| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/36393/И |
| Дугаар | 210/МА2026/00846 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00846
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2026/05322 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
9,750,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2024 оны 10, 11, 12 дугаар саруудад 168 цагаас дээш илүү цагаар ажилласан, 112 цагаас 168 цагийн хооронд ажилласан 56 цагийг илүү цагаар ажилласанд тооцох ёстой гэсэн үндэслэлээр 2024 оны 10 дугаар сарын 1 цагийн хөлсийг 45,230 төгрөгөөр, 11 дүгээр сарын 1 цагийн хөлсийг 35,262 төгрөгөөр, 12 дугаар сарын 1 цагийн хөлсийг 34,164 төгрөгөөр тус тус тооцож илүү цагийн хөлс 9,750,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгч 168 цагаас давсан цагийн илүү цагийн хөлсийг авсан, 168 цаг доторх 56 цагийн илүү цагийн хөлсийг нэхэмжилж байна гэснийг зөвшөөрөх боломжгүй, 2024 оны 10, 11, 12 дугаар саруудын илүү цагийн хөлсийг нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, *******ыг хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд сарын үндсэн цалин 867 ам.доллароор, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, ажил олгогчийн дотоод бодлого журмын дагуу тооцож олгохоор харилцан тохиролцсон;
3.2. ******* нь бусад 24 ажилтны хамтаар итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оор төлөөлүүлэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр илүү цагийн хөлстэй холбоотой гомдлыг ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасныг тус комиссын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай тэмдэглэлээр талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон;
3.3. ******* нь бусад 24 ажилтны хамтаар итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оор төлөөлүүлэн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасныг тус хорооны 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 133 дугаартай тэмдэглэлээр 2 тал харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон;
3.4. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШЗ2025/44945 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар ******* нарын 23 иргэний нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох нэхэмжлэгч тус бүрийн илүү цагийн цалин хөлс гаргуулах агуулгатай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан;
3.5. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/54420 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар ******* нарын 23 иргэний нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох нэхэмжлэгч тус бүрийн илүү цагийн цалин хөлс гаргуулах агуулгатай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан;
3.6. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/65460 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар *******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 9,750,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан;
3.7. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/74709 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар *******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 9,750,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн аваад иргэний хэрэг үүсгэсэн;
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохигчдын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд холбогдох ажлын цаг, нэмэгдэл хөлстэй холбоотой хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан уртын ээлжээр ажиллах горимоор ажилладаг байна.
5.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 10, 11, 12 дугаар саруудад 168 цагаас дээш илүү цагаар ажилласан бөгөөд 112 цагаас 168 цаг хүртэлх хугацааны буюу 56 цагийн ажлын цагт илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс авах ёстой гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ******* ХХК-ийн Цалин хөлсний журмын 14.1.2.а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно гэж, мөн Ажлын цагийн тухай журмын 9.2.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж тус тус заасан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, мөн зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тус тус заасан. Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж, 14 хоног ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа учраас 14 хоног амраах горим нь уртын ээлжийн өвөрмөц шинж байх ба харин нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт зааснаар найман цагаас илүүгүй байна.
5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болох бөгөөд хуулиар тогтоосон энэхүү хугацааг баримтлан уртын ээлжээр ажиллуулах тухай хуулийн тусгайлсан зохицуулалт болох 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт заасан уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж хуульчилжээ.
5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна гэж, мөн зүйлийн 84.2 дахь хэсэгт Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэж, мөн зүйлийн 84.4 дэх хэсэгт Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэж ердийн ажлын цаг болон ажлын цагийн дээд хязгаарыг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно гэж ээлжийн ажлын цагийг тусгайлан заасан байна.
5.5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл ердийн ажил, уртын ээлжээр ажиллах аль аль тохиолдолд нэг өдөрт ажиллах цаг 8 цаг байна, илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэж хуульчилсан нь ердийн эсхүл нэг ээлжийн ажлын цаг 8 цаг байхыг агуулгын хувьд давхар баталгаажуулж, илүү цагийн дээд хэмжээг 4 цагаас хэтрэхгүй болохыг тогтоосон гэж үзнэ.
5.6. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 дугаар тушаалаар баталсан ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ийн 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэжээ. (хх 109-114 хуудас)
Журмын 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцох зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан уртын ээлжээр ажиллах ажилтныг нэг ээлжид 14 хоног ажиллуулах, 14 хоног амраах, илүү цагаар ажиллуулах бол Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт заасны дагуу өдөрт 4 цагаас илүүгүй илүү цагаар ажиллуулах, мөн хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох тухай хуулийн зохицуулалтад тус тус нийцээгүй, хариуцагчийн энэ талаар гаргасан татгалзал үндэслэлгүй байна.
6. Анхан шатны шүүх уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагийн 4 цагт нь илүү цагийн нэмэгдэл хөлс олгох хуулийн зохицуулалттай талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч ******* ХХК-аас 2024 оны 10, 11, 12 дугаар сарын олгогдоогүй илүү цагийн цалин хөлсөнд нийт 3,211,528 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь 2024 оны 10, 11, 12 дугаар сард тус бүр 56 цаг илүү ажилласан, уг хугацаанд ногдох илүү цагийн хөлсийг ажил олгогч хуульд заасан хувь хэмжээгээр буюу 1.5 дахин биш харин 1 дахин нэмэгдүүлж олгосон гэж дүгнэн, зөрүү 0.5 хувиар тооцон 2024 оны 10 дугаар сарын дутуу олгогдсон илүү цагийн хөлсөнд 1,267,200 төгрөгийг, 11 дүгээр сарын дутуу олгогдсон илүү цагийн хөлсөнд 987,336 төгрөгийг, 12 дугаар сарын дутуу олгогдсон илүү цагийн хөлсөнд 956,592 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, уг шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.
Хариуцагч тал нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус, хэдэн оны хэдэн сарын цалин хөлснөөс тооцох нэмэгдэл хөлс шаардаж байгаа нь тодорхой бус байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2024 оны 10, 11, 12 дугаар сард тус бүр 56 цаг илүү ажилласан, уг хугацаанд ногдох илүү цагийн хөлсийг ажил олгогчоос 1 дахин нэмэгдүүлж олгосон гэж дүгнэн илүү цагийн хөлсийг 0.5 хувиар тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс давж заалдах шатны шүүхээс илүү цагийн хөлсийг 0.5 хувиар тооцсон хэсэгт дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус буюу нэхэмжлэгчийн шаардаж буй 9,750,400 төгрөгийн шаардлага нь хэдэн оны хэдэн сарын цалин хөлснөөс тооцох нэмэгдэл хөлс болох нь тодорхой бус байхад зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсний дагуу 2024 оны 10, 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлсийг олгохоор шийдвэрлэсэн гэх үндэслэлийг давж заалдах гомдолд заасан.
8.1. Нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан гомдол гаргах үед 2024 оны 10, 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлс шаардаж байсан болох нь маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлийн хэлэлцсэн асуудал хэсэгт тодорхой тусгагдсан, мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлд энэ талаар тодорхой тусгаагүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа тодруулж тайлбарласан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээж авахгүй.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн гэх үндэслэлийг давж заалдах гомдолд заасан байна.
9.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар маргалдагч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах, мөн зүйлийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах, мөн зүйлийн 154.8-д зааснаар сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалттай.
9.2. Хариуцагч байгууллага нь өмнөх сарын цалин хөлсийг дараа сарын 10-ны өдөр олгодог гэх тул тухайн цаг хугацаанаас нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзэх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг тоолж үзэхэд 2024 оны 10 дугаар сарын илүү цагийн хөлстэй холбоотой гомдол гаргах хугацаа 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын илүү цагийн хөлстэй холбоотой гомдол гаргах хугацаа 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын илүү цагийн хөлстэй холбоотой гомдол гаргах хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус тус дуусахаар байна.
9.3. Нэхэмжлэгч нь бусад 24 ажилтны хамтаар итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оор төлөөлүүлэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2024 оны 10, 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлстэй холбоотой гомдлыг ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасныг тус комиссын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай тэмдэглэлээр талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон, улмаар 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасныг тус хорооны 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 133 дугаартай тэмдэглэлээр 2 тал харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон, улмаар 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШЗ2025/44945 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар хүлээн авахаас татгалзсан, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/54420 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар хүлээн авахаас татгалзсан, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/65460 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар хүлээн авахаас татгалзсан, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/74709 захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
9.4. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 10, 11 дүгээр сарын илүү цагийн хөлстэй холбоотой гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан байдал тогтоогдож байх ба хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
9.5. Нэхэмжлэгч 2024 оны 10, 11 дүгээр сарын илүү цагийн хөлстэй холбоотой гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж гаргасан байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан 2024 оны 10, 11 дүгээр сарын илүү цагийн хөлс гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхийн тооцоолж гаргасан 2024 оны 12 дугаар сарын илүү цагийн хөлс буюу 956,592 төгрөгийн хэмжээнд хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 8,793,808 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2026/05322 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 3,211,528 ... гэснийг ... 956,592 ... гэж, ... 6,538,872 ... гэснийг ...8,793,808... гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг ... 56.2 ... гэж тус тус өөрчилж, ... нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж ... гэсний араас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,956 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож ... гэж нэмж, ... 66,334 ... гэснийг ... 27,508 ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,335 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Б.УУГАНБАЯР