| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/03513/И |
| Дугаар | 210/МА2026/00779 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2026/00779
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/09727 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* банк ХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1 Би 2017 онд Улаанбаатар хотын банканд анх ажилд орж 3 жилийн хугацаанд ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа хичээл зүтгэлтэй ажилласны үндсэн дээр байгууллагын шилдэг ажилтнаар шалгарч байсан. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* банкны ******* салбарын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2023 оны 08 дугаар сараас эхлэн *******салбарын захирлын үүрэгт ажилд томилогдон ажиллаж эхэлсэн.
1.2 ******* банкны салбарын захирлын албан тушаалыг хашиж байх хугацаандаа би ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, ******* банк ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Гэтэл намайг ******* банк ХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай тушаалаар ажлаас халж, бодит байдалд нийцээгүй хууль бус шийдвэр гаргасан.
1.3. Ажлаас халсан дээрх тушаалд нийт 9 үндэслэл дурдсан боловч энэхүү үндэслэлүүд нь ойлгомжгүй, тодорхойгүй, маш ерөнхий утгатай байна. Нэхэмжлэгчийг зарим нэг хэрэгт буруутгах, таамаглал дэвшүүлэх байдлаар, зарим үйлдлийн хувьд гаргасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Ажил олгогч ******* банк ХК нь ажилтан ******* намайг буруутгаж, ажлаас халах болсон үндэслэлээ танилцуулаагүй тул миний бие ямар үндэслэлээр буруутгагдаж, ажлаас халагдаж байгаагаа ойлгохгүй байна.
1.4. Дээрх тушаалаас үзвэл ажил олгогч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан давтан зөрчил гаргасан эсхүл ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн аль нь болох нь тодорхойгүй байна.
1.5. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* банкны ******* салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаатны дүү *******г Хүний нөөцийн газарт мэдэгдэлгүйгээр тус салбарт цалинтай дадлага хийлгэсэн. Энэ үйлдэл нь банкны ёс зүйн дүрмийн 4.4-т Банк ажилтны гэр бүлийн гишүүн, төрлийн болон садангийн холбоотой хүнийг нэг газар, хэлтэс, нэгжид ажилд авахгүй. Түүнчлэн, нэг нь нөгөөдөө шууд хяналт тавих ажилд авахыг хориглоно. Ажилтан өөрийн холбогдох этгээдийн талаарх мэдээлэл, хэрэв ажлын явцад удирдлага, хяналтын зөрчил үүсэхээр бол Хүний нөөцийн газарт мэдэгдэж, туслалцаа авч, тухайн асуудлыг зохицуулан шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн.
2.2. Нэхэмжлэгч нь ажлын бус шаардлагаар 28 харилцагчийн нууцтай холбоотой мэдээлэл буюу дансанд 7600 удаа хандалт хийсэн нь ******* банкны Дотоод Аудитын газрын аудитаар илэрсэн, Аудитын тайлан 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор гарч тус тайлангаар *******ын гаргасан зөрчил нь баталгаажсан.
******* нь Ажилтны аудит хамрах хугацаанд суурь бүртгэлийн программын *******-Депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхоор харилцагчийн дансанд хандсан нийт 27,067 удаагийн хандалтын лог бичилтийг баталгаажуулахад ажлын бус шаардлагаар 30 харилцагчийн дансанд 17,659 удаа, ажлын шаардлагаар хандсан эсэх нь тодорхойгүй 4 харилцагчийн 110 хандалт, өөрийн холбоотой 10 этгээдийн дансанд 10,021 удаа хандсан байна. Энэхүү үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмын 2.13.5-д Ажилтан нь ажил олгогч, ажилтан болон харилцагчийн нууц гэж үзсэн аливаа мэдээлэл, дансны мэдээлэл задруулсан, өөрийн ажил үүрэгт хамааралгүй дансанд нэвтэрсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил гаргасан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан үйлдэл нь тогтоогдсон гэж, банкны ёс зүйн дүрмийн 4.9.4.а-т Ажилтан нь гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан Банкны нууцын жагсаалтад дурдагдсан мэдээлэл болон доорх мэдээллийн нууцлалыг чандлан хадгална. Үүнд: Харилцагчийн мэдээлэл: Ажилтан нь ажил үүргээ биелүүлэхээс бусад ямар ч тохиолдолд харилцагчийн мэдээлэлд нэвтрэх, гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглох бөгөөд мэдээллийн нууцыг хадгалж, аюулгүй байлгана гэж, банкны нууцын зааврын 5.3-т Ажил үүрэгтэй хамааралгүй нууц баримт бичиг, материалыг сонирхох, танилцах гэж заасныг тус тус зөрчсөн.
2.3. ******* нь өөрийн хамаатны дүү *******гийн и-мэйл хаягт 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр банкны үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн мэдээллийг агуулсан ******* гэх файлыг илгээсэн. Энэхүү үйлдлээрээ хөдөлмөрийн дотоод журмын 2.13.9-д Банкны заавар, журам, гарын авлага, аливаа бусад бичиг баримтыг зөвшөөрөлгүйгээр банкнаас гаргах, өрсөлдөгч болон аливаа гуравдагч аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн ажилтнуудад цаасаар болон электрон хэлбэрээр өгсөн гэж, банкны ёс зүйн дүрмийн 3.2.5-д Өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахаас татгалзах гэж, мөн дүрмийн 4.9.3-т Ажилтан нь зөвхөн Банкны эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр, холбогдох хууль, тогтоомж, Банкны дүрэм, журам, зааварт нийцүүлэн Банкны болон харилцагчийн мэдээллийг эрх бүхий этгээдэд өгч болно гэж, мөн дүрмийн 5.15.2-т Ажилтан нь ажил, үүргийнхээ хувьд дотоод мэдээллийг шууд болон шууд бусаар авах боломжтой, эсхүл ажлын шаардлагаар мэддэг давуу байдлаа ашиглан, уг мэдээллийг гуравдагч этгээдэд мэдээлэх, хувийн ашиг сонирхлын үүднээс шууд болон шууд бусаар ашиглахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн.
2.4. Монголбанкнаас арилжааны банкнуудад нийлүүлэх валютын хязгаарлалттай холбоотойгоор Арилжааны хэлтсээс валют арилжааны лимит тогтоосон үед ажилтан *******ын дүү *******, бэр *******, хамаатан ******* нарын данснаас ******* салбарт ам.долларын бэлэн зарлагын гүйлгээ хийгдэж, тухайн гүйлгээнүүдийн дараа ******* ББСБ ХХК-ийн ам.долларын дансанд орлогын гүйлгээ хийж байсан. Энэ нь банкны ёс зүйн дүрмийн 3.2.5-д Өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахаас татгалзах гэж заасныг зөрчсөн.
2.5. Нэхэмжлэгч ******* нь өөрийн хамаатан болох *******ийн зээл, өөрийн дүү *******ийн эхнэр *******гийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч буй *******ийн зээл, нэхэмжлэгч *******ын найз болох *******ын зээл, нэхэмжлэгч *******ын найз болох *******ын дүү болох *******ийн зээлд тус тус санал өгсөн байна. Хэрэв ажилтан ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдал байвал тухайн нөхцөл байдлаас татгалзах үүрэгтэй ба ашиг сонирхлын зөрчил үүсгэхийг хориглох талаар Банк нь дотоод заавар, журамдаа тусгадаг байдаг. Гэтэл нэхэмжлэгч ******* нь холбоотой этгээд болон ашиг сонирхлын зөрчил үүсэх дараах зээлдэгчийн зээлд санал өгсөн, шийдвэрлэсэн байгаа нь банкны ёс зүйн дүрмийн 3.2.4, 3.2.5, 5.5.1, 5.8.2, 5.15.3, банкны Зээлийн хороодын ажиллах журмын 4.24 дэх хэсгийг тус тус зөрчсөн.
2.6. Аудитын тайлангаар ******* нь шан харамж авсан байж болзошгүй гүйлгээ илэрсэн. Тодруулбал, нэхэмжлэгч *******ын дүү ******* нь зээлдэгч *******д орон сууцаа 127,400,000 төгрөгөөр худалдаж байгаа гэсэн гэрээг байгуулан банк зөрүү 89,200,000 төгрөгийг *******-ийн орон сууцны зээлээр санхүүжүүлсэн. Зээлдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******* банктай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулснаас 3 хоногийн дараа 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ын ******* банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Улмаар, нэхэмжлэгч ******* нь тус мөнгийг *******гийн дансанд 14,900,000 төгрөг, өөрийн ******* банкан дахь зээлд 1,200,000 төгрөг, өөрийн охин *******ийн ******* дансанд 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, үлдэх 2,900,000 төгрөгийг өөрийн дансанд үлдээсэн. ******* нь зээлдэгч *******тай ямар нэгэн холбоо хамааралгүй атлаа зээлдэгчээс 20,000,000 төгрөгийг өөрийн дансанд авч, байрыг худалдаж буй *******гийн данс руу 14,900,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба үлдсэн мөнгийг шан харамж болгон авсан гэж үзэхээр байна.
Зээлдэгч ******* нь ******* банктай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тэтгэврийн зээлийн гэрээ-г байгуулж 4,160,000 төгрөгийн зээлийг олгосон байна. Зээлдэгчийн *******ы ******* банканд гаргасан зээлийн хүсэлтийг үзэхэд ******* нь 3,000,000 төгрөгийн зээлийн хүсэлтийг явуулсан атал 4,160,000 төгрөгөөр зээл олгосон бөгөөд улмаар зээлдэгчээс зээл олгогдсон өдөр 1,000,000 төгрөгийг *******ын хамаатан *******гийн ******* тоот дансанд *******аас , маш их баярлалаа гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байх тул шан харамж авсан гэж дүгнэхээр байна.
Дээрх үйлдлүүд нь банкны ёс зүйн дүрмийн 3.2.5, 4.8.5, 5.8.2-т заалтыг тус тус зөрчсөн.
2.7. Харилцагч өөрийн биеэр ирээгүй байхад гүйлгээний баримтыг ажилтан бөглөн гарын үсэггүй болон гарын үсэгтэй баримтаар зарлагын гүйлгээ хийлгэсэн 52 тохиолдол илэрсэн. Теллерийн өдрийн гүйлгээний нэгтгэл тайлангаар баталгаажуулахад харилцагчдын ам.долларын данснаас 9 өдөр нийт 49 удаагийн бэлэн зарлагын гүйлгээ хийхдээ ******* салбарын Ахлах теллер ******* иргэний үнэмлэх уншуулахгүй, гүйлгээг дараалан минут хүрэхгүй хугацааны зайтай хийжээ.
Эдгээр бэлэн гуйлгээнүүд болон харилцагчдын дансанд хандсан талаар захирлаас тодруулахад ******* ББСБ ХХК болон бусад нэлээд олон валют арилжааны байгууллагуудтай депозит татах зорилгоор уулзаж, заримд нь хадгаламж нээсэн. Салбарын зарим харилцагчид тусдаа өрөөнд үйлчлүүлэх сонирхолтой байдаг бөгөөд АХУА (ахлах теллер)-д иргэний үнэмлэх уншигч төхөөрөмж байгаагүй. Би дээрх валют арилжааны гүйлгээтэй хамааралгүй гэсэн тайлбарыг өгсөн.
Мөн энэ талаар СБХХ-ийн СБХА *******ээс тодруулахад ******* салбарт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс ахлах теллерээр ажилласан бөгөөд хэсэг хугацаанд Pin pad төхөөрөмжгүй ажилласан. Ахлах теллер болоод салбарын VIР харилцагч нарын гүйлгээг хүсэлтийн дагуу гарын үсэггүй хийж, нөхөж зуруулдаг байсан. Валют арилжаа хийдэг *******, н.*******, н.*******, н.******* зэрэг харилцагч нарын хувьд захирлаар дамжуулан гарын үсэгтэй болон гарын үсэггүй баримтаар гүйлгээ хийж, нөхөж зуруулдаг байсан. Валют арилжаатай холбоотой гүйлгээг салбарын захирал, СБОД нар мэддэг байсан. Харилцагч байхгүй үед гүйлгээ хийж болохгүй талаар мэддэг байсан ба захирлын хамааралтай болон зөвхөн салбарын VIP харилцагч нарын гүйлгээг хийдэг байсан болно гэсэн тайлбарыг өгсөн байдаг.
******* салбар нь 09:00-17:00 цагийн хооронд харилцагчид үйлчилдэг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр салбар нээгээгүй байхад 08:51 цагт харилцагч *******ийн ******* тоот данснаас 24,000,000 төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийж, 08:55-08:58 хугацаанд 5 харилцагчийн дансанд 23,700,000 төгрөгийн орлого тушаажээ.
Эдгээр 52 баримтын хувьд зарлагын маягтад зурсан харилцагчийн гарын үсгээс бусад бичвэр нь нэхэмжлэгч *******ын бичгийн хэвтэй ижил, салбар нээгээгүй байхад гүйлгээ хийсэн зэргээс үндэслэн харилцагч нар салбарт өөрийн биеэр ирээгүй байхад нэхэмжлэгч ******* нь харилцагчдын өмнөөс баримтыг бөглөн, гүйлгээг хийлгэж, гарын үсгийг өмнө нь эсхүл дараа нь зуруулдаг байсан гэж дүгнэхээр байна. Мөн өдрийн гүйлгээний нэгтгэл тайлангаас баталгаажуулахад эдгээр арилжаа хийсэн өдрүүдэд бусад харилцагчдын иргэний үнэмлэхийг Pin pad төхөөрөмжид уншуулсан байгаа тул ажилтны өгсөн дээрх тайлбар үндэслэлгүй юм.
Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч ******* нь ******* банкны Теллерийн ажиллах заавар-ын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, ЁС зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.
2.8. ******* банкны Дотоод Аудитын газар нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Банкны нэгжийн зарим захирлуудын аудитыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Аудитын тайлан 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор гарч тус тайлангаар *******ын гаргасан зөрчил болох харилцагчтай дансаар олон удаагийн давтамжтай харьцсан гүйлгээ илэрсэн.
Тодруулбал, нэхэмжлэгч *******ын болон холбоотой этгээдийн данснаас харилцагч *******, ******* нарын дансанд нийт 405,140,000 төгрөгийг буцаан шилжүүлжээ. Энэ талаар ажилтнаас тодруулахад ******* нь миний хамаатан ба бид хоорондоо шаардлага гарсан тохиолдолд мөнгө зээлдэг. Харин ******* нь багын найзын маань дүү, олон жил харилцаж байгаа, шаардлагатай үед мөнгө түр зээлж байсан гэсэн байдаг.
Дээрхээс дүгнэвэл, *******, ******* нар нь ******* банкны харилцагч ба банкны ёс зүйн дүрэмд зааснаар ажилтан нь харилцагчтай ашиг сонирхлын зөрчил үүсэхээс ангид байх үүрэгтэй. Нэхэмжлэгч ******* нь өөрийн тайлбартаа харилцагчтай буюу *******, ******* нартай дансаар олон удаагийн давтамжтай харьцсан гүйлгээ илэрснээ хүлээн зөвшөөрдөг.
Иймд, нэхэмжлэгч ******* нь банкны ёс зүйн дүрмийн 3.2.4, 5.15.3-т заалтыг тус тус зөрчсөн байна.
2.9. Дээрх зөрчлүүд нь ажил олгогчийн санаачилгаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болох-оор хуульчилсан. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан болох нь Аудитын газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаарт тайлангаар илэрсэн. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан тул тус бүрд нь сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заалтыг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлж, ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар байна.
2.10. ******* банк ХК нь нэхэмжлэгч *******тай 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* тоот бүхий Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан ба тухайн гэрээний 12.4-т ноцтой зөрчил гэж үзэх тохиолдлуудыг нэрлэн заасан. Банк нь нэхэмжлэгч *******ыг Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот "*******ыг ажлаас халах тухай тушаалаар ажлаас халахдаа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12.4.1, 12.4.5, 12.4.6, 12.4.10, 12.4.13-т заалтыг тус тус үндэслэсэн.
2.11. Банк нь тусгайлсан хуулиар зохицуулагддаг ба бусдын хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг тул харилцагчийн итгэлийг дааж, ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдлаас ангид байх шаардлагатай байдаг. Гэтэл нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг үйлдсэн байх ба энэхүү үйлдэл нь банканд итгэх харилцагчийн итгэлийг эвдэх, банканд сөрөг нөлөөлөл бий болгох үйлдлүүд байсан тул ажлаас халсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* банк ХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн үйлдсэн гэх 10 зөрчлөөс 9 нь тогтоогдоогүй, харин 1 зөрчил буюу харилцагчийн дансанд зөвшөөрөлгүй халдсан зөрчил тогтоогдсон, тус зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй гэх шийдвэрийг гаргасан бөгөөд үүнд хариуцагч тал гомдол гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал нь нэхэмжлэгчийг харилцагчийн дансанд зөвшөөрөлгүй халдсанаас бусад 9 төрлийн зөрчлийг гаргаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг харилцагчийн дансанд зөвшөөрөлгүй халдсан гэх зөрчил үйлдсэн гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар зэргийг бодитоор үнэлж чадаагүй. баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг нэхэмжлэгчид хамааруулан дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.3. Шүүхийн шийдвэрийн 14 дэх хэсэгт нэхэмжлэгчийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр тэдний дансанд хандсан гэж дүгнэсэн байдаг. Тодруулбал, 14.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр *******ийн дансанд 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 35 удаа, 2023 оны 06 дугаар сард *******ийн дансанд 5 удаа, *******гийн дансанд 1 удаа, н.*******ийн дансанд 2 удаа, 2023 оны 10 дугаар сард *******ийн дансанд 5 удаа, ******* газрын н.*******ийн дансанд 1 удаа, *******ийн дансанд 17 удаа, *******гийн дансанд 3 удаа, н.*******ийн дансанд 2 удаа хандсан болох нь шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн ажиллагааны тэмдэглэлээр, ажлын бус шаардлагаар банкны харилцагч, өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд хандаж байсан болох нь аудитын тайлангаар тус тус тогтоогдож байна. гэж дүгнэн, нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан үйлдсэн гэж тайлбарласан байдаг.
