Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1126

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,                            

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д-д холбогдох эрүүгийн 1806 05667 1405 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Жинчин овогт Төмөрбатын Д, 1948 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймаг Уянга суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр охины хамт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар xopqo, 5-32 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүрээ 1-3 тоотод иргэн Б.Мягмартай маргалдаж түүний баруун гарыг нь мушгин хугалж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Мягмар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний баруун гарыг мушгиад гэмтээчихсэн… Доос тостой саваа асуухад байхгүй хашаанд чинь байгаа гэхээр нь би уурлаад үхрийн баас аваад шидсэн тэгсэн намайг элдвээр хэлж хэл амаар доромжилсон, тэгэхээр нь би хураалттай байсан төмөр аваад цохичихъя гэж бодсон тэгсэн тэр төмрийг нь дийлэхгүй байж байхад Д та тайвшир боль гэж хэлээд миний баруун гарын шуунаас хүрч ирээд хүчтэй атгаад авсан. Тэгээд миний гарыг тавихгүй чанга атгаад байхаар нь чи гар хугалчихлаа гэхэд тавихгүй байгаад байсан. Тэгээд 5-6 минутын дараа Д миний баруун гарыг тавихад баруун гарын шууны дотор хэсэг шууд хавдаад овоогоод ирсэн… Гар хугалчихлаа тавь гэхэд тавихгүй байсан ба ойролцоогоор 1 минут орчим чанга барьсан. Тэгээд Дийг гараа тавихад нь миний гар хавдаад ирсэн. Тэгээд гар хугалчихлаа гэхэд урдаас юм дуугарахгүй байсан... Би үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг тул 6.000.000 төгрөг нэхэмжилж байна. Баримт бол байхгүй. Эмчилгээний зардлын баримт аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 27-2865/,

Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мягмар над руу утсаар ярьснаас хойш 1 цаг орчмын дараа манай хашаа руу лрилоо, гартаа чулуу бариад ороод ирсэн. Энэ үед Мягмарын нөхөр, нэг эрэгтэй хүүхэд нь харж байсан. Тэгсэн Мягмарын нөхөр болох Лантуу нь Мягмарыг тайвшир гэж хэлж байсан. Мягмар гартаа барьж орж ирсэн чулуунуудаа над руу шидээд дуусгаад, газар хураалгаастай байсан шилэн хана тогтоодог 2-3 кг орчим жинтэй, бэхэлгээний төмрүүдийг аваад над руу чулуудсан. Тэгснээ Мягмар ёо ёо гээд орилоод унасан. Тэр үед би байшингийнхаа урд талын салхивч дээр зогсож байсан. Энэ үед л Мягмарын гарны хуучин хугархай сэдэрсэн байх гэж бодож байна. Мягмарын баруун гар 2 орчим жилийн өмнө хугарсан байсан. Гар нь гипстэй яваад байсан... Би Мягмарын биед хүрээгүй, 2 метр орчим зайтай байсан. Мягмар манай хашаан дотор орж ирсэн байшингийн үүдэнд байсан. Би үүдний тагтан дээр гарсан приус мод гаргаж байсан...” /хх-ийн 32, 35/,

 Гэрч Э.Найдан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед настай эмэгтэй орж ирээд Дтой ариун цэврийн өрөө бохирдууллаа гээд маргалдаад хэрэлдээд байсан. Тухайн настайвтар эмэгтэй Д руу мод авч шидээд байсан. Тэгээд тэр настайвтар эмэгтэй 2 эрэгтэй хүн гарч ирээд боль гээд аваад явсан. Намайг 2 давхрын цонхоор харж байхад бол бие, биендээ хүрсэн, црхиж, зодсон асуудал байхгүй. Би банз буулгаад орж гараад байсан болохоор өөр юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Гэрч А.Чулуунзүрх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гадаа эмэгтэй хүн орилоод байхаар нь гарч ирээд харсан. Хажуу айлынх нь Мягмар гэх эмэгтэй чанга чанга орилоод Д руу чулуу, мод авч шидээд байсан. Тэгээд би хоол хийж байсан болохоор дотогшоо орсон. Нөхөр, хүү хоёр нь гарч ирээд нааш ир гээд дуудаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Гэрч Л.Лантуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: эхнэр Мягмар хажуу талын хашааны Доос асуухаар гэрээсээ гарч яваад 1-2 минутын дараа эхнэр Мягмар уйлаад орилох чимээ сонсогдсон, тэгэхээр нь би гараад очтол манай эхнэр гараа барьчихсан Д миний гарыг мушгаад хугалчихлаа гээд байж байсан. Д би гарыг гэмтээгээгүй гээд байж байсан. Тэгэхээр нь би гэртээ зүгээр байсан хүн гэрч ирээд зүгээр байж байгаад гар нь өөрөө хугарчихдаг юм уу битгий сонин юм яриад бай гэж Дид хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд шуу хэсгээрээ хугарсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 34/,

Шинжээч эмч Т.Сэлэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл: “...Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл мөн. Хуучин гэмтэл байсан бол бороолж эдгэрсэн байна. Хохирогч нь өөрөө ямар нэгэн зүйл авч чулуудаж, шидэхэд үүсэхгүй, гадны ямар нэгэн мохоо зүйлийн^хүч үйлчилж байж уг гэмтэл нь үүснэ. Богтос ясны гадна хэсгийн доод 1/3-р хугарсан байдлаас үзэхэд гарыг эвгүй мушигхад үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,”

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7954 дугаартай дүгнэлт:

  1. Б.Мягмарын биед баруун гарын богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4.  Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39/, Т.Дийн өргөдөл /хх-ийн 15/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-ийн 16/, Нийслэлийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс явуулсан албан тоот /хх-ийн 45/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 46-48/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүрээ 1-3 тоотод иргэн Б.Мягмартай маргалдаж түүний баруун гарыг нь мушгин хугалж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Мягмарын: “...Доос тостой саваа асуухад байхгүй хашаанд чинь байгаа гэхээр нь би уурлаад үхрийн баас аваад шидсэн тэгсэн намайг элдвээр хэлж хэл амаар доромжилсон, тэгэхээр нь би хураалттай байсан төмөр аваад цохичихъя гэж бодсон тэгсэн тэр төмрийг нь дийлэхгүй байж байхад Д та тайвшир боль гэж хэлээд миний баруун гарын шуунаас хүрч ирээд хүчтэй атгаад авсан. Тэгээд миний гарыг тавихгүй чанга атгаад байхаар нь чи гар хугалчихлаа гэхэд тавихгүй байгаад байсан. Тэгээд 5-6 минутын дараа Д миний баруун гарыг тавихад баруун гарын шууны дотор хэсэг шууд хавдаад овоогоод ирсэн…” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Лантуугийн: эхнэр Мягмар хажуу талын хашааны Доос асуухаар гэрээсээ гарч яваад 1-2 минутын дараа эхнэр Мягмар уйлаад орилох чимээ сонсогдсон, тэгэхээр нь би гараад очтол манай эхнэр гараа барьчихсан Д миний гарыг мушгаад хугалчихлаа гээд байж байсан. Д би гарыг гэмтээгээгүй гээд байж байсан. Тэгэхээр нь би гэртээ зүгээр байсан хүн гэрч ирээд зүгээр байж байгаад гар нь өөрөө хугарчихдаг юм уу битгий сонин юм яриад бай гэж Дид хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд шуу хэсгээрээ хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Дийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Мягмар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 6 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч хавтаст хэрэг нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул тэрээр гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Т.Дид хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Д-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            3. Хохирогч Б.Мягмар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            4. Т.Дид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР