Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 688

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 8 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЛ85031478, Борогчууд овогт Даваажавын Энхбаатар,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 8 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЛ84103165, Борлууд овогт Жигдэнгомбын Дариймаа нарт холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг бусад зардал 3.793.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Даваажав овогтой Энхбаатар нь тус банкнаас 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1250015107 тоот зээлийн гэрээг байгуулан 6.264.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 21.8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай буюу 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлөхдөө 2015 оны 12 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардсан, мөн шаардах хуудас өгсөн боловч зээлдэгч нь “Хашаа байшингаа зарж зээлээ төлнө” гэсэн тайлбар хэлж санаатайгаар бизнесийн орлогоосоо зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-д заасан зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан “Эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн болон бүрэн төлөх үүрэгтэй” гэсэн заалтаар гэрээний үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

       Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.09.19/ байдлаар Д.Энхбаатар, Ж.Дариймаа нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл нь 3.264.339 төгрөг, зээлийн хүү 507.541 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.540 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг, нийт 3.793.920 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч Д.Энхбаатар, Ж.Дариймаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Энхбаатар, Ж.Дариймаа бид Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн үлдэгдэл 3.793.920 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулна. Дээрх мөнгийг 3 сард тэнцүү хувааж төлнө” гэжээ.

   Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Энхбаатар, Ж.Дариймаа нарын гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжилж буй төлбөрийг 3 танцүү хувааж буюу 2016 оны 11 дүгээр сарын 24, 2016 оны 12 дугаар сарын 24, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрүүдэд төлөхийг банк зөвшөөрч байна. Тухайн сарын төлбөрөө төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Д.Энхбаатар, Ж.Дариймаа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг бусад зардал 3.793.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Энхбаатар, Ж.Дариймаа нар нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг бусад зардал 3.793.920 төгрөгийг 3 сард тэнцүү хувааж буюу 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь Д.Энхбаатар, Ж.Дариймаа нарын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хариуцагч Д.Энхбаатар, Ж.Дариймаа нар нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

      Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.653 төгрөг төлсөн ба тал хувь болох 37.827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 37.827 төгрөг, хариуцагч Д.Энхбаатар, Ж.Дариймаа нараас 37.827 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг бусад зардал 3.793.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Энхбаатар, Ж.Дариймаа нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 75.653 төгрөгөөс 37.827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 37.827 төгрөг, хариуцагч Д.Энхбаатар, Ж.Дариймаа нараас 37.827 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Д.Энхбаатар, Ж.Дариймаа нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР