Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/00842

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/11706 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн нөхөн төлж, баталгаажуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* 2018 онд үйлчилгээ аж ахуйн менежерээр анх ажилд орсон. 2019-2020 онд театрын орлогч дарга, 2020 оноос хойш Үйлчилгээ аж ахуйн албаны даргын албан тушаал дээр ажиллаж ирсэн.

1.2. 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд театрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* дуудсаны дагуу орж уулзтал захирлын өрөөнд Захиргааны зөвлөлийн гишүүд байсан ба намайг захиргааны зөвлөлийн хурлаар оруулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг уншиж танилцуулсан.

Энэ талаар асуухад ******* яамнаас ирсэн аудитын дүгнэлтийг үндэслэж таныг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хийж чадаагүй учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байна гэж тайлбарласан. Тус аудитын дүгнэлтийг хуулбарлаж авах гэсэн боловч байгууллагын нууц хэмээн надад өгөөгүй.

1.3. Тушаалд *******ын гэрээнд хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй, бусадтай байгуулсан түрээсийн гэрээг зохих хууль, журамд заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авалгүйгээр, мөн гэрээг батлуулахгүйгээр байгуулсан зэрэг сахилгын ноцтой зөрчлийг гаргаж байгууллагад хохирол учруулсан үндэслэлээр 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн байсан.

1.4. Тухайн зөрчлийг нотолсон холбогдох баримт, тайлбар, хяналт шалгалтын дүн, зөвлөмж, миний зүгээс гаргасан тайлбар зэргийг бүрэн гүйцэд тусгахгүйгээр нэг талын үзэмжээр, ажил олгогчийн давуу эрхийг ашиглан шийдвэрлэсэн гэж үзэж гомдолтой байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон өмнө эрхэлж байсан *******ын Үйлчилгээ аж ахуйн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн нөхөн төлж, баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Улсын ******* Үйлчилгээ, аж ахуйн албаны дарга албан тушаалд ажилласан. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар Үйлчилгээ, аж ахуйн албаны дарга нь тайз түрээсийн гэрээ байгуулах, бусад гэрээ хэлэлцээрт хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй.

2.2. Гэтэл ******* нь *******ын Үйлчилгээ, аж ахуйн албаны даргаар ажиллаж байхдаа өөрийн чиг үүргийг хэтрүүлж Төрийн өмчийн хөрөнгө буюу *******ын барилгад хамаарах цайны газар зориулалтаар ашиглах талбайг бусдад түрээслүүлэхээр ******* ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №24-05-10 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-г байгуулж, өөрийн гарын үсгийг зурсан байх бөгөөд мөн түрээсийн гэрээний нөхцөл, түрээсийн төлбөрийг дур мэдэж тохиролцсон хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан.

2.3. Угтаа төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зохих зөвшөөрлийг авах ёстой төдийгүй түрээсийн гэрээний нөхцөл, үнийн саналыг авсны үндсэн дээр гэрээ байгуулж тус гэрээг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулах ёстой. Дээр дурдсанчлан ******* нь төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхдээ эрх бүхий байгууллагаас зохих санал, зөвшөөрлийг аваагүйн зэрэгцээ тус гэрээний хэрэгжилтэд огт хяналт тавиагүй. Тодруулбал, *******ын цайны газар зориулалтаар ашиглах талбайг ******* ХХК-д 2 сарын хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр түрээсийн төлбөр нэг сарын 1,500,000 төгрөг байхаар зааж тус талбайд засвар хийх зөвшөөрлийг олгосон байна. Тус гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл талбай түрээслэгч ******* ХХК-аас түрээсийн төлбөр төлөөгүй болно.

2.4. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театр болон ******* ХХК нарын хооронд *******машин байршуулах гэрээ-г байгуулсан байх бөгөөд тус гэрээ нь мөн хуульд заасан шаардлагад нийцээгүй ба гэрээний дагуу түрээсийн төлбөр огт төлөгддөггүй. Энэ гэрээний хэрэгжилтэд ******* хяналт тавьж, төлбөр төлөгдөхгүй байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэгч талд сануулах, төлбөрөө төлөхийг шаардах зэрэг арга хэмжээ авч гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ёстой байсан.

2.5. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ирүүлсэн *******ын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналт шалгалтын тайлан-гаар ******* нь дараах байдлаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон. Цөмөөхэй бүжгэн жүжиг 2024 оны 12 дугаар сард тоглохтой холбоотойгоор үзэгчдэд цай, кофегоор үйлчлэх зориулалтаар 2 түрээсийн гэрээ байгуулагдсан ба гэрээний гүйцэтгэлийг хянахад гэрээг дүгнэсэн акт, гэрээний хэрэгжилтийг хэрхэн хангасан тухай тайлан байхгүй, чиг үүргийн хүрээнд гэрээ хэлэлцээрт хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн.

