| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0196/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/311 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.3.2.2., 21.6.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид Ц.Алтангадас, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Иргэдийн төлөөлөгч Д.Өлзийдүүрэн,
Хохирогч Ц.Б, М.А,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Доржханд, Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Г.Г, А.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гнарт холбогдох эрүүгийн 1938001990082 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г, А.Бнар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө иргэн Х.Мыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод иргэн Г.Б-йн гэрт байхад нь хутга, сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн гар утас, бэлэн 8.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдэж 118.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Ц.Бийн гэрт нэвтрэн орж Ц.Б, М.А, Б.Б, Б.Бнарт хутга, сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэж хохирогч Ц.Бөд 1.350.000 төгрөгийн, хохирогч М.Ад 2.920.000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Б.Бд 35.000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Б.Б-д 69.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Х.Мгэрт нэвтрэн орж Ногоон дарь эх нэртэй бурхан, борц зэрэг эд хөрөнгө хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Бнь иргэн Ц.Бөд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэх үедээ Ц.Бийн баруун хацрыг нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Гнь эрүүгийн 1938001990082 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хоригдож байхдаа 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уг хэрэгт хяналт тавьж байсан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргалд хүсэлт гаргахдаа хүч хэрэглэхээр заналхийлж прокурорт хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г, А.Бнар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө иргэн Х.Мыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод иргэн Г.Б-н гэрт байхад нь хутга, сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн гар утас, бэлэн 8.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдэж 118.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Ц.Бийн гэрт нэвтрэн орж Ц.Б, М.А, Б.Б, Б.Бнарт хутга, сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэж хохирогч Ц.Бөд 1.350.000 төгрөгийн, хохирогч М.Ад 2.920.000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Б.Бд 35.000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Б.Б-д 69.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Х.Мгэрт нэвтрэн орж Ногоон дарь эх нэртэй бурхан, борц зэрэг эд хөрөнгө хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Бнь иргэн Ц.Бөд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэх үедээ Ц.Бийн баруун хацрыг нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Гнь эрүүгийн 1938001990082 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хоригдож байхдаа 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уг хэрэгт хяналт тавьж байсан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргалд хүсэлт гаргахдаа хүч хэрэглэхээр заналхийлж прокурорт хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938001990082 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “… А.Ббид хоёр эзгүй айл ухах зорилготой гарсан. Морьтой айлд эхлээд орсон. Хажуу талын айл нь эзгүй байсан. 8.000 төгрөгийг нь авч яваад утсыг нь машин дээр тавиад явсан...Батмөнхийн гэрээс мөнгөн аяга, хөөрөг, ээмэг бөгж, гар утас зэргийг авсан...Би 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Мөрөн сумын 13-р багт хулгайн гэмт хэрэг, дээрмийн гэмт хэрэг үйлдээд цагдаад маргааш нь баригдаж цагдан хоригдсон. Яллагдагчаар татагдаад хяналтын прокурор Ц.Мөнхжаргал миний хэрэгт хяналт тавьсан. Хяналт тавих хугацаанд нь би батлан даалтанд гаръя гэхэд гаргахгүй гэсэн. Тэгээд би өргөдөл өгөөд хяналтын прокурор Ц.Мөнхжаргалтай уулзахад яах гээд надтай уулзах гээд байгаа юм гээд уурлахаар нь би танд хүсэлт өгсөн батлан даалтанд гарч хохирлоо төлье гэсэн чинь гаргахгүй чи угаасаа шоронгоос гарахгүй гэхээр нь би уурлаад гараад явсан. Тэгээд би Мөнхжаргал прокурорт өргөдөл бичсэн. Би бичсэн өргөдөлдөө Ц.Мөнхжаргалд харамсуулах зүйл хийнэ гэж заналхийлсэн....Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа үнэн зөвөөр нь хүлээсэн. Ямарч байсан хохирогч нарт хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Г.Гын гэрээс бид хоёр эзэнгүй айл байвал хулгай хийе гэсэн зорилготой гарсан. Хашаан дотроо морины зүчээтэй айл байхаар нь хашаа руу нь давж орсон. Хашааруу ороход байшингийн хажуу талд монгол гэр байсан бөгөөд гэрийн тэрүүгээр явж байтал байшингийн арын цонх гэрэлтэй дотор нь эрэгтэй хүн байсан. Тэгэхээр нь бид хоёр эргээд хашаан дотор байсан өвс хийсэн бололтой граш руу орсон. Гар чийдэн барьчихсан граш руу бид хоёрыг чиглээд хүрээд ирэхээр нь Г.Гбид хоёр урдаас гарсан чинь нөгөө хүн хойшоо ухарч байгаад юманд тороод уначихсан. Уначихаар нь би халаасанд байсан скочоо гаргаж ирээд нүд болон гарыг нь скочдоод дагуулаад байшинруу оруулаад буйдан дээр суулгасан. Гараад гадаа монгол гэртэй айлруу орсон. Монгол гэрлүү орохдоо цоожыг нь төмрөөр хөшиж хаалгыг нь онгойлгоод гэрлүү орсон...Бид хоёр 13-р хорооны зүүн талаар явсаар байгаад нэг гудамжруу ортол хашаан дотроо том контейнортой айл байхаар нь эзэнгүй байх юм байна гэж бодоод хашааг хойд талаас нь даваад хашааруу орсон. Таампарын вакум цонхны салхивчийг нь онгойлгоод би эхэлж ороод байшингийн хаалгыг дотроос нь онгойлгож өгөөд миний араас Г.Горж ирсэн. Бид хоёр байшинруу ороод гэрэл тусгаад хартал хүнгүй юм шиг байсан бөгөөд өөдөөс нэг онгорхой хаалга байхаар нь явж очоод хартал орон дээр хоёр хүн унтаж байсан. Тэгэхээр нь би айлгах санаатай авч явсан сүхнийхээ иртэй талын эсрэг талаар нь унтаж байсан хоёр хүний хөлрүү нь цохисон. Тэгтэл цонхон талд унтаж байсан хүн ухасхийж босож ирээд миний гарнаас бариад авахаар нь би гарт барьсан байсан сүхээ хаяад нөгөө хүнтэй ноцолдоод давхаралдаад уначихсан. Тэгэж унахдаа би тэр хүний дээр нь унасан байсан бөгөөд өндийгөөд босоод иртэл тэр хүний эрүүн тус газарт нь хутгаар зүсэгдчихсэн байсан. Энэ үед хүүхэд нь бололтой нэг банди хоёр ширхэг бөгж, гар утаснууд авчирж өгсөн. Ингээд удалгүй Г.Гбид хоёр тэр айлаас гараад зүүн талруу гараад явж байхдаа авч гарсан 3 ширхэг утсыг айлын хашаа давуулж шидсэн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарийнхаа хохирлыг яаж ийгээд төлнө... гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-26-р хуудас/,
Шүүгдэгч А.Бийн орогнож байсан гэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод байрлах амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх- ийн 27-29-р хуудас/
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 30-35-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 38-41 дүгээр хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 42-45 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 52-54-р хуудас/,
Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Шөнө унтаж байтал хүн хашгираад байх шиг болохоор нь сэрээд сонстол манай нөхөр хүүеэ юу болоод байнаа гээд байсан. Тэрийг сонсоод би нөхөр маань хар дараад байгаа юм байх даа гэж бодсон бөгөөд орноосоо босохтой маань зэрэгцээд хүүгийн маань дуу гараад юу болоод байнаа хэн бэ? гэх нь сонсогдсон. Тэгэхээр нь би унтлагын өрөөнөөс хойд хүүхдүүдийн өрөө рүү орох гээд гарахад хүүхдийн өрөөний үүдэнд нэг хүн цаашаа өрөөрүү хараад гэрэл тусгаад зогсож байсан. Нөгөө хүн эргэж харангуутаа миний нүүр лүү гэрэл тусгаад гартаа барьсан байсан хутгаа харуулаад хутгаараа ийшээ ор гээд дохиод эсэргүүцвэл хутгална шүү гэсэн. Тэгэхээр нь би айгаад өрөө рүү яваад ортол хүүгийн маань хамраас цус гарчихсан амыг нь дагаад урссан байсан бөгөөд хүү маань агаа би угаалгын өрөө ороод цусаа угаачих уу гэсэн чинь өрөөний үүдэнд зогсож байсан залуу ална шүү цаашаа бай гэж хэлсэн. Тэгээд өрөөнд ороход орны урд талд нөхрийг маань дээр нь нэг хүн гарчихсан дээрээс нь дараад суучихсан байгаа харагдсан. Тэр үед нөхөр маань надад хандан хэлснээр нь байгаарай гэсэн. Тэгсэн нөхөр маань чи намайг шаачихлаа ш дээ гэсэн чинь нөхрийн маань дээр суусан хүн худлаа ярь гэснээ нөхөр лүү маань гэрэл тусгаж харсанаа өө тийм байна ш дээ гээд нөхрийн маань дээрээс боссон. Тэгээд байж байтал нэг нь мөнгө чинь хаана байна гэж асуухаар нь би мөнгө байхгүй дансанд 70 гаран мянган төгрөг байна гэж хэлсэн чинь тэгвэл сэйф чинь хаана байна гэхээр нь би урд талын өрөөнд байгаа гэдгийг зааж өгсөн. Тэгсэн надад эхэлж хутга тулгаж өрөө рүү оруулсан хүн нь урд талын өрөө рүү ороод нөхрийн маань дээр байсан хүн нь өрөөний үүдэнд бид нар луу гэрэл тусгаад хараад зогсож байсан. Сэйфийг онгойлгоод дотор нь хоосон байгааг харчихаад бурхан чинь хаана байна гэсэн. Тэгээд би бурхан байхгүй ш дээ гэдгээ учирлаж хэлээд өөрт байдаг ээмэг бөгж байсан газраа зааж өгсөн чинь өөрөө очиж авч өг гэхээр нь би яваад ээмэг бөгж байсан газартаа тэмтрээд үзэж байгаад унагаачихсан. Тэгсэн нэг залуу нь газарт унасан бөгжийг авахад нь харахад гартаа бээлий өмссөн байсан. Мөн нэг унасан ээмгийг би өөрөө аваад гар дээр нь тавьж өгөхөд бээлийтэй байгаа нь надад харагдсан. Тэгээд би мөнгөн аяга хөөрөг байгаа газруудыг зааж өгсөн. Мөнгөн аяга, хөөрөг ээмэг бөгж зэргийг авсан хүн нь анх надад хутга тулгаж өрөөрүү оруулсан хүн нь байсан. Батмөнхийн дээр гарсан байсан залуу болохоор өрөөний үүдэнд л бид нарыг ажиглах маягтай зогсож байсан. Тэгээд удаагүй нөгөө хоёр хүн буйдангийн тэнд очоод хоорондоо юм шивнэж ярьж байснаа нэг нь бид нарт хандан бүх утаснуудыг чинь авсан, утаснуудыг чинь хашааны ойролцоо тавина. 20-30 минутын дараа гараарай гараад шууд эмнэлэг яваарай гэж хэлээд манай хүүд машины түлхүүрийг шидэж өгөөд гараад явсан...Гэртээ тайван бус байдаг болсон. Байнгын айдас, хүйдэстэй байдаг болсон...Энэ хоёр эртнээс төлөвлөж биднийг заналхийлж тэгсэн юм байхгүй байгаа гэдэгт би 100 хувь итгэлтэй байгаа. Яагаад гэвэл бид 2 танихгүй. Учирсан хохирлоо 100 хувь төлүүлнэ... “ гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Унтаж байтал нүүрлүү гэрэл тусах шиг болохоор нь сэрээд хартал миний унтаж байсан орны хажуу талд нүүрэндээ масктай, баруун гартаа сүх бариад надруу далайчихсан хүн зогсож байсан. Тухайн үед би хальт сэрээд тэр байдлыг хараад сандарсандаа ухас хийгээд юу болоод байнаа гээд нөгөө хүнийг тэвэрч аваад сүх барьсан гартай нь ноцолдож байгаад сүхийг нь алдуулсан. Нэг мэдсэн би тэр хүний зүүн гартаа барьсан байсан хутганы ирэн дээрээс нь барьчихсан. Нөгөө хүн миний дээр гарчихсан байсан. Энэ үед миний баруун хацар юманд зүсэгдсэн бололтой цус гараад эхэлсэн....Ингэж юм хайж байхад манай эхнэр айсандаа үнэ хүрчихээр зүйлүүд байгаа газруудаа зааж өгөөд өөрийнхөө зүүж байсан ээмэг бөгж миний хуруунд зүүлттэй байсан бөгжийг хүртэл авч өгч байсан. Тэгснээ манай эхнэрээс сэйф хаана байна гээд асуугаад байсан. Би сэйфний кодыг хийгээд онгойлгож доторхийг нь үзүүлсэн. Угаасаа сэйфэн дотор ямар ч мөнгө байгаагүй. Миний санаж байгаагаар бурхан тахил чинь хаана байна гэж асуугаад байсан....Тэгээд нэг их удалгүй нөгөө хоёр хүн явах гэж байгаа бололтой машины түлхүүр өгсөнөө май энэ машины түлхүүрээ ав бид нарыг явсанаас хойш 20 минутын дараа гараарай гар утаснуудыг чинь авчихсан ойрхон газар үлдээнэ, эндээс гараад шууд эмнэлэг яваарай гэж хэлээд байшингийн хаалгаар гараад явсан. Тэр хоёрыг явсаны дараа бид дөрөв шууд эмнэлэг орсон...Хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Унтаж байтал аав гэнэт хашгираад унахаар нь сэрсэн чинь аавын дээрээс нэг хүн дарчихсан байж байсан. Тэгэхээр нь би босоод хаалгаар гарсан чинь миний урдаас нэг хүн хамар луу цохисон. Өрөөний гэрэл асаагүй харанхуй байсан бөгөөд манай гэрт орж ирсэн хоёр хүн урдаас гэрэл тусгаад байсан. Их айж сандарсан байсан. Миний нуруу руу сүхний араар цохисон байсан. Тэр хүмүүсийг гараад явсаны дараа харсан чинь аавын чихнээс нь эрүү хүртэл нь зүсчихсэн цус гараад байсан...Бурханаа гаргаад ир, бүх мөнгөө гаргаад ир, сейфээ онгойлго гээд байсан. Манай сейфинд юуч байгаагүй байсан болохоор аавын нэг хөөрөг, нэг мөнгөн аяга, ээжийн ээмэг, аавын бөгж, 2 ширхэг Самсунг маркын гар утаснуудыг аваад дүүгийн маань нокиа маркын нэг гар утсыг аваад явсан байсан...Би их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Шөнө 01 цагийн үед байх сэрэхэд ээж айгаад байна гэхээр нь би зүүдлээд байгаа юм байх даа гэж бодоод байж байтал хар багтай өндөр хүн манай унтлагын орны хажуу талын түмбүүшкний шургуулгыг татаад сэйфний түлхүүр чинь хаана байна гээд хайгаад байсан. Тэгээд тэр хүн манай өрөөнөөс гараад явсан. Гарахдаа 20-30 минутын дараа эмнэлэг яваарай тэрнээс өмнө гарч ирвэл бүгдийг чинь ална шүү гэж хэлээд гараад явж байгаа нь сонсогдсон...Манайхаас аавын бөгж, ээжийн ээмэг, бөгж, ээж, ах болон миний утас байхгүй болсон. Мөн миний түрийвчтэй мөнгө алга болсон...Миний алдсан мөнгөтэй түрийвч нь цайвар ягаан өнгөтэй, цахилгаангүй, чандмань хэлбэртэй нэг товчтой байсан. Миний алдсан түрийвчин дотор цагаан сарын үеэр цуглуулсан 24.500 төгрөг байсан. Би өөрийн мөнгөө тоолоод хадгалж байсан болохоор сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74-р хуудас/,
Хохирогч Х.М..мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Би царайг нь хараагүй хоёулаа нүүрээ халхалсан битүү масктай байх шиг байсан. Тэр хоёрын нэг нь гартаа 2 хутгатай, нөгөөх нь гартаа нэг хутга нэг сүх барьчихсан байсан. Би тэр хоёрыг грашаас гараад ирэхээр нь хойшоо ухарч явж байгаад юманд бүдрээд уначихсан. Тэгсэн чинь тэр хоёр хүрч ирж намайг барьж аваад орилох юм бол чамайг шаачихна шүү гэсэн. Тэгэхээр нь би айгаад эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Тэгтэл нэг нь миний гарыг урд нийлүүлж байгаад скочидсон. Тэгээд намайг босгоод дагуулаад грашруу оруулаад граш дотор миний нүд хэсгийг скочоор скочдсон. Эхлээд нэг хоёр орооход бүдэг юм харагдаж байснаа гурав дахид нь юу ч харагдахаа байсан. Тэгээд намайг дагуулаад байшин руу оруулаад диван дээр суулгачихаад тэр хоёр байшин дотор юм хайгаад түчигнүүлээд яваад байсан... Манай хоёр найз намайг ирж суллахад цаг 01 өнгөрч байсан. Тэгэхээр би 2 цаг гаран суусан байсан. Би хүлээсээ тайлуулаад гарахад Баясаа ахын байшин доторхыг нь онгичсон байсан. Гарч ирээд хартал манай ах Х.Мын гэрийн хаалгыг эвдэж ороод доторхыг нь бас онгичсон байсан. Миний халаасанд байсан гар утас бэлэн 8000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-82-р хуудас/,
Хохирогч Х.М... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Би энэ өвөл Мөрөн суманд Баясгалан ахын хашаанд буюу Мөрөн сумын 13-36-01 тоотод өвөлжсөн. Өнгөрсөн 2 дугаар сарын эхээр манай хадам талын хүний бие муудаад Баянзүрх сумруу явцгаасан. Тэгтэл 2019 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө хойно хадмын гэрт унтаж байтал шөнө 02 цаг өнгөрч байхад манай дүү Х.Мтай хамт Баясгалан ахын гэрийг харж морьдыг нь тэжээж байгаа Батдэлгэр надруу утсаар залгаад айлд оччихоод иртэл Х.Мыг хүлээд Баясгалан ахын гэр танай гэрийг ухаад явчихсан байна гэхээр нь би яваад очтол цагдаа нар ирчихсэн байсан. Очоод үзтэл манай гэрийн хаалгыг эвдэж ороод гэр дотор байсан гуулин шармал ногоон дарь эх нэртэй бурхан, авдар дээр байсан 25 кг шуудайны тал дундуур борц алга болсон байсан...Бурханаа 1.500.000 төгрөгөөр, хонины 20 кг борцоо нэг килограммыг нь 28.000 төгрөгөөр, монгол гэрийн эвдэлсэн хаалгаа 100.000 төгрөгөөр үнэлнэ. Би хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-89-р хуудас/,
Хохирогч Ц.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Цагдан хоригдож байгаа яллагдагч Г.Гнь хяналтанд байх хугацаандаа надад Цагдан хорих байрны ажилтнаар дамжуулан өргөдөл ирүүлсэн юм. Өргөдөлдөө өөрт нь холбогдох хулгайн хэргийг зөвшөөрөхгүй байна. Хулгайн хэргээр яллах юм бол амьдралд чинь харамсуулах зүйл хийнэ. Хэрцгий балмад зүйл хийнэ санаж яваарай гэж заналхийлсэн зүйлүүдийг бичсэн байсан. Энэ өргөдлийг хүлээн авсны дараа цагдан хорих байранд өөрийн биеэр очиж уулзахад батлах даалтанд гаргаж өгөөч гэсэн. Миний хувьд Г.Гыг хэргийн нөхцөл байдлаас болж батлан даалтанд гаргана гэхээр урьд өмнө нь хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Мөн хэргийн хохирогч нарын амь насанд аюул учруулж болзошгүй учраас би гаргах боломжгүй гэж хэлсэн. Яллагдагч Г.Гмушгин гуйвуулж чи угаасаа шоронгоос гарахгүй гэж хэлсэн гэж хэлээд байгаа юм...Би хуулийн дагуу энэ хэргийг шийдүүлмээр байна...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 8-10-р хуудас/,
Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Г.Г, А.Бнар нь 7-10 хоногийн өмнө хотоос ирээд нэг хоноод явсан. Манайд А.Б2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирж хувцасаа угаагаад хот явж Гэрэлээ бид хоёр ажил хийх гэж байгаа гэж байсан. Тэгээд өчигдөр манай хүү Г.Горой 21 цагийн орчим гэрээсээ гараад өглөө намайг босоход ирсэн байсан... Орой 19 цагийн үед надруу залгаад А.Ббайна, Гэрэлээ юу болсон бэ? гэхээр нь би цагдаа нар ирээд аваад явсан, та хоёр юу хийгээд яасан юм бэ? гэж асуухад А.Ббид хоёр дээрэм хийгээд би хүн хутгалсан юмаа гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99-р хуудас/,
Гэрч Ш.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Алтанцэцэг эгчийн хүү Г.Гнь өглөөгүүр 11 цагийн орчим Улаанбаатар хотоос ирсэн. Тэгж ирэхдээ одоо хашаанд нь байгаа приус 10 маркийн машинаар найз А.Бгэх жижигхэн биетэй залуутай хоёулаа ирсэн. Тэрнээс хойш Г.Гхамт ирсэн залуутайгаа гэрээрээ байсан. Тэгж байж байгаад 2019 оны 02 дугаар сарын 27-ны орой хоолоо идчихээд хамт ирсэн залуутайгаа 20-21 цагийн орчим машингүй гарсан. Тэгж гараад тэр оройгоо ирээгүй, би тэр орой 23 цагийн үед бие засчихаад унтахад тэр хоёр ирээгүй машин нь хашаандаа байсан. Шөнө 02, 03 цагийн үед би сэрээд бие засахад Г.Гирчихсэн унтаж байсан ... Тэгээд хоноод өглөө босоод байж байтал цагдаа нар орж ирээд Г.Гыг аваад явсан ... Өчигдөр намайг 18 цагийн үед айлд толгойгоо бариулахаар явсан хойгуур Г.Гтой хамт ирсэн А.Бгэх залуу эгчтэй утсаар ярьсан гэсэн. Утсаар яриад юу болж байна. Би толгойруу нь хутгалчихсан, бид хоёр дээрэм хийсэн гэж ярьсан гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-104-р хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Х.М хоёр гэрээ сахиад гэрт үлдсэн. Тэгээд бид хоёр хоолоо идчихээд буцаад 01 цаг 30 минутын орчим яваад очтол Х.М байшин дотор буюу Баясгалан ахын гэр дотор буйдан дээр нүд хэсгийг нь скочоор ороосон, хоёр гараа урд хэсэгтээ хүлүүлсэн байдалтай сууж байсан. Тэгэхээр нь очоод тайлаад яав юу болов гэхэд гадаа мориныхоо өвсийг өгөх гээд гадагшаа гартал хашаан дотор хүн орж ирээд намайг барьж аваад хүлсэн. Тэр хүмүүс гартаа хутга барьсан байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-р хуудас/,
Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Шөнө 01 цаг өнгөрч байхад 13-р хороо руу Баясгалан ахынх руу очсон. Бид хоёрыг тэднийд ороход манай найз Х.М урд өрөөнийх нь буйдан дээр скочоор нүдээ даруулсан гараа скочоор урдаа хүлүүлсэн байдалтай буйдан дээр сууж байсан. Тэгэхээр нь юу болсон бэ? гэхэд Х.М хурдан хүлэг тайлаад өг гэсэн. Тэгэхээр нь нүдийг нь дарсан скочийг нь авч хүлгийг нь тайлсан. Манай найз Х.М сандарсан байдалтай байсан. Батдэлгэр энэ талаар утсаар цагдаад мэдэгдсэн. Баясгалан ахынхаас ямар нэг зүйл алга болсон талаар мэдэхгүй байна, өөрөө ирж л хэлэх байх. Хашаанд нь байсан гэртэй айл болох Чулуунаа гээд манай найз Х.Мын төрсөн ахынхаас ууттай борц, бурхан алга болсон гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112-р хуудас/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Ажил дээр ирэхэд 13 дугаар хороонд гэртээ хүмүүс унтаж байхад үл таних хоёр этгээд гаднаас нэвтэрч орж эд зүйл дээрэмдсэн гэдгийг мэдсэн. Ингээд хэрэг учрал болсон газарт явж очоод хэргийн газарт байх хоёр гутлын мөрийг хараад уг хоёр мөрийг хөөж шөнөжингөө явсан. Энэ хоёр гутлын мөр 13 дугаар хороогоор наашаа цаашаа явсан байсан бөгөөд шөнө яг хаашаа явсан нь мэдэгдэхгүй болчихоод байсан. Тэгж явсаар байгаад өглөө 13 дугаар хорооны 59-р гудамжны тэр хавиар хэргийн газарт байсан хойд өсгий хэсэгтээ бичигтэй юм шиг гутлын мөр байхыг дагаж явсаар Мөрөн сумын 13 дугаар хороо 27 дугаар гудамж 12 тоот хашааны гадаа ирсэн. Хашааны гадаа ирээд дээрх мөр нь хашаа руу орсон байхаар нь хашаан дээгүүр өнгийж харахад хашаан дотор наашаа цаашаа явсан болох нь харагдсан. Ингээд дэд даргад хэлээд бүрэлдэхүүн ирж хашаанд үзлэг хийж гэрт нь нэгжлэг хийсэн. Миний хөөж явсан мөр хэргийн газраас олдсон гуталны мөр яах аргагүй мөн байсан учир би хөөж явсаар Мөрөн сумын 13-27-12 тоот хашаа руу орсон болохыг тогтоож ажилласан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-р хуудас/,
Гэрч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…А.Бманайд ирээд нэг хоноод л цагдаад баригдсан. А.Бнадруу утсаар яриад би жаахан архи уучихсан байна. Танайд хоноё гэхээр нь би чамайг гэрлүүгээ оруулахгүй шүү гээд өмнө амьдарч байсан амбаар луу нь оруулсан. А.Бтанайд нэг хоночихоод л урагшаа эхнэр хүүхэд рүүгээ явна гэхээр нь би оруулсан юм. А.Бийг ирэхээр нь би хоол оруулж өгсөн. Халуун савтай цай оруулж өгсөн. Тэгээд амбаарт хоночихоод маргааш нь цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/,
Гэрч М.О-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө манай нөхрийн дүү Х.Мыг гэртээ байхад нь хоёр танихгүй хүн орж ирээд барьж хүлээд манай гэрийн хаалгыг эвдэж ороод эд зүйл хулгайлж явсан хэрэг гарсан байсан. Манай гэрээс хойморийн авдар дээр гүнгэрэг дотор байсан жижигхэн ногоон дарь эх нэртэй мөрний бурхан, шуудайтай хонины борц зэрэг зүйлүүд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-р хуудас/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Х.М гэдэг залууг ганцаараа байхад нь хоёр хүн орж ирж скочоор хүлж эд зүйлийг нь авсан байсан. Тэр хоёр хүн манай байшин доторхийг онгичиж үзсэн байсан. Манай байшингаас ямар нэг эд зүйл алдагдаагүй. Би эд зүйлүүдээ бүртгэж үзсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-р хуудас/,
Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Цагдан хоригдож байгаа яллагдагч Г.Гнь надаар дамжуулан хяналтын прокурор Ц.Мөнхжаргалд өргөдөл бичсэн юм. Өргөдөлдөө яллагдагч Г.Гнь Мөнхжаргал прокурорт хандсан таны амьдралд харамсуулах зүйл хийж чадна гэсэн утгатай юм бичсэн байсан. Миний мэдэх зүйл гэвэл энэ л байна. Өргөдлийг нь би нэг бүрчлэн уншаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 11-12-р хуудас/,
Шүүгдэгч Г.Гын Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргалд гаргасан хүсэлт /3-р хх-ийн 5-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 71-72, 74-75 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар дүгнэлт: “...2019 оны 2-р сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот буюу хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд тэнцсэн гутлын улны мөрүүд нь 2 өөр төрлийн гутлын улны мөр байна. 1-р гутал нь нийт урт 28 см, өлмийн өргөн 11 см, өсгийн өргөн 8,5 см байх бөгөөд 39-40 размерын гутал байна. Зураг №2 2-р гутал нь улны нийт урт нь 30 см , өлмийн өргөн 10 см, өсгийн өргөн 8 см байх бөгөөд 40-41 размерийн гутал байна.....2019 оны 2-р сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод хийсэн үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гутлын улны мөрнүүдээс Мөрөн сумын ... тоотод хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг № 15, 16, 28, 29, 30, 34, 38, 39, 43 гэх хэсгүүдэд байх гутлын улны мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ...Мөрөн сумын 13-03-07 тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр, тус сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөртэй 2 төрлийн гутлын улны мөрөөр тохирч байна. Зураг №8, 10, 11, 12, 13, 15, 16, 17....Мөрөн сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр, тус сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөртэй 2 төрлийн гутлын улны
мөрөөр хээний онцлог, элэгдэлт, хэмжээ, хээний гүн, зэрэг ерөнхий болон
хувийн онцлог шинжээрээ тохирч байна... Мөрөн сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр, тус сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр, Мөрөн сумын ... тоотоос бэхжүүлэн авсан гутлын улны мөрүүд нь 2 төрлийн гутлын улны мөрөөр хоорондоо тохирч байна...Мөрөн сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр, тус сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр, Мөрөн сумын ... тоотоос бэхжүүлэн авсан гутлын улны мөрүүд нь 2 төрлийн гутлын улны мөрөөр хээний онцлог, элэгдэлт, хэмжээ, хээний гүн, зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирч байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 136-139-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай дүгнэлт: “... 2019 оны 2-р сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот буюу хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ....Шинжилгээнд тэнцсэн гутлын улны мөрүүд нь 2 өөр төрлийн гутлын улны мөр байна. 1-р гутал нь нийт урт 28 см, өлмийн өргөн 11см, өсгийн өргөн 8,5 см байх бөгөөд 39-40 размерын гутал байна. Зураг №2 2-р гутал нь улны нийт урт нь 30 см , өлмийн өргөн 10 см, өсгийн өргөн 8 см байх бөгөөд 40-41 размерийн гутал байна....2019 оны 2-р сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод хийсэн үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гутлын улны мөрнүүдээс Мөрөн сумын ... тоотод хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг № 15, 16, 28, 29, 30, 34, 38, 39, 43 гэх хэсгүүдэд байх гутлын улны мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.... Мөрөн сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр, тус сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөртэй 2 төрлийн гутлын улны мөреөр тохирч байна. Зураг №8, 10, 11, 12, 13, 15, 16, 17...Мөрөн сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр, тус сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөртэй 2 төрлийн гутлын улны мөрөөр хээний онцлог, элэгдэлт, хэмжээ, хээний гүн, зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирч байна....Мөрөн сумын ...тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр, тус сумын ...тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр, Мөрөн сумын ... тоотоос бэхжүүлэн авсан гутлын улны мөрүүд нь 2 төрлийн гутлын улны мөрөөр хоорондоо тохирч байна...Мөрөн сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр, тус сумын ... тоотоос илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр, Мөрөн сумын ... тоотоос бэхжүүлэн авсан гутлын улны мөрүүд нь 2 төрлийн гутлын улны мөрөөр хээний онцлог, элэгдэлт, хэмжээ, хээний гүн, зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирч байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 147-150-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 118 дугаартай дүгнэлт: “.... Ц.Бийн биед баруун хацар, эрүү, баруун сарвуунд шарх, хүзүү болон цээж, зүүн өсгийнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо..... Ц.Бийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /1-р хх-ийн 153-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Гантуяагийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1470 дугаар дүгнэлт:
1. Ногоон өнгийн куртик, АN3219934 дугаартай 5000-тийн дэвсгэрт, АN3219975
дугаартай 5000-тийн дэвсгэрт, АМ9543360 дугаартай 5000-тийн дэвсгэрт,
АТ6230805 дугаартай 1000-тийн дэвсгэрт, РS7649415 дугаартай 100-тийн
дэвсгэрт, АQ4726225 дугаартай 100-тийн дэвсгэрт дээрх улаан хүрэн өнгийн
толбонд цус илэрсэн.
2. Ногоон өнгийн куртик дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Ц.Бийн
цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
3. АN3219934 дугаартай 5000-тийн дэвсгэрт, АN3219975 дугаартай 5000-тийн
дэвсгэрт, АМ9543360 дугаартай 5000-тийн дэвсгэрт, АТ6230805 дугаартай 1000-
тийн дэвсгэрт, РS7649415 дугаартай 100-тийн дэвсгэрт, АQ4726225 дугаартай
100-тийн дэвсгэрт дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус
байна. Уг илэрсэн цус нь Ц.Б, Б.Б нарын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 163-164-р хуудас/,
Шүүгдэгч А.Бийн хувийн байдлыг тогтоосон Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 215-224-р хуудас/,
Шүүгдэгч Г.Гын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 226-236-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938001990082 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г, А.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г, А.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь шүүгдэгч Г.Г, А.Бнарын бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Х.Мгэрт нэвтрэн орж Ногоон дарь эх нэртэй бурхан, борц зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан шинжийг агуулаагүй байна. Харин шүүгдэгч Г.Г, А.Бнар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө иргэн Х.Мыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод иргэн Г.Б.йн гэрт байхад нь хутга, сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн гар утас, бэлэн 8.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдэх явцдаа мөн тоот хашаанд оршин сууж байсан иргэн Х.Мгэрийн хаалгыг эвдэж эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн авсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулж байх ба хэргийн зүйлчлэлийн хувьд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт хамаарч байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч Г.Г, А.Бнар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө иргэн Х.Мыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод иргэн Г.Б.н гэрт байхад нь хутга, сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн гар утас, бэлэн 8.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдэж 118.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн Х.Мгэрт нэвтрэн орж Ногоон дарь эх нэртэй бурхан, борц зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Ц.Бийн гэрт нэвтрэн орж Ц.Б, М.А, Б.Б, Б.Бнарт хутга, сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэж хохирогч Ц.Бөд 1.350.000 төгрөгийн, хохирогч М.Ад 2.920.000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Б.Бд 35.000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Б.Б.д 69.500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Бнь иргэн Ц.Бөд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэх үедээ Ц.Бийн баруун хацрыг нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Гнь эрүүгийн 1938001990082 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хоригдож байхдаа 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уг хэрэгт хяналт тавьж байсан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргалд хүсэлт гаргахдаа хүч хэрэглэхээр заналхийлж прокурорт хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Б, Г.Гнарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ц.Б, М.А нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Б.Б/1-р хх-ийн 69-70-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Б/1-р хх-ийн 73-74-р хуудас/, хохирогч Х.М.. /1-р хх-ийн 79-82-р хуудас/, хохирогч Х.М.. /1-р хх-ийн 85-89-р хуудас/, хохирогч Ц.М/3-р хх-ийн 8-10-р хуудас/, гэрч Ш.А-йн /1-р хх-ийн 98-99-р хуудас/, гэрч Ш.Ж-йн /1-р хх-ийн 102-104-р хуудас/, гэрч Б.Б-йн /1-р хх-ийн 109-р хуудас/, гэрч Б.Г-йн /1-р хх-ийн 111-112-р хуудас/, гэрч Б.Э-н /1-р хх-ийн 116-р хуудас/, гэрч Н.Т-йн /1-р хх-ийн 118-р хуудас/, гэрч М.О-ий /1-р хх-ийн 120-р хуудас/, гэрч Г.Б-йн /1-р хх-ийн 122-р хуудас/, гэрч А.С-н /3-р хх-ийн 11-12-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч Г.Гын Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргалд гаргасан хүсэлт /3-р хх-ийн 5-р хуудас/,
Эд зүйл үнэлсэн тайлан /2-р хх-ийн 71-72, 74-75-р хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 136-139-р хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 147-150-р хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 118 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 153-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Гантуяагийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1470 дугаар дүгнэлт /1-р хх-ийн 163-164-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-26-р хуудас/,
Шүүгдэгч А.Бийн орогнож байсан гэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод байрлах амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-29-р хуудас/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 30-35-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 38-41 дүгээр хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 42-45 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 52-54-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорт хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Дээрэмдэх гэмт хэргийг шүүгдэгч А.Б, Г.Гнар нь бүлэглэн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч А.Бнь ганцаараа үйлдсэн, прокурорт хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг шүүгдэгч Г.Гнь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, зориуд үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч А.Б, Г.Гнар нь хохирогч Ц.Бийн өмчлөлийн эд зүйлийг дээрэмдэж 1.350.000 төгрөгний хохирол учруулснаас 1.070.000 төгрөний эд зүйлсийг буцаан өгсөн. 280.000 төгрөгний хохирол нь нөхөн төлөгдөөгүй, хохирогч М.Агийн өмчлөлийн эд зүйлийг дээрэмдэж 2.920.000 төгрөгний хохирол учруулснаас 620.000 төгрөгний эд зүйлсийг буцаан өгсөн. 2.300.000 төгрөгний хохирол нь нөхөн төлөгдөөгүй, насанд хүрээгүй хохирогч Б.Бөмчлөлийн эд зүйлийг дээрэмдэж 35.000 төгрөгний хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Бөмчлөлийн эд зүйлийг дээрэмдэж 69.500 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлөгдөөгүй, хохирогч Х.М. эд зүйлийг дээрэмдэж 118.000 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлөөгүй, хохирогч Х.М. эд зүйлийг дээрэмдэж 1.200.000 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлөөгүй байна. Шүүгдэгч Б.А.Бнь хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Ц.Мөнхжаргал нь хохирол нэхэмжлээгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч А.Б, Г.Гнараас хохирогч нарт учирсан хохирлыг тавь тавин хувиар тооцож гаргуулах зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Бээс 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бөд, 1.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ад, 17.500 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Бд, 34.750 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Б-д, 59.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Мт, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Мт, шүүгдэгч Г.Гооос 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бөд, 1.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ад, 17.500 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Бд, 34.750 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Б-д, 59.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Мт, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.М нарт тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорт хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Бнь урьд 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 239 дугаар зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 11 сар 8 хоногийн хорих ялаар, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 352 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 217, 219-224 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Гнь урьд 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 229-236 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, тэдгээрийн хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулах ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938001990082 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 26 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 22 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, духны гэрэл 2 ширхэг, скочны тасархай, хөр өнгийн малгай 1 ширхэг, хутга 3 ширхэг, заазуур 1 ширхэг, сүх 1 ширхэг, ногоон өнгийн куртик 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938001990082 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Бийн цагдан хоригдсон 232 хоногийг, шүүгдэгч Г.Гын цагдан хоригдсон 236 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх
хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г, А.Бнарт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорт хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг журамлан шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Год оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн цагдан хоригдсон 232 /хоёр зуун гучин хоёр/ хоногийг, шүүгдэгч Г.Гын цагдан хоригдсон 236 /хоёр зуун гучин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Бээс 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бөд, 1.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ад, 17.500 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Бд, 34.750 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Б-д, 59.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Мт ., 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Мт /., шүүгдэгч Г.Гоос 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бөд, 1.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ад, 17.500 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Бд, 34.750 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Б.д, 59.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Мт , 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.М нарт тус тус олгосугай.
8. Эрүүгийн 1938001990082 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 26 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 22 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, духны гэрэл 2 ширхэг, скочны тасархай, хөр өнгийн малгай 1 ширхэг, хутга 3 ширхэг, заазуур 1 ширхэг, сүх 1 ширхэг, ногоон өнгийн куртик 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
9. Эрүүгийн 1938001990082 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Г.Гнарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС
Ж.ДЭЛГЭРМӨРӨН