Дээрх дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч зөрчил гаргасан болох нь (1) шүүхийн үзлэг (2) хариуцагчаас гаргаж өгсөн аудитын дүгнэлтээр тус тус тогтоогдсон гэж дүгнэсэн байна. Гэвч дээрх 2 баримтаар нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэдгийг нотолсон зүйл байдаггүй юм.
4.4. Шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн дансанд нэвтэрсэн гэх бүртгэлийг шүүж үзсэн байх бөгөөд нийт 10 хүний дансанд хандсан гэх тэмдэглэлийг үйлдсэн байна. Гэвч дээрх хандалтууд нь ажлын эсхүл, ажлын бус шаардлагын аль нь болох нь тодорхойгүй байгаа юм. Жишээлбэл, 2023 оны 01 дүгээр сард 35 удаа хандсан гэж тэмдэглэлд тусгагдсан боловч тус хандалт нь хувийн зорилгоор хийгдсэн гэх баримт байдаггүй. Үүний адилаар 2023 оны 06 дугаар сард 3 хүний дансанд 8 удаа, 2023 оны 10 дугаар сард 6 хүний дансанд 28 удаа хандсан гэх боловч мөн л ажлын бус шаардлагаар хандсан гэдгийг үзлэгээр тогтоосон зүйл огт байдаггүй. Иймд тус үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгч *******ыг ажлын бус шаардлагаар бусдын дансанд хандсан гэж буруутгах, улмаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
4.5. Шүүх шийдвэрийн үндэслэлээ 1-р хавтаст хэргийн 170-180 дахь талд авагдсан аудитын тайланд үндэслэн гаргасан байдаг. Тодруулбал, тус тайлангийн 17-18 дугаар хуудас буюу хавтаст хэргийн 179-180 дахь талд авагдсан баримтад нэхэмжлэгчийн харилцагчийн дансанд хандсан гэх зөрчлийг дүгнэсэн байна. Гэвч тус баримтуудад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байдаггүй. Учир нь тус нэхэмжлэгчийг ажлын бус шаардлагаар харилцагчийн дансанд хандсан гэх нийт 7 янзын дүгнэлт хийсэн боловч тус дүгнэлтүүд бүгд таамаглалын шинжтэйгээс гадна нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан ******* салбарт ажиллаж байх хугацааны үйлдлүүдийг дүгнэсэн байна. Аудитын дүгнэлтийг харвал тухайн үйлчлүүлэгч үйлчилгээ авсан боловч хандалт нь олон удаагийн давтамжтай байсан тул ажлын шаардлагаар хандсан гэж үзэх үндэслэлгүй гэх логик зөрчилдөөнтэйгөөс гадна таамагласан шинжтэй дүгнэлтийг хийсэн байна. Иймд нэхэмжлэгчийг зөрчил үйлдсэн гэх хөдөлбөргүй тогтоогдсон баримт байхгүй юм. Үүнээс гадна дээрх бүх дүгнэлт нь ******* салбартай холбоотой дүгнэлтүүд байх бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сард тус салбарт ажиллахаа больсон байсан. Өөрөөр хэлбэл, тухайн салбарт ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцалсан бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш шинээр Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулан ажилласан байдаг. Иймд өмнөх гэрээний харилцааг шинээр байгуулагдсан гэрээний эрх, үүрэгт хамаатуулан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй гэж үзэж байна.
4.6. Шүүхийн шийдвэрийн 14.2 дахь хэсэгт нэхэмжлэгчийг бусдын дансанд хандсан болох нь аудитыг тайлангаар тогтоогдож байна гэх дүгнэлтийг хийсэн байдаг. Гэвч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн аудитын тайлан нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэл болоогүй бөгөөд энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн асуусан асуултаас тодорхой харагддаг.
Хариуцагчийн зүгээс аудитын тайланг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болгоогүй, харин аудитын дүгнэлтийг баталгаажуулах зорилгоор тус банкны хуулийн газар болон хүний нөөцийн газраас дахин шалгалт хийсэн, гэхдээ тэр талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болох нь тодорхой байна.
Нэгэнт маргаан бүхий тушаалыг гаргасан хариуцагч талаас аудитын дүгнэлтийг тушаалын үндэслэл болгоогүй буюу тушаал гаргахдаа тухайн баримтыг үндэслээгүй, нэхэмжлэгчийн зөрчлийг шалган тогтоосон өөр баримтууд байдаг гэх тайлбарыг өгсөөр байтал шүүхээс нэхэмжлэгч зөрчил гаргасан нь аудитын тайлангаар тогтоогдож байна гэх дүгнэлтийг хийж байгаад гомдолтой байна.
Хариуцагчийн нотлох баримтаар гарган өгч буй аудитын тайланг үнэлэхдээ шүүх онцгой ач холбогдол өгч, тус тайлан гарах үндэслэл болсон баримтуудыг аудитын тайлантай харьцуулан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах учиртай юм. Хэдийгээр хариуцагч аудитын тайлан гарган өгсөн боловч тус тайлан нь нэхэмжлэгчийн зөрчил үйлдсэн гэдгийг шууд нотлох баримт болохгүй юм. Учир нь тайлан нь ажил олгогчийн зүгээс гарч буй баримт бөгөөд түүнийг ямар ч байдлаар үйлдэх, тус тайланд юу ч бичиж болно. Гагцхүү тус тайланд бичигдэж буй үйл баримтууд анхан шатны баримтаар нотлогдох учиртай. Хэрэв тайланд нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн гэж бичиж, энэ үндэслэлээр буруутгаж байгаа бол тухайн гүйлгээ хийсэн анхан шатны баримтыг шүүхэд гаргаж өгсний үндсэн дээр тус үйлдлийг нотолсон гэж үзнэ.
Гэвч *******ын нэхэмжлэлтэй хэрэгт аудитын тайлан гэх баримт авагдсан боловч тус тайлан гарах болсон анхан шатны нэг ч баримт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй байдаг.
Хариуцагч ******* банкнаас аудитын тайланг тушаалын үндэслэл болгоогүй, зөрчлийг шалгасан хуулийн газрын болон хүний нөөцийн газрын баталгаажуулсан зүйл байгаа гэх тайлбарыг өгсөн байдаг. Хэрэв дээрх тайлбарыг хариуцагчийн зүгээс гаргаж байгаа атлаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй тохиолдолд дээрх зөвлөмжид зааснаар тушаалын үндэслэлээ нотлоогүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.
Хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаал гарахын өмнө буюу 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *******ын удирдан ажиллаж байсан *******салбарт хийгдсэн аудитын тайланг шүүхэд ирүүлсэн бөгөөд тус аудитын тайланд аливаа зөрчил дутагдал илэрсэн зүйл байдаггүй юм. Ийм байтал тус аудитын тайланд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
4.7. Нэхэмжлэгч ******* нь ******* банкинд анх 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд ингэхдээ ******* салбарын гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Тус гэрээний харилцаа 2023 оны 07 дугаар сард дуусгавар болсон буюу дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь аливаа үүрэг хүлээж, эрх эдлэхгүй юм.
Гэвч нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийг хариуцагч тал тайлбарлахдаа ******* салбарт ажиллаж байхдаа үйлдсэн гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх бол түүний өмнө эрхэлж байсан ажил албан тушаалын байдал, дуусгавар болсон өмнөх гэрээний харилцаатай холбож буруутгах боломжгүй юм. Хэрэв нэхэмжлэгчийг зөрчил, алдаа дутагдал гаргасан гэж үзэж байгаа бол 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаанд үйлдсэн зөрчилд холбогдуулан шийтгэл ногдуулах учиртай юм.
Гэвч нэхэмжлэгчийг буруутгаж буй нийт 10 төрлийн зөрчил нь бүгд ******* салбарт ажиллаж байх хугацаанд хамаардаг бөгөөд зөвхөн харилцагчийн дансанд ажлын бус шаардлагаар хандсан гэх зөрчлийн зарим хэсэг нь *******салбарт ажиллах цаг хугацаанд хамаардаг. Гэвч тус цаг хугацаанд үйлдсэн гэх зөрчил нь сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүйгээс гадна ажлын бус шаардлагаар харилцагчийн дансанд хандсан эсэхийг тогтоосон зүйл байдаггүй талаар гомдлын өмнө хэсэгт тодорхой дурдсан билээ.
Иймд дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
4.8. 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийг хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сард харилцагчийн дансанд хандсан гэж тэмдэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан cap, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Гэвч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гарсан бөгөөд үзлэгээр тогтоогдсон зөрчил 2023 оны 10 дугаар сард гэж үзвэл нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тодруулбал, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тушаал гарах тохиолдолд тус өдрөөс 6 сарын өмнө гаргасан зөрчилд буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэх учиртай юм. Гэвч нэхэмжлэгчийг хамгийн сүүлд харилцагчийн дансанд халдсан огноог үзлэгээр 2023 оны 10 дугаар cap гэж тогтоосон бөгөөд тус сард зөрчил үйлдсэн гэж үзсэн байлаа ч 2023 оны 10 дугаар сараас хойш тушаал гарах өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэхэд 6 сарын хугацаа өнгөрсөн байна.
Хөдөлмөрийн маргааны хувьд сахилгын шийтгэл ногдуулах хоног хугацааг нарийвчлан заасан байдаг. Өөрөөр хэлбэл, зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа этгээдийн зөрчил гаргасан сүүлийн өдрийг нарийвчлан тогтоох нь хуулийн хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан эсэхийг тодорхой болгох, улмаар тушаал нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхэд зайлшгүй шаардлагатай юм.
Гэвч шүүхийн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгчийг нэр бүхий этгээдүүдийн дансанд хандсан гэх огноог 2023 оны 10 дугаар cap гэж бичсэн байх бөгөөд 10 дугаар сарын хэдний өдөр болохыг тодорхой нарийвчлан заасан зүйл огт байдаггүй. Улмаар тус тэмдэглэлд хариуцагчийн зүгээс засвар оруулах ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн үйлдсэн гэх зөрчлийг хэзээ үйлдсэн талаар тогтоогоогүй атлаа түүнд ногдуулсан сахилгын шийтгэл үндэслэлтэй гэх шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй.
5.2. Нэхэмжлэгч тал 9 төрлийн зөрчлийг гаргаагүй гэсэн нь үндэслэлгүй. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт харилцагчийн буюу хувь хүний мэдээллийг тухайн хүний зөвшөөрлөөр ашиглах ёстой гэж заасан байдаг. ******* банк ХК-ийн нууцын заргын 2.1.8б дэх дэд заалтад харилцагчийн мэдээлэл, дансны үлдэгдэл зэрэг мэдээллийг харилцагчийн маш нууц мэдээлэл гэж тодорхойлсон. Үүнээс үзвэл Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд банк, банкны ажилтан нь харилцагчийн зөвшөөрөл, хүсэлтийг үндэслэн харилцагчид үйлчилгээ үзүүлэх зорилгоор харилцагчийн мэдээлэлд хандах үүрэгтэй байдаг. Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр буюу харилцагчид үйлчилгээ үзүүлэх зорилгогүйгээр харилцагчийн дансанд хандах нь Банкны тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хууль бус үйлдэл болж байгаа.
