Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ХШТ/118

 

Б.Э, Д.Ү нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгч Д.Ү-ын өмгөөлөгч Ч.Будхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайцэцэг нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар магадлалтай Б.Э, Д.Ү нарт холбогдох 2338 00000 0453 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, 1989 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ...-ийн хамт Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нийт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

З овгийн Б-ын Э / ... /,

 

  1. Монгол Улсын иргэн, 1972 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ...-ийн хамт Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-д зааснаар нийт 3 жил 10 хоногийн хорих ял,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 110 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 7 сарын хугацаагаар хорих ял,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эдлээгүй үлдсэн 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 47 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон,

Д овгийн Д-ийн Ү / ... /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.Э нь Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “А” хүнсний дэлгүүрээс 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэн Н.Н-ийн “Samsung А-51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400.000 төгрөгийн хохирол учруулсан

Мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б-тэй бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сум, ... дугаар багт байрлах “Ц” захын хашаанаас Б.Э-ийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Э, Д.Ү нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоот хашаанд байсан “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийн хойд талын гурвалжин цонхыг хагалан обудтай дугуй, дугуйн торцов зэргийг, “Bongo J2” загварын тээврийн хэрэгслийн баруун хаалганы цонхыг хагалан нэг нүдний дуранг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч З ургийн овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг, хамтран, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, Д ургийн овогт Д-ийн Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хамтран гүйцэтгэгчээр тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Ү-ыг 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Ү-ыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 47 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 сар 27 хоногоор тогтоож,

шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 132 хоногийг, шүүгдэгч Д.Ү-ын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас хохирогч Н.Н-д 400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Н-д 75.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Г-д 20.000 төгрөг, хохирогч Н.Б-д үнэлгээний хөлс 25.000 төгрөгийг тус тус гаргуулах, шүүгдэгч Д.Ү-аас иргэний нэхэмжлэгч Г.Г-д 20.000 төгрөг, хохирогч Б.Б-д үнэлгээний хөлс 25.000 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Прокурор Э.Гэрэлтуяа хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг хуульчилсан бөгөөд нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан ойлголт юм” гэж дурдсан байна.

Гэвч давж заалдах шатны шүүх хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн дүгнэлт хийх бус шүүгдэгч Б.Э-ын урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр 3 удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн хэрэгцээнд зарцуулах, архи уух зэргээр бусдын өмчлөх эрхэд халдсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байхад шүүгдэгч Б.Э-ын урьд 7 удаагийн ял шийтгүүлсэн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжид хамааруулан үзжээ. Мөн нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдсэн байх шинжийг анхаарч үзээгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 07 дугаар сарын 24, 2023 оны 10 дугаар сарын 20, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул харьцангуй удаан хугацаанд үйлдсэн гэж үзэхгүй.

Тухайн этгээд тодорхой төрлийн гэмт хэргийг амьдралын санхүүгийн эх үүсвэр болгосон эсэхийг тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаанаас гадна учруулсан хохирлын хэмжээг мөн анхаарч үзэх шаардлагатай юм. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э-ын 3 удаагийн үйлдлийн улмаас нийтдээ 1.160.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж өөрийн эзэмшил, өмчлөлд олж авсан эд хөрөнгийг зарж борлуулан тухайн өдрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа мэдүүлж байхад өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан гэж үзэх боломжгүй юм.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Б.Э-ын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлж, түүний 3 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг дээр таксинаас гар утас хулгайлсан үйлдлийг нэгтгэн шалгаагүй нь түүний эрх зүйн байдлыг илтэд дордуулах нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг дурдаагүй, анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Мөн дээрх үйлдлийг тус аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 333 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр шилжүүлж шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэх дээрх 3 удаагийн хулгайлах гэмт хэрэг дээр таксинаас гар утас хулгайлсан үйлдлийг нэмж шалгах шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ “... Гар утас таксинаас авсан нь үнэн. Тухайн гар утасны асуудал шүүхээр шийдэгдэж би баривчлагдсан” гэж дурдсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, түүнд баривчлах шийтгэл оногдуулсан гэдгийг нотолсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийн тухайд: Давж заалдах шүүхийн магадлалын 2 дугаар хуудсанд “хугацаагаар хорих ялаар, Мөн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан /Регистрийн дугаар ... /

2. Монгол Улсын иргэн, Б овгийн Ц-ийн С, 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нийт 10 жил, 3 сар, 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан /Регистрийн дугаар ... /

Шүүгдэгч Д.Г нь: Ц.С-тай бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах баярын талбайн орчим хохирогч Н.Б-той маргалдаж баруун доод 2-р шүдний булгаралт, буйланд шарх, завжинд цус хуралт, духанд зулгаралт, зүүн өгзгөнд шарх бүхий гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч Ц.С нь: Д.Г-тай бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах баярын талбайн орчим хохирогч Н.Б-той маргалдаж гараараа нүүрэн тус газар нь цохиж, хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ”.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2024ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт Д-ын Г, Б овогт Ц-ийн С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай” гэж,

мөн магадлалын 4 дүгээр хуудсанд “оногдуулсан торгох ялд хэрхэн дүйцэгдэж хасагдан тооцогдох нь тодорхойгүй буюу "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8 дахь заалтуудын дугаарлалтад гар аргаар засвар оруулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам"-ын 8.1 дүгээр зүйлийн 8.1.5 дахь хэсэгт "Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хориглох зүйл: Баримт бичгийн батлагдсан эх хувийг өөрчлөх, засварлах, устгахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Шүүгдэгч Х овогт Д-ын Г, Б овогт Ц-ийн С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай." гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтад Д.Г-ын цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон оногдуулсан ялаас 330 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 330,000 төгрөгийн торгох ялыг хасаж, Д.Г-ын биечлэн эдлэх торгох ялыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.С-ийн цагдан хоригдсон 20 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон, оногдуулсан ялаас 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгийн торгох ялыг хасаж. Ц.С-ийн биечлэн эдлэх торгох ялыг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай" гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив" гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ” гэж тус тус дурдсан байна.

Б.Э, Д.Ү нарт холбогдох 2338000000453 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн атал магадлалын дээрх 2, 4 дүгээр хуудсанд хэлэлцэж байгаа хэргийн агуулгаас зөрүүтэй, хэрэгт огт хамааралгүй шүүгдэгч Д.Г, Ц.С нарт холбогдох хэргийг хэлэлцсэн гэх ойлголт төрүүлэхээр шийдвэрийг прокурорт ирүүлжээ.

Дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан буюу “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөнд хамаарч байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

Эсэргүүцлийн хамт Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар магадлал 8 хуудас, Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 333 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол 3 хуудсыг хуулбарлан баталгаажуулж, хүргүүлэв. ...” гэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг дэмжиж байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчилгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитоор сэргээн тогтоож, шүүгдэгч Б.Э, Д.Ү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн хэргийн зүйлчлэл тохироогүй, түүнд холбогдох бусад үйлдлийг нэгтгэн шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 07 дугаар сарын 24, 10 дугаар сарын 20, 24-ний өдрүүдэд  үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг ганцаараа болон бусадтай бүлэглэн хулгайлж, бусдад нийт 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан. 

Хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон дээрх орлого нь шүүгдэгчийн амьдралд нөлөөлөх хэмжээний бус бөгөөд хулгайлсан эд хөрөнгөө бусдад хямд үнээр зарж борлуулан архи авч уусан, барьцаалж тоглосон зэргээр зарцуулсан нөхцөл байдлаас авч үзвэл хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг амьжиргаагаа залгуулах гол эх сурвалж болгосон гэж үзэх үндэслэлгүй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Мөн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нэг үндэслэл нь шүүгдэгч Б.Э таксинаас гар утас хулгайлсан үйлдэлд шалгагдаж баривчлагдсан талаар мэдүүлсэн тул уг үйлдлийг нэгтгэн шалгах шаардлагатай гэжээ.

Шүүгдэгч Б.Э-ын дээрх үйлдэлд прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба давж заалдах шатны шүүх Б.Э-ыг өөр гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан шийдвэр гараагүй байхад зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хийсвэр дүгнэлт хийж хэргийг нэгтгэн шалгуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Прокурорын эсэргүүцэлд давж заалдах шатны шүүхээс прокурорт гардуулсан магадлалын 2, 4 дүгээр хуудсанд энэ хэрэгт хамааралгүй, өөр хэрэгт холбогдох агуулга бүхий бичвэр оруулсан нь шүүхийн шийдвэрийг ойлгомжгүй болгож байна гэх боловч хавтаст хэрэгт хавсаргасан магадлалд ийм зөрчил байхгүй байна.

Прокурорт гардуулсан магадлалд өөр хэргийн холбогдолтой бичвэр оруулсан нь техникийн шинжтэй алдаа байх ба хавтаст хэргээс хэнд холбогдох ямар хэрэг болох нь тодорхой ойлгомжтой харагдаж байгаа, магадлалыг хавтаст хэрэгт зөвтгөн хэвлэж хавсаргасан байх тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Ү-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хугацааг цагдан хоригдсон хоног гэж бичсэн ба үүнийг хяналтын шатны шүүх шийдвэрээрээ зөвтгөх боломжтой байна.

Иймд Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Ү-ын өмгөөлөгч Ч.Будхүү хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн тогтоолд хууль ноцтой зөрчсөн алдаа байхгүй. Тодорхойлох хэсэгт Д.Ү-ыг 27 хоног цагдан хоригдсон гэж бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хяналтын шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

 

2.Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэмээн хүчингүй болгож, хоёр шатны шүүх хулгайлах гэмт хэргийн объектив шинжийн талаар хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлээр энэхүү хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

3.Прокурор эсэргүүцэлдээ ... Давж заалдах шатны шүүх хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн дүгнэлт хийх бус шүүгдэгч Б.Э-ын урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр 3 удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн хэрэгцээнд зарцуулах, архи уух зэргээр бусдын өмчлөх эрхэд халдсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн ... нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдсэн байх шинжийг анхаарч үзээгүй, ... шүүгдэгч Б.Э нь 2023 оны 07 дугаар сарын 24, 2023 оны 10 дугаар сарын 20, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул харьцангуй удаан хугацаанд үйлдсэн гэж үзэхгүй, ...” гэх үндэслэлийг заажээ.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ зөвхөн үйлдсэн гэмт хэргийн тоо, давтамж болон өмнөх ял шийтгэлийн байдалд тулгуурлан шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан байна.

 

Хулгайлах гэмт хэргийн дээр дурдсан шинжийг тогтоохдоо гэмт хэрэгт хандаж буй сэтгэхүйн харьцаа, үйлдлийн арга, амьдралын замнал, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт хэргийн улмаас олсон орлого нь амьжиргаагаа залгуулах гол эх сурвалж болсон, уг орлого хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэргээс гадна гэмт хэргийг харьцангуй удаан хугацаагаар, тогтвортой байдлаар үйлдсэн хүчин зүйлсийг цогц байдлаар үнэлж хууль зүйн дүгнэлт хийх ёстой.

 

Гурав буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх нь байнга гэсэн ухагдахууны зайлшгүй тоон үзүүлэлт мөн боловч цаг хугацааны хувьд завсарлагатайгаар үйлдсэн гэм буруутай этгээдийн гурав буюу түүнээс дээш үйлдлийг байнга гэж үзэх үндэс болохгүй.

 

Шүүгдэгч Б.Э-д холбогдох хулгайлах гэмт хэргийн нотлогдсон байдлыг үнэлж үзэхэд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байх тул хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэн, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болжээ.

 

4. Прокурор эсэргүүцэлдээ “ ... магадлалын 2, 4 дүгээр хуудсанд хэлэлцэж байгаа хэргийн агуулгаас зөрүүтэй, хэрэгт огт хамааралгүй шүүгдэгч Д.Г, Ц.С нарт холбогдох хэргийг хэлэлцсэн гэх ойлголт төрүүлэхээр шийдвэрийг прокурорт ирүүлж ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд хамаарч байна” гэжээ.

 

Хэргийн 2 дугаар хавтасны 172-179 дүгээр талд байх Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар магадлалыг хянахад хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул прокурорын эсэргүүцэлд дурдагдсан зүйл тогтоогдохгүй байна.

 

5. Прокурор эсэргүүцэлдээ “... давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Б.Э-ын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлж, түүний 3 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг дээр таксинаас гар утас хулгайлсан үйлдлийг нэгтгэн шалгаагүй нь түүний эрх зүйн байдлыг илтэд дордуулах нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн өмнөх, шүүхийн шатны гэсэн хатуу зааглагдсан хоёр үе шаттайгаас хэргийг хэрхэн шийдвэрлэх нь мөрдөн байцаалтын үр дүнгээс ихээхэн хамаарах ба прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хэмжээнд шүүн таслах ажиллагааг явуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд тодорхой заасан байна.

 

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийг прокуророос буруутгаж буй гэмт хэрэг, яллаж буй хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх ба энэ нь шүүхийн хөндлөнгийн байх, мэтгэлцэх зарчмын илрэл болдог.

 

Гэтэл давж заалдах шатны шүүх прокуророос яллаагүй, анхан шатны шүүхэд хэлэлцээгүй хэргийн үйл баримт буюу шүүгдэгч Б.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар тал/-т дурдагдсан “...Машин зогсоохоор нь би голд байсан хар хавтастай жижиг утсыг авч буугаад Уул ахынд очсон. ...” асуудлыг шалгах шаардлагатай талаар магадлалдаа заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчжээ.

 

Иймд прокурорын эсэргүүцэлд “... анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэснийг зөрчсөн гэж үзнэ” гэж дурдсан нь үндэслэл бүхий болсон байна.

 

6.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн шүүгдэгч Б.Э-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн гурван удаагийн үйлдлээр, шүүгдэгч Д.Ү-ыг бусадтай бүлэглэн нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг буруутгах үндэслэлгүй.

 

7.Энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

8.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Ү-д 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд тусгагдсан зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ү-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан   ялаас   эдлээгүй   үлдсэн   хэсгийг Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар нэмж нэгтгэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх боловч өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдэлсэн хэсгийг цагдан хоригдсон хоногт тооцож, эдлэх ялаас хасахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Гэвч хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэснээр шүүгдэгч Д.Ү-д анхан шатны шүүхийн хүчинтэй шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хугацаа нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дууссан тооцоо гарч байх ба шийтгэх тогтоолын дээрх хэсгийг өөрчлөн шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулахаас гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдлыг бий болгож байх тул хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан прокурорын саналыг хүлээн авахаас татгалзан, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт яллагдагч, шүүгдэгчийн овог, нэр, төрсөн газар, огноо, оршин суугаа хаяг зэргээс гадна хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээллийг тусгахаар заасан.

 

Хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч Б.Э нь урьд 5 удаа, шүүгдэгч Д.Ү нь урьд 7 удаа тус тус шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байжээ.

 

Гэтэл Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 406 дугаар яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, магадлалын удиртгал хэсэгт шүүгдэгч Б.Э-ын биеийн байцаалтыг “...урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн...” гэж 8 удаагийн ял шийтгэлтэй мэтээр, шүүгдэгч Д.Ү-ын биеийн байцаалтыг “...урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн ...” гэж 7 удаагийн ял шийтгэлтэй мэтээр ойлгомжгүй байдлаар, буруу бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ... бичигдсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна. Хэдийгээр энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн үндэслэлд хамаарахгүй боловч цаашид анхаарах нь зүйтэй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурор Э.Гэрэлтуяагийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                      Ч.ХОСБАЯР

 

ШҮҮГЧИД                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

 

С.БАТДЭЛГЭР

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Б.ЦОГТ