Театрын дулааны шугамын засварыг хийхээр 6 аж ахуйн нэгж, 3 иргэнтэй бараа материал нийлүүлэх, засварын ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдсан ба эдгээр гэрээнүүдээс 3 гүйцэтгэгчийн гэрээт ажлыг хүлээн авсан тухай акт үйлдээгүй, ******* ХХК-тай 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний засварын ажлын зураг төсөв байхгүй, гүйцэтгэгч компанийн хийсэн ажлын гүйцэтгэлийн тайлан байхгүй, захиалагч талаас гэрээний 4.1-д заасны дагуу ажлыг хүлээн авч дүгнэсэн акт, хурлын тэмдэглэл байхгүй байхад үлдэгдэл төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-тай байгуулсан гэрээний засварын ажлын зураг, төсөв хийгдээгүй, гүйцэтгэгч компаниас үнийн санал өгөөгүй, ажлын явцын зураг, гүйцэтгэлийн тайлан байхгүй, гэрээний 4.1-д заасны дагуу гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй байхад үлдэгдэл төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэгчид өгсөн, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-тай байгуулсан гэрээний ажлын гүйцэтгэлийн тайлан байхгүй, гэрээний 4.1-д заасны дагуу гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй байхад үлдэгдэл төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн зэрэг зөрчлүүд буюу гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, ажлын явцын зураг, гүйцэтгэлийн тайлан байхгүй зөрчил нь Үйлчилгээ, аж ахуйн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан театрын тайз түрээсийн гэрээ байгуулан хяналт тавьж ажиллах, аливаа хийгдэж буй гэрээ хэлэлцээрт хяналт тавин, үнэлэлт дүгнэлт, зөвлөгөө өгч шийдвэрлэн ажиллаж, гэрээний биелэлтийг дүгнэх, театрын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус урсгал засварын ажлыг хариуцан гүйцэтгүүлэх, шаардлагатай асуудлыг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх чиг үүргээ хангалтгүй биелүүлснээс бий болсныг тус тус тогтоосон.

2.6. Дээрх байдлаар ******* нь ажлын байрны тодорхойлолтын дагуу гүйцэтгэх ёстой чиг үүргээ удаа дараа биелүүлээгүй, дур мэдэн бусадтай төрийн өмчийн хөрөнгө түрээслэх тухай хүчин төгөлдөр бус гэрээ байгуулж бусдад ашиглуулсан, төрийн байгууллагын улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг үгүй хийсэн хохирол учруулсан зэрэг үйлдлүүд нь хөдөлмөрийн гэрээний 7.4.10 дугаар зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 10.2.5.10-т заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцалсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийг Монгол Улсын *******ын Үйлчилгээ, аж ахуйн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,594,336 төгрөгийг хариуцагч Монгол Улсын *******аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч *******ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын ******* даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 11-т хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан хэдий ч *******ийн гаргасан гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* иргэний гомдлын дагуу гүйцэтгэсэн төлөвлөгөөт бус дотоод хяналт шалгалтын тайлан зэргээс үзэхэд ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, тогтоогдохгүй байна гэжээ.

4.2. ******* болон *******ын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.1-д заасны дагуу ажилтан ******* нь Хөдөлмөрийн тухай хууль, театрын хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм болон бусад холбогдох эрх зүйн актыг судлан танилцаж, чанд сахин мөрдөж, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүргийг хүлээсэн. Мөн гэрээний 7.4.10-д Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд хамааруулан үзнэ гэж тухайлан заасан байна.

4.3. Ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ...ажлын байрны тодорхойлолтыг 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй ... хэмээн ноцтой зөрчилд тооцогдох үндэслэлийг тодорхой заасан байхад ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

4.4. *******ийн гаргасан зөрчлүүд нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргаж өгсөн санхүүгийн баримт, Захиргааны зөвлөлийн хурал, ажилтан *******ээс авсан тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байхад анхан шатны шүүх түүнийг үнэлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар батлаагүй байхад шүүгч талуудын хооронд маргаж буй маргааны зүйл буюу ажилтан ******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх үйл баримт хэрхэн тогтоогдсон талаар тодорхой, үндэслэл бүхий тайлбарлалгүйгээр ... Нэхэмжлэгч ******* нь ... гэж ажил олгогч тайлбарласан, нэхэмжлэгч тал ... санаатайгаар хайхрамжгүй хандах зэрэг зөрчлүүдийг гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд тухайн үйл баримт болсон гэдэг нь тогтоогдож байгаа боловч X.Одгэрэлийг ажлаас чөлөөлөх ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна хэмээн учир битүүлэг, эргэлзээ бүхий дүгнэлт хийж ажилтан *******ийн төрийн байгууллагын бусадтай байгуулсан гэрээ хэлэлцээрт хяналт тавих үүргээ биелүүлэхгүй байж, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдлийг зөвтгөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийн 156-157 дугаар талд авагдсан баримтыг харахад тухайн хэрэг шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна. Хавтаст хэргийн 156-157 дугаар талд энэ хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан. Уг баримтад хариуцагч нь ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулсан баримт байхгүй. Би мартаад авчраагүй гэж дурдагдсан.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. Ажлын байрны тодорхойлолтыг хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл гэж үзэж байгаа. Иймд ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж харилцан тохиролцож гарын үсэг зурах ёстой бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч нь эдгээр баримтыг 2 жилийн хугацаанд гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчид харуулж байгаагүй.

5.3. Хариуцагч нь гомдолдоо ноцтой зөрчил байсан гэж олон талаас нь тайлбарлаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ 2 удаа биелүүлээгүй учраас түүний гаргасан зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа юм. Гэтэл ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгч нь үзээгүй, гарын үсэг зураагүй бөгөөд уг гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байгуулаагүй. Анхан шатны шүүх тайлбарлахдаа ноцтой зөрчил гэж үзэж байгаа үндэслэлийг талууд харилцан тохиролцоогүй учир нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр үндэслэлгүй гэж тайлбарласан. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн гэж үзэж байна.

5.4. Хариуцагч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо олон агуулгыг дурдсан байна. Ажлаас халах тушаалд 2 асуудлын талаар яригдана. Тодруулбал, ******* ХХК-тай байгуулсан гэрээ болон ******* ХХК-тай байгуулсан гэрээнд хяналт тавиагүй, гарын үсэг зурсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй зэрэг асуудал яригддаг. Эдгээр баримтууд нь хэрэгт авагдаагүй. Талууд ямар ажил үүрэг хийж гүйцэтгэх талаар харилцан тохиролцож, гарын үсэг зураагүй байхад хариуцагч нь зөрчил гаргасан гэж шинэ баримт гаргаж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үйлдэл нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн нөхөн төлж, баталгаажуулахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцээх боломжгүй байна.

 

4. Зохигчид *******ын захирлын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/220 дугаартай *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хууль зүйн үндэслэлд маргасан.

4.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэтрүүлж *******ын барилгад хамаарах цайны газар зориулалтаар ашиглах талбайг ******* ХХК-д түрээслүүлэх гэрээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрөлгүйгээр байгуулж, өөрийн гарын үсгийг зурсан, түрээсийн гэрээний нөхцөл, түрээсийн төлбөрийг дур мэдэж тохиролцсон хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд ******* ХХК, иргэн *******, ******* ТББ нартай байгуулсан 3 түрээсийн гэрээ, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нартай байгуулсан 3 засварын ажлын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалын үндэслэлээ тайлбарласан.

4.2. Хэрэгт дээр дурдсан 7 гэрээнээс ******* ХХК-тай байгуулсан Вэндинг машин байршуулах гэрээ нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан, ******* ХХК-тай байгуулсан гэх Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар байдлаар хэрэгт хавсаргагдсан бол бусад гэрээнүүд нь хэрэгт авагдаагүй байна.

4.3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ хэлцэл байгуулсан, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр цуцалсан байх тул зохигчдын хооронд үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан тушаалын үндэслэл болсон үйл баримт буюу тушаалд дурдагдсан гэрээ хэлцлүүд байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол нэхэмжлэгчийг ажиллах хугацаанд хамаарах эсэх, тухайн гэрээний хэрэгжилтэд нэхэмжлэгч ямар байдлаар оролцсон талаарх үйл баримтыг зайлшгүй тогтоох шаардлагатай.

4.4. Хариуцагч нь нэхэмжлэгчийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ хэлцэл байгуулсан, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн үндэслэлээ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хийсэн дотоод хяналт шалгалтын тайланд үндэслэн тайлбарлаж байх ба нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь уг тайлангаар тогтоогдоно гэж маргасан байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотоод хяналт шалгалтын тайланд *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын үндэслэл болсон гэх 7 гэрээтэй холбоотой илэрсэн зөрчилд Ерөнхий нягтлан бодогч буюу Санхүүгийн албаны дарга, Нярав, Үйлчилгээ, аж ахуйн албаны дарга гэсэн албан тушаалтнуудын ажилдаа хариуцлагагүй хандсан байдал нөлөөлсөн талаар дүгнэсэн байх тул эдгээр 3 албан тушаалтан тус бүрийн ажлын байрны тодорхойлолт болон тухайн гэрээнүүдийн хэрэгжилтэд эдгээр албан тушаалтнууд хэрхэн ямар байдлаар оролцсон, тухайлбал дээрх гэрээнүүдийн дагуу төлбөрийг шилжүүлэх үйл явцад хэн нь ямар санал, зөвшөөрөл өгч байсан талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар авах нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтооход ач холбогдолтой байна.

4.5. Анхан шатны шүүх тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШЗ2025/47187 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, хариуцагч *******аас Хөдөлмөрийн дотоод журмыг *******д танилцуулсан баримт, Үйлчилгээ, аж ахуйн албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг *******д танилцуулсан баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан ч тухайн баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхижээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан явдал нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг хангахгүй орхих үндэслэл болохгүй. Тухайн баримт нь талуудын маргааны гол үндэслэлүүдийн нэг болох ажлын байрны тодорхойлолтод заасан гэх гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй холбоотой бөгөөд ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчид танилцуулсан эсэх үйл баримтыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байжээ.

 

5. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/11706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР