Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 501

 

 

 

 

 

 

 

 

 

     Т.Туулд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Т.Мижиддорж,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Доржсүрэн, ялтан Т.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Туулд холбогдох 201626031633 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигон овгийн Тогоохүүгийн Туул, 1970 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 16-24 тоотод оршин суух,

1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,

1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 жил хорих ялаар тогтоож, 2004 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, 2011 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,  

2016 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: ЧС70051618/

 

Т.Туул нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нэхмэлийн 16-24 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Доржсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цээжний зүүн ар хэсэгт нь хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Т.Туулын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Туулыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Т.Туулд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 103 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.Туулаас 474,000 төгрөг гаргуулан хохирогч С.Доржсүрэнд олгож, тэрээр цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Т.Туул давж заалдах гомдолдоо: “... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн үед эхнэр, хүүхдийн хамт өглөөний цайгаа уугаад сууж байтал хажуу айлын Доржсүрэн нилээд согтуу “манай хүүхдүүд намайг алах гээд байна” гэж орж ирсэн. Би “та согтуу байна, одоо гэртээ орж амар” гэж хэлэхэд, зогсоод байсан. Ингээд Доржсүрэн ах “би хүн алмаар байна” гээд зүүн хөлийнхөө монгол гутлын түрийнээс урт цагаан иштэй хутга гаргаж ирсэн. Манай гэр бүлийнхэн айж... хутгыг авах гээд гарыг нь мушгиж ард нь гарсан. Ингээд ор луу түлхэж хутгыг авах гэтэл өөрийнхөө хутганд өөрөө зүсэгдсэн.

Миний бие өчнөөн жил зовж явсан нь үнэн, алдсандаа маш их гэмшиж явдаг. Эхнэр Энхцэцэг бүтэн өнчин, хүүхэд маань 3 настай, бид гурвын амьдарч байсан байр миний дүүгийн байр байсан. Дүү маань байраа өөр хүнд хөлслүүлсэн. Одоо эхнэр, хүүхэд маань хаана байгааг мэдэхгүй байна. Хохирогч болон гэрч нар бүгд худал мэдүүлэг өгсөн байсан. Энэ хэрэг болоход гэрчүүдээс хэн нь ч байгаагүй. Хохирогчийн эхнэр Пүрэвхүү эгч нөхөртэйгөө утсаар “яах гэж тэр айлд хутгатай орсон юм бэ” гэж ярьж байсныг хүн сонсоод надад болон эхнэрт хэлсэн. Үүнийг мөрдөн байцаагчид хэлсэн боловч шалгаагүй. Би зөвхөн эхнэр, хүүхдээ хамгаалах гэж аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн гэж бодож байна. Тэгэхэд надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Миний энэ үйлдэл бусдад санаатай хүнд гэмтэл учруулсан үйлдэл биш. Миний эхнэр Энхцэцэгийг гэрчээр оролцуулаагүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

 Хохирогч С.Доржсүрэн давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Т.Туулд ял шийтгэл оногдуулахдаа хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь Т.Туул гэгч өмнө нь ял шийтгэгдэж байсан төдийгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн.

Мөн өөрийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшээгүй ба хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байхад энэ гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ болох 5 жил 1 сар хорих ял шийтгэсэн нь үндэслэлгүй. Хохирогч миний хувьд 62 настай. Энэ хэргийн улмаас эрүүл мэнд, сэтгэл санааны маш их хохирол амссан. Энэ хэргээс хойш өнөөдрийг хүртэл байнгын айдас түгшүүртэй, хүн шоронд оруулж гэр бүл бусниулсан гэж бусдад адлуулах болсон. Гэтэл шүүгдэгч надад ямар их хохирол учруулсан болохоо ойлгож ухамсарлаагүй. Хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, бусдад учруулсан хохирлоо төлсөн эсэх, хор уршиг арилсан зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулна гэсэн байдаг. Гэтэл шүүгдэгч Т.Туулын хувьд дээрх нөхцөл байдлын алинд ч хамаарахгүй байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл миний эрүүл мэндийн байдал сайжраагүй, харин ч улам муудаж даралт ихсэх зэрэг хүндрэл гарах болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж үзэж Т.Туулд оногдуулсан хорих ялыг уг гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын дээд хэмжээ болгож өгөхийг хүсэж байна...” гэжээ.

 

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Т.Туулын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Ялтан Т.Туулын давж заалдах гомдолд хохирогч өөрийн барьж байсан хутганд өөрөө зүсэгдсэн гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч энэ гэмтлийг өөртөө учруулах боломжгүй гэж тайлбарласнаар няцаагдаж байна. Шүүх хохирогчийн баримтаар гаргаж өгсөн хэмжээнд хохирлыг гаргуулж, цаашид гаргах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Т.Туул нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нэхмэлийн 16-24 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Доржсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цээжний зүүн ар хэсэгт нь хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- хохирогч С.Доржсүрэнгийн: “... Би Алтангэрэлийнд 1 шил архи хувааж уусан. Дараа нь Туулынд орсон. Тэднийд Туул, Энхцэцэг, хүүхдийнхээ хамт байсан. Намайг гарах гэтэл Туул араас зүүн дал руу хутгалсан... яагаад хутгалсныг би мэдэхгүй байна... Түүнтэй хутга булаацалдан ноцолдсон асуудал огт болоогүй...” /хх-26-27, 28/,

- гэрч О.Пүрэвхүүгийн: “... өглөө 07 цагийн үед намайг унтаж байхад манай нөхөр гадуур хувцсаа өмсөөд гарсан... Манай бага охин Отгонжаргал манай ажил дээр гүйж ирээд “Туулын авгай хаалга нүдээд аавыгаа ав, аав чинь өөрийгөө хутгалсан, хутга нь гуталных нь түрийнд байгаа гэж хэлсэн. Дамдиндорж ах аавыг гэрт оруулж ирэхэд ар далан дээрээ хутгалуулчихсан, цагаан даавуугаар боосон, тэрнээс нь цус гараад байна” гэж хэлэхээр нь гэртээ иртэл манай нөхрийн ар дал хэсгээс нь цус гараад байсан...” /хх-32-33/,

- гэрч П.Дамдиндоржийн: “... Туул ахын эхнэр гэрт орж ирээд “аавыгаа ав, өөрийгөө хутгалсан байна” гэж хэлсэн. Туул ахынд ортол аав согтуу, мөн Туул ах, эхнэрийн хамт бүгд согтуу байсан. Туул ах, эхнэрийн хамт “аав чинь өөрийгөө хутгалсан” гээд байсан. Тэгэхээр нь аавыгаа гэртээ оруулаад гадуур хувцсыг нь тайлтал марлаар боочихсон ар далнаас нь цус гарч байсан...” /хх-34, 132/,

- гэрч С.Адийшаагийн: “... дуудлагаар Нэхмэлийн 16-24 тоотод очиход гэрт нь эрэгтэй, эмэгтэй хүн байсан. Тухайн гэрт ямар нэгэн цус болсон зүйл байгаагүй. Гэхдээ шалан дээр бүдэг бүдэг цусны дуслууд байсан...” /хх-133/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн С.Доржсүрэнгийн биед цээжний зүүн хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт, цээжний зүүн хэсгийн арьсан доорх хий хуралдалт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн №16047 дугаар дүгнэлт /хх-45/,

- Т.Туулын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан зайлшгүй нотлох шаардлагатай асуудлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хохирогч С.Доржсүрэнд зүүн суганы арын шугамаар дал руу чиглэж цээжний хөндий рүү 3х7 см гүн нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх учирсан байх ба энэхүү гэмтлийн үүссэн шинж байдлыг хүний идэвхтэй үйл хөдлөлтэй харьцуулж үзвэл “хохирогч өөртөө уг гэмтлийг учруулах боломжгүй” гэсэн шинжээч Б.Ундармаагийн тайлбар үндэслэлтэй байна. /хх-46/ Нөгөө талаар хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогч С.Доржсүрэн бусдын амь биед аюултай халдлага, довтолгоон хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “хохирогч өөрийгөө хутгалсан, би аргагүй хамгаалалт хэрэглэсэн” гэх ялтан Т.Туулын давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

 

Анхан шатны шүүхээс Т.Туулын гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, хуульд заасан ял оногдуулжээ. Тэрээр өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байх боловч “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болж, сүүлд хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд энэ гэмт хэргийг үйлдсэн учраас өмнөх ялаас заримыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоосон байх тул “Т.Туулд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн” гэх хохирогчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Доржсүрэн, ялтан Т.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Доржсүрэн, ялтан Т.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

М.ПҮРЭВСҮРЭН