортой цаас, тэмдэглэлийн дэвтэр зэрэг бараанууд зардаг. Харилцагч байгууллага захиалга өгвөл ямар ч бараа захиалсан тэр барааг нь нийлүүлдэг. Өмнө нь 2010 оноос хойш бичиг хэрэг, барилгын материал зарж байгаад одоо сүүлийн үед 2016 оны сүүлээс эхлээд бичиг хэргийн материалаа авчрахаа больсон гэсэн мэдүүлгээр[4] ******* дэлгүүр нь бичиг хэрэгслийн бараа зардаг байсан нь нотлогдож байх бөгөөд хариуцагч уг актыг үйлдэхдээ шалгалтыг бүрэн дүүрэн явуулаагүй, тухайн үед ******* дэлгүүр дээрх бараа, материалыг зарж байсан талаар шалгаж тогтоогоогүй, яагаад хуурамч патент ашигласан гэж үзсэн талаараа нотолж чадаагүй байна.

Мөн ******* ХК-ны 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн А/44 дүгээр албан бичгээр[5] ******* ХК-ны 2015 оны 3-р сарын байдлаар борлуулж байсан бүтээгдэхүүний үнийн жагсаалтыг тодорхойлж ирүүлсэн байх бөгөөд энэ нь ******* ХК-ны 2015 оны 03 сарын 20-ны өдрийн зарлагын баримт[6] дээр бичигдсэн үнийн дүнтэй тохирч байна. Харин 2015 оны 05 сарын 04-ний өдөр ******* ХК-иас найруулдаг чацаргана 2 ширхэгийг 29000 төгрөгөөр авсан талаарх баримтууд[7] хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь тухайн үеийн үнээс илүү бичигдсэн байхад хариуцагч энэ талаар судалж тогтоолгүй, нийт 98000 төгрөгөөр авсан хүнсний барааг өндөр үнээр авсан байна гэж дүгнэн нийт дүнд акт тогтоосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх гэсэн зарчимд нийцээгүй байна. Сангийн Сайдын 2016 оны тушаалаар баталсан Санхүүгийн хяналт шалгалтын стандартын 3 дугаар зүйлийн 3.2.7-д зааснаар улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад шаардлагатай баримт бичгийг гаргуулан авч шинжлэн судалж танилцах, шалгалтын холбогдолтой асуудлаар амаар буюу тайлбар тодорхойлолт авах, ажлын байр, талбай агуулах, бусад холбогдох газарт нэвтрэн орж, тооллого тооцоо, үзлэг шалгалт, зураг авалт хийх, мэргэжлийн хүмүүсийг шалгалтанд татан оролцуулах буюу тодорхой асуудлаар мэргэжлийн байгууллага, хүмүүсийн дүгнэлт гаргуулан дүн шинжилгээ хийлгэж болохоор байна. Гэтэл хариуцагч нь уг актыг үйлдэхдээ дээрх журмаар шалгаж тогтоолгүйгээр хийсвэрээр дүгнэж, акт гаргасан нь хууль, стандартад нийцээгүй байх тул дээрх 27-06-05 тоот актыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Хариуцагч Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн гэж акт тавьсан байх боловч дээрх 1 433 000 төгрөгийг яагаад зориулалт бусаар зарцуулсан гэж үзсэн талаараа тайлбарлаагүй, зөвхөн хуурамч патент ашигласан, зах зээлийн үнээс өндрөөр худалдан авсан байсан гэсэн үндэслэлийг зааж маргасан болохыг дурьдах нь зүйтэй байна.

3. Улсын байцаагчийн 27-06-07 тоот актаар тогтоосон 87 000 төгрөгийн төлбөрийн тухайд: Тухайн төлбөр нь нэхэмжлэгчБ.ыг газрын захиргааны даргаар ажиллаж байх хугацаанд хамаарч байх ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан томилолт[8], ажиллагсадын томилолтын зардлын тооцоо[9], гэрч Ж.*******ын мэдүүлгээр[10]Б. нь 2015 оны 04 сарын 24-ны өдрөөс 04 сарын 27 хүртэл 3 хоног Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд сав газрын зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцохоор явсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч уг томилолтыг Улаанбаатар хот явснаар андуурч актандаа бичсэнээ хүлээн зөвшөөрч тайлбарлаж байх ба нэхэмжлэгчийг уг ажлаар явсан нь тогтоогдоогүй, томилолтын удирдамж байхгүй, гүйцэтгэсэн ажлын тайлан байхгүй байсан тул томилолтыг 100 хувь авсан нь үндэслэлгүй гэж, нэхэмжлэгч тухайн үед ГовьАлтай аймагт болсон зөвлөлийн хуралд хагас жилийн тайлан тавих ажлаар явсан, тайлан нь санхүүгийн баримтад авагдсан учраас томилолт олгогдох ёстой гэж маргасан байна. Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1-д зааснаар албан томилолтын зардал нь төрийн албан хаагчид олгох нөхөн төлбөрт хамаарах бөгөөд Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журмын 12, 13-т хүндтэй биш шалтгаанаар удирдамж, төлөвлөгөөнд заагдсан үүргээ биелүүлээгүй, томилолтын хугацааг хүндтэй биш шалтгаанаар хэтрүүлсэн байвал хэтрүүлсэн хугацааных нь байр, зам хоногийн зардлыг олгохгүй байхаар журамлажээ. Үүнээс үзэхэд удирдамжгүй, гүйцэтгэсэн ажлын тайлангүй гэх нь томилолтыг 100 хувь олгохгүй байх нөхцөл болохгүй байна. газрын 2015 оны тайлан төлөвлөгөөнд шүүхээс үзлэг хийхэд тус сав газрын захиргааны 2015 оны хагас жилийн ажлын тайлан тус зөвлөгөөнд тавигдаж хэлэлцсэн байх тул нэхэмжлэгчийг томилолтын дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй байна.

Улсын байцаагчийн акт нь бодит байдалд үндэслээгүй, төлбөр тогтоосон үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн хувьд тус актаар тогтоосон төлбөрийг хариуцах үндэслэлгүй байна. Иймд дээрх байдлаас үндэслэн тухайн захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон нь тогтоогдож байх тул 27-06-07 тоот актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, 7 дугаар зүйлийн 7.7, 8 дугаар зүйлийн 8.1, Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээрзүйлийн 29.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоох тухай 27-06-05, 27-06-07 тоот актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27-06-06 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 


[1] Хавтаст хэргийн -р хуудас

[2] Хавтаст хэргийн -р хуудас

[3] Хавтаст хэргийн -р хуудас

[4] Хавтаст хэргийн -р хуудас

[5] Хавтаст хэргийн -р хуудас

[6] Хавтаст хэргийн 44-р хуудасны ар тал

[7] Хавтаст хэргийн 65-р хуудас

[8] Хавтаст хэргийн 46-р хуудас

[9] Хавтаст хэргийн 47-р хуудас

[10] Хавтаст хэргийн р хуудас