Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/00946

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/00855 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

******* ХХК, ******* нарт холбогдох,

 

*******, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10А дугаартай зээлийн барьцааны гэрээний *******ын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцуудыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие ******* ХХК-иас ******* аймаг, ******* сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол хотхоны байрны 9 тоот болон 10 тоот хаягт байрлах хоёр орон сууцыг худалдан авахаар 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа 60,000,000 төгрөгийг төлснөөр талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бичгээр гэрээ байгуулан, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр талууд төлбөрийн тооцоо нийлж акт үйлдэж орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01962 дугаар шийдвэрээр дээрх 2 орон сууц болон хотхонд байрлах 3 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ыг тогтоосон. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 001/XT2022/01036 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

******* нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *******тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт орон сууцны дутуу барилгыг барьцаалсан байдаг. Үүнээс үзэхэд эхлээд нэхэмжлэгч ******* болон ******* ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба хожим нь 6 сарын дараа ******* ХХК болон ******* нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байхаас гадна ******* ХХК нь орон сууцны захиалга авч, гэрээ байгуулж байсан, үүнтэй холбоотой худалдан авагч төлбөр төлж байгаа нь илэрхий байсан байхад барилгыг бүхэлд нь барьцаалах эрх байгаа эсэхийг ******* нь мэдэх боломжтой байсан ба *******ийг шударга барьцаалагч гэж үзэх боломжгүй. Иймд хариуцагч *******ийг нэхэмжлэгч *******ын өмчлөх эрхийн хүрээнд барьцаалах эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй.

...Иймд хариуцагч *******, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10А дугаартай зээлийн барьцааны гэрээний *******ын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны гэрээнээс тухайн 2 орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.1. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

*******ын өмчлөх эрхийн асуудал 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн учраас бидний зүгээс өмчлөх эрхтэй холбоотой маргаан байхгүй. ...Байр бүхэлдээ барьцаанд байгаа. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна

Манай компани эвлэрлийн гэрээний дагуу 1,400,000,000 төгрөгөөс 30 хувийг төлсөн. Цаашид нэмж байраас өгөөд, барьцааны хөрөнгийг төлбөрөөс хасаж, өр төлбөрийг барагдуулах зэрэг төлөвлөгөө хийгдэж, шат дарааллаар явагдаж байгаа. Харин *******ын өмчлөлд байгаа 09, 10 тоот байрыг барьцаанаас чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагын хувьд бидний зүгээс төлбөр төлөгдөж байгаа учраас барьцааны хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөх боломжтой байх гэжээ.

 

2.2. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Иргэн *******, ******* ХХК нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2015/06/10 тоот зээлийн, 2015/06/ тоот барьцааны гэрээ байгуулагдаж, гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Барьцааны эд хөрөнгө нь тухайн үед бусдад давхар барьцаалагдаагүй, хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөгүй болохыг барьцааны гэрээний 8.1 дэх заалтад дурдсан байдаг. Түүнчлэн зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үед тухайн үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой ямар нэг урьдчилсан бүртгэл, тэмдэглэгээ байгаагүй.

...Мөн ******* ХХК нь иргэн *******тэй 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед бусадтай байгуулсан ямар нэг хэлцлийн талаар дурдаагүй тул *******ын байгуулсан гэх гэрээний талаарх мэдэх боломж огт байгаагүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ******* болон ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №2015/06/10А тоот зээлийн барьцааны гэрээ-ний *******ын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны гэрээнээс эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, ******* аймаг, ******* сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, байрны 9 тоот хаягт байршилтай 41.3 м2 талбайтай орон сууц, эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, ******* аймаг, ******* сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, байрны 10 тоот хаягт байршилтай, 71.46 м2 талбайтай орон сууцыг чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 438 тоот эвлэрлийн гэрээний тохирсон байдал хэсгийн 1 дэх хэсэгт өргөдөл гаргагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсайхан өргөдлийн шаардлагад байгаа барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах гэсэн шаардлагаа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйгээр түр татан авч, уригдсан тал *******" ХХК-ийн захирал ******* 1,400,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 14-ний дотор бүрэн төлөхөөр эвлэрэв гэж заасан боловч шүүгч эвлэрлийг баталж захирамж гаргахдаа яг энэ хэсгийг санаатай болон санамсаргүйгээр орхигдуулсан нь эрхзүйн ноцтой үр дагаварт хүргэжээ.

******* нь зээлийн гэрээг байгуулагдах үед барьцаалуулагч нь тухайн барилгыг барьцаалах бүрэн эрхтэй эсэх талаар *******" ХХК-аас асууж тодруулан, холбогдох бичиг баримт, материалтай танилцаж, мөн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж буй эсэх талаар асууж лавласан ба барьцаалуулагч тал нь хэн нэг нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болохыг баталж, энэ тухайгаа барьцааны гэрээний 3.1 дэх хэсэгт оруулж өгсөн байдаг.

Ингээд зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үед тухайн үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой ямар нэг бүртгэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаагүй болно.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд иргэн *******ийн барьцаалж буй үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үнэн зөв мэдээллийг олж авах боломж нь барьцаалуулагч ******* ХХК-ийн талаас өгөх мэдээлэл, мөн тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээллийг бүртгэх, мэдээлэх эрх бүхий улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэл юм.

Гэтэл шүүхийн шийдвэрт барьцаалуулагч барьцаалуулах эрх байгаа эсэхийг тодруулж мэдэх өөр ямар боломж байсныг тодорхой тусгаагүй төдийгүй ******* нь нэхэмжлэлдээ "******* ХХК нь орон сууцны захиалга авч, гэрээ байгуулж байсан, үүнтэй холбоотой худалдан авагч төлбөр төлж байгаа нь илэрхий байхад ******* барилгыг бүхэлд нь барьцаалах эрх байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан" гэсэн тайлбарыг гол үндэслэлээ болгож хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд аливаа шийдвэр хууль тогтоомж, баримт нотолгоо дээр үндэслэх зарчмыг алдагдуулсан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...*******ыг өмчлөгчөөр тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд уг шийдвэртэй маргах боломжгүй. Өөрөөр хэлбэл, *******ыг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан байхад түүний өмчлөх эрх хязгаарлагдмал байдалтай сэргэж байгаа нь шүүхийн шийдвэр биелэгдэх зарчимд нийцээгүй.

...*******ын хувьд ямар нэгэн эрхийн зөрчилгүй болохыг шалгах боломж байгаагүй. Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээ байгуулагдаагүй байсан. *******ийн хувьд гэрээ байгуулагдсаны дараа өмчлөх эрх, шаардах эрх гуравдагч этгээдэд шилжсэн эсэх талаар шалгах боломжтой байсан. Эрх үүссэн дарааллын хувьд анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэг заасны дагуу мэдээлэх үүрэгтэй байсан гэж ахан шатны шүүх дүгнэсэн гэх асуудал дурдагдсан. Шударга барьцаалагч мөн эсэх асуудалд шүүх дүгнэлт хийсэн. Түүнээс мэдээлэх үүрэгтэй холбоотой дүгнэлт хийгээгүй. Шударга барьцаалагч мөн гэж дүгнээгүй тохиолдолд барьцааны эрх үүсэх боломжгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

6. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Бид эвлэрлийн гэрээний дагуу 1,400,000,000 төгрөгийг *******т төлөх шийдвэр гарсан бөгөөд үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Тус үнийн дүнгийн 40 гаруй хувийг манай байгууллага төлсөн. Нэхэмжлэлийг хэсэгчлэн төлөх боломжтой гэх үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10А дугаартай зээлийн барьцааны гэрээний *******ын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцуудыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* ХХК нь зөвшөөрсөн бол хариуцагч ******* эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь ...эхлээд нэхэмжлэгч ******* болон ******* ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба хожим 6 сарын дараа ******* ХХК болон ******* нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байхаас гадна хариуцагч компани орон сууцны захиалга авч, гэрээ байгуулж байсан, үүнтэй холбоотой худалдан авагч төлбөр төлж байгаа нь илэрхий байсан байхад барилгыг бүхэлд нь барьцаалах эрх байгаа эсэхийг ******* нь мэдэх боломжтой байсан тул шударга барьцаалагч гэж үзэх боломжгүй... гэсэн бол,

 

хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч ...*******ын өмчлөх эрхийн асуудал 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн учир бидний зүгээс өмчлөх эрхтэй холбоотой маргаан байхгүй. Манай компани эвлэрлийн гэрээний дагуу 1,400,000,000 төгрөгөөс 30 хувийг төлсөн, нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа 09, 10 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагын хувьд бид төлбөрийг төлж байгаа тул барьцааны хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөх боломжтой... гэж,

 

хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...барьцааны эд хөрөнгө нь тухайн үед бусдад давхар барьцаалагдаагүй, хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөгүй талаар барьцааны гэрээнд дурдсан байдаг, мөн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үед тухайн үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой ямар нэг урьдчилсан бүртгэл, тэмдэглэгээ байгаагүй, ******* ХХК нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед бусадтай байгуулсан ямар нэг хэлцлийн талаар дурдаагүй тул *******тай гэрээ байгуулсан талаар мэдэх боломж огт байгаагүй... гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Хариуцагч ******* ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* аймаг, ******* сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 8,470 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай, дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн. /х.х-ийн 15/

 

3.2. Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч ******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, ******* аймаг, ******* сум, 11 дүгээр баг, хотхон, А блок, 1 дүгээр орц, 9 тоот хаягт байрлах 41.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 41,300,000 төгрөг, 10 тоот хаягт байрлах 71.46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 71,460,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. /х.х-ийн 15/

 

3.3. Тухайн барилгыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр улсын комисс хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч ******* ХХК-ийг ******* аймаг, ******* сум, 11 дүгээр баг, 3 дугаар хороолол, 10а байр, 1-72 тоот, 10б байрны 1-72 /нийт 144 айл/ тоот, 8,470 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгосон. /х.х-ийн 15/

 

3.4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01962 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2020/02003 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/01036 дугаар тогтоолоор нэхэмжлэгч *******ыг ******* аймаг, ******* сум, 11 дүгээр баг, хотхон, А блок, 1 дүгээр орц, 9 тоот хаягт байрлах 41.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мөн байр, 10 тоот хаягт байрлах 71.46 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, тэрээр 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10 тоот орон сууцны, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тус тус бүртгэгджээ. /х.х-ийн 8-42/

 

3.5. Үүнээс гадна Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/01036 дугаар тогтоолоор гийн нэхэмжлэлтэй *******, ******* ХХК нарт холбогдох тэдгээрийн байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн үүргийг хангуулах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус барьцааны гэрээний үр дагаврыг арилгуулах, барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 61-66/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар зохигч шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримт, шийдвэрлэсэн хэргийн талаар маргах эрхгүй.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, нийт 1,500,000,000 төгрөгийг сарын 4.3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаагаар зээлдүүлж, /х.х-ийн 54-55/

 

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ******* аймаг, ******* сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд баригдаж буй орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 2,000,000,000 төгрөгөөр, 1,500 м.кв талбайтай газрыг 590,863,677 төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /х.х-ийн 56-57/

 

5. Тус магадлалын 3.4-т дурдсан Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/01036 дугаар тогтоолын дагуу ******* аймгийн Улсын бүртгэлийн байгууллага нь *******ыг өмчлөгчөөр бүртгэхдээ ******* болон ******* ХХК нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг үндэслэн маргаан бүхий 41.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мөн байр, 10 тоот хаягт байрлах 71.46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд тус тус барьцааны үүрэг ногдуулсан бүртгэл хийжээ. /х.х-ийн 88-100/

 

Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно гэж заасан.

 

Тодруулбал, барьцаа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга /дагалдах эрх/ болохын хувьд үндсэн үүрэг хүчинтэй хэвээр байгаа тохиолдолд барьцааны зүйлийн өмчлөгч нь өөрчлөгдсөн эсэхээс үл хамаарч барьцаа хүчин төгөлдөр байх бөгөөд барьцаагаар хангах шаардлагыг барьцааны эрхийн хамт бусдад шилжүүлнэ.

 

Энэ талаар дээр дурдсан хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ гэж заасан.

 

6. Зохигч нэхэмжлэгч *******ыг маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох талаар маргаагүй, харин ******* нь шударга барьцаалагч мөн эсэх, түүнчлэн хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******т худалдахаар тохирсон эдгээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалахдаа түүнээс зөвшөөрөл аваагүй нь ******* ХХК, ******* нарын байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болох эсэх талаар тус тус маргажээ.

 

6.1. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д Барьцаалуулагч дараахь үүрэг хүлээнэ гээд 157.6.2-т барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх гэж заасан.

 

Тодруулбал, барьцаа нь эд юмсын эрхийн хувьд өмчлөгч этгээд өөрийн өмчлөлийн зүйлийг бусдад барьцаалуулах эрхтэй бөгөөд тийнхүү барьцаалуулах тохиолдолд барьцаалуулагч нь тухайн хөрөнгийн талаар өөр этгээд тодорхой эрхтэй бол түүнд барьцааны эрх үүссэн талаар мэдэгдэх үүрэгтэй болохоос заавал зөвшөөрөл авахыг хуульчлаагүй байна.

 

6.2. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК нарын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууцыг худалдах, худалдан авахаар тохирсон энэхүү гэрээ нь үүргийн хэлцэл тул уг гэрээний үүргийг биелүүлэхийг зөвхөн гэрээний талууд нэг, нэгээсээ шаардах эрхтэй бөгөөд барьцаалуулагч нь өөрөө өмчлөгч хэвээр, худалдан авагч тал өмчлөгч /өмчийн хэлцэл хийгдээгүй-бүртгэгдээгүй/ болоогүй байсан учир түүнээс зөвшөөрөл авах шаардлагагүй.

 

Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь *******тэй 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр барьцааны гэрээ байгуулахдаа энэ талаар *******т мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь тухайн гэрээний оролцогч биш этгээдийн хүлээх хариуцлага биш юм.

 

Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авахгүй.

 

6.3. Нөгөө талаар энэ хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь заалтыг зөрчсөнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.1-д хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

6.4. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж заажээ.

 

Хэргийн баримтаар барьцааны гэрээ байгуулах үед буюу 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тухайн 50 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгчөөр хариуцагч ******* ХХК бүртгэлтэй байсан тул хариуцагч ******* нь тус компанийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч учир барьцаалуулах эрхтэй гэж итгэх эрхтэй.

 

Түүнчлэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийг маргаан бүхий 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоосон бөгөөд барьцааны гэрээ байгуулагдах 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар энэхүү орон сууцны өмчлөлийн талаар маргаан үүсээгүй байсан.

 

Тиймээс *******ийг ******* ХХК-ийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах эрхгүй этгээд болохыг мэдэж байсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

6.5. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заажээ.

 

2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК болон ******* нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдах цаг хугацаанд тухайн барилга 50 хувийн гүйцэтгэл /ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй/-тэй байсан, нэхэмжлэгч *******ыг орон сууцны өмчлөгч гэж үзэх боломжгүй байхын сацуу улсын бүртгэлд тухайн орон сууцны барилгын өмчлөгчөөр ******* ХХК нь бүртгэлтэй байсан.

 

Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий 2 орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан боловч тэрээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, энэ талаар урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй байсан тул хариуцагч ******* нь улсын бүртгэлийн үнэн зөв байх зарчимд итгэх эрхтэй бөгөөд уг бүртгэлийг буруу ташаа болохыг мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд, анхан шатны шүүхийн хариуцагч ******* нь барьцааны гэрээ байгуулах үедээ тухайн барилга буюу төсөл дээр борлуулалт хийгдэж буй эсэхийг нягталж үзэх замаар барьцаалуулагч талд ийм үйлдэл хийх эрх байгаа эсэхийг тодруулж мэдэх боломжтой байсан гэх дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байгааг дээрх байдлаар залруулна.

 

7. Хэргийн баримтаар ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг дахин гаргах эрхтэйгээр эвлэрснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02840 тоот захирамжаар баталсан байна. /х.х-ийн 58-60/

 

Улсын Дээд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны 09 дүгээр тогтоолд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах гэдгийг 106.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан-тай адил утгаар, нэхэмжлэгч субъектив эрхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон гэж ойлгож хэрэглэхээр байна... гэж тайлбарласан боловч энэхүү тогтоол цаг хугацааны хувьд буцаж үйлчлэхгүй тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн гэсэн үндэслэлээр барьцааны эрхийг дуусгавар болсон гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/00855 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдох, тэдгээрийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10А дугаартай зээлийн барьцааны гэрээний *******ын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцуудыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

Б.МАНДАЛБАЯР