Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00099

 

Т.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 538 дугаар шийдвэр,

      Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 119 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: Т.Г

           Хариуцагч: З.О

           Хариуцагч: Л.Н нарт холбогдох

           Гуравдагч этгээд Н.Нэргүй

           Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот 56 мкв талбайтай хувийн орон сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1513 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагч З.Оын төлөөлөгч Н.Т, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сард Л.Н нөхрийн хамт ирээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ түр хэрэглүүлээч зээл чөлөөлөөд өгье гэхээр нь зөвшөөрсөн. Барьцаанд тавьж болно гэж итгэмжлэл хийж өгсөн. З.Оыг өөрийнхөө төрсөн дүү түүний нэр дээр зээл гарах боломжтой юм байна гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл дээрх хүмүүс хашаа байшин эргүүлж өгөлгүй Н.Нэргүй гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн. Би хашаа байшингаа худалдаагүй тул 2015-08- 25-ны өдөр хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хандаж уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож авсан өгсөн зүйлээ буцааж өгөлцөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн. Иймд  хариуцагч нараас хашаа байшин газрын гэрчилгээгээ гаргуулж авмаар байна. Одоо би тэндээ амьдарч байгаа боловч Н.Нэргүй гэх хүн 3.5 сая төгрөг өг эсвэл хашаа байшингаа суллаж өг гэсэн. Иймд Дархан-Уул аймгийн Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот 56 мкв Y-2003014294 тоот гэрчилгээтэй  орон сууц болон гэр бүлийн хэрэгцээний 1513 мкв газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

    Хариуцагч Л.Нгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Т.Г хууль ёсны өмчлөгч мөн. Т.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралдаанд оролцохгүй тул оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч З.Оюунболдын шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хашаа байшингийн өмчлөгч нь Т.Г мөн. Л.Н зээл авахын тулд миний нэр дээр хашаа байшингийн гэрчилгээ шилжүүлж Н.Нэргүйгээгээс мөнгө зээлж авсан гэжээ.

  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Маргаж буй хашаа байшингийн өмчлөгч нь Н.Нэргүй бөгөөд түүний өмчлөх эрхийг хүчингүй болгож өмчлөгчөөр тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Т.Гыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 4 дүгээр гудамжны 8 тоот 1513.0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-2003000166 дугаарт бүртгэгдсэн газрын, 56 м.кв талбайтай улсын бүртгэлийн Y-2003014294 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож, Л.Нд холбогдлх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  Т.Гоос дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 69.400 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, З.Ооос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 11-ний өдрийн 119 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. 

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...Т.Г бөгөөд өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт ам бүл зургуулаа амьдарч байна. Т.Г бол миний нөхөр бөгөөд Нямсүрэнгийн гуйлтаар биднээс ч асуулгүй барьцаанд тавихыг зөвшөөрч ийм асуудал болсон байсан. Нямсүрэн түүнийг өөрийн дүү З.Болор-Эрдэнэтэй нийлж залилсан байсан.Т.Г бол хашаа байшингаа зараагүй түүнээс нэг ч төгрөг аваагүй. Нямсүрэн нь Нэргүйд барьцаалж 5 сая төгрөг зээлж авсан гэсэн. Нямсүрэнд 5 сая төгрөгөө төлөөгүй болохоор Оюунболор 25 сая төгрөгийн үнэтэй хашаа байшинг маань эвлэрэн зөвшөөрөөд Нэргүйн нэр дээр шилжүүлсэн байсан. Энэ тухайгаа бид нарт ч мэдэгдээгүй санаатайгаар Нэргүйн нэр дээр шилжүүлсэн байсан. З.Оунболортой хийсэн гэрээг хүчингүй болгож өгөөч гэж шүүхэд хандахад Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар эхнээсээ хүчин төгөлдөр гэрээ биш тул шүүх хүчин төгөлдөр гэж тооцох шаардлагагүй гэж шийдсэн. З.О, Нямсүрэн, Нэргүй нар уг хашаа байшинг Т.Гын өмчлөл гэдгийг сайн мэдэж байсан. Гуравдагч этгээд Нэргүй 5 сая төгрөгөө Оюунболорт биш Нямсүрэнд өгсөн гэдгээ сайн мэдэж байгаа. Уг барьцааны хашаа байшин З.Оынх биш гэдгийг мэдсээр байж өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Манайх олон хүүхэдтэй өвчтэй зовлонтой ажил төрөлгүй, хууль мэдэхгүй зэргийг далимдуулан дээрх хүмүүс их хохироож байна. Оюунболорыг бид таних ч үгүй. Байраа барьцаанд тавиулсан гэж Нямсүрэнгээс шан харамж гэж нэг төгрөг аваагүй. Давж заалдах шатны шүүх Нэргүйг юу ч мэдээгүй гэж дүгнэж, бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Нэргүй улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийн нэр дээр шилжүүлэхдээ бүгдийг сайн мэдэж байсан. Харин бид бол юу ч мэдээгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. Т.Гын нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 115 дугаар зүйлийн 115.2-г зөрчжээ.

         Тодруулбал, Т.Г 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд хандан З.О, Л.Н нараас 3.500.000 төгрөг гаргуулахыг  /хх 1 /хүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлээ “... хувийн орон сууц болон газрын гэрчилгээ гаргуулах...” гэж өөрчилсөн, үүний дараа нэхэмжлэл дээр “...өмчлөгчөөр тогтоолгох...хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү...” гэж нэмж /гараар/ бичсэн /хх 14/-с нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй болсон байна.

        Т.Г Дархан-уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1547 дугаар шийдвэрийг /хх 4-5/ нэхэмжлэлийн үндэслэл болгосноос гадна “... 25 сая төгрөгийн үнэтэй хашаа байшинг хариуцагч төлбөрт өгсөн...” /хх 166/ гэж гомдол гаргаснаас үзвэл тэрээр өөрт нь энэ хэмжээний хохирол учирсан гэж үзжээ.

        Нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх эрхийг нэхэмжлэгч  эдэлнэ. Гэтэл шүүх өмгөөлөгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан /хх 131/-г хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-г зөрчсөн байна.  

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчээс тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т нийцээгүй байна. 

         2. Хоёр шатны шүүх Т.Г “... хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулах...” нэхэмжлэл гаргасан гэж үзэж /хх 135, 157/ хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үндэслээгүй байна. 

        Тухайлбал, Н.Нэргүй нь 56,0 кв.м талбай Ү-2003014294 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авсан /хх 117/, 1513 м.кв газрыг авсан эсэх нь тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс “...гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр тогтоолгох...” шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгосон нь дутагдалтай болжээ.

        Т.Гын нэхэмжлэл тодорхой бус байгаагаас гадна талууд газартай холбоотой шаардлагын талаар мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 538 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 119 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59  дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Т.Год захирамжаар буцааж олгосугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