| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00674/И |
| Дугаар | 691 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 691
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 19-37 тоотод оршин суух, 19 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЛ93022722, Монголмууд овогт Мундагбаатарын Одонмядаг,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 5 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, РД:ДЮ89111012, Борлууд овогт Гэнэнгийн Баярсайхан нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 33.421.367,97 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Мундагбаатар овогтой Одонмядаг нь тус банкнаас 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1250014925 тоот зээлийн гэрээг байгуулан 25.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20.5 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 120 сарын хугацаатай буюу 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр, мөн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1250021610 тоот зээлийн гэрээг байгуулан 5.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 28.8 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгө зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлийн гэрээг байгуулан авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, 5-09 тоотод байрлалтай, 99 м.кв талбайтай хувийн орон сууц /Ү-1520004277/, 1355,6 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар /Г-1520000443/, 53-63 УВХ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн NISSAN TIIDA /AД:SC11031555/ суудлын автомашин барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 1 дүгээр сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардсан, мөн шаардах хуудас өгсөн боловч зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зэлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.10.03/ байдлаар Мундагбаатар овогтой Одонмядаг болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Гэнэн овогтой Баярсайхан нарын төлөх ёстой хашаа байшин барих зээлийн үндсэн үлдэгдэл нь 23.170.945,86 төгрөг, зээлийн хүү 3.654.654 төгрөг, бичил зээлийн үндсэн үлдэгдэл 5.391.111,11 төгрөг, зээлийн хүү 1.176.657 төгрөг, нийт 33.393.367,97 төгрөг, нотариатын зардал 28.000 төгрөг, нийт 33.421.367,97 төгрөгийг зэлдэгчээс гаргуулж өгнө үү, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Одонмядаг, Г.Баярсайхан нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М.Одонмядаг, Г.Баярсайхан бид Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо төлөх ёстой 33.421.367 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг зарж борлуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн М.Одонмядаг, Г.Баярсайхан нарын гаргаж өгсөн тайлбартай танилцлаа. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч М.Одонмядаг, Г.Баярсайхан нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 33.421.367,97 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Одонмядаг, Г.Баярсайхан нар нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 33.421.367,97 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг зарж борлуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Г.Баярсайханы 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч М.Одонмядаг, Г.Баярсайхан нар нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325.057 төгрөг төлсөн ба тал хувь болох 162.529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 162.529 төгрөг, хариуцагч М.Одонмядаг, Г.Баярсайхан нараас 162.529 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 33.421.367,97 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Одонмядаг, Г.Баярсайхан нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 325.057 төгрөгөөс 162.529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 162.529 төгрөг, хариуцагч М.Одонмядаг, Г.Баярсайхан нараас 162.529 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч М.Одонмядаг, Г.Баярсайхан нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР