| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/08551/И |
| Дугаар | 210/МА2026/00843 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00843
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2026/01960 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
18,146,800 төгрөг гаргуулах тухай үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 772,368 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь *******тэй уулзаж, 7,000,000 төгрөг зээлье гэхэд үл хөдлөх хөрөнгө барьцаанд авч зээлдүүлнэ, худалдах, худалдан авах гэрээ хийж нэр шилжүүлбэл мөнгө зээлдүүлэх боломжтой гэсний дагуу өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байр , зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоол дээр 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******ээс 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан.
1.2. Зээлийн төлөлт сар бүр 303,800 төгрөг байсан ба 5 сар төлж түүнээс хойш хүүг төлж чадаагүй. Тэгээд 2024 оны 03 дугаар сараас *******тэй утсаар ярьж зээлийн үлдэгдэл төлбөрөө тооцоо нийлж дуусгая гэхэд үндэслэлгүйгээр 16,000,000 төгрөг өгвөл зээлийн гэрээгээ дуусгаж барьцааг чөлөөлж өгнө гэснээс болж бидний дунд маргаан үүссэн.
1.3. Тэгээд би 2024 оны 10 дугаар сарын 07-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03199 дугаар шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
1.4. ******* нь хууль бусаар миний автозогсоолыг бусдад худалдсанаас болж өөрийн автозогсоолоо шилжүүлэн авах боломжгүй болсон тул автозогсоолын зах зээлийн үнэлгээг 23,641,400 төгрөгөөс зээлийн төлбөр болох 5,494,600 төгрөгийг хасаж тооцон 18,146,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч нь хууль ёсны дагуу бусдад автозогсоолыг шилжүүлсэн. Өмнөх шүүхийн шийдвэрт ч улсын бүртгэл үнэн зөв гэж шүүх дүгнэсэн. Нэхэмжлэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй бүтэн жил хүлээж байгаад ******* гэж хүнд автозогсоолыг худалдсан.
2.2. ******* нь *******т 1,505,400 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй. Энэ үйл явдлаас хойш бүтэн 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр гарсан.
2.3. *******, *******аас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Зээлийн хүүд 1,505,400 төгрөгийг төлсөн, бусад төлбөрийг төлөөгүй байгаа. Зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.4. Автозогсоолын үнэлгээг ******* үнэлгээ ХХК хийсэн гэх боловч ******* гэдэг хүн үнэлгээ хийсэн байна. ******* нь тухайн компанитай ямар хамааралтай вэ гэдэг нь тодорхойгүй. Тухайн зогсоол нь ******* гэж иргэний өмч байхад ******* нь бусдын өмч хөрөнгийг үнэлүүлсэн, захиалагч биш этгээд энэ үнэлгээг хийлгэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн байна.
2.5. Хөрөнгийг 2025 онд үнэлсэн, гэтэл автозогсоолыг 2023 онд худалдсан, үүнтэй холбоотой ханшийн зөрүү гарч байгаа. 2023 онд үнэлгээ тогтоосон зүйл байдаггүй.
2.6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар өгсөн авснаа буцаах ёстой, талуудын хооронд байгуулсан гэрээгээр автозогсоолын үнийн дүн нь 7,000,000 төгрөг байгаа.
2.7. ******* нь нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлыг дурдаж, өөрийн биш хөрөнгийг дураараа үнэлүүлж тухайн үнэлгээг баримталж, *******ээс хууль зүйн үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Би *******ын хүсэлтийг үндэслэн харилцан тохиролцсоноор 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 4.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. ******* нь зээлээс 2023 оны 09, 10, 12 дугаар сар, мөн 2024 оны 01 дүгээр сард тус тус нийт 1,505,400 төгрөгийг төлсөн.
3.2. Үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 12,352,200 төгрөгийг төлөх ёстой байсан тул *******тай байгуулсан гэрээний үндсэн дээр өөрт шилжүүлэн авсан байсан үл хөдлөх эд хөрөнгийг 12,000,000 төгрөгөөр зарж борлуулан төлбөрийг барагдуулсан ба 772,368 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа.
3.3. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 772,368 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1. ******* бид нарын харилцаа зээлийн гэрээний харилцаа байсаар байтал намайг төөрөгдүүлж ******* нь барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийж өөрийн нэр дээрээ шилжүүлж авч надад 7,000,000 төгрөг зээлсэн.
4.2. Үүнээс хойш иргэн *******т би нийт 1,505,400 төгрөгийг төлсөн. 2024 оны 03 дугаар сард үлдэгдэл төлбөрөө төлөөд автозогсоолоо авах санал тавихад үндэслэлгүй 16,000,000 төгрөгийг ******* нэхсэн учраас бидний хооронд маргаан үүссэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар ******* бид нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон.
4.3. Миний өмчлөлийн автозогсоолыг ******* үнэлгээ ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангаар 23,641,400 төгрөгөөр үнэлсэн. Автозогсоолын хохирол болох 23,641,400 төгрөгөөс зээлийн төлбөр болох 5,494,600 төгрөгөө хасахаар би 18,146,800 төгрөгөөр хохироод байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч *******ээс 13,291,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,855,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******ийн зээлийн гэрээний үүрэгт болон хугацаа хэтрүүлсний алдангид 772,368 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хохирол гэж үзэж *******ээс 13,141,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байх ба энэ заалтын дагуу нэхэмжлэгч өөрт нь учирсан хохирлыг бодитой тооцуулан нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох байсан. Өөрөөр хэлбэл, *******т төлөх байсан зээлийн төлбөрийг шүүх урьдаас дүгнэж, хоёр өөр харилцааг тус тусд нь бодитой тогтоосны үндсэн дээр эцсийн дүгнэлт хийх ёстой байтал зөвхөн нэг талд ашигтай шийдвэр гаргасан байна.
6.2. Мөн гэм хорын хохирол шаардсан нэхэмжлэлийг шүүгч дангаараа шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, уг хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх байсан гэж үзэж байна.
6.3. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Уг заалтын агуулга нь юу авсан түүнийгээ буцаах гэсэн агуулгатай байхад анхан шатны шүүх *******т зах зээлийн ханшаар хөрөнгөө өсгөж ашиг олох, Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжих боломж бүрдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй.
6.4. *******ийн зүгээс ******* үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, мэтгэлцсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.3-т заасан Захиалагч нь ******* биш, мөн хуулийн 3.1.4-т заасан Үйлчлүүлэгч бүр биш бөгөөд тухайн эд хөрөнгө нь *******ын өмч болсон байхад хөрөнгийн үнэлгээний компани үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудыг зөрчсөн хэрэг бөгөөд мөн хуулийн 4.3-т заасан хориглолтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, *******ын зөвшөөрөлгүйгээр түүний эд хөрөнгийг үнэлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх үнэлгээ болжээ гэдгийг харуулж байна.
6.5. Бид шүүх хуралдааны үед уг хөрөнгийн үнэлгээний тайланг бүхэлд нь нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг харгалзаж үзээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байхад анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхийн шийдвэрийн цорын ганц үндэслэл болгосон нь буруу.
6.6. Үүнээс гадна анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээг ******* үнэлгээ ХХК гаргаад байгаа юм уу эсхүл ******* гэгч үнэлгээчин гаргаад байгаа юм уу гэдэг дээр шүүх дүгнэлт хийгээгүй. Үнэлгээг хэн хийснээс хамаараад тухайн субъектийн эрх зүйн байдал, хийсэн үнэлгээний нотлох чадвар яригдах учиртай. Хэрэв хуулийн этгээдийн нэрийн өмнөөс энэхүү үнэлгээг хийсэн бол тухайн үнэлгээчин орон тооны буюу үндсэн ажилтан байх ёстой гэж хуульчилсан. Хэрэв энэ заалтыг зөрчсөн бол тэдгээрийн хийсэн үнэлгээний тайланг шүүх нотлох баримт болгож болохгүй.
6.7. Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны зөвлөмж, тайлбаруудыг үндэслэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг тодорхой харуулж байгаа бөгөөд тайлбар, зөвлөмжүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, бодитой явуулахад чиглэмж, гол зөвлөмж болдог. Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №1 дугаартай зөвлөмжид ...Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно... гэж зөвлөсөн тайлбарыг шүүх анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн хоорондын харилцааг зөв дүгнээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг огт харьцуулан үнэлээгүй байдлаас харагдана.
6.8. Энэ мэтчилэн анхан шатны шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэгчийн талд, гэхдээ буруу шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дурдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
7.2. Хөрөнгийн үнэлгээг хохирлын үнэлгээ гэж тооцсон гэх агуулгаар гаргасан гомдлыг ойлгохгүй байна. Маргаан бүхий автозогсоол нь 23,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Миний бие хариуцагчаас 7,000,000 төгрөг авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар 3,500,000 төгрөгийн алданги, 1,505,400 төгрөгийг хүү төлсөн бөгөөд нийт 13,291,400 төгрөг гарсан нь үндэслэлтэй.
7.3. Намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий автозогсоолын зах зээлийн ханш 25,000,000-30,000,000 төгрөг бөгөөд хөрөнгийн үнэлгээний компани тухайн автозогсоолыг 23,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл миний бие хариуцагчаас 7,000,000 төгрөг авч 1,500,000 төгрөгийг эргүүлж өгсөн байдаг. Анхан шатны шүүх алдангийн 3,500,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Амьдралд баланс гэж байдаг бол миний бие хохирсон гэж үзэж байна.
7.4. Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээг буруу гаргасан гэж тайлбарлаж байна. Тэрээр энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад дурддаг. Тухайн үед хариуцагчид дахин үнэлгээ хийлгэх талаарх хүсэлтийг гаргах эрх нь байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хөрөнгийн үнэлгээг хууль ёсны үнэлгээний газар мөн эсэх талаарх хүсэлтийг шүүхэд явуулж лавлагаа авсан байдаг. Лавлагаанд тухайн хөрөнгийн үнэлгээний компанийг хууль ёсны зөвшөөрөлтэйг баталсан талаар дурдсан байсан.
7.5. Гуравдагч этгээдийн асуудлын талаар дурддаг. Миний бие 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авсан. Тухайн үед маргаан бүхий автозогсоолыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байсан. Хариуцагч нь гуравдагч этгээдийг таньдаг байсан. Маргаан бүхий гараашийг 2024 оны 08 дугаар сард шилжүүлсэн. Үүнээс хойш маргаан бүхий гараашийг миний өмч гэж ирсэн хүн байхгүй. Тухайн үед миний бие тээврийн хэрэгслээ маргаан бүхий автозогсоолд тавьж байсан бөгөөд СӨХ-ны төлбөр төлж байсан баримт хэрэгт авагдсан. Миний бие 2024 оны 12 дугаар сар хүртэл маргаан бүхий гараашийг ашиглаж байсан гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн автозогсоолын үнэд 18,146,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байх ба нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 772,368 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* болон ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Зээл олгох, зээлийн төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр ******* нь 7,000,000 төгрөгийг сарын 4.2 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар *******т зээлдүүлэхээр харилцан тохиролцсон;
3.2. ******* болон ******* нарын хооронд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Барьцааны гэрээ байгуулагдаж, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /*******/, ******* дугаар байр , зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай /Ү-*******/ автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан;
3.3. Мөн өдөр ******* болон ******* нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, барьцааны зүйл болох ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /*******/, ******* дугаар байр , зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай /Ү-*******/ автозогсоолыг ******* нь *******т 7,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, гэрээнд төлбөр тооцоо бүрэн дууссан талаар тусгасан;
3.4. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /*******/, ******* дугаар байр , зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай /Ү-*******/ автозогсоолын өмчлөх эрх *******т шилжсэн;
3.5. Маргааны зүйл болсон автозогсоолыг ******* нь *******д 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгөөр худалдсан, уг гэрээний дагуу автозогсоолын өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн;
3.6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03199 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар *******, ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Нийслэлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байр , зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг *******т шилжүүлэхийг хариуцагч *******т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;
4. Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаангүй боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас автозогсоолын үнийг нэхэмжилж буй нь үндэслэлтэй эсэх, автозогсоолын үнэ бодитой эсэх, хөрөнгийн үнэлгээг хийсэн ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэлтэй эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтын буруу баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
6. ******* болон ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Зээл олгох, зээлийн төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр ******* нь 7,000,000 төгрөгийг сарын 4.2 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар *******т зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, ******* нь *******т зээлийн хүүнд 1,505,400 төгрөгийг төлж барагдуулсан үйл баримтад зохигч талууд маргаангүй.
6.1. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс барьцааны зүйл болох ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /*******/, ******* дугаар байр , зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай /Ү-*******/ автозогсоолын өмчлөх эрхийг *******аас *******т шилжүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03199 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тухайн үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.
6.2. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцлээр шилжүүлэн авсан автозогсоолыг хариуцагч ******* нь бусдад худалдсан, автозогсоолын өмчлөх эрх иргэн *******д шилжсэний улмаас нэхэмжлэгч ******* нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн автозогсоолыг бодитоор буцаан авах хууль зүйн боломжгүй болсон тул автозогсоолын үнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж гэсэн дүгнэлтийг хийсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.
6.3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасан, ******* нь *******ийн өмнө зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөрөнгө барьцаалах үүргээ гүйцэтгэхээр автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлсэн, уг өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон, ******* нь автозогсоолын өмчлөх эрхийг бусдад шилжүүлсний улмаас автозогсоолын өмчлөх эрхийг буцааж өгөх боломжгүй байгаа үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас автозогсоолын үнийг шаардсан тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хэсгийг баримтлах нь хууль хэрэглээний хувьд илүү оновчтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талуудад хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхийг үүрэгжүүлсэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
6.4. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг шаардсан нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмшихтэй холбоотой эрх зүйн маргааныг шүүгч дангаар шийдвэрлэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэм хорын хохирол шаардсан нэхэмжлэлийг шүүгч дангаараа шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хариуцагчид шилжүүлсэн автозогсоолын үнийг ******* үнэлгээ ХХК-ийн хийсэн үнэлгээгээр буюу 23,641,400 төгрөгөөр тооцож, уг үнийн дүнгээс зээлийн гэрээний дагуу хариуцагчид төлөх ёстой гэж үзэж буй төлбөрөө хасаж тооцон хариуцагчаас 18,146,800 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нь мөн нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс 772,368 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.
7.1. Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Зээл олгох, зээлийн төлбөр барагдуулах тухай гэрээ нэртэй гэрээтэй холбоотойгоор Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
7.2. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн автозогсоолын үнэ болон нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид төлөх зээлийн үлдэгдэл төлбөрийг харилцан тооцож, хариуцагчаас 13,291,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 199 дүгээр зүйлийн 199.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, зээлийн гэрээний үүргийн талаар анхан шатны шүүхийн хийсэн тооцоололд зохигч талууд гомдол гаргаагүй байх тул талуудын зарчмын үүднээс давж заалдах шатны шүүхээс энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах гомдлыг гаргасан ба гомдолд нэхэмжлэгч нь автозогсоолын үнийг хариуцагчаас нэхэмжлэхдээ хөрөнгийн үнэлгээ хийлгэх үеийн зах зээлийн ханшаар нэхэмжилсэн нь нэхэмжлэгчид ашигтай байдлыг үүсгэж, хөрөнгөө өсгөн үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг бий болгон хариуцагчийг хохироосон, хөрөнгийн үнэлгээг ******* үнэлгээ ХХК гаргаад байгаа юм уу эсхүл ******* гэж үнэлгээчин гаргаад байгаа юм уу гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн хөрөнгийн өмчлөгч *******ын зөвшөөрөлгүйгээр хийсэн нь хууль зөрчсөн, хууль зөрчиж хийсэн үнэлгээний тайланг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүх хүлээж авалгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, Улсын Дээд шүүхийн албан ёсны зөвлөмж, тайлбарыг үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэн зэрэг үндэслэлийг дурдсан.
8.1. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн автозогсоолын үнийг хариуцагчаас гаргуулахаар шаардахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн зах зээлийн ханшаар нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж, мөн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасанд тус тус нийцсэн байна.
Хариуцагч нь эд хөрөнгийн үнэлгээнд маргаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ талаар шүүхэд баримт гаргаж өгөөгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч нь автозогсоолын үнийг хариуцагчаас нэхэмжлэхдээ хөрөнгийн үнэлгээ хийлгэх үеийн зах зээлийн ханшаар нэхэмжилсэн нь нэхэмжлэгчид ашигтай байдлыг үүсгэж, хөрөнгөө өсгөн үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг бий болгон хариуцагчийг хохироосон гэх гомдлыг хүлээн авахгүй.
8.2. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна гэж заасан, хэрэгт нотлох баримтаар авагдсан хөрөнгө үнэлгээний тайланд үнэлгээчин ******* гарын үсэг зурж, ******* үнэлгээ ХХК-ийн тэмдэг дарж баталгаажуулсан байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хөрөнгийн үнэлгээг ******* үнэлгээ ХХК гаргаад байгаа юм уу эсхүл ******* гэж үнэлгээчин гаргаад байгаа юм уу гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.
8.3. Нэхэмжлэгч нь өөрийн өмчилж байсан бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр бусдад шилжүүлсэн эд хөрөнгийн үнэлгээг хөрөнгө үнэлгээний хуулийн этгээдээр хийлгэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 4 дүгээр зүйл, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй, уг үндэслэлээр хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаас хасахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2026/01960 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 56 дугаар зүйлийн 56.5 гэснийг ... 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР