Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1831

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 182/ШШ2016/00506 дугаар шийдвэртэй,

              

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХ” ХХК-нд холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:           ХХХХ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:               ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:               Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

ХХХХ нь “ХХХХ” ХХК-д завсарчинаар 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно. Миний бие ХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны ХХ байрны домофон системийн утсыг далдал гэсэн үүрэг даалгавар өгсөн, түүний 4-ийг зассан 2-ийг засаагүй, ажлын байрны багаж зэвсэг байхгүй, огт олгохгүй байна, ажлын багаж зэвсэггүйгээр дээрх ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй байна гэж хэлтэл техникийн албаны дарга ХХХХХ нь ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг шаардсан, мөн ажлын багаж, хэрэгслээр хангаагүй мөртлөө ажил үүрэг ,гүйцэтгээгүй байна гэж хэлэхээр ажлын багаж зэвсэгээр ханган ажиллахыг хүссэн боловч захирал ХХХХ ажлаас халсан талаар хэлсэн. 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 37 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг танилцуулсан. Тушаал дээр Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний бие ямар зөрчил гаргаж ажлаас халагдсан шалтгаанаа одоог хүртэл мэдэхгүй, ажлаас халсан зөрчлийг надад танилцуулаагүй байгаа тул үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Тушаал дээр миний гаргасан зөрчлийг тодорхой бичээгүй байгаа тул ямар нэг зөрчилд үндэслээгүй, шинэ дара надтай хамтран ажиллах боломжгүй, ажлаас халах зорилготой байсан гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ , түүний өмгөөлөгч ХХХХ нар шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Нэхэмжлэгчтэй 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн № 31 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан.2016 оны 5 дугаар сарын сарын 4-ний өдөр ХХХХ дүүргийн, ХХ-р хороо, ХХ байр ХХ-р орц, ХХ байр ХХ-р орц, ХХ байр ХХ-р орц, ХХХ байр ХХ-р орц. ХХ байр ХХ-р орц, ХХХ байр ХХ-р орц хаягаар байрлах байрнуудад үл бүтэх этгээдүүдийн үйлдлийн улмаас домофон төхөөрөмж гэмтсэн, тэр дундаа бүхий л утаснууд гэмтсэн гэсэн дуудлага ирсэн. “ХХХХ” ХХК орцны хананд утас далдлах шийдвэр гаргасан. Улмаар № 8781, 8780, 8779, 9143, 8777, 8778 тоот даалгавар илгээн нэхэмжлэгчид тухайн гэмтлүүдийг арилгах үүрэг өгсөн. Ажил гүйцэтгэх боломжгүй байсан гэсэн нэхэмжлэгчийн гомдол нь үндэслэлгүй юм. 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №31 тоот хөдөлмөрийн гэрээний 2.1 зүйлд зааснаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд гүйцэтгэх нь хөдөлмөрийн үүрэг хариуцлагад багтдаг. Тиймээс утас суурилуулах нь ажилтны шууд үүрэг хариуцлагад хамаарна. Хэсэг хугацааны дараа нэхэмжлэгч тухайн дуудлагыг программд боловсруулж, түүнчлэн ажлыг бүрэн дуусгасан гэж техникийн хэлтсийн дарга ХХХХ-д мэдэгдсэн. Гэвч техникийн хэлтсийн дарга дуудлагын ажлын гүйцэтгэлийг шалгахад № 8777, 8778 тоот дуудлагын ажлыг гүйцэтгээгүй байсан. Нэхэмжлэгч нь шударгаар ажиллаагүй, Хөдөлмөрийн тухай хууль мөрдөөгүй, “ХХХХ” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээнд захирагдаагүй, улмаар ажлын үүрэг хариуцлагаа биелүүлээгүй болно. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийг ажлын үүрэг хариуцлагаа ямар шалтгааны улмаас биелүүлээгүй талаар тайлбар өгөх зорилгоор оффист урьсан. Гэвч нэхэмжлэгч ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан дээрх үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар өгөхийг шаардсанд зүй бусаар хариу өгсөн. “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч түүнийг ажилдаа гарч, хөдөлмөрийн үүрэг хариуцлагаа биелүүлэхийг удаа дараа хүссэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Үүний дараа, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нь өргөдөл бичин, халагдах тушаал гаргахыг шаардсан байв. Энэ өргөдлийн хариуд “ХХХХ” ХХК нь үүссэн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлж, бичгээр тайлбар илгээсэн. Түүнчлэн, “ХХХХ” ХХК нь нэхэмжлэгчийг ажил тасалж байгаагаа бичгээр тайлбарлахыг шаардсан. Гэвч нэхэмжлэгч бичгээр тайлбар гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажлын үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, 2014 оны 7 дугаар сарын 16-наас 23-ний өдөр хүртэл ажлын 6 өдөр, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдөр хүртэл ажлаа удаа дарааллан тасалсан бөгөөд ажлын цагаар ажлын байран дээр байхгүй байх хүндэтгэлтэй шалтгаангүйгээр ажил тасалсан нь тушаал № 0071, өөрийн тайлбар, №112 тоот актуудаар баталгаажиж байгаа болно. Ийнхүү ХХХХ нь нэг бус удаа хөдөлмөрийн сахилга бат зөрчсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон юм. Дээр дурьдсан үндэслэлүүд болон Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХ ыг “ХХХХ” ХХК-ийн засварчины ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 771 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХХХХ д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХ-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “ХХХХ” ХХК-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ХХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 59 292 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгчид ХХХХ дүүргийн ХХ-р хороолол, ХХ-р хорооллын ХХ байрны ХХ-р ХХХ байрны ХХ-р орц, ХХ байрны ХХ-р орц, ХХ байрны ХХ-р орц, ХХ байрны ХХ-р орц, ХХХ байрны ХХ-р орцны домофон системийн тоног төхөөрөмжүүд танхай этгээдүүдийн үйлдлиин улмаас гэмтсэн гэх мэдээлэл бүхий захиалга ирсэний 8781, 8780, 8779, 9143, 8777, 8778 дугаар захиалгад бүртгэж, гарсан гэмтлүүдийг засварлах даалгавар өгсөн. Өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгслийг олгосон. Тодорхой хугацааны дараа нэхэмжлэгч уг захиалгуудыг программд боловсруулж, техникийн хэлтсийн дарга ХХХХ-д ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж амаар мэдэгдсэн байсан. Гэвч захиалгуудын гүйцэтгэлийг шалгах явцад техникийн хэлстийн дарга 8777, 8778 захиалгуудын ажлыг гүйцэтгээгүй болохыг тогтоосон. Ажлын байрны тодорхойлолтын дагуу нэхэмжлэгч захиалгуудын маягтыг зохих ёсоор бөглөж, цаг тухайд нь захиралд өгөх үүрэгтэй байсан. Учир нь бөглөгдсөн захиалгын маягтууд нь хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн норматив бичиг баримт юм. Тухайн тохиолдолд ХХХХ дээр заасан үүргүүдийн алийг нь ч биелүүлээгүй байсан. Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-д ирж зээл авахын тулд хөдөлмөрийн гэрээг банкинд үзүүлэх шаардлагатай байгаагаа хэлж, хөдөлмөрийн гэрээгээ авахыг хүссэн. ХХХХ-ын хэлснээр тэрээр өөрт байх ёстой хөдөлмөрийн гэрээний нэг хувийг алга болгосон байсан ба “ХХХХ" ХХК-ийн ажилтан 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолт № 31-ийг .хавсарган үдсэн (учир нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болдог тул) 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 31 тоот хөдөлмөрийн гэрээг түүний хүсэлтээр гарт нь өгсөн байна. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын аль алийг нь эргүүлж өгөөгүй байна. Уг болсон үйл явдлыг "ХХХХ" ХХК-ийн нягтлан бодогч ХХХХ , техникийн хэлтэс болон үйлчилгээний албаны дарга ХХХХХ нар гэрчилнэ. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг үзүүлэн зээл авсан Хас банкнаас шаардлагатай мэдээллийг авах боломжтой юм. Ийм маягаар дүүргийн шүүх нь нотлох баримтуудыг, тухайлбал ажилтны шууд гүйцэтгэх ажил үүрэг (нэхэмжлэгч биелүүлээгүй)-ийг заасан ажлын байрны тодорхойлолтыг судалж үзээгүй байна. Түүнээс гадна 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэлгүй ажлаа тасалсан. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсныг гэрчилсэн ямар нэгэн баримт бичиг байхгүй байгаа нь ажил тасалсан гэж үзэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгч өөрт хүлээсэн ажил үүргээ хөдөлмөрийн гэрээний дагуу биелүүлээгүй. 6 хоног ажил тасалсан болох нь 2016 оны 5 дугаар сарын19-ний өдрийн 071, 112 дугаар актуудаар батлагдаж байгаа ба ажлын цагаар ажилдаа ирэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан түүнд байгаагүй болно. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй, удаа дараа тасалсан, домофон төхөөрөмжүүдийг засварлах үүргээ биелүүлээгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэж худал мэдүүлсэн зэрэг нь ноцтой зөрчил болно. Хуулийн зохицуулалтаас үзвэл хөдөлмөрийн гэрээнд заавал тусгасан байхыг шаардаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 182/ШШ2016/00506 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, уг хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогч “ХХХХ” ХХК-ийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 37 дугаар тушаалаар ХХХХ ыг ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэжээ.

                                                                      /хэргийн 26 дугаар тал/

 

ХХХХ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д заасны дагуу ажил олгогч нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд захиргааны санаачилгаар ажлаас халах боломжтой байдаг.

 

Ажил олгогч "ХХХХ" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “…2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл 6 өдөр, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдөр ажил тасласан, домофон төхөөрөмжүүдийг засварлах үүргээ биелүүлээгүй, өгөгдсөн даалгаврыг биелүүлсэн гэж худал мэдээлсэн” гэж тайлбарлажээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” юм.

 

Ажил олгогч нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, удаа дараа ажил тасласан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг ажил тасласан болохыг нотолсон ажлын цагийн бүртгэлийг шүүхэд ирүүлээгүй, домофон төхөөрөмжүүдийг засварлах үүргээ биелүүлээгүй, өгөгдсөн даалгаврыг биелүүлсэн гэж худал мэдээлсэн гэсэн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар тусгаагүй байх тул анхан шатны шүүх ноцтой зөрчлийн талаар зохигчид тухайлан тохиролцоогүй байна гэж үзсэнийг буруутгах боломжгүй болно.                                                                                            /хх4-5 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч ХХХХ ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх  заалттай нийцжээ.

 

                  Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар “…ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 2 771 400 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 182/ШШ2016/00506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “ХХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 292 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                  ШҮҮГЧИД                             Т.ТУЯА

 

                                                                 Ц.ИЧИНХОРЛОО