5.3. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, мөн 6 болон 10 дугаар саруудад бид тоймлон үзлэг хийхэд ******* харилцагчийн зөвшөөрөлгүй буюу сар болгон бусдын дансанд хандсан нь илэрхий нотлогддог. Харилцагчийн хүсэлт болон зөвшөөрлийн үндсэн дээр харилцагчийн данс руу нэвтэрч үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл ******* харилцагчийн зөвшөөрөлгүйгээр буюу ямар нэгэн байдлаар харилцагчид үйлчилгээ үзүүлэх хүсэл зорилгогүйгээр харилцагчийн дансны мэдээлэлд хандсан байдаг.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д хувь хүний мэдээллийг ашиглах талаар зохицуулсан байдаг. Мөн Нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д хувь хүний мэдээлэлтэй танилцах гэдэг нь мэдээлэл ашиглах гэх агуулгад орно гэж заасан. ******* банк ХК-ийн хувьд *******ын харилцагчдаас хүсэлт болон зөвшөөрөл аваагүй, харилцагчдад үйлчилгээ үзүүлээгүй эс үйлдлийг бичмэл нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөх боломжгүй. Учир нь ******* тухайн зөвшөөрлийг анхнаасаа аваагүй бөгөөд мөн үйлчилгээ үзүүлэх зорилгогүйгээр харилцагчийн дансны мэдээлэлд хандсан учир тухайн эс үйлдлийг бид шүүхэд бичмэл нотлох баримтаар гаргаж өгөх ямар ч боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч үнэхээр ажлын шаардлагаар харилцагчийн данс руу олон удаа нэвтэрсэн бол зөвшөөрөл болон харилцагчийн хүсэлтийг гаргаж өгөх үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж, тухайн баримтуудыг банкнаас гаргуулах боломжтой. Гэвч харилцагчийн гаргасан хүсэлт, зөвшөөрөл огт байдаггүй.
Мөн нэхэмжлэгч талын зүгээс тухайн мэдээлэлд хандсантай холбоотойгоор хэн ч гомдол гаргаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн хүний дансны мэдээлэлд хандсан үйлдлийн талаар мэдээгүй учир гомдол гаргах боломжгүй. Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сард нэр бүхий этгээдийн дансанд маш олон удаа хандсан байдаг. Гэтэл эдгээр этгээд салбар дээр ирээгүй, утсаар холбогдоогүй учир бид үүнийг нотлох баримтаар нотлох боломжгүй тул нэхэмжлэгчээс энэ талаар тодруулж асуухад мэдэхгүй, санахгүй байна гэж хэлдэг. Хэн нэгэн этгээдийн дансанд шууд хандах нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг Банкны тухай хууль, Банк эрх бүхий этгээдийн тухай хууль болон холбогдох дүрэм журам, ******* банк ХК-ийн зааварт тухайлан тодорхойлж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч ******* ажлын шаардлагаар гэх халхавч дор ******* банк ХК-ийн бүх харилцагчийн дансанд хандах нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа нь асуудал болж байгааг дурдмаар байна.
5.4. Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хороо 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд аудит хийгдсэн учир аудитын тайланг баталж гаргах хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацаа тасалдана. Үүнээс үзвэл нэхэмжлэгч *******ын 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш үйлдсэн бүх зөрчилд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл, шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон ******* банк ХК-ийн дотоод дүрэм, журмуудыг зөрчсөн үйлдэл болох ******* өөрийн төрсөн ах *******ийн охин *******ийн зээлийг зөвшөөрч, зээл олгосон үйлдэл, 2023 оны 04 дүгээр сараас хойш хандсан бүх хандалтууд, мөн и-мэйл илгээсэн үйлдлүүд нь хамаарч байгаа. ******* банк ХК 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч *******ын гаргасан сахилгын зөрчлийн талаар мэдсэн учир гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Аудитын тайланг үнэн зөв, бодитой гарсан эсэхийг шалган тогтоох шаардлагатай, мөн хэдийгээр тухайн аудитын тайланг үндэслэх хэсэгт оруулахгүй ч гэсэн нотлох баримтын шаардлагын хувьд харж үзэх ёстой гэх дүгнэлттэй байна. Аудитын тухай хууль болон Банкны тухай хуульд аудит хараат бус, хөндлөнгийн нотлох баримтад суурилна гэж заасан байдаг. Энэ хүрээнд ******* банк ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн харьяалалд байдаг аудит холбогдох тайланг гаргасан гэдгийг хэлмээр байна.
5.5. Мөн нэхэмжлэгч талын зүгээс *******ыг аялалд хамруулсан, шагнал урамшуулал олгосон гэх агуулгатай зүйлийн талаар ярьж байна. Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зарим ажилтнуудыг гадаад улсад аялуулах тухай тушаалын дагуу нэхэмжлэгчийг БНХАУ-ын Хайнань руу аялуулсан. Учир нь ******* банк ХК 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр *******ын үйлдсэн сахилгын зөрчлүүдийг илрүүлээгүй буюу мэдээгүй байсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн. Тухайн сахилгын зөрчлийн талаар хожим мэдсэн нь *******ын үйлдсэн зөрчлүүдийг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
5.6. Эдгээрээс дүгнэвэл банк харилцагчийн итгэл дээр суурилж үйл ажиллагаагаа явуулдаг учир хэн нэгэн этгээдийн дансанд хандах нь зүгээр нэг ойлголт биш юм. Энэ үйлдлийг зөвтгөснөөр ажил гэх нэрийдлийн дор ******* банк ХК-ийн 1,4 сая харилцагчийн мэдээлэлд *******ын хэлснээр зүгээр хандах боломжтой нөхцөл байдлыг үүсгэж байгаа гэдгийг хараасай гэж хүсэж байна. Ийм учраас ******* банк ХК нь ямар нэгэн байдлаар харилцагч салбар дээр өөрийн биеэр ирээгүй мөн зөвшөөрөл өгөөгүй байхад хэн ч хэний ч дансанд халдаж болохгүй гэдгийг томьёололдоо маш тодорхой зааж өгсөн.
******* банк ХК-ийн хувьд *******ын гаргасан ёс зүй нь түүний гүйцэтгэж байсан ажил үүрэгт тэнцэхгүй гэдгийг зайлшгүй дурдах нь зүйтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* банк ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
4. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1. ******* банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******ыг тус банкны ******* салбарын захирлаар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн томилж, түүнтэй Контракт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулан ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн газарт үүрэг болгосон /1хх-93/;
4.2. ******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалаар *******ыг ******* салбарын захирлын үүрэгт ажлаас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн чөлөөлж, түүнтэй байгуулсан ******* тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгон мөн өдрөөс эхлэн *******салбарын захирлаар томилж, талууд 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан. /1хх 61-71, 94/
4.3. ******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3, ******* банк ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.6.11, ******* банкны Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5, 7.3, *******тай байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 8.1.5-д заасныг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон;
5. Анхан шатны шүүх ******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай *******ыг ажлаас халах тухай тушаалд дурдсан *******ын гаргасан гэх сахилгын зөрчлүүдээс олон харилцагчтай дансаар олон удаагийн давтамжтай харьцсан гүйлгээ илэрсэн, харилцагч нарын хоорондын зээлийн эргэн төлөлтөөс ажилтан болон түүнтэй холбоотой этгээдүүдийн дансаар мөнгө хүлээн авсан, харилцагчийн валют арилжаалах үйл ажиллагаанд оролцсон, харилцагч өөрийн биеэр ирээгүй байхад гүйлгээний баримтыг ажилтан бөглөн гарын үсэггүй болон гарын үсэгтэй баримтаар зарлагын гүйлгээ хийлгэсэн 52 тохиолдол илэрсэн, ажилтан өөрийн хамаарал бүхий этгээдийг өөрийн удирдлагад цалинтай дадлага хийлгэсэн, хамаарал бүхий этгээдийн талаар Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй, өөрийн хамаарал бүхий этгээд болон ашиг сонирхлын зөрчил үүсэх зээлүүдэд санал өгсөн, шийдвэрлэсэн, шан харамж авсан байж болзошгүй гүйлгээ илэрсэн, банкны харилцагчийн үйлчилгээний стандарт тайланг хувийн шаардлагаар өөрийн хамаарал бүхий этгээдийн и-мэйлд илгээсэн гэх зөрчлүүд нь тогтоогдоогүй, тухайн зөрчлүүдийг гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх хэсэгт дүгнэлт өгөхгүй.
6. Анхан шатны шүүх ******* ******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай *******ыг ажлаас халах тухай тушаалд дурдсан зөрчлүүдээс ажлын бус шаардлагаар 28 харилцагчийн нууцтай холбоотой мэдээлэл буюу дансанд 7600 удаа хандалт хийсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон буюу харилцагчийн дансанд нэвтэрч, эд хөрөнгийн мэдээллийг олж авсан зөрчил гаргасан, энэхүү зөрчил нь Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 12.4.10-д заасан нууцтай холбоотой мэдээллийг бусдад задруулсан, ажиллаж байх хугацаандаа олж авсан мэдээллийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашигласан ноцтой зөрчилд хамаарахгүй боловч сахилгын давтан зөрчилд хамаарна гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
6.1. Хариуцагч нь нэхэмжлэгч ажлын бус шаардлагаар 28 харилцагчийн нууцтай холбоотой мэдээлэл буюу дансанд 7,600 удаа хандалт хийсэн зөрчил гаргасан нь ******* банкны Дотоод аудитын газрын хийсэн аудитын тайлангаар баталгаажсан гэсэн хариу тайлбарыг шүүхэд гаргаж, хэрэгт нотлох баримтаар аудитын тайлан /1хх-170-182/-г гаргаж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлаа нотлох үүднээс тодорхой харилцагч нарын данснуудад хандсан лог бүртгэлд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх хүсэлтийг ханган үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэл үйлдэгдсэн /2хх-92-96/ байна.
6.2. ******* банкны Дотоод аудитын газрын ******* дугаартай тайланд аудитын хамарсан хугацааг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 61 сарын хугацааг хамруулан хийсэн гэжээ.
Тайлангийн *******ад холбогдох хэсгийн Шалгуур 4. Ажлын бус шаардлагаар харилцагчийн дансанд хандсан тохиолдол байгаа эсэх гэсэн хэсэгт аудит хамрах хугацаанд ажилтан суурь бүртгэлийн программын *******-Депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхоор харилцагчийн дансанд хандсан хандалтыг хүснэгтлэн гаргасан байх ба хүснэгтэд ажлын бус шаардлагаар шалгуур 1 буюу ажилтны болон холбоотой этгээдүүдийн данснууд анхаарал татахуйц, сэжигтэй гүйлгээ хийгдсэн эсэх-тэй холбоотой 22 харилцагчийн дансанд 6,144 удаа, аудитын баталгаажуулалтаар ажлын бус шаардлагаар хандсан буюу 6 харилцагчийн дансанд 1,456 удаа, нийт 7,600 удаа хандсан гэсэн байна.
6.3. Аудитын тайланд шалгуур 1-д дурдагдсан 22 харилцагч нь хандалт хийсэн зарим өдрүүдэд ******* салбарт хандан гүйлгээ хийж, үйлчилгээ авсан хэдий ч хандалт нь өдөрт олон удаагийн давтамжтай байгаа тул ажлын шаардлагаар хандсан гэж дүгнэх боломжгүй, 6 харилцагчийн хувьд хандалт хийсэн өдрүүдэд хандалт хийсэн өдрүүдэд үйлчлүүлээгүй тул ажлын бус шаардлагаар хандсан гэсэн дүгнэлт хийсэн байх боловч эдгээр хандалтууд нь хэзээ хийсэн хандалтууд болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
6.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр *******, *******, *******, *******, ******* газар, *******, ******* нарын дансанд хандсан байдлыг бэхжүүлсэн байх ба үзлэгийн тэмдэглэлээр *******ийн дансанд 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 35 удаа хандсан, 2023 оны 06 дугаар сард *******ийн дансанд 5 удаа, *******гийн дансанд 1 удаа, Б.*******ийн дансанд 2 удаа, 2023 оны 10 дугаар сард *******ийн дансанд 5 удаа, ******* болон ******* газрын дансанд хандалтгүй, Л.*******ийн дансанд 1 удаа, *******ийн дансанд 17 удаа, *******гийн дансанд 3 удаа, Б.*******ийн дансанд 2 удаа хандалт хийсэн байдал тогтоогджээ.
6.5. Үзлэгийн тэмдэглэлээр дансанд нь хандсан хандалтыг бэхжүүлсэн харилцагч нар болох *******, *******, *******, *******, ******* нар нь аудитын тайланд *******ын өөрийн холбоотой этгээдүүдийн дансанд хандсан хандалт хэсэгт нэр дурдагдсан харилцагч нар байх бөгөөд ******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай *******ыг ажлаас халах тухай тушаалд дурдсан ажлын бус шаардлагаар дансанд нь хандалт хийсэн гэх 28 харилцагчдын тоонд эдгээр харилцагч нар ороогүй байна.
6.6. ******* газар болон ******* нар нь *******ыг ажлаас халах тухай тушаалд дурдсан ажлын бус шаардлагаар дансанд нь хандалт хийсэн гэх 28 харилцагчдын тоонд багтаж байх боловч үзлэгийн тэмдэглэлээр ******* газрын дансанд хандалт тогтоогдоогүй, харин Л.*******ийн дансанд 1 удаа хандалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
6.7. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлуудыг бодитоор тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх ба нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийн давтан гаргасан гэж үзэхдээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалын үндэслэл болоогүй нөхцөл байдлууд буюу нэхэмжлэгч нь *******ийн дансанд 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 35 удаа, 2023 оны 06 дугаар сард *******ийн дансанд 5 удаа, *******гийн дансанд 1 удаа, Б.*******ийн дансанд 2 удаа, 2023 оны 10 дугаар сард *******ийн дансанд 5 удаа, *******ийн дансанд 17 удаа, *******гийн дансанд 3 удаа, Б.*******ийн дансанд 2 удаа хандсан болох нь шүүхээс хийсэн үзлэгийн ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдсон гэсэн дүгнэлтийг хийж, мөн ажлын бус шаардлагаар хандсан гэх 28 харилцагчдаас 2023 оны 10 дугаар сард Л.*******ийн дансанд 1 удаа хандсан байдал үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсоноос бусад 27 харилцагчийн дансанд хэзээ хандсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс Дотоод Аудитын газарт өгсөн ... Сайн санахгүй байгаа ч ажлын шаардлага болон харилцагчийн хүсэлтийн дагуу хандаж байсан. ******* нь салбарын том харилцагч байсан ба навигацын орлого болох доллароо сард 1-2 удаа арилжаа хийж төгрөгийн данс руугаа шилжүүлдэг байсан. Тухайн үед аль өндөр ханш өгсөн банк руу мөнгөө шилжүүлдэг байсан тул дансны үлдэгдлийг харж байгаад ХЗТ-аас ханш авч б/гын ня-бо, даргатай ярьдаг байсан. *******-ын дарга нар болон Бямбасүрэн, Мөнхнасан, Ариунболд нар утсаар данс, тохиргоо, карт захиалга, гадаадад явах үедээ дансны битүүмжлэлээ шалгуулдаг байсан тул дансанд нь хандаж байсан..., ...17. өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансанд хувийн зорилгоор хандсан... гэх тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзсэн нь тус тус үндэслэлгүй болсон байна.
6.8. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалд дурдагдсан 28 харилцагчдаас зөвхөн 1 харилцагч буюу Л.*******ийн дансанд 2023 оны 10 дугаар сард 1 удаа хандсан байдал тогтоогдож байх ба уг үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, мөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтад Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт нийт 154,134,057 төгрөгийг хариуцагч ******* банк ХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******ад олгоно.
7.1. Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын хэмжээг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5-д заасныг баримтлан *******ын сүүлийн 3 сарын цалин хөлс болох 2024 оны 02 дугаар сарын цалин хөлс 6,571,700 төгрөг, 03 дугаар сарын цалин хөлс 7,207,500 төгрөг, 04 дүгээр сарын цалин хөлс 6,975,818 төгрөг, нийт 20,755,018 төгрөгийг дундажлан тооцоход нэг сарын дундаж цалин хөлс нь 6,918,339 төгрөг болж байх ба үүнийг сарын ажлын дундаж хоног болох 21.5 хоногт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлсний хэмжээ нь 321,783 төгрөг болсон.
Үүнийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх ажлын 479 өдрөөр тооцоход нийт олговрын хэмжээ 154,134,057 төгрөг байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг тул нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* банк ХК-д даалгана.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/09727 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* банк ХК-ийн *******салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 154,134,057 төгрөгийг хариуцагч ******* банк ХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* банк ХК-д даалгасугай гэж,
2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ******* банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 928,620 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Б.УУГАНБАЯР