Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 744

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 1906 00861 0773 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Б, 1976 оны 11 дүгээр сарын 06-ны Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Нью таун 43 Б байр 1304 тоотод оршин суух, урьд нэг удаа ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хужирбулангийн 5 дугаар хэсэг 83-2251 тоотод иргэн М.Отгонбаяртай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв. Хохирогч М.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хужирбуланд Алтангэрэл ахынд ирснээ санаж байна. Тэгээд л юу болсныг санахгүй байгаа, маргааш өглөө Алтангэрэл ахын гэрт сэрэхэд миний 2 нүднээс цусархаг шингэн гараад нүүр битүү хавдсан байсан. Алтангэрэл ахаас асуусан чинь Цээрээ чамайг зодчихсон, Ууганбаяр чамайг оруулж ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

Гэрч Ч.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Алтангэрэл ахын гэрт нэг шил архи задлаад ууж байхад Отгонбаяр гэрийн хаалга онгойлгож гэрээс гараад Бямбацэрэнг гараад ир гээд дагуулаад гарсан бөгөөд удалгүй гэр хөдлөөд пижигнэлдэх чимээ гарахаар нь Сэр-Од бид хоёр гэрээс гарахад Б, Отгонбаяр нар гэрийн хажууд барьцалдчихсан байхаар нь салгаад гэрт оруулсан. Сэр-Од бид хоёрыг гарахад тэр хоёр бие биенээ цохиогүй бөгөөд гарахын өмнө зодолдсон шинжтэй тэр хоёрын хувцас хунар шороо болчихсон тэр хоёрын нүд хөхөрчихсөн байдалтай Отгонбаярын хамраас цус гарсан. Б-ийн завьжнаас бага зэрэг цус гарчихсан байсан. Тэр хоёр хоорондоо зодолдсон бөгөөд өөр зодолдсон хүн байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

Гэрч С.Сэр-Од мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Отгонбаяр, Б хоёулаа уулзъя гээд гэрээс дагуулаад гарсан. Тэр хоёр гараад удаагүй түс тас гээд хүмүүс ноцолдож байгаа чимээ гарсан тэгэхээр нь Ууганбаяр бид хоёр гэрээс гараад харахад Отгонбаяр, Б нарын хувцас шил шороо болчихсон байсан. Отгонбаяр, Б нар хоорондоо маргалдаж зодолдсон болохоос өөр ямар нэгэн маргаан зодоон болоогүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Гэрч С.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай гэрт архи уугаад сууж байхдаа Отгонбаяр, Б нар бага зэрэг ам зөрөөд байсан юм. Манай гэрт архи уугаад сууж байхдаа Отгонбаяр, Б-г гадагшаа гараад уулзъя гээд дагуулаад гарсан. Манай гэрээс гараад тэр хоёр түжигнээд явчихсан тэгэхээр нь Ууганбаяр, Сэр-Од хоёр гэрээс гараад Отгонбаяр, Бямбацэрэн нарын хувцас нил шороо болчихсон Отгонбаярын хамраас бага зэрэг цус гарчихсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргэн Сэр-Од буюу Монцой, Сэр-Одын хүргэн ах Ууганбаяр, Сэр-Одын төрсөн ах Алтангэрэл, Сэр-Одын холын хамаатан Отгонбаяр нарын хамт Гачууртад архи ууж байгаад Хужирбуланд байх Алтангэрэлийн гэрт 18 цагийн орчим бид нар ирж архи уусан. Отгонбаяр нь согтоод над руу манай ах нартай яаж харьцаад байгаа юм чи хэзээ ийм болчихсон юм гээд агсраад байсан. Тэгснээ Отгонбаяр над руу гадагшаа гаръя зодолдъё гэсэн. Би тэгэхээр нь Отгонбаяртай гэрээс гараад барьцалдаж аваад дээр доороо ороод өнхөрөөд ноцолдсон. Тэгж байхад Ууганбаяр, Алтангэрэл, Сэр-Од нар салгаад Ууганбаяр, Сэр-Од бид Алтангэрэлийн гэрээс гараад гэртээ харьцгаахаар явсан. Отгонбаяр Алтангэрэлийн гэрт үлдсэн. Би Отгонбаяртай гадаа гараад барьцалдаж аваад харилцан бие биенээ нүүр рүүгээ цохилцсон яг хэдэн удаа цохьсон гэдгээ мэдэхгүй байна. Намайг ч гэсэн Отгонбаяр зөндөө цохьсон. Тухайн үед миний нүүр ам хөхрөөд хамаг бие хөндүүрлэсэн байсан. Би тухайн үед эмнэлэгт үзүүлсэн юм байхгүй. Тухайн үед эр хүмүүсийн хооронд байдаг маргаан гэж бодоод цагдаа, эмнэлэг гэж яваагүй. Отгонбаяр намайг архи уугаад сууж байхад хэл амаар доромжлоод өдөөд байсан тэгээд намайг гадаа гарч үзье гээд байсан. Отгонбаяр хэрүүл өдөж зодоон эхлүүлсэн. Отгонбаяр бид хоёрыг бусад нь салгасан болохоос биш зодоонд оролцсон хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

Яллагдагч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Алтангэрэл ахын гэрт ахын гэрт архи уугаад сууж байхад Отгонбаяр чи хэн юм, юу юм ямар том юм бэ гэснээ гараал үзчихье гээд байсан. Тэгээд намайг дагуулаад гэрээс гараад намайг барьж аваад бид 2 дээр доороо ороод газар унаад ноцолдсон ноцолдож байх явцдаа бид 2 биенээ харилцан 2-3 удаа цохьсон тэгээд нил тоос шороо болоод байж байхад Сэр-Од, Ууганбаяр нар гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан..” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1376 дугаартай дүгнэлт:

1. М.Отгонбаярын биед баруун зүүн нүдний алим, зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, зүүн хацар, дагзны хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой /хх-ийн 39/, зарлагын баримт /хх-ийн 7/, кассын баримт /хх-ийн 8/, өвчний түүх /хх-ийн 10-11/, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 16/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26/, урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хужирбулангийн 5 дугаар хэсэг 83-2251 тоотод иргэн М.Отгонбаяртай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Хохирогч М.Отгонбаярын: “...Би Хужирбуланд Алтангэрэл ахынд ирснээ санаж байна. Тэгээд л юу болсныг санахгүй байгаа, маргааш өглөө Алтангэрэл ахын гэрт сэрэхэд миний 2 нүднээс цусархаг шингэн гараад нүүр битүү хавдсан байсан. Алтангэрэл ахаас асуусан чинь Ц чамайг зодчихсон, Ууганбаяр чамайг оруулж ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Иймд шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Хохирогч М.Отгонбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохиролд нийт 1.239.750 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж гэм буруутай этгээдээс нийт 1.239.750 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч М.Б-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Б-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих боло хыг сануулсугай. 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Б-ээс нийт 1.239.750 /нэг сая хоёр зуун гучин ёсөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Отгонбаярт олгосугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР