Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/00844

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2026/01687 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

112,589,077 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Талууд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлэх, ******* ХХК нь төлбөрийг ******* ХХК-д гэрээний 4.3.2-т заасан хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

1.2. Нэхэмжлэгч талаас тус гэрээний 3.1 дэх хэсэгт заагдсан бараа бүтээгдэхүүнийг хариуцагч талд 2024 оны 12 дугаар сарын 24-нд бүрэн нийлүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч тал нь нэхэмжлэгч талд нийт 95,070,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэг үүссэн.

1.3. Гэтэл хариуцагч ******* ХХК нь гэрээний 4.3.2-т заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүрэн төлж дуусгах ёстой байтал 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлж, бусад төлбөрийг хийгээгүй бөгөөд хугацаандаа төлбөрийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөрт үлдэгдэл 85,070,000 төгрөгийг төлөөгүй байна.

1.4. Нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлснээс хойш хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар шаардсаны эцэст 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2 талаасаа тооцоо нийлж үлдэгдэл төлөх төлбөрийг баталгаажуулсан. Ингээд хариуцагч ******* ХХК-ийн зүгээс бүтээгдэхүүний төлбөрийг төлөх гэрээний үүргээ 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлнө гэдгээ илэрхийлсэн боловч урьдын адил гэрээний үүргээ зөрчсөн хэвээр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.

1.5. Талуудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч ******* ХХК-аас төлөх ёстой үлдэгдэл төлбөрийн үүрэгт 85,070,000 төгрөг, алданги 27,519,077 төгрөг, нийт 112,589,077 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 98,425,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,163,087 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч баталгаа гаргахдаа 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэрээний дагуу алданги, банкны зээлийн хүүгийн хамт бэлэн мөнгөөр төлж барагдуулах-аар тохиролцсон байхад шүүх тооцооны үлдэгдлийн баталгааг Гэрээний нэмэлт өөрчлөлт гэж илт үндэслэл муутай тайлбарлан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйд гомдолтой байна.

4.2. Тооцооны үлдэгдлийн баталгаа нь Гэрээний нэмэлт өөрчлөлт биш бөгөөд зөвхөн тухайн цаг хугацаанд талуудын хооронд хэдэн төгрөгийн өглөг, авлага байгааг баталгаажуулж буй нягтлан бодох бүртгэлийн баримт юм. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргаагүй.

4.3. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний гол нөхцөл өөрчлөхөд талууд яг үүнийг өөрчлөх гэсэн хүсэл зоригоо илэрхийлж, үндсэн гэрээнд заасан хэлбэрээр хийх ёстой. Зөвхөн төлнө гэж баталгаа гаргасан нь өмнөх гэрээний хугацааг хүчингүй болгож, шинээр хугацаа тогтоосон гэж үзэх боломжгүй. Мөн нэхэмжлэгчээс өмнөх хугацаа хэтрүүлсэн алдангиас татгалзаагүй, үүссэн алдангийг бүрэн төлөх талаар хүсэл, зоригоо илэрхийлэн баталгаажуулсан байхад үүнийг шүүх өөрөөр тайлбарлаж бодит байдлаас өөрөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 14,163,087 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Гомдолд алдангийн зарим хэсгийг хасаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлийг дурдсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөр төлөхөөр баталгаа гаргасан нь төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулсан гэж үзнэ. Иймд үүнээс өмнөх хугацаанд алданги тооцож шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэхгүй байна ... гэж дурдсан байдаг.

5.2. Миний бие хариуцагч компанийн захиралтай холбогдсон. Тэрээр нэхэмжлэгч компанитай уулзаж төлбөр төлөх хугацааг тооцсон. Хэрэв 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон гэж тайлбарладаг.

5.3. Хоёрдугаарт, хариуцагч нь нэхэмжлэгч компанийн барьцаанд тоног төхөөрөмжөө өгсөн байдаг. Энэ талаар гэрээнд тусгагдаагүй бөгөөд талууд харилцан тохиролцоогүй. Хариуцагч компани нь төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн 100,000,000 гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг авсан байдаг. Тухайн тоног төхөөрөмжөө авч чадахгүй нөхцөл байдлын улмаас хариуцагч компанийн үйлдвэрлэл, үйлчилгээнд саад учирч холбогдох төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 112,589,077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар, түүнтэй холбоотой баримт гаргаж ирүүлээгүй байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь ******* ХХК-д бүтээгдэхүүн буюу лабораторийн дүгнэлт бүхий, эрүүл ахуй, чанар, стандарт, сав боодлын шаардлага хангасан хорголжин тэжээл, хивэг тэжээл, овъёосыг гэрээнд заасан үнээр нийлүүлэх, ******* ХХК нь ******* ХХК-д бүтээгдэхүүнийг хүлээн авч тогтоосон хугацаанд үнийг төлөхөөр харилцан тохиролцсон;

3.2. 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд Тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй баримт үйлдэгдэж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нийлэхэд ******* ХХК нь 85,070,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, өрийн үлдэгдлийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэрээний дагуу алданги, банкны зээлийн хүүгийн хамт бэлэн мөнгөөр нэхэмжлэн авахаар тохиролцсон;

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

5.1. Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, улмаар талуудын хооронд үйлдэгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаанд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 85,070,000 төгрөгийн төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон талаар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2-т зааснаар төлбөр төлөх хугацааг 5 хоног хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа-г төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулсан тохиролцоо гэж үзэн, нэхэмжлэгчийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

5.2. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бөгөөд уг баримтад ... өрийн үлдэгдлийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэрээний дагуу алданги, банкны зээлийн хүүгийн хамт бэлэн мөнгөөр нэхэмжлэн авахаар тохиролцов гэсэн нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 4.3.2-т заасан ... бүтээгдэхүүнийг хүлээж авснаас хойш ... 30 хоногийн хугацаанд ... төлөх үүрэг хүлээлгэсэн төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулсан тохиролцоо гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх ёстой төлбөр буюу нэгэнт үүссэн өрийг төлж барагдуулах талаар талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн нь худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг хойшлуулсан гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

5.3. Хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээний дагуу 95,070,000 төгрөгийн хивэг, хорголжин тэжээлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан, төлбөрөөс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй гэдэгт маргаагүй буюу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүхэд хариу тайлбар гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

5.4. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээний 5.2-т анзын талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3.2-т зааснаар бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 30 хоног тооцож, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 10,000,000 төгрөгийн төлбөр төлсөн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх 90 хоногт 95,070,000 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцоход 8,556,300 төгрөг, 10,000,000 төгрөгийн төлбөр төлсөн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 223 хоногт 85,070,000 төгрөгийн 0.1 хувиар тооцоход 18,970,610 төгрөгийн алданги, нийт алдангийн хэмжээ 27,526,910 төгрөг болж байх ба үүн дээр төлбөрийн үлдэгдэл 85,070,000 төгрөгийг нэмэхэд нийт төлөх төлбөрийн хэмжээ нь 112,596,910 төгрөг болж байна.

5.5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэлд 85,070,000 төгрөг, алдангид 27,519,077 төгрөг, нийт 112,589,077 төгрөгийг нэхэмжилсэн нь гэрээний дагуу тооцоолсон тооцооллын дотор байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 112,589,077 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 674,000 төгрөг гэж дутуу бичсэн буюу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ төлсөн 167,280 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах ба анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2026/01687 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-аас 112,589,077 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674,000 төгрөг, 167,280 төгрөг, нийт 841,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 720,895 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

 

Б.УУГАНБАЯР