| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1058/Э |
| Дугаар | 1065 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03143 1474 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Оодойхон овогт Ганбаатарын Г, 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, молтковчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо нүн 6 гудамжны 13 тоотод оршин суудаг, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн буюу Сутай буянт ХХК-ийн тамга, тэмдэг гарын үсгийг хуурамчаар үйлдэн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дидо таур” ХХК-д визний материалд өгч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.Жавзансүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 сарын 20-ны өдөр Ганбаатар овогтой Г РД:У389030619 нь манай Сутайн буянт ХХК-д ажилд орсон. 2019 оны 04 сарын 08-ны өдөр ажилтан Г.Г надаас Голомт банкнаас лизингээр цахилгаан бараа авах гэсэн юм гээд цалингийн тодорхойлолтонд албан тушаалын тамга даруулаад авсан. 2019 оны 04 сарын 19-ний өдөр манай байгууллагын инженер Б.Даваажаргал руу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Доржийн гудамж Сансар Хоум плазагийн зүүн талд байрлах визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага болох Дидо Таур ХХК-аас яриад танай байгууллагын ажилтан Г.Г нь БНСУ-руу явах виз мэдүүлсэн байан. Тэгээд танай компаний тамгийг скайнердсэн юм шиг байна гээд чатаар Г.Гийн бүрдүүлсэн тамга тэмдэгтэй материалыг явуулсан тэгээд нягтлаад хартал байгууллагын тамгийн скайнердан тавьж, албан тушаалтны гарын үсгийг хуурамчаар зурсан байсан.” гэх мэдүүлэг / хх 5-7 /,
Гэрч Ц.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г.Г нь 2019 оны 04 сарын 19-ний өдөр манай байгууллагад визний материалаа өгсөнийг би 2019 оны 04 сарын 29-ний өдөр хүлээн авч хянахад ажлын газрын тодорхойлолтны тээвэр хариуцсан менежер Жавзансүрэнгийн нэр дээр дарсан тамганы дардас нэг л өөр харагдаад байсан. Тэгээд сайн хартал хуурамчаар хуулбарлан хэвлэгч машинаар хийсэн мэт харагдаад байхаар нь Сутайн буянт ХХК-д ажилладаг зүс таних Даваажаргал руу материалынх нь гэрэл зургийг аваад “...энэ танай тамга мөн үү...” гэж асуухад биш байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 8-9/,
Гэрч Б.Даваажаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гантуяагийн фэйсбүүк хаягнаас энэ танай тамга мөн үү гээд манай байгууллагын тамгатай адилхан тамганы зургыг чатаар явуулсан. Би зургыг нь хараад манай байгууллагын тамга мөн эсэхийг тээвэр хариуцсан менежер Жавзансүрэнд харуулсан. Мөн зураг дээр Жавзансүрэний гарын үсэг зурагдсан байсан болохоор түүнээс асуусан. Тэгээд хуурамч бичиг баримт болохыг нь мэдээд Гантуяад биш байна гэж чатаар хариу өгсөн.” гэх мэдүүлэг / 10-11/, Хохирогч Г.Жавзансүрэн, яллагдагч Г.Г нараас гаргасан хүсэлт /хх 60-61/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 30/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн буюу Сутай буянт ХХК-ийн тамга, тэмдэг гарын үсгийг хуурамчаар үйлдэн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дидо таур” ХХК-д визний материалд өгч ашигласан болох нь:
Хохирогч Г.Жавзансүрэнгийн: “...Сансар Хоум плазагийн зүүн талд байрлах визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага болох Дидо Таур ХХК-аас яриад танай байгууллагын ажилтан Г.Г нь БНСУ-руу явах виз мэдүүлсэн байан. Тэгээд танай компаний тамгийг скайнердсэн юм шиг байна гээд чатаар Г.Гийн бүрдүүлсэн тамга тэмдэгтэй материалыг явуулсан тэгээд нягтлаад хартал байгууллагын тамгийн скайнердан тавьж, албан тушаалтны гарын үсгийг хуурамчаар зурсан байсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Гантуяагийн “...Г.Г нь 2019 оны 04 сарын 19-ний өдөр манай байгууллагад визний материалаа өгсөнийг би 2019 оны 04 сарын 29-ний өдөр хүлээн авч хянахад ажлын газрын тодорхойлолтны тээвэр хариуцсан менежер Жавзансүрэнгийн нэр дээр дарсан тамганы дардас нэг л өөр харагдаад байсан. Тэгээд сайн хартал хуурамчаар хуулбарлан хэвлэгч машинаар хийсэн мэт харагдаад байхаар нь Сутайн буянт ХХК-д ажилладаг зүс таних Даваажаргал руу материалынх нь гэрэл зургийг аваад “...энэ танай тамга мөн үү...” гэж асуухад биш байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Гийг хувийн байдлыг тодоруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Г-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Г-ийг хувийн байдлыг тодоруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Г-т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР