Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01022

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

  

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2026/01870 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

270,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, 2025 оны 04 сарын 08-ны өдөр *******тэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 180,000,000 төгрөгийг хүүгүй, 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн. Тодруулбал,

  • 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр түүний Худалдаа хөгжлийн банкны 34000 4000 ******* тоот дансанд 50,000,000 төгрөгийг “Дүгэрээд *******аас” гэсэн утгаар,
  • 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр *******ийн данснаас Хаан банкны ******* тоот данс руу /******* / 30,000,000 төгрөг “aas” гэсэн утгаар,
  • 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн Голомт банкны данснаас 50,000,000 төгрөг бэлнээр авч *******т өгсөн байдаг. 

******* нь гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөөгүй бөгөөд одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Гэрээний 3.7-д заасны дагуу алданги тооцвол 151,200,000 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232.4-д зааснаар алданги 90,000,000 төгрөг болж байна. Иймд, зээлийн үндсэн төлбөр 180,000,000 төгрөг, алданги 90,000,000 төгрөг нийт 270,000,000 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие *******ийн нөхөр н.*******аас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөг авсан болно. Улмаар 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******тэй дээрх авсан нийт 130,000,000 төгрөгийг хүүгийн хамт тооцож 180,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Иймд, алданги гэж нэхэмжилсэн 90,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 270,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,507,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь дансаар 80,000,000 төгрөг, бэлнээр 50,000,000 төгрөг нийт 130,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь 180,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотлоогүй.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 75,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус тус 3 зээлийн гэрээ байгуулагдсан. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өмнөх зээлийн гэрээнүүдийг нэгтгэж, 180,000,000 төгрөгийн өглөгтэй болсон талаар тооцоо нийлж, аман байдлаар байгуулсан хэлцлүүдийг нэгтгэж, 180,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан. Бид тус гэрээг үндэслэж, шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнээс өмнө байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа үргэлжилж байхад 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин нэг харилцаа үүссэн гэж маргасан нь үндэслэлгүй.

Хариуцагч дугуйны тендерт орж байгаа тул яаралтай мөнгө гаргаж өгөөч гэж хэлсэн. Эхний ээлжид 50,000,000 төгрөг байна гэхэд нь тус мөнгийг гаргаж өгсөн. 05 дугаар сарын 01-ний өдөр буцаан өгөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан. Бид хариуцагчаас ямар нэгэн байдлаар барьцаа хөрөнгө болон баталгаа аваагүй бөгөөд итгэлцлийн үндсэн дээр зээл олгосон тул алданги тооцох үндэслэлтэй.

Иймд, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан холбогдуулан 270,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчтай 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 180,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон боловч, хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний үндсэн төлбөр 180,000,000 төгрөг, алданги 90,000,000 төгрөг, нийт 270,000,000 төгрөг гаргуулна...” гэсэн бол,

 

хариуцагч нь “...нэхэмжлэгчийн нөхрөөс 130,000,000 төгрөг /50,000,000 + 30,000,000 + 50,000,000/ авсан нь үнэн, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******тэй уг 130,000,000 төгрөгийг хүүгийн хамт 180,000,000 төгрөгөөр тооцож зээлийн гэрээ байгуулсан тул алданги 90,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Талууд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 0528 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 180,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 4/

 

Зохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчид 180,000,000 төгрөгийг бодитоор зээлдүүлсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаар  зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 130,000,000 төгрөгийг зээлдүүлсэн болох тогтоогдсон. /х.х-ийн 5-7/

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...өмнөх зээлийн гэрээнүүдийг нэгтгэж, 180,000,000 төгрөгийн өглөгтэй болсон талаар тооцоо нийлж, аман байдлаар байгуулсан хэлцлүүдийг нэгтгэж гэрээ байгуулсан...” гэсэн боловч тэрээр 130,000,000 төгрөгөөс гадна 50,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус зааснаар нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээнд хүү тогтоож болно, тийнхүү хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд бичгээр байгуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч нь хүү авах эрхээ алдана.

 

Хэрэгт авагдсан 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0528 дугаартай зээлийн гэрээнд талууд хүүгийн талаар тухайлан тохиролцоогүй, хариуцагч нь “...50,000,000 төгрөгийг хүүнд тооцож 180,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан...” гэж тайлбарладаг ч 130,000,000 төгрөгт чухам ямар үндэслэлээр ийм хэмжээний хүү төлөх болсон талаар тодорхойлох боломжгүй байна.

 

6. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж, 43 дугаар зүйлийн 43.2-т “Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ” гээд 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж тус тус заажээ.

 

Хэдийгээр зохигч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч хариуцагч нь үүнээс өмнө нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сард авсан 80,000,000 төгрөг дээр 2025 оны 04 дүгээр сард авсан 50,000,000 төгрөгийг нэмж, нийт 130,000,000 төгрөгийг богино хугацаанд буюу 3 сар ашиглаад мөн оны 05 дугаар сард буцааж төлөхөд жилийн 154 хувиар тооцож хүү төлнө гэж анхнаасаа тохиролцсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.  

 

Тодруулбал, 130,000,000 төгрөгийн 3 сарын хүү 50,000,000 төгрөг буюу нэг сарын 12.8 хувь /50,000,000 х 100 : 130,000,000 = 38.4 : 3/ болж байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид ийм хэмжээний өндөр хүүтэй мөнгө зээлүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд 130,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.

 

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 130,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй учир үүнийг төлнө.

 

8. Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэх тохиролцоо нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, 232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасантай нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь зээлийг хугацаандаа, зохих ёсоор төлөх үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул уг өдрөөс нэхэмжлэл гаргасан 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 180 хоногийн алданги 117,000,000 төгрөг /130,000,000 х 0.5% = 650,000 х 180/ болж байгаа учир хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангид нийт 65,000,000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

9. Дээрхийг нэгтгээд хариуцагч нь үндсэн зээл 130,000,000 төгрөг, алданги 65,000,000 төгрөг, нийт 195,000,000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2026/01870 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад “...270,000,000” гэснийг “195,000,000” гэж, “...олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

2 дахь заалтад “...56.1” гэснийг “56.2” гэж, “хариуцагчаас 1,507,950” гэснийг “хариуцагчаас 1,132,950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                   ШҮҮГЧИД                               С.ЭНХБАЯР

 

                                                                                           Б.МАНДАЛБАЯР