Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 519

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг 2 дугаар хороо 44 дүгээр байр 25 тоотод оршин суух “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын Дарга Их шавь овгийн Гэндэндондовын Чулуунбат/РД:УЕ56050713/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх хотын захирагч-д холбогдох Ажилгүй байсан хугацааны 196 хоногийн цалин олговор 8.018.360 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр  сарын 09-ний  өдөр хүлээн авч, 2016 оны 09 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Чулуунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Чулуунбат шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Налайх хотын захирагч Ш.Хаан намайг  “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын даргын ажил албан тушаалаас халсан. Захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 774 тоот шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад уг асуудал 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанаас хойш ажил олгогч ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргахгүй явсаар байгаад сая 09 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа хүлээж авсан. Хотын захирагч 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гаргасан. Нийт 196 хоног ажилгүй явсан. Иймд энэ хугацааны цалин 8.018.360 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт дээрх хугацааны бичилтийг нөхөн хийхийг даалгаж өгнө үү гэв. 

Хариуцагч Налайх хотын захирагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаа хариу тайлбараа дэмжиж тайлбарлахдаа: Б.Чулуунбатын ажилгүй байсан хугацааны цалин олговор олгох асуудлыг урьд өмнө шүүх шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д зааснаар хүлээн авахаас татгалзах ёстой. Ажилгүй байсан бүх хугацаанд урьд авсан байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гэдгийг тайлбарласан Улын дээд шүүхийн тайлбар, бусад эрх зүйн хэм хэмжээ байхгүй тул олговрын хэмжээг тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 744 дүгээр шийдвэрээр эцэслэн 2.948.000 төгрөгөөр тогтоосныг бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Чулуунбат хариуцагч Налайх хотын захирагчид холбогдуулж 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 196 хоног ажилгүй байсан хугацааны цалин олговор 8.018.360 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шаардсан.

Хариуцагч, түүний төлөөлөгч Г.Баярмаа “ажилгүй байсан хугацааны цалин олговорыг урьд өмнө шүүх шийдвэрлэсэн,  дахин нэмж нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж маргана.

Нэхэмжлэгч Б.Чулуунбат, Налайх хотын захирагчийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/02 тоот захирамжаар “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж энэ тухай гомдлыг тус шүүх 2015 оны 12 сарын 14-ний өдөр 774 дүгээр шийдвэрээр  нэхэмжлэгч Б.Чулуунбатыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин олговор 2.948.000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 339 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч уг шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан.  Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 578 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна./хх-4-29/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтны урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

Энэ үүргийг ажил олгогч буюу  хариуцагч Налайх хотын захирагч 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэрэгжүүлж  Б/04 тоот захирамж гаргасан байна./хх-41/ 

Энэ хугацаанд нэхэмжлэгч Б.Чулуунбат ажилгүй байсан учраас  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Налайх хотын захирагчаас  шаардах эрхтэй. 

Тэрээр ажилгүй байсан хугацааг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэж тодорхойлсон.  Гэтэл хэрэгт авагдсан хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар нэхэмжлэгч Б.Чулуунбатыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон. Нэхэмжлэгч үүнийг няцааж “хуучин томилогдсон О.Ганболд дарга нь ажлаа хүлээлгэж өгөхгүй байсаар 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хүлээж авсан” гэж мэтгэлцсэн боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг нэхэмжлэгчээс ирүүлсэн тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 774 дүгээр шийдвэр, хариуцагчаас ирүүлсэн Налайх хотын захирагчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/04 дугаар захирамжийг үндэслэж нийт 175 хоног гэж тооцсон.

Хариуцагч, түүний төлөөлөгч Г.Баярмаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “нэхэмжлэгч Б.Чулуунбатын ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шүүх урьд өмнө шийдвэрлэсэн. Дахин нэмж нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй” гэж тайлбарласан.

Гэтэл хэрэгт авагдсан гурван шатны шүүхийн шийдвэрт Б.Чулуунбатын ажилгүй байсан хугацааг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэж тодорхойлж цалин олговрыг олгосон нь нэхэмжлэгчийн одоогийн тодорхойлсон цаг хугацаатай давхцахгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс түүнийг ажилд буцааж авсан өдрийг хүртэлх хугацааг хамруулж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнийг нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасан “ажилгүй байсан бүх хугацаанд” ажилтны ажлаас чөлөөлөгдсөн, ажилгүй болж шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг гурван шатны шүүх хянан шийдвэрлэсэн, ажил олгогч энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон үйл баримтууд бүгд хамаарах учраас Б.Чулуунбатын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс ажил олгогчийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гарах хүртэл хугацааны цалин олговорыг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан үүргээ хэзээ хэрэгжүүлсэн тэр хүртэл хугацааны цалин олговрыг ажилтанд олгох үүрэг нь энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ээр зохицуулагдсан.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, цалин олговрыг тооцохдоо хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн цалин орлогыг өдрийн 41.000 төгрөгөөр тооцож тодорхойлсоныг  хариуцагчийн төлөөлөгч няцааж маргаагүй учраас хариуцагч Налайх хотын Захирагч /ажлын алба, санхүү/-аас нэхэмжлэгч Б.Чулуунбатын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 175 хоног ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 175 хоногийг х 41.000 төгрөг /нэг өдрийн ажлын хөлс /=7.175.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаарлагаас баримтаар нотлогдоогүй 21 хоногийн цалин олговор 843.360 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д зааснаар ажил олгогч болон ажилтан ...нийгмийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч энэ хуулийн 46 дугаар  зүйлийн  46.2.-т зааснаар  нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлж  нэхэмжлэгч Б.Чулуунбатад олгогдож буй  цалин олговор 7.175.000 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж зохих байгууллагад шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Налайх хотын захирагч /ажлын алба, санхүү/-д даалгав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 160 дугаар зүйлийн 160.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар Налайх хотын захирагч /ажлын алба/-аас 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 175 /нэг зуун далан тав/ хоног ажилгүй байсан хугацааны цалин олговор 7.175.000 /долоон сая нэг зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Чулуунбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 843.360 /найман зуун дөчин гурван мянга гурван зуун жар/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговор 7.175.000 /долоон сая нэг зуун далан тав/ төгрөгнөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад төлж, нэхэмжлэгч Б.Чулуунбатын нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны сар тутамын нөхөн бичилт хийхийг Налайх хотын захирагч /ажлын алба, санхүү/-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Чулуунбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143.244 /нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөгийг ХААН банкны 57....9359 тоот данснаас буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Налайх хотын Захирагч /ажлын алба, санхүү/-аас улсын тэмдэгтийн хураамжид 129.750 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан асвнаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

           

                                            ДАРГАЛАГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