Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2015 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 690

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 13-43 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, эрэгтэй, РД: ОА64092119, Тонгорууд овогт Даваагийн Мөнхбатын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймаг дахь “Дэглий цагаан” Нисэх буудалд холбогдох,

       Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Д.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2013 оны 9 дүгээр сараас “Дэглий цагаан” Нисэх буудалд уурын зуухны галчаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байсан. Миний ажил байдлын талаар манай хамт олон намайг сайн мэднэ. Үүнийг би ямар нэгэн зэмлэл, шийтгэл хүлээж байгаагүйгээрээ гэрчилж байна. Гэтэл намайг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн тушаал өглөө. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хөдөлмөрийн гэрээг цуцлах санал тавиагүй, тийм шалтгаан байхгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон, хөдөлмөрийн хуулийн 38.1.2, Иргэний нисэхийн ерөнхий газрын, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.3, 6.6 дахь заалтад дурьдсан зөрчил дутагдал гаргаагүй болно. Иймд намайг “Дэглий цагаан” Нисэх буудалд уурын зуухны галчаар эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Увс аймаг дахь “Дэглий цагаан” Нисэх буудлын дарга Х.Долгорсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Тонгорууд овогт Даваагийн Мөнхбаттай биечлэн уулзаж цалингийн зээлтэй оюутан хүүхдийн сургалтын төлбөр зэрэг амьдралд нь хүндрэлтэй асуудал тулгарч байгаа нөхцөл байдлыг харгалзан 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилд эгүүлэн авах талаар харилцан тохиролцов. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цалинг нэхэмжлэхгүй гэсэн тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

      Нэхэмжлэгч Д.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Мөнхбат нь “Дэглий цагаан” Нисэх буудалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажилдаа орсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Д.Мөнхбат нь хариуцагч Увс аймаг дахь “Дэглий цагаан” Нисэх буудалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймаг дахь “Дэглий цагаан” Нисэх буудал нь нэхэмжлэгч Д.Мөнхбатын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь Увс аймаг дахь “Дэглий цагаан” Нисэх буудлын дарга Х.Долгорсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбараар нотлодож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    Хариуцагч Увс аймаг дахь “Дэглий цагаан” Нисэх буудал нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймаг дахь “Дэглий цагаан” Нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тал хувиар бууруулан 35.100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхбатын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймаг дахь “Дэглий цагаан” Нисэх буудал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Нэхэмжлэгч Д.Мөнхбат нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймаг дахь “Дэглий цагаан” Нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Увс аймаг дахь “Дэглий цагаан” Нисэх буудал нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР