| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 306/2025/00604/И |
| Дугаар | 216/МА2026/00006 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 216/МА2026/00006
| 2026 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 216/МА2026/00006
|
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандахын даргалж шийдвэрлэсэн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 306/ШШ2026/00073 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч “Ш-О” ХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Цахилгаан дамжуулах агаарын шугам ашигласны 80 сарын төлбөр 126,720,000 төгрөг гаргуулах тухай,
“Т” ХХК-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын найдвартай байдлыг ханган цахилгаанаар хангасны 24 сарын төлбөр 38,016,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Түмэннасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Түмэннасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран, нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
“Т” ХХК-ийн 6 кв-ын цахилгаан дамжуулах шугамаар “Ш-О” ХК-ийн тэсрэх материал тэсэлгээний хэрэгслийн нэгж хэсэг цахилгаанаар хангагдаж байгаа бөгөөд шугам ашигласны төлбөр төлөхгүй, гэрээ хийхгүй байх тул нэхэмжлэл гаргасан. 2019 оноос хойш “Ш-О” ХК-ийн захирал асан Ц.Э “бид одоогоор алдагдалтай ажиллаж байна, нүүрсний үнэ удахгүй нэмэгдэнэ тэр үед гэрээ хийж хамтран ажиллана” гэж хойшлуулснаар 2023 онд нүүрсний үнэ нэмэгдсэн, манай компани хамтарч ажиллая гэрээ хийе гэж хэлэхэд “зөвшөөрч байна, энэ асуудлыг ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлээд шийднэ” гэж 1 жил хойшилсон, дараа нь “бид энэ асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх гэж байна” гээд 1 жил хойшлуулсан. 2025 он гараад гэрээ хийж хамтарч ажиллая гэж хэлэхэд “уурхайн 35 жилийн ой өнгөртөл түр хүлээж бай” гэсэн. Гэтэл ажил нь гэнэт өөрчлөгдөөд халагдаад явчихсан. Шинэ захирал Г.Б уулзахад өмнөх асуудлыг бид шийдэхгүй гэж хэлсэн. Ийм учраас манай цахилгааны шугамыг 80 сар тасралтгүй ашигласан болохоор сарын төлбөрийг 1,584,000 төгрөг (уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ) тооцож, 126,720,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. “Т” ХХК-ийн 6 кв-ын шугамыг 2019 онд 9 сар, 2020 онд 12 сар, 2021 онд 12 сар, 2022 онд 12 сар, 2023 онд 12 сар, 2024 онд 12 сар, 2025 онд 11 сар өнөөг хүртэл бүгд 80 сар төлбөр төлөлгүй ашигласан болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь, “Т” ХХК-ийн агаарын шугамыг цахилгаанаар “Ш-О” ХК нь ханган ажилладаг ба цахилгаанаар хангаснаар “Т” ХХК-ийн агаарын шугамын аюулгүй, найдвартай ажиллагаа хангагдаж, өөрийн аж ахуйн нэгжийг цахилгаанаар хангах боломжтой болдог онцлогтой. Мөн цахилгаанаар хангаснаар бусад хуулийн этгээд болох “Б” ХХК-аас цахилгаан дамжуулах шугам ашиглуулсны төлбөр авах эрхтэй болдог. Хэрэв “Ш-О” ХК нь дээрх агаарын шугамыг цахилгаанаар хангаж, аюулгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллаагүй нөхцөлд “Т” ХХК нь бусдаас аливаа хэлбэрээр төлбөр, авах, өөрийн аж ахуйг эрхлэн явуулах цахилгаанаар хангагдаж боломжгүй нөхцөл байдалд хүрэх юм. Энэ ч үүднээс 2019-2023 оныг дуустал хугацаанд “Т” ХХК-ийн захирал Д.Түмэннасан нь агаарын шугамыг үнэ төлбөргүй ашиглуулахаар “Ш-О” ХК-ийн удирдлагатай амаар тохиролцож төлбөр мөнгө нэхэмжлээгүй юм. Тохиролцооны гол агуулга нь цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Ш-О” ХК нь цахилгаанаар хангаж, аюулгүй ажиллагааг хангах, “Т” ХХК нь өөрийн аж ахуйг цахилгаанаар хангах зорилготой байсан юм. “Т” ХХК-ийн зүгээс 2024 оноос эхлэн цахилгаан дамжуулах агаарын шугамын ашиглалтын төлбөрийн асуудлаар гүйцэтгэх удирдлагатай уулзалт хийсэн боловч агаарын шугамын ашиглалтын зардалд төлбөр төлөх асуудал шийдвэрлэгдээгүй юм. Иймээс, ...харилцан тооцуулан авлага, өглөг үүсэх үндэслэлгүй хэмээн үзэж байна.
Цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Ш-О” ХК нь цахилгаанаар хангаснаар “Т” ХХК-ийн агаарын шугамын аюулгүй, найдвартай ажиллагаа хангагдаж, өөрийн аж ахуй нэгжийг цахилгаанаар хангах боломжтой болдог онцлогтой. “Ш-О” ХК нь “Т” ХХК-аас шугамыг цахилгаанаар хангасны төлбөрийг шаарддаггүй байсан бөгөөд харилцан тооцуулах үүрэг хэмээн ойлгосоор ирсэн билээ. Гэтэл “Т” ХХК нь цахилгаан дамжуулах агаарын шугам ашигласны төлбөрийг манайхаас нэхэмжилсэн тул харилцан тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаар цахилгаан дамжуулах шугамыг цахилгаанаар хангасны төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ. Төлбөр нэхэмжлэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тооцсон. Учир нь “Т” ХХК-тай цахилгаан дамжуулах агаарын шугамыг үнэгүй ашиглах тохиролцоо 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мөрдөгдсөн хэмээн үзсэн болно. Иймд “Т” ХХК-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 24 сарын хугацаанд “Ш-О” ХК нь цахилгаанаар хангасны 1 сарын төлбөрийг 1,584,000 төгрөгөөр тооцон нийт 38,016,000 төгрөгийг “Т” ХХК-аас гаргуулж “Ш-О” ХК-д олгож өгнө үү гэжээ.
“Ш-О” ХК нь түр зуур үнэгүй байлгаж байгаач гэж гуйхаар нь би бичиж өгч байсан. Тэгэхдээ эднийх өнөөдөр манай шугамыг ашигласан нь үнэн, тэр шугам “Т” ХХК-ийн өмч, эднийх эрчим хүч материалын объектод ашигласан. Тэр эрчим хүчний мөнгийг нь би тоолуураар төлж байгаа. Дэд станц чинь өөрөө түгээхийн хөрөнгө болохоос уурхайн хөрөнгө биш. Ер нь зүгээр аюулгүй ажиллагаагаа хангаад, техник үзлэг, үйлчилгээ хийвэл тариф үнэлгээтэй тохирдог болохоос, би энэ жил гарангын хугацаанд нэг ч удаа танайхаас цахилгаанчин дуудаагүй. Хэрвээ би мөнгө төлөх ёстой бол олон удаа засвар хийлгээд, таслалт, залгалт хийлгээд эдний цахилгаанчдыг дуудаад байсан бол зардал гарах байсан. Гэтэл тийм ямар ч зардал гараагүй. Юу ч гараагүй байхад үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна гэжээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “Ш-О” ХК-аас цахилгаан дамжуулах агаарын шугам ашигласны төлбөр 34,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 92,320,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Ш-О” ХК-ийн агаарын цахилгааны шугамын найдвартай байдлыг цахилгаанаар хангасны 24 сарын төлбөр болох 38,016,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 791,550 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 348,030 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш-О” ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 329,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Түмэннасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
6.1. Цахилгаан дамжуулах 6000 вольтын 6 км шугам нь “Т” ХХК-ийн өмч болох тул ямар үнээр түрээслэх, үнэ тогтоох нь “Т” ХХК-ийн эрх юм. Гэхдээ уурхайн эрх ашгийг бодолцон хамгийн бага үнээр түрээсэлж ойлголцохын тулд уурхайчдын хөдөлмөрийн хөлсний Геологи, уул уурхайн, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн гурав: цалин хөлс гэсэн бүлгийн 2 дугаар зүйлд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн тогтоож мөрдөнө. Уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 480.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гэж тогтоосныг үндэслэн “Т” ХХК болон “Ш-О” ХК-ийн хооронд хийгдсэн цахилгааны шугам түрээсээр ашиглах 2018 оны 10 дугаар сарын 01-ний №ШО18-3/43 тоот гэрээнд сарын түрээсийг 480,000 төгрөгөөр хийсэн бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж заасан цаашид хүчин төгөлдөр үргэлжлэх боломжгүй гэрээ болохыг нотолно.
6.2. Анхан шатны шүүхийн шийдвэрээр түрээсийн төлбөрийг хүчингүй болгосон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ШО18-3/43 тоот гэрээний өртгөөр тооцсон нь буруу тул гомдол гаргаж байна. ...Дээрх хуулийн дагуу 2018 оны уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 480,000 төгрөг байсан. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот тогтоолоор ... сард 420,000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосон ба 2020 онд уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 840,000 төгрөг болсон. Мөн Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 03-ны 12 тоот тогтоолоор ... Улсын хэмжээний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай гэж заасан ба уурхайчдын хөдөлмөрийн хөрсний доод хэмжээ 1,320,000 төгрөг болсон. 2025 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор шинэчлэн тогтооход Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5ж.3 дахь хэсэгт “ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын холбоод болон салбар дундын хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харилцан зөвшилцөж, нэмэгдүүлэн тогтоохыг зөвлөсүгэй” гэж заасны дагуу Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны 3 талт хэлэлцээр 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хууль зүйн яаманд бүртгэгдсэн хэлэлцээрийн Цалин хөлсний талаар бүлгийн 3.2 заалтад: Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөрийн нийгмийн түншлэлийн гурван талт хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна гэж заажээ. ...2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ... сард 792,000 төгрөг байхаар тогтоосноор уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 1,584,000 төгрөг болсон. Иймээс, “Ш-О” ХК-тай хийсэн анх 2018 оны 10 дугаар сарын 01-ний №ШО-3/43 тоот гэрээг уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жишиж хийсэн бөгөөд уурхай мөнгөгүйдээ биш олон нийтийн эрх мэдэлтэй албан тушаалтан ашиг сонирхлын үүднээс мөнгө өгөхгүй олон жил явсныг сүүлд мэдсэнээ анхан шатны шүүх хурал дээр тайлбарласан. Учир иймд дээрх хууль эрх зүйн баримт бичиг цалингийн өсөлтийг үндэслэн төлбөр төлөхгүй 80 сар шугам ашигласны төлбөр ...1,584,000 төгрөгөөр бодож тооцон 126,720,000 төгрөгийг гаргуулан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна хэмээн дүгнэсэн хэр нь Иргэний хуулийн 75 дугаар 75.2.1-д заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно” 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн заалтуудыг харгалзан үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг гаргасан байна.
7.2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа, талуудын хооронд үүссэн хэлцлийн агуулгыг буруу тодорхойлсон. Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ШО18-3/43 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглах гэрээг байгуулсан ба уг гэрээний хугацаа дууссаны дараа “Т” ХХК-аас 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/49 дугаар албан бичиг, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/46 дугаар албан бичгүүдээр “Ш-О” ХК нь агаарын шугамын найдвартай байдлыг ханган ажиллах үүргийг хүлээлгэсэн хэлцэл хийн саналыг ирүүлсэн. “Т” ХХК-аас цахилгаан дамжуулах агаарын шугамыг үнэ төлбөргүй ашиглуулах саналыг ирүүлсэн тул “Ш-О” ХК нь саналыг хүлээн авч цахилгаан дамжуулах агаарын шугамын найдвартай байдлыг ханган, цахилгаанаар хангаж ажиллаж ирсэн. “Т” ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/65 дугаар албан бичгээр “Ш-О” ХК-д үнэ төлбөргүй ашиглуулж байсан цахилгаан дамжуулах агаарын шугамыг үнэ төлбөргүй ашиглуулахаа зогсоож төлбөр авах саналыг гаргасан юм. Иймд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд “Ш-О” ХК, “Т” ХХК-ийн хооронд цахилгаан дамжуулах агаарын шугамыг үнэ төлбөргүй ашиглуулах, шугамын найдвартай ажиллагааг “Ш-О” ХК нь хариуцах Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцэл байгуулагдсан юм. Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь “Т” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/65 дугаар албан бичгээр дуусгавар болсон тул “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс тооцогдохоор байна. “Ш-О” ХК-ийн зүгээс “Т” ХХК-д төлбөр төлөх талаар тохиролцсон, тооцоо нийлсэн акт үйлдсэн зүйл огт байхгүй болно. ... цахилгаан дамжуулах агаарын шугам ашигласны төлбөрт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 430,000*24-10,320,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
7.3. Уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тогтоосон. Тухайн зүйл нь ямар агуулгатай байдаг вэ гэхээр уул уурхайн салбарт ажилтныг хөлсөөр ажиллах гэрээ юм уу, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсан тохиолдолд ажилтанд олгох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг байгаа юм. Тэгэхээр ажилтныг ажиллуулах хөдөлмөрийн хөлс, шугам ашигласантай холбоотой зардал хоёр ямар нэгэн байдлаар хоорондоо үнийн дүнгээр авцалдах хууль зүйн үндэслэл байхгүй. Энийг яаж хооронд нь авцалдуулаад энэ зүйлээр нотлогдох ёстой гэж үзээд байгааг би ойлгохгүй байгаа. Харин ганц авцалдаж байгаа зүйл нь талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ШО18-3/43 дугаар цахилгаан шугам аж ахуйн нэгжээр ажиллуулах гэрээ байгаа. Энэхүү гэрээгээр 480,000 төгрөгөөр суурь үнийг тохиролцсон. Тухайн үед манай захирал ярилцаад гаргасан. Энэ бол агаар дээгүүр татсан шугам учраас суурь зардлууд өсөх юм байхгүй. Тийм учраас 2018 онд гэрээгээр тогтоосон хэмжээ хэвээрээ. ...Талуудын маргааны гол үндэслэл нь агаарын шугамтай холбоотой зардал, ашиглалттай холбоотой байсан. Энэ шийдэгдэхгүй Батсуурь захирлын үед хүрсэн. Б захирал бид нар энэ дээр их хөрөнгө төлж чадахгүй. Харин 400,000-500,000 төгрөгийн хооронд төлөх боломжтой гэсэн тайлбарыг хэлсэн учраас энэхүү маргаан шүүхэд ирсэн. Иймд шийдвэрт дээрх үндэслэлүүдээр нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Ш-О” ХК-д холбогдуулан цахилгаан дамжуулах агаарын шугам ашигласны 80 сарын төлбөр 126,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нь “...манай компани уг шугамыг цахилгаанаар хангаж, найдвартай аюулгүй ажиллагааг ханган ажилладаг тул ...харилцан авлага, өглөг үүсгэх үндэслэлгүй” хэмээн маргасан.
2. Хариуцагч “Ш-О” ХК нь цахилгаан дамжуулах агаарын шугамын найдвартай байдлыг хангасны 24 сарын төлбөр 38,016,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч “Т” ХХК нь “...ямар ч зардал гараагүй” гэж тайлбарлан хүлээн зөвшөөрөөгүй.
4. Анхан шатны шүүх, талуудын хооронд үүссэн харилцааг нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан зөв тодорхойлоогүй, нэгэнт дуусгавар болсон гэрээний үнийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5. Маргаан бүхий цахилгаан дамжуулах агаарын шугам нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан “Ш-О” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1998.08.25-ны өдрийн №14 дугаар тогтоол, 1998.09.28-ны өдрийн “Тэсрэх материалын агуулахын барилга худалдан авах, өгөх, төлбөр хийх тухай аж ахуйн гэрээ”, гэрээ дүгнэсэн акт, зарлагын падаан зэргээр тогтоогдсоноос гадна Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.26-ны өдрийн 134/ШШ2018/00121 дугаар шийдвэрээр дүгнэсэн, нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.
6. Нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч “Ш-О” ХК нарын хооронд 2018.10.01-ний өдөр №ШО18-3/43 дугаартай “Цахилгаан дамжуулах агаарын шугам түрээсээр ашиглах гэрээ” байгуулагдаж, 2019.03.31-ний өдөр дуусгавар болсон, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
7. Дээрх гэрээ дуусгавар болсноос хойш, хариуцагч тал цахилгаан дамжуулах агаарын шугамыг үнэ төлбөргүй ашигласан болох нь хэрэгт авагдсан “Т” ХХК-ийн 2019.05.22-ны өдрийн 1/49 дугаартай, 2019.06.10-ны өдрийн 1/46 дугаартай санал хүргүүлсэн албан бичгүүд /хх-ийн 60, 61/, нөгөө тал нь саналыг хүлээн авч тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж байсан тухай талуудын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
8. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас 2023.11.27-ны өдрийн 1/65 дугаартай “...бүтэн 7 жил төлбөргүй ашиглуулсан болно. ...шугамыг түрээслэх гэрээ хийж хамтран ажиллана уу” гэсэн албан бичгийг хүргүүлснээр Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1, 340.1.1-д заасан “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд дараах тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй”, “...зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдий ч” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг хуульд заасан эрхийн хүрээнд цуцалсан.
9. Гэрээ цуцалснаас хойш 2024.04.12-ны өдрийн 1/14 дугаартай албан бичиг /хх-63/-ээр болон хариуцагч компанийн удирдлагатай биечлэн олон удаа уулзаж гэрээ байгуулах санал тавьсан хэдий ч хариуцагч нь бичгээр гэрээ байгуулаагүй, тухайн шугамыг буцааж өгөхгүйгээр одоог хүртэл ашигласаар байгаа талаар талууд тайлбарлаж байна.
10. Дээрхээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам түрээслэх гэрээ байгуулах саналд хариуцагч “Ш-О” ХК нь хариу өгөөгүй боловч эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашигласаар байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ...” гэсэн гэрээний бус үүргийн харилцаа буюу нэхэмжлэгчид хөрөнгөө буцаан шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.
11. Улмаар, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад ... түүнээс олсон орлого, үр шим, ... бүх зүйл хамаарна”, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.2-т зааснаар эд юмсыг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон бүтээгдэхүүн, орлого нь үр шимд хамаарах тул нэхэмжлэгчийн түрээсийн гэрээгээр олох ёстой байсан орлогыг эд юмсын үр шимд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
12. Нэхэмжлэгч тал нь “нэхэмжлэлийн үнийн дүнг 2018 оны түрээсийн гэрээнд уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 480,000 төгрөгөөр тогтоож байсан, манайхаас “Б” ХХК-тай энэ жишгээр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа” гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгэж нотлоогүй, үнийг хэрхэн тогтоосон талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн шийдвэр /хх-46-48/-ээс харахад “Б” ХХК-тай уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан гэрээ байгуулсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн шүүх шийдвэрлэж байсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд, хариуцагчаас цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2023.11.27-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарыг дуустал нийт 24 сар ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр буюу уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 2023 оны 12 сард 840,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарыг дуустал /15 сар х 1,320,000/ 19,800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сараас 11 сарыг дуустал /8 сар х 1,584,000/ 12,672,000 төгрөг нийт 33,312,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93,408,000 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.
13. Нэхэмжлэгч талаас цахилгаан дамжуулах агаарын шугамыг түрээсийн гэрээ дууссанаас хойш 80 сарыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,584,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь дээрх дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж байх тул давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
14. Хариуцагчийн гаргасан, анхан шатны шүүх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашигласан хугацааг төлбөрт оруулан тооцсон нь буруу гэсэн гомдол үндэслэлтэй боловч дуусгавар болсон түрээсийн гэрээний үнийг үндэслэн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн гомдлын агуулга үндэслэлгүй.
15. Түүнчлэн, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн гомдлын хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан “Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэсэн зохицуулалт үйлчилнэ. Тухайлбал, хариуцагч “Ш-О” ХК нь тухайн эд хөрөнгийг гэрээ байгуулахгүйгээр ашиглаж эхэлсэн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн сар бүр төлбөр төлөх үүрэг хүлээх ба үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид дараагийн сараас эхлэн шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл, 2023 оны 12 сараас сарын 27-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох бөгөөд нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 01-ний шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзэхэд хуульд заасан гурван жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгоно.
16. Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй.
17. Иймд, нэхэмжлэгчээс шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 306/ШШ2026/00073 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын:
“...318 дугаар зүйлийн 318.1-д” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д...” гэж,
“...34,400,000...” гэснийг “...33,312,000...” гэж,
“...92,320,000...” гэснийг “...93,408,000...” гэж
2 дахь заалтын:
“...329,950...” гэснийг “...324,510...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 278,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.ОДНЯМА