Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/00845

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/02281 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Төрд учруулсан хохиролд 3,118,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар тус газрын Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн *******ийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

1.2. ******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0634 дугаар шийдвэр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0724 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 501 дугаар тогтоолоор *******ын Тамгын газрын даргын 2017 оны Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ийг тус газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

1.3. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу *******ын Тамгын газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3,118,320 төгрөгийг ******* ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна.

1.4. *******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 3,118,320 төгрөгийг буруутай албан тушаалтан *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Шүүхийн шийдвэрийн дагуу *******д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг *******ын Тамгын газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/18 тоот тушаалын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гүйлгээгээр шилжүүлж олгосон байна. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шаардах эрхийг олж авсан тул түүнээс өмнөх цаг хугацааны асуудлыг хууль буцаан хэрэглэх замаар шаардах эрхгүй.

2.2. 2002 оны Төрийн албаны тухай хуулиар *******д ийнхүү төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдоогүй, мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан тус байгууллагын эрх хэмжээ, 39 дүгээр зүйлд заасан маргаан шийдвэрлэх зохицуулалтад ийм эрх тусгагдаагүй. Харин ажил олгогч байгууллага буюу *******ын Тамгын газрын хувьд *******оос шаардах эрхтэй боловч өнөөг хүртэлх хугацаанд хохирол шаардаагүй, шаардаж байгаагүй болно.

2.3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан. Шүүхийн шийдвэрийн дагуу *******д олговрыг *******ын Тамгын газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/18 тоот тушаалын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр олгожээ. Хариуцагчаас хохирол шаардах эрх ийнхүү мөнгийг олгосон цаг үеэс эхлэн тоологдож эхлэх тул *******оос шаардах таван жилийн хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон. Харин нэхэмжлэгч *******өөс тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь татгалзах эрхтэй байна.

2.4. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.7, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу төрийн албан хаагчийн бусдад учруулсан хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заахдаа ажилтнаас буцаан шаардах /регресс/ эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хууль тогтоогч тухайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ.

2.5. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 тоот захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай *******ын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаартай захирамж батлагдан гарсан. Энэхүү шинэчлэн батлагдсан Засаг даргын Тамгын газрын бүтцээр Захиргаа, хуулийн хэлтсийн Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтний орон тоо хасагдсан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тул *******ын Тамгын газрын Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн *******ийг *******ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хариуцагч ******* нь *******ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах үедээ *******ийг ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр төрд хохирол учруулах санаа зорилго анхнаасаа агуулаагүй. Харин *******ын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаж, орон тоо хасагдсаны дагуу түүнийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг батлагдсан жагсаалтад нийцүүлэн томилох, чөлөөлөх ажиллагааг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, 2002 оны Төрийн албаны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасны дагуу харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргийн хүрээнд төрийн захиргааны албан хаагчийн хувиар зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн. Хэдийгээр шүүхээс 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан үед орон тоо цөөрсөн бол ... ажилтнуудаас мэргэжлийн түвшин ур чадвар, ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангасан ажилтныг сонгон шалгаруулж авах заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч *******ийг албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргахдаа *******ын зүгээс бусдад санаатай үйлдлээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах хүсэл зорилго байгаагүй.

2.6. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж тус тус заасан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийг үндэслэн *******ын 2016 оны А/486 дугаар захирамжаар Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталсны үндсэн дээр мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч ******* Захиргаа хуулийн хэлтсийн өргөдөл, гомдол мэдээллийн төвийн мэргэжилтнээр *******ын 2013 оны А/10 дугаар захирамж батлагдсанаар ажиллаж эхэлсэн байдаг.

Шинэчлэн батлагдсан *******ын Тамгын газрын хувьд өргөдөл гомдол мэдээллийн төв гэсэн бүтэц нь хасагдсан. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс дотор иргэдийн өргөдөл, гомдол, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэсэн дуудлагаар шинэчлэгдэн батлагдсан учраас өргөдөл гомдол мэдээллийн төвийн мэргэжилтний албан тушаалаас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн. Мөн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бүтэц орон тоо өөрчлөгдөж орон тоо хасагдсан учраас *******ийг ажлаас чөлөөлөхдөө 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 0634 дугаар шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт дүгнэсэн.

2.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 0634 дугаар шийдвэр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0724 дугаар магадлал, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 501 дугаар тогтоолоор *******д 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,118,320 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч уг шийдвэрүүдийг үндэслэж хохирлын хэмжээгээ тооцжээ.

Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг төсөөтэй хэрэглэх талаар тус шүүхэд нэхэмжлэгч *******өөс *******д холбогдуулан 8 тусдаа нэхэмжлэлээр нийт 118,062,560 төгрөгийг шаардаад байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй байхаар заасан.

Хэдийгээр *******ын тухайд төрийн үйлчилгээний ажилтан биш хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар ажилтнаас хохирлыг буцаан шаардаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар хохирлын хэмжээг тооцох боломжтой гэж үзэж байна.

2.8. Эцэст дүгнэхэд Төрийн албан хаагчийн дотогш чиглэсэн шийдвэрийн улмаас иргэнд олгох нөхөн олговор бүрийг төр тухайн шийдвэрийг гаргасан албан хаагчаас буцаан нэхэмжилж байгаа нь төр хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж буй хэлбэр болно. Мөн аливаа иргэн төрийн албан хаагч байхдаа гаргасан бүх шийдвэрийн хариуцлагыг тухайн шийдвэрийг гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлд эргээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдал-ын зарчим, төр болон ажил олгогч ажилтан, албан хаагчид хяналт тавих байдлаар хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх стандарт тогтоох талаарх Төрийн албаны тухай хуулийн суурь зорилго, зарчимтай нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 3,118,320 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* нь *******ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар тус газрын Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн *******ийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.

4.2. Иргэн ******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0634 дугаар шийдвэр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0724 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 501 дугаар тогтоолоор *******ын Тамгын газрын даргын 2017 оны Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ийг тус газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

4.3. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу *******ын Тамгын газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3,118,320 төгрөгийг ******* ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон. Иргэн *******д шүүхийн шийдвэрээр 3,118,320 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нөхөн олгосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог бөгөөд *******ийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлөх шийдвэр гаргасан этгээд нь *******ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* юм.

4.4. Анхан шатны шүүх *******ыг шууд санаатай, илтэд болгоомжгүйгээр төрд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл буюу гэм буруу хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Учир нь *******ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн болон Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалыг хашиж байсан хоёр албан хаагчдыг холбогдох дүрэм журмын дагуу хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулалт явуулж, Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үүрэгтэй байсан. Дээрх дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаагүй байж *******ийг төрийн албанаас чөлөөлөх тухай 2017 оны Б/113 дугаар тушаалыг гаргасан. Хариуцагч *******ын гаргасан тушаалын эрх зүйн үр дагаврын улмаас төрд хохирол учирсан бөгөөд гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж үзэхээр байна. Түүнчлэн, ******* нь өөрийн гаргасан тушаалын эрх зүйн үр дагаврыг бүрэн хариуцах үүрэгтэй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу гэм хор учруулагч учирсан гэм хорын хооронд үр дагавар, шалтгаант холбоо тогтоогдож байх тул төрд учруулсан гэм хорыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй.

4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч ******* нь *******ын Тамгын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах үедээ *******ийг ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр чөлөөлөөгүй. Тэрээр тухайн газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсаны дагуу түүнийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад батлагдсан жагсаалтад нийцүүлэн томилох, чөлөөлөх ажлыг хийсэн.

5.2. *******ыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан зүйл заалтыг зөрчсөн гэж үзсэн хэдий ч тэрээр *******ийг албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргахдаа тэрээр санаатай, илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах хүсэл зорилго агуулаагүй. Иймд гэм буруугийн хэлбэргүй гэж үзэж байна.

5.3. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна гэж заасан. ******* нь шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б/18 тоот тушаалын дагуу 3,118,320 төгрөгийг орлого олгосон байдаг. Энэ хугацаанаас эхэлж шаардах эрхийн 5 жилийн хугацааг тооцвол 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Төрийн албаны зөвлөл нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

5.4. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж заасан бөгөөд тус хугацааг хамаарахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан зүйл, заалтыг үндэслэсэн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг өөрчилж шийдлийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч *******д холбогдуулан төрд учруулсан хохиролд 3,118,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. ******* нь *******ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаартай тушаалаар *******ийг Өргөдөл гомдол мэдээллийн төвийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн;

3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0634 дугаартай шийдвэрээр *******ын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаартай тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, *******ийг *******ын Тамгын газрын даргын*******ын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговор болох 3,118,320 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн;

3.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0724 дугаартай магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0634 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... *******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/113 тоот тушаалын ... гэснээс дугаар гэснийг хасаж, ... *******ийг *******ын Тамгын газрын даргын*******ын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэснийг ... Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн болон Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн нараас шалгаруулж *******ын Тамгын газрын даргын*******ын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн;

3.4. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 501 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0724 дугаартай магадлалыг хэвээр үлдээсэн;

3.5. *******ын Тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/18 дугаартай Олговор олгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх тухай тушаалаар *******д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,118,320 төгрөг олгохоор шийдвэрлэж, тус газраас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3,118,320 төгрөгийг олгож, 1,396,638 төгрөгийг даатгалын төсөвт төвлөрүүлсэн;

 

4. Зохигч дээр дурдсан үйл баримтын талаар маргаангүй боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй эсэх, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас төрд хохирол учирсан эсэх, хохирлыг арилгуулахаар шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.

 

5. 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Зөвлөл нь төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Уг зохицуулалт агуулгын хувьд 2017 онд шинэчлэн найруулсан хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь заалтад тусгалаа олсон тул нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх цаг хугацааны төрд учирсан хохирлыг шаардах эрхгүй, 2002 оны Төрийн албаны тухай хуулиар *******д эрх олгогдоогүй байсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

5.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж заасан.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалт нь уг гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг олгосон тусгайлсан хэм хэмжээ бөгөөд үүрэг бүхий этгээд гагцхүү гэм буруугийн санаатай болон илтэд болгоомжгүй хэлбэрээр хохирол учруулсан тохиолдолд хариуцлага хүлээнэ.

5.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0724 дугаартай магадлалд ... Төрийн хоёр өөр албан тушаалын чиг үүрэг нэгтгэгдсэн байхад уг албан тушаалд тухайн 2 албан тушаалтнаас сонгон шалгаруулж томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэснээс үзвэл хариуцагч *******ын гэм буруутай нь тогтоогдсон, хариуцагч *******ын илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас төрд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

5.3.Анхан шатны шүүх ... шүүхийн шийдвэрээр хариуцагч *******ыг өргөдөл гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн болон Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалыг хашиж байсан хоёр албан хаагчдыг хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулалт явуулах дүрэм журмыг хэрэгжүүлээгүй ажаас чөлөөлсөн гэж дүгнэснийг гэм буруутай үйлдэл гаргасан гэж үзэхгүй, ... хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******ыг шууд санаатай, илтэд болгоомжгүйгээр төрд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл буюу гэм буруу хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй ... гэсэн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч *******ын гэм буруутай холбоотой дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан агуулгаар өөрчилнө.

Ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлдэг эрх бүхий этгээдийн хувьд хариуцагч ******* нь тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж бүтцийн өөрчлөлтийн үед ажилтнуудыг сонгон шалгаруулах замаар томилох журамтайг мэдсэн, мэдэх ёстой байсан гэж үзэх тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан гэм буруугийн илтэд болгоомжгүй хэлбэрийг хангасан, уг хуулийн урьдач нөхцөл хангагдсан гэж үзнэ.

 

6. Зохигчид гэм хорын хохирол шаардсан шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэнэ.

6.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан ...шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан хугацаа нь эрх бүхий этгээд эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болох үеэс эхлэн тодорхойлогдоно.

6.2. *******ын Тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/18 дугаартай Олговор олгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх тухай тушаалаар *******д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,118,320 төгрөг олгохоор шийдвэрлэж, тус газраас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3,118,320 төгрөгийг олгосноор буюу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр уг мөнгийг төлснөөр гэм хорыг арилгасан гэж үзэх ба энэ үеэс албан тушаалтны гаргасан шийдвэрийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгасан этгээд буюу төр өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрх үүсч, хөөн хэлэлцэх хугацааг тооцно.

6.3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан журмын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолоход *******оос төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа зогсох, эсхүл тасалдах үндэслэл байсан эсэх талаар буюу хариуцагчийн татгалзлыг үгүйсгэсэн баримт гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хариуцагч *******ыг шууд санаатай, илтэд болгоомжгүйгээр төрд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, гэм буруу болон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх үндэслэл заасан нь үндэслэлтэй байх боловч хариуцагч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргасан, хариуцагчийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой татгалзал дээрх байдлаар үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай давж заалдах гомдлыг хангах шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/02281 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР