Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1570

 

 

 

 

 

 

    2019         10          14                                  2019/ШЦТ/1570       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Иргэдийн төлөөлөгч Р.Мягмарсүрэн,

Шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.О т холбогдох эрүүгийн 1906 00278 0059 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “  сэлбэг борлуулдаг ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо  тоотод түр оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.О .  

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.О  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашины худалдааны захын засварын хашаанд манаач ажилтай Ц.Ганбаатартай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисоны улмаас Ц.Ганбаатар нь тархиндаа гэмтэл авч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О  мэдүүлэхдээ: “...2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр би найзуудтайгаа талийгаач Ц.Ганбаатарын очиж хоол хийж идэж цуг архи ууцгаасан. Манай найзууд 6 цагийн үед гараад явсан байдаг. Харин би тэднийд унтаад хоцорсон. Орой нь би гадагшаа явах ёстой байсан бөгөөд тэр үед 9 цаг болж байхад сэрсэн. Би гутлаа тайлаад унтсан болохоор сэрээд гутлаа өмсөх гээд доошоо тонгойтол Ц.Ганбаатар миний нуруу руу өшиглөсөн. Тэгээд би куртикээ өмсөөд гарах гэтэл куртикны малгайнаас татаж чангаахаар нь би “чи суу л даа” гээд түлхчихээд гараад явсан. Ингээд би тэр оройдоо ОХУ руу явсан бөгөөд маргааш орой нь над руу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс холбогдож “танай ажлын хүнд ийм асуудал болсон байна, юу болсон юм бэ” гэж асуухаар нь болсон явдлыг хэлж дараагийн өдөр нь яаралтай буцаж ирсэн...Надад хорихоос бусад төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.  

 

        Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-1-14/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Гандолгорын өгсөн мэдүүлэг /1хх-22-24, 2хх-45/, гэрч Ц.Дуламын өгсөн мэдүүлэг /1хх-27-28/, гэрч Б.Даваанямын өгсөн мэдүүлэг /1хх-30-31/, гэрч Д.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /1хх-36-37/, гэрч Ө.Бадрахын өгсөн мэдүүлэг /1хх-38-39/, гэрч А.Жаргалсайханы өгсөн мэдүүлэг /1хх-40-41/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаартай дүгнэлт /1хх-89-92/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 214 дугаартай дүгнэлт /1хх-94-95/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 350 дугаартай дүгнэлт /1хх-89-92/, шинжээч эмч М.Золжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-98-100/, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан хүсэлт /2хх-56-57/, шүүгдэгч Б.О ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-134/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

        Прокуророос Б.О  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашины худалдааны захын засварын хашаанд манаач ажилтай Ц.Ганбаатартай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисоны улмаас Ц.Ганбаатар нь тархиндаа гэмтэл авч нас барсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

        Тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашины худалдааны захын засварын хашаанд А.Жаргалсайхан, Б.О , А.Бадрах, Ч.Ганзориг, Ц.Ганбаатар, Б.Давааням нар цугларч тарваганы мах боож идэн нийлж архидан согтуурсан бөгөөд тухайн үед ямар нэгэн зодоон маргаан болоогүй. Тэгээд энэ хугацаанд Б.О  нь унтсан бөгөөд эхлээд Ч.Ганзориг, дараа нь А.Жаргалсайхан, А.Бадрах, Б.Давааням явсан. Б.О  нь унтаж сэрээд явахдаа Ц.Ганбаатартай харилцан маргалдаж улмаар Ц.Ганбаатарын нүүрэн тус газар нь гараараа цохисоны улмаас Ц.Ганбаатар нь унаж тархины битүү гэмтэл авч нас барсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн 233 дугаартай дүгнэлтэд: “...Шүүх эмнэлгийн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны 22 цаг 50 минутын үзлэгээр нас бараад 22-24 цаг болжээ.” гэж дүгнэсэн байх бөгөөд тухайн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний 22 цагийн үед Б.О  нь гэрээсээ гараад явсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнээс үзвэл Б.О ыг Ц.Ганбаатарын гэрээс гараад явснаас хойш 2-3 цагийн дараа Ц.Ганбаатар нас барсан байх магадлалтай.

 

         Өөрөөр хэлбэл Б.О ын болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Ц.Ганбаатар нь нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

         Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох нь ихэвчлэн хайхрамжгүй хандахын үр дүн. Хэргийн нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдэл, нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүйгээс ухамсарлаагүй, түүнчлэн учирч болох нийгмийн хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байснаас нийгмийн хор уршиг учирсан байхыг хэлнэ.

 

          Гэтэл прокурор шүүгдэгч Б.О ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо шүүгдэгчийн ямар үйлдлийн улмаас хохирогчийн нас барсан, үхлийн шалтгааныг ялгаж зааглалгүйгээр ялласан нь учир дутагдалтай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин шүүгдэгч Б.О  нь 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашины худалдааны захын засварын хашаанд Ц.Ганбаатарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

 Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Гандолгорын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 17 цагийн үед манай эгчийн охин Өлзийсайхан над руу 95858879 гэсэн дугаараас миний дугаар руу залгаад “ах Ц.Ганбаатар нас барсан байна, та Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Дизель хүрээ” зах дээр хүрээд ир" гэж хэлсэн. Тзгээд би 18 цагийн үед талийгаач Ц.Ганбаатарын манаачийн байранд иртэл талийгаач зуухны хажуу талд дээшээ хараад хэвтэж байсан. Би бие муутай болохоор дотогшоо орж хараагүй.” /1хх-22-24, 2хх-45/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дуламын өгсөн: “...Талийгаач манай хойд талын хашаанд байдаг юм. Өчигдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр талийгаач манай гэрт орж ирээд хэдэн тамхи аваад гарсан. Тэгээд би нөхөртэйгээ “Гачуурт”-д очиж хоноод өнөөдөр 17 цагийн үед гэртээ ирээд галаа түлээд талийгаачийг ганцаараа байгаа болохоор 17 цаг 20 минутын үед гэрт нь ороход шалан дээр дээшээ харсан байдалтай байхаар нь архи уугаад унтчихсан байна гэж бодоо очоод хацар дээр нь хүрэхэд хүйтэн, нас барсан байхаар нь ар гэрт нь мэдэгдсэн. Ийм л зүйл болсон.” /1хх-27-28/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Даваанямын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 4-ний өглөө 10 цагийн үед шиг санагдаж байна. Миний танил Жаргалсайхан ах миний 99854360 дугаар руу өөрийнхөө 99005372 дугаараас залгаад “хаана байгаа юм бэ, гарааш орж тарваганы мах идэх үү” гэхээр нь “тэгье” гэсэн. Ингээд өдөр 12 цагийн үед Сансарын клонк дээр уулзаад Жаргалсайхан ах, Отгонбаяр, Бадрал гурав таксигаар ирж намайг шууд аваад гарааш дээр очсон.  Гарааш дээр очиж Бадрах, Ц.