| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/05289/И |
| Дугаар | 210/МА2026/00940 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00940
*******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШШ2026/00816 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 332,140,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь ******* болон ******* нартай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №3Г22/17 дугаар зээлийн гэрээ байгуулан 65,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Уг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй бөгөөд №ЗГ22/17 дугаар зээлийн гэрээний эргэн төлөлт нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 149,190,200 төгрөгийг шаардаж байгаа. Мөн ******* нь ******* болон ******* нартай 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр №3Г22/19 дугаар зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Уг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй бөгөөд №3Г22/19 дугаар зээлийн гэрээний эргэн төлөлт нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 182,950,600 төгрөгийг шаардаж байгаа. ******* нь зээл эргэн төлүүлэх ажиллагааг хангалттай хийж хариуцагч нартай утсаар болон биечлэн уулзсаар ирсэн бөгөөд хариуцагч ******* болон ******* нар нь *******ын эзэмшлийн ******* нь *******-аас зарласан нөхөн сэргээлтийн 10,000,000,000 төгрөгийн ажлын тендерт шалгарсан ба тендерийн урьдчилгаа төлбөрөөс зээл болон хүүгийн төлбөрийг төлнө хэмээн бичгээр өргөдөл, хүсэлт гаргасаар ирсэн. Ийнхүү хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хүлээн зөвшөөрсөөр ирсэн боловч зохих ёсоор гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу ЗГ22/17 болон ЗГ22/19 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр нийт 332,140,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага ЗГ22/17 болон ЗГ22/19 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 332,140,800 төгрөгийг хариуцагч ******* болон ******* нараас тэнцүү хуваан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийнх гэрээнд зориулалтыг нь дурдаад өгсөн байгаа, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл авах зориулалттай, *******-д зориулж иргэнийхээ зүгээс авсан байгаа, дараа нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *******-ийн зүгээс зээл хаасан гэж үзэж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбарын агуулга:
*******, ******* нар *******-аас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 65,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, LGMG1117D маркийн ******* улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн. Мөн 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 80,000,000 төгрөгийг зээлж, 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулж, LGMG1117D маркийн улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн. Эдгээр 2 тээврийн хэрэгсэл нь *******ийн өмч байсан. ******* нь дээрх 2 зээлийн мөнгийг *******ийн Хаан банкны тоот харилцах данс руу бүрэн шилжүүлсэн бөгөөд ******* зээлийн мөнгийг дангаараа өөрийн үйл ажиллагаандаа захиран зарцуулсан. Тийм ч учраас зээлийн эргэн төлөлтийг ******* хариуцан хийх ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хууль журмын дагуу холбогдох нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч *******, ******* нараас 332,140,800.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,854,654.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 1,854,654.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан боловч шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөрөөр бичиж буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад байхгүй агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг илэрхийлнэ.
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн нэхэмжлэгч тодорхойлох эрхтэй бөгөөд тэрхүү шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч хариу тайлбар гаргаж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байхад нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас өөрөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим, 11 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг тус тус зөрчсөн. Тодруулбал, нэхэмжлэгч 332,140,800 төгрөгийг хариуцагч тус бүрээс тэнцүү хуваан буюу хариуцагч тус бүрээс 166,070,400 төгрөг гаргуулахаар шаардсан байхад, хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй, хариуцагч нараас 332,140,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцэхгүй, дээр нь шүүхийн шийдвэр тодорхойгүй үндэслэлээр биелэгдэхэд хүндрэлтэй ойлгомжгүй байдал үүснэ.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаар буюу хариуцагч тус бүрээс 166,070,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт тусгаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрт ******* нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 350,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******-д зээл хаав гэх утгаар шилжүүлсэн боловч уг төлбөр нь нэхэмжлэгч *******-аас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗНГ21/20 дугаар зээлийн гэрээгээр ******* нарт олгосон 290,000,000 төгрөгийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцож гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэжээ. Гэтэл ******* нь иргэн ******* болон нарын зээлийн төлөх баталгаа гаргасан баримт байхгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүргийг сонгож гүйцэтгэх эрхийн хүрээнд үндсэн зээлдэгч ******* нь өөрийн эзэмшлийн *******-аар баталгаа гаргаж 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлээ хаасан боловч үндсэн зээлдэгч нь хамтран ажиллах гэрээний маргаанаас шалтгаалан *******-аар *******оос зээлийг шаардуулж эхэлсэн ба энэ нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бусад баримтаар нотлогддог юм.
6.2. 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 41684 дугаар захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй буюу зээлийн гэрээнүүдийн хувийг хэргийг бүхэлд нь шаардсан боловч нэг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хувийн хэрэг хавтаст хэрэгт авагдсан байна. 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч талаас *******-д ******* өөр төлбөртэй эсэх талаарх нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргаж шүүх хангаж захирамж гарсан боловч мөн адил захирамжийн биелэлт хангагдаагүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Захирамжийн биелэлт хангагдаагүй гэх асуудлыг дурдсан. 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны үед *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******-тай байгуулсан гэрээ байхгүй гэж байгаа тохиолдолд энэ баримтыг гаргуулах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэх тайлбар хэлсэн тул шүүх хуралдаан үргэлжилсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед манай байгууллагын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар маргаж байгаагүй тул шүүхээс уг асуудлаар маргаагүй гэж дүгнэсэн. Мөн манай байгууллага тусгай зөвшөөрөлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, манай байгууллага зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй гэсэн тэмдэглэгээ гэрчилгээний ард хийгдсэн.
