Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00100

 

Р.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 836 дугаар шийдвэр,

      Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: Р.Х

           Хариуцагч: Н.Бад холбогдох

           Зээлийн гэрээний үүрэгт 6.067.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Х, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: 2017-05-25-ны өдөр Н.Бадмхандтай зээлийн гэрээ байгуулан, 1 сарын хугацаатай 15% хүүтэй 5.750.000 төгрөгийг зээлүүлсэн. Уг мөнгийг 4 удаагийн дансны шилжүүлгээр нийт 4.304.000 төгрөг, бэлнээр 1.446.000 төгрөгийг тус тус хуваан өгсөн. Үүнээс 545.000 төгрөгийг буцаан төлсөн ба хүүний мөнгөнд тооцож, үндсэн төлбөр 5.750.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 317.000 төгрөг, нийт 6.067.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн 2017 оны 02 дугаар сард Н.Б надтай холбогдон мөнгө зээлэх хүсэлт гаргасан бөгөөд түүнийг “Аз” супермаркет ажиллуулдаг байсан учир мөнгө зээлдэг байсан. Өмнө нь би түүнд итгэн зээлийн гэрээ хийдэггүй байсан. Тэгээд эхний зээлээ төлөөд дуусахад дараагийн зээлийг олгодог байсан. 2017-05-25-ны өдөр гэрээ байгуулахаас өмнөх зээлийн өрийн асуудлаа бид дуусгаад дахин мөнгө хэрэгтэй байна гэхээр нь түүний дансаар 2017-05-24-ний өдөр 2.500.000 төгрөг, 2017-05-25-ны өдөр 1.220.000 төгрөг, мөн өдрөө 95.000 төгрөг, 2017-05-26-ны өдөр 489.000 төгрөг нийт 4.304.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Мөн бэлнээр 1.446.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан өгсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2017-05-25-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч мөнгө аваагүй. 2017-02-12-ны өдөр  Р.Хтэй анх уулзаж 3 сая төгрөг зээлсэн. Түүнээс хойш мөнгө хэрэгтэй болохоороо түүнд хандаж, цувуулж зээлсээр нийт 11.079.100 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Харин түүнд 2017-02-13-ны өдрөөс 2017-06-03-ны өдөр хүртэл нийт 11.779.000 төгрөг буцаан өгсөн. 2017-05-24-ний өдрөөс 2017-05-26-ны хооронд миний дансруу шилжүүлсэн нийт 4.304.000 төгрөг нь өмнөх зээлийн төлбөрт илүү төлсөн байсан мөнгийг буцааж өгсөн гэж ойлгож байгаа. Банкны ажилтнаар тооцоо хийлгэж үзэхэд 549.000 төгрөгийг надруу илүү шилжүүлсэн байсныг түүний дансаар буцаан шилжүүлсэн. Одоо төлбөрийн асуудал байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

      Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 836 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Баас 4.077.800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Хд олгож, нэхэмжлэлээс 1.989.700 төгрөг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80.195 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 25-ны өдрийн 131 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Б болон түүний өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч, түүний өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Зохигчид шүүхэд бичгээр болон амаар гаргасан нэхэмжлэл, тайлбартаа 2017 оны 2 дугаар сараас зээлийн харилцаа үүссэн талаар дурдсан байдаг. Тухайлбал, 2017.02.12-ны өдрөөс 2017.05.26-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.Б нь Р.Хгээс нийт 11.179.100 төгрөг зээлээр авсан байх бөгөөд 11.779.000 төгрөгийг буцаан төлсөн байна. Үүнээс үзэхэд 3 сарын хугацаанд Р.Х, Н.Б нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд талууд энэ хугацаанд бичгээр гэрээ байгуулаагүй байгаагаас үзвэл хүүгүй зээлийн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. 2017.05.25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээний хувьд тухайн өдөр зээлийн гэрээнд дурдагдсан төгрөгийг өгч авалцсан зүйл байхгүй, өмнөх зээлийн гэрээг дүгнэсэн баримт үйлдээгүй харин ИХ-ийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасан хэд хэдэн нөхцөл байдлыг бүрдүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь хэргийн үйл баримтаас тодорхой харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх Р.Хгээс 2017.05.24-2017.05.26-ны өдрүүдэд хариуцагч Н.Бын дансаар шилжүүлсэн 4.304.000 төгрөгийн дансны гүйлгээг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэмээн үзэж Р.Хгийн шаардах эрхийн үндэслэлийг хүчин төгөлдөр бус гэрээний заалтаар хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ИХ-ийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээний зохицуулалтыг хуульчилсан байх бөгөөд  282.3-т хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах тухай заасан байна. Хэдийгээр 2017.05.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байх боловч энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн хэд хэдэн шинжийг агуулж байгаагийн дээр талуудын хооронд 2017.05.25-ны өдөр буюу шаардах эрхийн үндэслэл болж буй зээлийн гэрээ байгуулагдахаас даруй 3 сарын өмнөөс нийтдээ 11.179.100 төгрөгийн хүүгүй зээлийн гэрээний харилцаа үргэлжилсээр ирсэн тухай талуудын тайлбар үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс хариуцагчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хүү тогтоосон зээлийн гэрээг анхнаасаа бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдах ИХ-ийн 282.3-г шүүх хэрэглээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай зөрчилдөж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Р.Х 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг үндэслэн, Н.Баас үндсэн зээл 5.750.000 төгрөг, хүү 862.000 төгрөг нийт 6.612.000 төгрөгөөс төлсөн 545.000 төгрөгийг хасаж, үлдэх 6.067.500 төгрөг шаардсан байна.

        Анхан шатны шүүх үндсэн зээл 4.304.000 төгрөг, хүү 322.800 төгрөг нийт 4.626.800 төгрөгөөс 549.000 төгрөгийг хасаж үлдэх 4.077.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байх тул хангахгүй орхив.

       Р.Х 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5.750.000 төгрөгийг  Н.Бад нэг сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлүүлсэн, зээлдэгч 545.000 төгрөг буцааж төлсөн гэж шүүхэд хандаж, гэрээ байгуулснаас хойш хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргажээ.

        Нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа хариуцагч болон түүний өмгөөлөгч баримтаар нотолж чадаагүй, 11.079.100 төгрөгийн буюу 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс өмнөх үйл баримттай холбоотой баримт гаргах, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулсан нөхцөл байдлыг мэдэх гэрч асуулгах зэрэг  хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд шүүх дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шаардлага, тайлбараа талууд өөрөө нотлох үүрэг хүлээдэг бөгөөд хүсэлт гарсан тохиолдолд баримтыг шүүх бүрдүүлнэ.

        Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 836 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 80.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