Ганбаатар хоёр тарваганы махаа хуйхалж янзалсан, Отгоо, Жаргалсайхан ах бид гурав нэг шил 0,75 литрийн Чингис хааны зурагтай архи хувааж уусан. Би гэрийн баруун талын орон дээр унтаад зүүн талын орон дээр Жаргалсайхан, Отгонбаяр хоёр унтаад өгсөн. Би унтаж байгаад сэрэхэд оройн 18 цаг өнгөрсөн байсан ба Ганбаатар сидигээр кино үзээд сууж байсан. Мөн намайг унтаж байхад Бадрах “би явлаа, чи явах юм уу” гэхээр нь “жоохон унтаж байгаад явна” гэхэд Бадрах “явлаа” гээд гарч явахыг нь мэдсэн. Тэгээд Отгонбаяр, Жаргалсайхан хоёрыг сэрээгээд “явъя” гэхэд Жаргалсайхан ах сэрээд харин Отгонбаяр сэрсэн боловч буцаад миний унтаж байсан баруун талын орон дээр очоод хэвтээд өгөхөөр нь “явъя” гээд нилээн хэдэн удаа хэлэхэд сэрэхгүй, явах шинжгүй байхаар нь Жаргалсайхан ах бид хоёр шууд төв хаалгаар гарч явсан. Би ер нь ухаан санаа эрүүл байсан. Сүүлд авсан архинаас уусан чинь дотор муухайраад байхаар нь хэвтэж байгаад унтсан байсан. Ганбаатар бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан, үл ойлголцол болоогүй. Ганбаатарын биед харагдах гэмтэл шархыг анзаараагүй. Ганбаатар, Отгонбаяр нь энгийн харьцаж байсан.” /1хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхбатын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 4-ний өглөө талийгаач Ганбаатар 12 цагийн үед манай гэрт орж ирсэн. Талийгаачийн гэр нь манайхтай ойрхон байдаг. Өөр өөр хашаанд байгаа болохоос мөн дизель хүрээ захын хашаанд байдаг.  Талийгаач манайд орж ирэхдээ ганцаараа архи дарс хэрэглэсэн юмгүй орж ирсэн. Тэгээд би утасныхаа пин кодыг мэддэггүй, эхнэр хүүхдүүд Хархорин сум руу явсан. Эхнэртэй холбогдоод утасны пин асуугаад өгчих гэсэн. Тэгээд миний пин кодыг асуугаад эргээд хариу хэлэхээр болоод явсан. Гэрт орж галаа түлчихээд хоёулаа Паанангаа нэг эргэе, эхнэр нь эргэж тойрч байгаарай гэж захиж байсан учраас талийгаачийн гэрт 17 цаг 30 минутын орчимд ороход талийгаач гэрийнхээ зүүн талын баганын хажууд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд унтаж байгаа юм байх гэж бодоод “хөөе, Паанан бос, сэр” гээд дэргэд нь очиход царай нь бүр цайж, хөшсөн амьсгаагүй байсан. Тэгээд уйлаад эхнэр бид хоёр гэрээс нь гараад гэртээ орж сандарч уйлаад өөрийнөө хүүхдүүд рүү ярьж дуудаад тэд нарыг ирэхээр нь манай бэр Болормаа 103-т дуудлага өгөхөд “цагдаа руу залга” гээд цагдаад дуудлага өгсөн. Талийгаачийн гэрт нь орох үед эвдэрч гэмтсэн зүйл байхгүй байсан.” /1хх-36-37/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бадрахын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр гэртээ байж байтал Жаргалсайхан, Отгонбаяр 2 манай гадаа такситай ирсэн. Тэгээд “зах явъя, тэнд нэг тарвага байга, үүнийг идье” гэж хэлсэн. Тэгээд бид гурав манайхаас гараад замаараа Сансарын клонкын автобусны буудал дээрээс Даваанямыг аваад шууд “Дизель хүрээ” захад Отгонбаярын эзэмшлийн гараашид манаач Ц.Ганбаатарын гэрт ойролцоогоор 13 цагийн орчим очоод Ганбаатар бид хоёр тарвага янзлаад Отгонбаяр дэлгүүр орж 1 шил хар Чингис нэртэй архи аваад орж ирсэн. Тэгээд Баттөмөр ах тарваганы мах идээд түрүүлээд гарсан. Би удаагүй ойролцоогоор 17 цагийн орчим Ганбаатарын гэрээс гараад гэр рүүгээ явсан. Нөгөө хэд буюу Жаргалсайхан, Давааням, Отгонбаяр, Ганбаатар нар үлдсэн. Тухайн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр намайх байх хугацаанд тасартлаа, мэдрэлээ алдатлаа архи уусан, согтуу хүн байгаагүй.” /1хх-38-39/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Жаргалсайханы өгсөн: ”...2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Отгонбаяр, Бадрах, Давааням бид дөрөв Отгонбаярын граш байдаг хашаа руу буюу Ганбаатарын гэр байгаа газар руу явсан юм. Бид дөрөв 12 цагийн үед таксигаар очсон юм. Бид нарын бөөнөөр уулзах болсон шалтгаан нь ганц ширхэг тарвага боож идэх гэж цугласан. Тарвагаа боож идээд 3 шил архи уугаад би 19 цагийн үед харихаар болж Давааням бид хоёр гарсан юм. Бид хоёрыг гэрээс гарахад Отгонбаяр баруун талын орон дээр унтаад үлдсэн. Уг нь бол Отгонбаярыг хамт аваад явъя гэж бодсон боловч дуудаад босохгүй байхаар нь орхиод явсан юм. Бид нар Ганбаатарын гэр рүү гаднаас орохдоо ганц юм авч орсон. Тэгээд тарваганы махаа гэсгээж байх зуураа 1 шил архиа уучихаад сүүлийн 2 архины хувьд нэгийг нь Отгонбаяр авсан. Нөгөөг нь зах дээр машин зардаг ахыг нь дуудаж мах идүүлэх үед нэг шил архи авч ирж өгсөн санагдаж байна. Ганбаатар нь биедээ ямар нэг гэмтэл шарх сорвигүй харагдаж байх шиг байсан.” /1хх-40-41/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ганзоригийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр би “Да хүрээ” зах дээр ажил дээрээ байж байтал Жаргалсайхан миний 99132624 дугаарын утас руу 11 цагийн үед шиг санагдаж байна залгаад 1 кг төмс, лууван, манжин, хар талх аваад Дизель хүрээний Отгоогийн сэлбэг дээр хүрээд ир тарвага боох гэж байна, чамаас өөр дуудчих хүн алга” гэхээр нь би захисан зүйлийг нь аваад очиход Отгоо, Жаргалсайхан, Отгонбаяр, Бадрал мөн танихгүй бас нэг залуу мөн Отгоогийн сэлбэгийн хашаанд байдаг гэрийн эзэн нь байсан. Тэд нар тарваганы махаа янзалж байхаар нь би махыг эвдэж өгөөд болгоод намайг дуудаарай гэж хэлээд явсан. Намайг очиход хар өнгийн шилтэй 0.75 литрийн архи тойруулаад ууж байсан ба би уг архинаас нэг татаад машинтай юм чинь гээд гараад явсан.” /1хх-47-58/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Пүрэвсүрэнгийн өгсөн: ”...Би айлын дагавар хүү нь байгаа юм. 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр би ээж Наранцэцэг, дүү Номин-Эрдэнэ нарын хамт эмээ Дуламсүрэнгийн гэр болох Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явсан. Бид нар хөдөө яваад талийгаач гэртээ ганцаараа үлдсэн. Ингээд бид нар хөдөө байх хугацаанд буюу 2019 оны 1 дүгээр сарын 5-ны орой 20 цагийн орчим ээжийн эгч Мягмарсүрэн бид нарт хэл дуулгаж Ганбаатарыг нас барсан гэдгийг хэлсэн.” /1хх-51/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Номингийн өгсөн: “...Манай аав Отгонбаяр нь 2019 оны 1 дүгээр сарын 4-ний орой 22 цагийн үед байсан байх цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Аав гаднаас гэртээ ирээд тэгээд ээж, ах, дүү нарын хамтаар ОХУ-ын Улан-Үдэ хот руу ажлын шугамаар явсан. Яагаад явах болсон гэхээр аав, ээж хоёр хүнд машины эд анги авч ирж өгөх ёстой учраас явна гээд явсан. Манай аав, ээж хоёр байнга Улан-Үдэ рүү машины сэлбэг авч ирж зарахаар явдаг юм.” /1хх-52-53/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1098 дугаартай дүгнэлтэд:

1. Б.О ын биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-84/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 303 дугаартай дүгнэлтэд:

1. Б.О  нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Б.О  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.О  нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

4. Б.О  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

5. Б.О  нь өөрийн хийсэн хэргийг хариуцах чадвартай байна.” /1хх-86-87/ гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаач Ц.Ганбаатарын цогцост хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уруулд шарх, дээд баруун 3 дугаар шүдний сулрал, оочинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ямар дарааллаар үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Талийгаач цусанд 3.6 промилли, шээсэнд 4.2 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

3. Шүүх эмнэлгийн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны 22 цаг 50 минутын үзлэгээр нас бараад 22-24 цаг болжээ.” /1хх-89-90/ гэх дүгнэлт,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-91-92/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн 2019 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 214 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаач Ц.Ганбаатарын цогцост хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уруулд шарх, дээд баруун 3 баруун шүдний сулрал, оочинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид учирсан хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин уруулд шарх, дээд баруун 3-р шүдний сулрал, оочинд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Талийгаач Ц.Ганбаатарын биед үүссэн хоёр тал бөмбөлгийн оройн болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь уруулд үүссэн шарх, дээд баруун 3 дугаар шүдний сулрал, оочинд зулгаралт гэмтэлтэй шалтгаант холбоотой. Учир нь уруулд болон оочинд хүч үйлчилсний улмаас дээрх тархины битүү гэмтэл үүсэх боломжтой.

3. Талийгаач Ц.Ганбаатар нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.” /1хх-94-95/ гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 350 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:

1. Урьд гаргасан цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №233 болон нэмэлтээр гаргасан №214 тоот дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. Амь хохирогчийн үхэлд хүргэсэн тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх тархины цус харралт гэмтэл нь уруулын шарх, баруун дээд 3 дугаар шүдний сулрал, оочны зулгаралт гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Хүний хүчин зүйлээр буюу уруул, эрүү орчимд цохигдох үед дээрх үхэлд хүргэсэн гэмтэл нь үүсэх боломжтой.

3. Хүнд зэргийн согтолттой хүн ухамсарт ухаан, үйл хөдөлгөөн хийх чадвар нь тухайн хувь хүний онцлог, архи даах чадвар. хэр удаан хугацаагаар хэрэглэсэн эсэх шалтгаалж харилцан адилгүй байна.

4. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” /1хх-188-190/ гэх дүгнэлт,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-10/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-11-14/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-19/ зэрэг хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс “…Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан байна...Мөн хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.“ гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч шүүхээс Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх тул уг тайлбаруудыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.О ыг 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашины худалдааны захын засварын хашаанд Ц.Ганбаатартай маргалдаж түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйльд хуульчилан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөн шүүгдэгч Б.О ын барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүний Улаанбаатар хотын банкны 2617002303 дугаартай дансанд байршуулсан 10.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.О т оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Мөн шүүгдэгч Б.О ын 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 9-ны өдрийг хүртэл баривчилсан 2 хоногийг эдлэх ялд оруулан  тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн талийгаач Ц.Ганбаатарын өмсөж байсан хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, өмд 3 ширхэг,  оймс 1 хос, үдээстэй хар өнгийн гутал 1 xoc, 13 ширхэг тамхины иш болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан “Chinggis” гэсэн бичиглэл бүхий 0.75 литрийн багтаамжтай, дотроо шингэн зүйлгүй хоосон 2 ширхэг шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Прокурорын газраас шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт зүйлчилж ирүүлсэнийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчилж зүйлчилсүгэй.

 

          2. Шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          3. Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.О т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.О ын урьд цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх

 хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн талийгаач Ц.Ганбаатарын өмсөж байсан хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, өмд 3 ширхэг,  оймс 1 хос, үдээстэй хар өнгийн гутал 1 xoc, 13 ширхэг тамхины иш болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан “Chinggis” гэсэн бичиглэл бүхий 0.75 литрийн багтаамжтай, дотроо шингэн зүйлгүй хоосон 2 ширхэг шил зэргийг устгахыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

 7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.О т урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

    9. Улаанбаатар хотын банкны 2617002303 дугаартай дансанд байршуулсан 10.000.000 төгрөгийг гаргуулж Б.О т олгосугай.

 

         10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,  

                                       ШҮҮГЧ                               Э.ЧИНГИС

                                          

                                   ШҮҮГЧИД                              Б.АРИУНХИШИГ

 

                                                                                        Н.БААСАНБАТ