******* нь тухайн зээлийн гэрээнүүдэд баталгаа, батлан даалт гаргасан зүйл байхгүй. Иймд *******-ийн төлсөн төлбөрийг уг зээлийн төлбөрт тооцох үндэслэлгүй. Уг зээл нь 2022 оны 02 болон 03 дугаар сард олгогдсон. *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 350,000,000 төгрөг төлөгдсөн гэж маргасан. Гэвч тухайн зээлийг олгосноос сар хүрэхгүй хугацааны дараа 350,000,000 төгрөг төлөгдсөн гэх баримтыг үндэслэн маргаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдааны үед тухайн 350,000,000 төгрөг нь ******* болон гэх хүмүүсийн зээлийн төлбөрт төлөгдсөнтэй холбоотой баримт болон зээлийн гэрээг гаргаж өгсөн. Тухайн үед *******-ийг төлөөлж байсан гүйцэтгэх захирал нь ******* байсан тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч уг зээлийн гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй болохыг хүлээн зөвшөөрсөн буюу шаардлагын 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 332,140,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* *******-аар дамжуулан зээлийг төлсөн гэж эс зөвшөөрч, харин хариуцагч ******* тухайн зээлийг ******* хариуцан төлөх ёстой гэсэн тайлбар гаргаж маргасан байна.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
3. Хэрэгт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ямар гэрээ байгуулсан талаарх баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй бөгөөд зөвхөн зээлийн гэрээний дагуу 332,140,800 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасан, хариуцагч талаас уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдаж, тодорхой эд хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн байсан гэж маргадаг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар хүсэлт гаргасныг тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШЗ2025/41684 дугаар шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Учир нь дээрх захирамжид тухайн хүсэлт нь хэрэг маргааныг шийдвэрлэхэд ямар ач холбогдол бүхий, хэргийн бодит нөхцөл, үйл баримтыг тогтоох эсэх нь тодорхойгүй, мөн баримтуудыг гаргуулснаар хариуцагчийн татгалзал тайлбарт хэрхэн хамаарч байгаа үндэслэлээ тодруулаагүй гэх үндэслэлээр уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт тус тус нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх цуглуулахаар шүүхэд гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхисон нь шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй тухай дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
3.2. Мөн, талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан тохиолдолд тухайн аргаас үүсэх эрх зүйн үр дагавар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлагыг тодруулах шаардлага үүсэх учир тухайн гэрээг гаргуулах тухай хариуцагчийн хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай юм.
4. Түүнчлэн, хариуцагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *******-аас нэхэмжилж буй төлбөрт 350,000,000 төгрөгийг төлж зээлийг хаасан гэж маргадаг.
4.1. Мөн нэхэмжлэгч талаас ирүүлсэн *******-ийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 22/37 дугаартай албан бичигт танай байгууллагаас иргэн *******ын авсан ЗГ/22/17 тоот гэрээний 65,000,000 төгрөг болон ЗГ22/19 тоот гэрээний 80,000,000 төгрөгийн зээлийг урьдчилан хаах боломжгүй байгаад хүлцэл өчиж дээрх зээлийн үндсэн төлөлтийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний дотор бүрэн барагдуулах баталгааг гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ./хх25/
4.2. Түүнчлэн, хэрэгт хариуцагч *******ийн гаргасан хүсэлтийн дагуу ирүүлсэн нэхэмжлэгчийн Хаан банк дахь дугаартай дансны хуулгад 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээл хаав *******гэсэн 2 удаагийн гүйлгээгээр 350,000,000 төгрөг төлөгдсөн тухай баримт авагдсан байдаг./хх77/
4.3. Дээрх баримтуудыг үндэслэн хариуцагч *******оос дээрх төлөгдсөн төлбөр нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрт төлөгдсөн эсэх, эсвэл ******* өөр зээлийн төлбөртэй байсан талаарх баримтыг гаргуулж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлт гаргасныг тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШЗ2026/00294 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хх115-117/
4.4. Нэхэмжлэгч талаас ******* болон нар нь өөр зээлийн гэрээний харилцаатай байсан гэж тайлбарлан зээлийн гэрээнүүдийг ирүүлсэн/хх120-127/ байх боловч хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж бүрэн биелэгдсэн гэж үзэхээргүй байна. Учир нь дээрх хүсэлт *******-ийн 22/37 дугаартай албан бичиг болон 350,000,000 төгрөгийн төлбөртэй холбоотойгоор ******* нэхэмжлэгчид өөр зээлийн төлбөртэй байсан эсэх асуудлыг тодруулах агуулгатай байх ба *******-ийн бус, ******* болон нарын зээлийн гэрээ ирүүлснийг шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа бүрэн хийгдсэн гэж дүгнэхгүй.
Нөгөө талаар, банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох, зээл төлүүлэх үйл ажиллагаа нь тусгайлсан хууль, дүрэм, журмаар зохицуулагддаг тул хэргийн оролцогчийн хүсэлт тодорхой бус нөхцөлд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийн дагуу маргааны зүйлийг тодруулж, үүнд талуудыг чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах арга хэмжээг авах учиртай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан.
5.1. Тодруулбал, хариуцагч *******ийн гаргасан дээрх хүсэлтүүд нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүх бүрэн хийгээгүй байна.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШШ2026/00816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас төлсөн 1,854,654 төгрөг, хариуцагч *******оос төлсөн 988,302 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